Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2019/ДШМ/19

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                       Прокурор Д.Ганцэцэг

        Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Өлзийбаяр /онлайнаар/

        Иргэний нэхэмжлэгч Ө.Б

                                                        Яллагдагч М.Ж

                                                        Нарийн бичгийн дарга Э.Энхболд нарыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаагийн даргалж шийдвэрлэсэн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2019/ШЗ/98 дугаар захирамжид прокурор Ш.Дамдинбазарын эсэргүүцлээр М.Ж холбогдох эрүүгийн 1827000630058 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Нүүнүү овгийн М. Ж

М.Ж нь 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутаг “Шарлин” гэх газар Тоёото Ланд Круйзер маркын автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ. 

                                                                                       

Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч М.Ж-д холбогдох эрүүгийн 1827000630058 дугаартай хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй дурдан шийдвэрлэжээ.

Прокурор Ш.Дамдинбазар давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Тус аймгийн прокурорын газрын харьяа Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас М.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Тус сум дахь Сум дундын шүүхээс яллагдагч М.Ж, түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр нараас гаргасан хүсэлтийн дагуу 2019 оны 04  дүгээр сарын 09-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хэлэлцээд “...хохирогч Б.Отгонжаргалын эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээч томилж дахин дүгнэлт гаргуулах, мөн яллагдагч М.Ж-с мөрдөгч нь Мэргэжлийн хяналтын газарт дүгнэлт гаргуулахаар төлбөрийг төлүүлнэ гэж мөнгө авсан гэх боловч хэрэгт баримтыг хавсаргаагүй” гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн хохирогч Б.О-ын эрүүл мэндэд учирсан хохирлын гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 477 дугаартай дүгнэлтийг хэрэгт хяналт тавьж буй прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-д зааснаар “Шүүх, прокурор, мөрдөгч....нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасны дагуу нотлох баримтыг үнэлж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх уг дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2-д зааснаар “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж заасны дагуу дахин шинжээч томилж болохоор хуульчилсан байхад өөрт олгогдсон эрхийг хэрэгжүүлэхгүйгээр уг ажиллагааг хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгч дахин шинжээч томилж болохоор хуульчилсан байхад уг мөрдөн шалгах ажиллагааг “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа” гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Яллагдагч М.Ж-с мөрдөгч нь Мэргэжлийн хяналтын газарт дүгнэлт гаргуулахаар төлбөрийг төлүүлнэ гэсэн үндэслэл нь шүүхээс М.Ж-д холбогдох хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй хавсаргах шаардлагагүй, хэрэв шаардлагатай гэж үзвэл хэргийг шүүхэд шилжүүлж гэм бурууг хэлэлцэх явцад хэрэгт хавсаргах боломжтой тул хэргийг шүүх хянан шийдвэрлэхэд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, тэрхүү баримт нь шүүхийн хууль хэрэглээ, мөрдөн шалгах ажиллагааны нотолбол зохих байдалд нөлөөлөхгүй, харин мөрдөгч нь яллагдагчаас шинжээчийн дүгнэлтийн гарах зардлыг төлүүлнэ гэж мөнгө авсан гэх үйлдэл, түүний баримтыг хавсаргаагүй гэх үйлдэл нь уг хэргийг хянан шийдвэрлэхэд болон шийтгэх тогтоолд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй гэж үзлээ. Харин яллагдагч М.Ж өөрөө гомдолтой, уг асуудал нь гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл Цагдаагийн байгууллага, Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж, уг хэргээс тусад нь шалгуулах боломжтой, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт уг яригдсан асуудал нь гэмт хэргийн шинжтэй эсэх нь тодорхой бус нөхцөлд түүнийг хамаатуулсан, мөн баримтыг хавсаргаагүй гэж үзсэн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна гэж үзэхэд хүргэж байна. Хэрэв шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яригдсан тухайн үйл явдал нь гэмт хэргийн шинжтэй байсан ч яллагдагч М.Ж-д холбогдох хэргийг шүүхээс шийдвэрлэхэд ч хамааралгүй юм. Иймд Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2019/ШЗ/98 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, тус хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2-д зааснаар Дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Хохирогч Б.О давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: .....2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум руу албан ажлаар явж байхдаа Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг “Шарлин” гэх газар автомашины осолд орсны улмаас миний бие нурууны 9-10-р нугаламын хугарал буюу хүнд зэргийн гэмтэл учирсан. Гэтэл яллагдагч М.Ж нь осол болсноос хойш 1 жилийн хугацаанд миний биед учирсан хохирлыг нөхөн төлөх арга хэмжээ авахын оронд үйлдсэн гэмт хэргээ далдлах, өөрөөсөө зайлуулах оролдлого хийж мөрдөн байцаалтын ажиллагааг удаашруулж 1 жил болгочихоод хэрэг шүүхэд шилжсэн хойно шүүхэд хүсэлт гарган миний биед учирсан гэмтлийн зэргийг дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж гаргуулах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие ослын дараа Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэгт аймгийн түргэнээр хүргэгдэн хэвтэн эмчлүүлж байхдаа анхан шатны үзлэг оношилгоонд орсон. Тус эмнэлгийн тавигдсан оношийн дагуу үргэлжлүүлэн эмчилгээ хийгдсэн байхад шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах хүсэлт тавьж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Өвөрхангай аймагт таньж мэдэх хүн байхгүй, анх удаа тэнд ослын улмаас хэвтэн эмчлүүлсэн байхад миний гэмтлийн зэрэгт эргэлзэж дахин дүгнэлт гаргуулах гээд байгаа нь М.Ж-н цаг хожих, хэргийг удаашруулж өөрт ашигтай байдал бий болгох гэсэн байдал харагдаж байна. Энэ бүх болсон үйл явдалд миний бие хүлээцтэй хандаж байсан бөгөөд компани болон М.Ж-н зүгээс цаг тухай бүр нь эмчилгээний зардлыг төлөх, намайг эрүүл болгоход анхаарч үзэх байх гэж итгэж байсан боловч миний гомдлыг барагдуулж өгсөнгүй. Иймд миний бие маш их гомдолтой байна. М.Ж-д холбогдох хэргийг хуулийн дагуу түргэн, шуурхай шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Өлзийбаяраас прокурорын эсэргүүцэлд гаргасан тайлбартаа: ....Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд анхан шатны шүүхийн шийдвэр, захирамжийг хүчингүй болгох 3 үндэслэлд: 1. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, 2. Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөнийг тооцно  хэмээн тодорхой хуульчилсан. Гэтэл дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахад зайлшгүй нэмэлт нотлох баримт мөрдөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын журмаар цуглуулах шаардлагатай. Тухайлбал хохирогчийн биед учирсан гэмтлийг 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хх-ийн 33 дугаар талд байх дүгнэлтээр тогтоосон байдаг боловч хх-ийн 16 дугаар талд 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хохирогчийг байцаасан тэмдэглэлд шинжээчийн дүгнэлт гаргуулах гэсэн чинь CD, зураг дутуу гэж байсан бөгөөд хохирогчийн биед учирсан гэмтлийг баталгаажуулсан зураг, CD зэрэг нэмэлт нотлох баримтыг цуглуулсаны үндсэн дээр дахин дүгнэлт гаргуулах шаардлагатай тул хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй. Түүнчлэн шинжээчийн дүгнэлт гарахад шаардагдсан зардал хэдэн төгрөг байсан, хэн гаргасан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт шийдвэрлэх боломжтой. Дээд шатны прокурорын эсэргүүцэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд тусгасан 3 үндэслэлийн алинаар нь хүчингүй болгуулахыг тодорхой тусгаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаж, эсэргүүцлийг хангахгүй орхиж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Өлзийбаяраас хохирогчийн тайлбарт гаргасан тайлбартаа: ...Хэрэг учрал гарсан үеэс эхлэн яллагдагч М.Ж нь хохирогч Б.О-н эрүүл мэндэд байнгын санаа тавьж эмчилгээ үйлчилгээний зардлыг хариуцаж ирсэн байдаг. Осол гарсан даруй М.Ж нь эмч дуудаж, Өвөрхангай аймгийн эмнэлэгт хэвтүүлж, улмаар Улаанбаатар хот руу хүргэх унааны мөнгийг шийдвэрлэж, өөрийн санаачилгаар хохирогчид мөнгө төгрөг, эд материал, нөхөн сэргээх витамин зэргийг өгч байсан нь хавтас хэрэгт авагдсан хохирол төлсөн баримтаар тогтоогддог. Хохирогч нь ямар ч баримтгүйгээр 30.000.000 төгрөг нэхэмжилж байгаа хэдий ч өнөөг хүртэл М.Жнь нийт 6.075.590 төгрөг төлсөн байхад хохирол төлөх арга хэмжээ аваагүй гэж байгаа нь үндэслэлгүй. М.Ж-н хувьд цаашид нотлох баримтыг үндэслэж одоо төлснөөс илүү хэмжээний зардал гарвал төлж барагдуулахаа илэрхийлсэн болно. Хохирогч Б.О нь аймгийн эмнэлгийн онош хотод ирээд батлагдсан гэсэн байх боловч хавтаст хэргийн 17 дугаар талд 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарсны дараа мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ... анх аваарт орсны дараа хэвлий хэсгээр өвдөөд 3 өөр эмнэлэгт шинжилгээ өгсөн, шинжилгээний хариу 3 өөр гарсан гэснээс зөрүүтэй байна гэжээ.

