Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/205

 

 

 

 

2023         02          24                                    2023/ШЦТ/205

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Отгонцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунбат,

улсын яллагч Э.Билгүүн,

шүүгдэгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сүхбаатар дүүргийн прокурорын хяналтын прокурор Э.Билгүүнээс  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овогт С.Гт холбогдох эрүүгийн  2209 02076 0053 дугаартай 1 хавтас хэргийг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Г нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Hotel" гэх нэртэй зочид буудалд хохирогч ...............................гийн түр хадгалж байгаач хэмээн итгэмжлэн хариуцуулж өгсөн 2,800,000 төгрөгнөөс 2,500,000 төгрөгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Эрүүгийн 2209 02076 0053 дугаартай хэргээс:

Хохирогч ...............................гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: "... Би 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 20 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гаднаа Hotel гэх бичиглэлтэй саарал өнгийн хоёр давхарт байрлах буудалд нөхөр найзуудын хамт орж үйлчлүүлээд буудлыг ажиллуулдаг хүний хүргэх гэх ............................... гэх залууд бэлнээр 2,800,000 төгрөгийг өгч хадгалуулсан. Тэр шөнөдөө тухайн буудалдаа согтууруулах ундаа хэрэглээд шөнө дэлгүүр ажиллахгүй болохоор тухайн буудлаас 35,000 төгрөгөөр архи авч уусан. Өглөө эрт архи гараагүй болохоор бид дөрөв буудлаас гарахдаа мөнгөө маргааш нөгөөдрөөс ирээд авъя гэж хэлээд гарсан. Тухайн үед ............................... нь би цагдаа, та санаа зоволтгүй найдвартай гээд үзүүлэхээр нь найдвартай байх гэж бодоод мөнгөө хадгалуулж үлдээсэн. Тэгээд тэр өдрөө аваагүй 2 хоногийн дараа мөнгөө авъя гэж утсаар ярихад ............................... нь 2021 оны 12 дугаар сарын 17, 18-нд 150,000 төгрөгөөр хоёр удаа шилжүүлсэн. Тэгээд үлдэгдэл мөнгөө яасан гэж асуухад эгчээ байж бай би найдвартай эхнэрийн дансанд таны мөнгийг хийсэн байсан банк бусаас мөнгийг тань татсан байна гэж хэлээд одоо болтол өгөөгүй. Тухайн 2,800,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үүнээс 300,000 төгрөг буцаан авсан" гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Хохирогч ...............................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ".... Би 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 20 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах hotel гэх бичиглэлтэй буудалд найзуудын хамтаар орж үйлчлүүлсэн. Би ............................... гэх хүнд өөрийн 2,800,000 төгрөгийг хадгалуулсан боловч эргэж надад өгөөгүй утсаа авахгүй алга болсон. Өөртөө байсан бэлэн мөнгөө бусдад алдаж магадгүй гэж бодоод бусдад хадгалуулсан. Би ............................... гэх залуугаас нийт 750.000 төгрөг хүлээн авсан байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Шүүгдэгч С.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 21 цагийн орчимд Бямбасүрэн 3 эрэгтэй хүнтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Тухайн үед Бямбасүрэн 2 давхрын 02 тоотод өрөө аваад эргэж ирээд 2.800.000 төгрөгийг хадгалуулсан. Надад хариуцуулан өгсөн 2.600.000 төгрөгөөс эхний удаа буудалд 1.600.000 төгрөгийг, дараагийн удаа 80.000 төгрөг, 150.000 төгрөг, 50.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 550.000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/,

Хишигжаргал гэх хүний "Хаан" банкны 5019590462 дугаарын дансны хуулга         /хх-ийн 10 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч С.Гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/,

Шүүгдэгч С.Гийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 82 дугаар хуудас/,

Хохирогч ...............................гийн бичгээр гаргасан “Хохирлыг бүрэн барагдуулж авсан. Цаашид ямар нэгэн гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй /хх-ийн 83 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын санал /хх-ийн 89 дүгээр хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч С.Г нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч С.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирлыг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлууд хууль зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

Шүүгдэгч С.Гт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Г нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Hotel" гэх нэртэй зочид буудалд хохирогч ...............................гээс түр хадгалж байгаач хэмээн итгэмжлэн хариуцуулж өгсөн 2,800,000 төгрөгнөөс 2,500,000 төгрөгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч С.Гийн мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч ...............................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Гийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч ...............................гийн эд хөрөнгөд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч С.Гийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.Гийн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Г нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь  зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч С.Г нь хохирогч ...............................д хохирлыг нөхөн төлсөн, хохирогч ............................... нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул С.Гийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас С.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч С.Гийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож харин эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгийн торгох ял оногдуулж оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгч С.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 7 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт С.Гийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гийг 2700/ хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч С.Гт оногдуулсан 2700/ хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4  /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5.Шүүгдэгч С.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Б.ОТГОНЦЭЦЭГ