Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/203

 

    2023      02          17                                   2023/ШЦТ/203

 

 

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагч А.Оргилбаяр,

Шүүгдэгч З.И, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн З.И, Б.Б нарт холбогдох эрүүгийн 2309 00000 0241 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Б /РД:......................../,

Монгол Улсын иргэн, З.И /РД:........................./

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б, З.И нар нь согтуурсан үедээ бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 30-ны шөнийн 00 цагийн орчим Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Түмэн” караокед үйлчлүүлэх үедээ иргэн Б.Эын зүй бус үйлдлийн улмаас буюу менежер М.Мг хүндэлсэнгүй хэмээн өмөөрч маргалдан улмаар нүүр, толгойн тус газарт гар, хөлөөрөө олон тооны удаа цохиж, газарт унагаан эрүүл мэндэд нь "баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чих, шанаа, цээжинд цус хуралт, дээд уруулын салстад өнгөц язрал, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч З.И шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Эрүүгийн 2309 00000 0241 дугаартай хэргээс:

Хохирогч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 29-ны өдөр хичээлийн хажуугаар гэрээ байгуулж ажилладаг “.................” ХХК-ийн шууд борлуулалтын хэлтэс болон өөр өөр хэлтсийн хүмүүсийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо "Түмэн” нэртэй караокед үйлчлүүлсэн. Тэр үед манай салбарын менежер М-Ө болон өөр салбарын Б, И нарт зодуулсан. 2022 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө менежер М-Ө намайг сандал дээр сууж байхад түлхэж унагааж дээр сууж миний зүүн баруун хацар хэсэгт алгадаж толгой руу цохисон, Б гэх залуу нь намайг толгой, нүүр хэсэгт хөлөөрөө хүчтэй дэвсэж зодсон, И гэх залуу нь баруун зүүн хацар шанаа, нуруу цохиж байгаа нь бичлэг дээр байна лээ. Би тухайн үед яг хэн миний хашаа цохиж зодсон талаар мэдээгүй байсан. Харин “Түмэн” караокены камерын бичлэгийг шүүж үзээд хэн зодсоныг нь харсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17, 20-р хуудас/,

Гэрч Б.Нандин-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие нь Энхжаргалтай үерхдэг, тэр өдөр бид хоёрын хичээлийн хажуугаар хийдэг ажлын газар болох ".................” ХХК-ны оны хамгийн сүүлийн жижиг арга хэмжээ болсон тэнд салбар салбараас олон хүмүүс ирж оролцсон. Тэндээ жоохон ууж идэж байгаад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түмэн караоке"-д үйлчлүүлсэн тэр үед Энхжаргал надаас уучлалт гуйж миний сууж байсан өрөө болох Вип өрөөнд орж ирсэн. Надтай хамт байсан ажлын газрын Бүжинлхам, Мөнхтуяа, Билгүүтэй, М-Ө мөн өөр салбарын залуучууд байсан. Өөр салбарын 2 залуу бас Энхжаргалыг нийлж зодсон тэр үед бид хэд салгах гэж оролдсон тэгээд зодоон дуусаад байж байхад Энхжаргалын найз Баяраа орж ирээд аваад гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,

Гэрч А.Бүжинлхамын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Тэгээд Энкүүг М-Ө нь гэртээ харь согтсон байна гэж хэлсэн. Тэнд байсан хүмүүс Энкүүг өрөөнөөс аваад гарсан. Дараа нь Энкүү өрөөнд буцаж орж ирээд М-Өтэй үл ялиг зүйлээс болж хоорондоо маргалдсан. Энэ үед караокены өрөөнд би Одбаяр, Анхбаяр, Б М-Ө, Бэлгүүтэй, Мөнхтуяа, Нандин-Эрдэнэ, Намуунаа нар байсан. Дараа нь М-Ө нь Энкүүг гараараа алгадсан. Энкүү газар унаад өгсөн. Дараа нь И Б нар хэрэг болохоос бүр өмнө нь болсон явдал дээр муудалцсан нэг зүйл байдаг юм шиг байна лээ. Тэрнээс болоод Энкүүтэй өмнө нь И Б нар муудалцсан. Дараа нь тэгээд Б нь Энкүүгийнг нүүр лүү нь аль нэг гараараа хэдэн удаа цохисон. Энкүү нь бас Бын уруул руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Дараа нь энкүү нэг мэдэхэд газар унасан байсан. Тэгээд Б дээр Энкүүгийн дээр биеэн дээр нь суух гэж байгаа мэт байдалтай байсан. Харин Иг Энкүүг нь цохисон талаар хараагүй. Дараа нь Энкүү, Бэлгүүтэй нарыг хүмүүстэй муудалцуулахгүй гээд караокены өрөөнөөс гаргасан. гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,