Прокурор Д.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 477 дугаартай дүгнэлтийг хэрэгт хяналт тавьж байгаа прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрх нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлсэн. Шүүх уг дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дахин шинжээч томилж болохоор хуульчилсан байхад өөрт олгогдсон эрхийг хэрэгжүүлэхгүйгээр уг ажиллагааг хийлгүй хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хоёрдугаарт яллагдагч М.Ж-с мөрдөгч нь Мэргэжлийн хяналтын газарт дүгнэлт гаргуулахаар төлбөрийг төлүүлнэ гэж мөнгө авсан гэх боловч хэрэгт баримтыг хавсаргаагүй гэсэн үндэслэлээр шүүхээс хэргийг буцаасан. Хэрвээ шүүхээс М.Ж-д холбогдох хэргийг шийдвэрлэхэд баримтыг зайлшгүй хавтаст хэрэгт хавсаргах шаардлагагүй гэж үзсэн. Хэрэв шаардлагатай гэж үзвэл хэргийг шүүхэд шилжүүлж гэм бурууг хэлэлцэх явцад шүүхэд гаргаж өгөх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл уг баримт бичиг нь шүүхийн хууль хэрэглээ, мөрдөн шалгах ажиллагааны нотолбол зохих асуудалд нөлөөлөхгүй. Харин мөрдөгч нь яллагдагчаар шинжээчийн гарах зардлыг төлүүлнэ гэж мөнгө авсан гэх үйлдэл болон түүний баримтыг хавсаргаагүй гэх үндэслэл нь уг хэргийг хянан шийдвэрлэх болон шүүхийн шийдвэрт ямар нэг байдлаар нөлөөлөхгүй. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яригдсан асуудал бол гэмт хэргийн шинжтэй эсэх нь тодорхой бус гэж түүнийг хамаатуулсан, мөн баримтыг хавсаргаагүй гэж үзэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэж үзсэн эсэргүүцэлийг дэмжиж байна гэв.

Иргэний нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэг дотор 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд миний өмнөөс мэдүүлэг өгөөд хуурамч гарын үсэг зурсан байсан. Би 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн учраас тэнд очиж мэдүүлэг өгөөгүй. Би энэ хэргийн талаар юу ч мэдэхгүй. Хавтаст хэргийн материалыг сайн харах юм бол миний гарын үсгийг дуурайлгаж хэд хэдэн янзаар зурсан зүйлүүд байсан. Би М.Ж гэх хүнтэй одоогоороо компанид учруулсан хохирлыг барагдуулж өг гэж ярьдаг. Гэтэл хохиролгүй болгосон гэсэн баримт дээр гарын үсэг зурсан байсан. Яагаад миний өмнөөс гарын үсэг зураад  байгааг мэдэхгүй байна. Тэр мэдүүлэгт миний биеийн байцаалтын талаар зарим мэдээлэл нь буруу байсан. Гэхдээ миний ам бүл, төрсөн он, сар, өдрийг бичээд мэдүүлэг авсан байсан... гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би гурван үндэслэлээр хэргийг прокурорт буцаалгах тухай хүсэлтийг анхан шатны шүүх хуралдаанд гаргасан. Уг хүсэлтийг хүлээн авч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хэдийгээр шүүхээс дахин шинжээч томилуулах эрхтэй гэж байгаа боловч хэрэгт цугларсан баримтын хүрээнд дахин шинжилгээ явуулах боломжгүй. Заавал нэмэлт баримт цуглуулсаны үндсэн дээр уг ажиллагааг хийх шаардлагатай. Хэрэгт цугларсан баримтыг харахад шинжээчийн дүгнэлт гарах үед хохирогчийн өвчний түүхүүд нь хэрэгт байхгүй байсан. Харин дүгнэлт гарсаны дараа хавтаст хэрэгт өгсөн байдаг. Б.О нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө би дүгнэлтээ гаргуулж чадахгүй байна, шинжээчийн дүгнэлт гаргуулахад зураг, CD зэрэг анхан шатны баримтууд нь шаардлагатай байна гэж хэлсэн байдаг. Он сарыг харахад дүгнэлт нь энэ мэдүүлгээс өмнө нь гарчихсан байдаг. Дараа нь ярихдаа дүгнэлт гараагүй мэтээр яриад байдаг нь эргэлзээтэй байна. Хавтаст хэргийн материалыг харахад хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг нотлох анхан шатны баримтууд байдаггүй. Хохирогчид үзлэг хийсэн эсэх нь тодорхойгүй байдаг. Эдгээр зүйлүүд байгаа учраас заавал нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх шаардлагатай байгаа. 960000 төгрөгийг Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нарт өгсөн гэдэг яриа мөрдөгч болон яллагдагч нарын хооронд болсон. Мэргэжлийн хяналтын байгууллага төлбөр мөнгө авах ёстой юу? Хэрэв төлөх ёстой бол хэн төлөх ёстой талаар асуудлууд тодорхойгүй байгаа. Уг мөнгийг шинжээчийн зардалд төлсөн бол баримт хэрэгт авагдах ёстой. Энэ баримтаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын асуудлыг шүүхээс шийдвэрлэнэ. Эдгээр нотолбол зохих зүйлүүдийг нотлох үүрэг нь прокурор болон мөрдөгчийн ажил үүрэг учраас дээрх асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгүүлэх боломжгүй. Тиймээс зайлшгүй мөрдөн байцаалтад буцаах шаардлагатай гэж үзэж байна гэв.

Яллагдагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тухайн үед Б.О эгчээс уучлалт гуйгаад, эмчилгээний зардлыг нь төлсөн. Тэр үед Б.О эгч гомдол саналгүй гэж хэлж байсан. Анх Өвөрхангай аймгийн эмнэлэгт хэвтэх үедээ сээр нурууны сэртэн яс цууралттай гэсэн онош гарсан. Өвөрхангай аймгийн эмнэлэгт 3 хоног эмчилгээ хийлгээд Улаанбаатар хотод сээр нурууны сэртэн яс хугарсан гэсэн оношоор хувийн эмнэлэгт 10 хоног эмчилгээ хийлгэсэн. ...тухайн үед хохирогч гомдолгүй гэж хэлж байсан. Сүүлд хохирогч гомдолтой гэсэн гээд намайг дуудсан. Миний хувьд шүүх эмнэлгийн дүгнэлтэд эргэлзэж байна. Тухайн үед сээр нурууны сэртэн яс хугарсан гэсэн оноштой байсан. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр нурууны 9-10 дугаар үеийн нугалам хугарсан гэсэн онош гарсан байна. Тэр үед Б.О эгч гурван давхар байшингийн шатнаас буугаад явж чадаж байсан. Мөн эмчилгээний зардал мөнгө өгөөгүй гэж хэлсэнд нь гайхаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхээс шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 33 хуу/ хохирогчийн өвчний түүх дээр нурууны нугалмын 8-10 дугаар хугарал гэсэн байгааг үндэслээд... дүгнэлт хэсэг дээрээ нурууны 9-10 дугаар нугалмын хугарал тогтоогдлоо гэж зөрүүтэй дүгнэлт гаргасан, Мэргэжлийн хяналтын гаргасан шинжээчийн дүгнэлтэд гарах зардлыг төлсөн эсэх, нэхэмжлэх эсэх талаар баримтгүй, яллагдагчаас мөрдөгч нь уг төлбөрийг төлүүлнэ гэж мөнгө авсан гэх боловч хэрэгт баримтыг хавсаргаагүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, эдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой гэх прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна.

 

Хэдийгээр шүүхээс дахин шинжээч томилох эрхтэй боловч хэрэгт цугларсан баримтын хүрээнд дахин шинжилгээ явуулах боломжгүй нэмэлт баримт цуглуулсаны үндсэн дээр уг ажиллагааг явуулах шаардлагатай.

Мөн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай” мөрдөгчийн тогтоолд Ө.Б-г иргэний нэхэмжлэгчээр тогтоож тухайн хэрэгт  мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/ авсан байх боловч Ө.Б нь шүүх хуралдаан гаргасан тайлбартаа “би уг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоогүй, мэдүүлэг, тайлбар, зарим албан бичгүүдийг өгөөгүй” гэх тул уг асуудлыг шалгах, Ж.Б нь уг компанийг төлөөлж иргэний хариуцагчаар оролцох эрхтэй эсэхийг тогтоох шаардлагатай байна гэж шүүх бүрэлдэхүүн  үзлээ.

Иймд М.Ж-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Яллагдагч М.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үлдээв.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2019/ШЗ/98 дугаар захирамжийг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч М.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.