Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2025/0191

 

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2025/0191

Улаанбаатар хот

 

 

 

“Б***” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г***, Б.Т**,

Нэхэмжлэгч: “Б***” ХХК,

Хариуцагч: Ховд аймгийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Жаргалант сум, Т*** айлын орон сууцны фасадны дулаалга, узель засварын ажил” ХОАХААГ/20240101151 дугаартай тендерийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, “Жаргалант сум, Т*** айлын орон сууцны фасадны дулаалга, узель засварын ажил” ХОАХААГ/20240101151 дугаартай тендерийн “Ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг даалгах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 125/ШШ2025/0004 дүгээр шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц***,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г***, Б.Т**,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц***,

Хэргийн индекс: 125/2024/0034/3.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч “Б***” ХХК-иас Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан “Жаргалант сум, Т*** айлын орон сууцны фасадны дулаалга, узель засварын ажил” ХОАХААГ/20240101151 дугаартай тендерийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, гэрээ байгуулахыг даалгах”-аар маргасан.

2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 125/ШШ2025/0004 дүгээр шийдвэрээр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, 48 дугаар зүйлийн 48.2.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Жаргалант сум, Т*** айлын орон сууцны фасадны дулаалгын засварын ажил ХОАХААГ/20240101151 дугаартай тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг хариуцагч Ховд аймгийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1 Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын байгуулсан ажлын хэсэг буюу “Төсөв санхүү эдийн засгийн хөгжлийн хороо” нь хуулийн хүрээнд дээрх фасадны ажлыг хасуулах саналыг хүргүүлсэн болохоос биш хасах шийдвэрийг шууд гаргаагүй, тухайн төсвийн байнгын хороонд тийм ч эрх байхгүй.

3.2 Тухайн асуудлыг “Төсөв санхүү эдийн засгийн хөгжлийн хороо” нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд санал оруулж хэлэлцүүлэхээр саналаа хүргүүлснийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцээд саналыг үндэслэн хасаж шийдвэрлэсэн.

3.3 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэгт “...захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тухайн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хэрэгцээ, шаардлага байхгүй болсон эсхүл бараа ажил үйлчилгээ худалдан авах санхүүжилтийн эх үүсвэргүй болсон тохиолдолд энэ хуулийн 30.4 дэх хэсэг хамаарахгүй”, 30.6-д “Санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсөвт тодотгол хийснээс бусад тохиолдолд захиалагч энэ хуулийн 30.5-д заасан үндэслэлээр худалдан аваагүй бараа, ажил, үйлчилгээг тухайн төсвийн жилд дахин худалдан авахыг хориглоно” гэж заасныг үндэслэн Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор  бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

3.  Хэрэгт авагдсан баримтаар, Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн 18/03 дугаар тогтоолоор Аймгийн 2024 оны батлагдсан төсөвт нэмэлт өөрчлөлт оруулж, “Жаргалант сум, Т*** айлын фасадны дулаалга, узель засварын ажил 975 сая төгрөг”-ийг баталсан.

Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/188 дугаар тушаалаар Үнэлгээний хороог байгуулан, Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газраас Жаргалант сум, Т*** айлын фасадны дулаалга, узель засварын ажил ХОАХΑΑΓ/20240101151 дугаартай тендер шалгаруулалтыг зохион байгуулсан. Тендерийн үнэлгээний хороо 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 726 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон.

4. Улмаар Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар тогтоолоор аймгийн төсвийг батлахдаа тухайн “Т*** айлын фасадны дулаалга, узель засварын ажил”-ын санхүүжилтийг  хассан учир хариуцагч Ховд аймгийн Засаг даргаас 2024 оны 1/3262 дугаар албан бичгээр нэхэмжлэгч хуулийн этгээдэд “...Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/98 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгээр дүгнэлт, саналаар уг тендерийн ажлын төсөв хасагдсан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д зааснаар санхүүгийн эх үүсвэргүй болсон...” хэмээн гэрээ байгуулахаас татгалзаж байгаагаа мэдэгдсэн.

5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т “Захиалагч шалгарсан оролцогчийн баталгаажуулан ирүүлсэн гэрээг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор, энэ хуулийн 49.4.13-т заасан мэдэгдлийн дагуу гэрээ байгуулах тохиолдолд ажлын 10 өдрийн дотор тус тус гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүй бол гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрт заасан нөхцөлөөр гэрээ байгуулсанд тооцно”,  30.5-д “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тухайн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хэрэгцээ шаардлага байхгүй болсон, эсхүл бараа, ажил, үйлчилгээ худалдан авах санхүүжилтийн эх үүсвэргүй болсон тохиолдолд энэ хуулийн 30.4 дэх хэсэг хамаарахгүй”, 30.6-д “Санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсөвт тодотгол хийснээс бусад тохиолдолд захиалагч энэ хуулийн 30.5-д заасан үндэслэлээр худалдан аваагүй бараа, ажил, үйлчилгээг тухайн төсвийн жилд дахин худалдан авахыг хориглоно” гэж заасан.

Хуулийн дээрх зохицуулалтын агуулга нь захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тухайн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хэрэгцээ шаардлага байхгүй болсон, эсхүл бараа, ажил, үйлчилгээ худалдан авах санхүүжилтийн эх үүсвэргүй болсон тохиолдолд захиалагч гэрээ байгуулахаас татгалзах үүрэгтэй.

6. Тухайн маргааны хувьд нэхэмжлэгчээс хариуцагч аймгийн Засаг даргад холбогдуулан “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, “Ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг даалгах хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргаж байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.9, Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2-т заасан …тухайн аймаг…ийн төсвийг хэлэлцэж батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гүйцэтгэлийг батлах” бүрэн эрхээ хэрэгжүүлсэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэр үйл ажиллагаатай холбогдуулан хариуцагчийг буруутган, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг буруу тайлбарлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

7. Мөн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106

дугаар зүйлийн 106.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхын зэрэгцээ биелэгдэх боломжтой байх ёстой.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн шалгарсан ХОАХΑΑΓ/20240101151 дугаартай тендер шалгаруулалт нь санхүүжилтийн эх үүсвэргүй болсон нь нэгэнт тогтоогдож байхад шүүхээс санхүүжилтийн эх үүсвэргүй болсон тендерт гэрээ байгуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь бодит байдалд шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзнэ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

8. Энэхүү магадлал нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газраас зарласан ХОАХΑΑΓ/20240101151 дугаартай тендер шалгаруулалтад оролцсонтой холбоотой учирсан хохирлоо зохих журмын дагуу нэхэмжлэх эрхийг хязгаарлахгүй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 125/ШШ2025/0004 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “Б***” ХХК-иас Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Ховд аймгийн Жаргалант сум, Т*** айлын орон сууцны фасадны дулаалга, узель засварын ажил” ХОАХААГ/20240101151 дугаартай тендерийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, “Жаргалант сум, Т*** айлын орон сууцны фасадны дулаалга, узель засварын ажил” ХОАХААГ/20240101151 дугаартай тендерийн “Ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БААТАРХҮҮ

  

                                ШҮҮГЧ                                           Т.ЭНХМАА

  

 

           ШҮҮГЧ                                           Г.МӨНХТУЛГА