Гэрч Б.Мөнхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Энхжаргал Нандин-Эрдэнийг өдөж хоргоод байхаар нь М-Ө менежер сандлаас унагааж Энхжаргалд хандан чамд хэлээ биздээ яв гээд байхад яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгсэн Энхжаргал агсам согтуу тавиад байсан тэр үед Б Энхжаргал нар хоорондоо зодолдсон И дундуур нь орж салгасан. Би яг Энхжаргалын хашаа хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна. Тэгээд би Энхжаргалыг үүдруу авч гарсан тэгсэн тэр үед Билгүтэй Энхжаргал муудалцаж Энхжаргал Билгүтэйг цохисон. Билгүтэй Энхжаргалыг цохиж зодсон асуудал байхгүй. Энхжаргал нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан мөн Нандин-Эрдэнийг авч явах гээд өдөж хоргоож, араас нь гүйгээд байсан бас М-Ө менежерийн үгэнд нь орохгүй агсан согтуу тавиад байсан. Б Энхжаргалыг цохиж зодсон мөн Энхжаргал ч гэсэн Быг цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,

Гэрч Б.Бэлгүтэйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэгээд Энхжаргал, Нандин-Эрдэнэ, М-Ө, Бүжинлхам нар нь буцаад цаана байсан Вип өрөөнд орсон. Тухайн үед тэр Вип өрөөний хаалга савагдаж онгойход зодоон эхэлсэн Энхжаргал зодуулж байсан. Тэр үед Энхжаргалыг Б, Идэрзаяа гэх залуучууд зодож байхаар нь цуг бильярд тоглож байсан Анхбаяр, Одко ах бид гурав очоод салгасан. Тэгээд Энхжаргалыг дагуулаад VIP өрөөнөөс гарсан зааланд байрлах бильярдны хажууд очоод Энхжаргалыг чи одоо яваа гэж хэлэхэд би орж учраа олмоор байна гэж хэлсэн Тэгээд зууралдаад байж байх хооронд Энхжаргалын найз нь ирж авсан. Тэр үед Энхжаргалыг зодсоны улмаас нүд нь хөхөрсөн, баруун харцар нь шороо болсон шүд нь цус болсон байсан. Сүүлд нь Энхжаргалыг гаргаж өгөх үед нүд нь хөхөрсөн, хацран дээр нь хөлийн мөр гарч шороо болсон байсан. Бас шүднээс нь цус гоожсон байдалтай байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,

Шүүгдэгч З.Игийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Б.Эын хохирлыг бүрэн барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 77 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Б.Эын хохирлыг бүрэн барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ” гэх мэдүүлэг /хх-ийн 80 дугаар хуудас/,

Б.Эын бусдад зодуулж буй дүрс бичлэг бүхий хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 61-62–р хуудас/,

Шинжээч Б.Сэргэлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.Эын биед учирсан зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт гэмтлүүд нь дангаараа болон нийлсэн ч гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 02- ны өдрийн 860 дугаартай "Б.Эын биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чих, шанаа, цээжинд цус хуралт, дээд уруулын салстад өнгөц язрал, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-47-р хуудас/ зэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.И, Б.Б нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирлыг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлууд хууль зөрчөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

Шүүгдэгч З.И, Б.Б нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б, З.И нар нь согтуурсан үедээ бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 30-ны шөнийн 00 цагийн орчим Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Түмэн” караокед үйлчлүүлэх үедээ иргэн Б.Эын зүй бус үйлдлийн улмаас буюу менежер М-Өг хүндэлсэнгүй хэмээн өмөөрч маргалдан улмаар нүүр, толгойн тус газарт гар, хөлөөрөө олон тооны удаа цохиж, газарт унагаан эрүүл мэндэд нь "баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чих, шанаа, цээжинд цус хуралт, дээд уруулын салстад өнгөц язрал, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Б.Э, гэрч Б.Нандин- Эрдэнэ, А.Бүжинлхам, Б.Мөнхтуяа, Б.Бэлгүтэй нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч З.И, шүүгдэгч Б.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч З.И, шүүгдэгч Б.Б нарын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч З.И, шүүгдэгч Б.Б нарын энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч З.И, шүүгдэгч Б.Б нарын хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч З.И, шүүгдэгч Б.Б нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч Б.Э нь энэ гэмт хэргийн улмаас 420.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч З.И, шүүгдэгч Б.Б нар нь 420.000 төгрөгийг нөхөн төлсөн баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн тул шүүгдэгч З.И, шүүгдэгч Б.Б нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх дүгнэлээ.

           Эрүүгийн хариуцлагын талаар:

           Улсын яллагчаас шүүгдэгч З.И, Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч З.И, Б.Б нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч З.И, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүх шүүгдэгч З.И, шүүгдэгч Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 700 / долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/  төгрөгийн торгох ял оногдуулж, шүүгдэгч нар нь оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч З.И, шүүгдэгч Б.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1/нэг/ ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалж, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч З.И,шүүгдэгч Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,7 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Б.Б, Хиад боржигон овогт З.И нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.И, Б.Б нарыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.И, шүүгдэгч Б.Б нарт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.И, шүүгдэгч Б.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалсугай.

6. Шүүгдэгч З.И, шүүгдэгч Б.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.И, шүүдэгч Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                                                                    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ОТГОНЦЭЦЭГ