Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/216

 

    2023      03          01                                   2023/ШЦТ/216

 

 

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Б.Отгонцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Төгс-Оюун,

Улсын яллагч Г.Ундрах,

Шүүгдэгч Э.Н, Н.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ундрахаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн  Э.Л, Н.Л нарт холбогдох эрүүгийн 2309000040225 дугаартай 1 хавтас хэргийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э.Л /РД: ............................/

Монгол Улсын иргэн, Н.Л /РД: /......................................../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Н, Н.Л нар нь бүлэглэн согтуурсан үедээ 2022 оны 11 дүгээр сарын 27-оос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 1149 дүгээр байрны гадаа машин холдуулаагүй гэх шалтгаанаар иргэн Б.М Д.Б нарын биед нь халдаж Б.Мын биед зүүн алганд шарх, дух, дээд уруулд зулгаралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл, Д.Бын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний алиманд цус хуралт зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Э.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүгдэгч Н.Л шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Эрүүгийн 2309000040225 дугаартай хэргээс:

Хохирогч Д.Б мэдүүлэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нийг шилжих шөнө 4 цагийн орчим хүү Б.Мын найз охин Мөнгөнчимэг Б.Мг зодоод байна гэхээр нь манай эхнэр хувцсаа өмсөөд гарсан. Цонхоор харахад хүү Б.Мыг улаан өнгийн куртиктэй хүн машины цаана өшиглөж байхаар нь би бууж очиход улаан өнгийн куртиктэй залуу машиндаа суусан байхаар нь чи яахаараа хүүхэд зодож байгаа юм гээд нүүрэн хэсэгт нь 1 удаа гараараа цохиход тэр залуу намайг зөрүүлээд цохисон тэгтэл хажуу талаас гар орж ирээд намайг цохисон хэн цохисныг мэдэхгүй байна. Би машинаас холдуул нуруу болон бөөр рүү цохих байх гэж бодоод машиныг нь налаад зогсож байхад нэг нь намайг үсдээд толгой болон нүд ам, хамар руу цохьсон. Шар куртиктэй залуу миний уруул орчим хэсэгт гараараа 1 удаа цохиод уруул сэтэлсэн. Тэгээд цагдаа нарын хажууд шар өнгийн куртиктэй залуу нь миний найзын хамрыг өшиглөсөн ална гээд орилоод байсан. Манай бага охин Хулан цонхон дээрээс бичлэг хийсэн байсан тэр нь дээр нь шар өнгийн куртиктэй залуу нь эмэгтэй найзаа өөрөө өшиглөж байгаа нь харагдаж байгаа улаан өнгийн куртиктэй залуу нь нүүр хэсэгт их цохисон. Шар өнгийн куртиктэй залуу нь толгой руу цохиод өшиглөөд байсан. Хар өнгийн куртиктэй залуу нь цохисон үгүйг мэдэхгүй байна. Улаан өнгийн куртиктэй залуу нь куртикээ тайлаад цагаан цамцтай болчхоод намайг цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дүгээр хуудас/

Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ” Би 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 3 цаг 07 минутад миний ......................дугаар руу ...................... дугаараас 4 удаа залгаад би утсаа автал чи гарц хаагаад тавьсан байна машин тэргээ холдуул гэсэн тэгээд байн байн залгаад байхаар манай найз охин Мөнгөнчимэг гараад машинаа холдуулаад өгчих машин яачих ч юм билээ гэхээр нь би гарч очиход Приус 20 маркийн автомашинтай 3 эрэгтэй 4 эмэгтэй нар байсан, тэгээд би машинаа холдуулаад гарах гэж байсан машиныг тэр 3 залуутай хамт түрж гаргаж өгөлцөөд байж байхад шар өнгийн куртиктэй залуу нь чи гарч хааж машины тавилаа гээд над руу уурлаад байхаар нь та нар олуулаа болоод над руу дайраад байгаа юм уу би энэ газар насаараа амьдарсан энэ гарц биш гэхэд шар өнгийн куртиктэй залуу нь миний зүүн талын шанаа руу гараараа 1 удаа цохиод газар тулаад босоод ирэхэд хамт явж байсан хоёр залуу нь над руу дайраад байсан. Намайг нэг нь үсдээд газар тулгаад дарсан би хэн нь үсэдсэнийг хараагүй газар хэвтээд байж байхад миний толгой руу өшиглөсөн хэн өшиглөснийг би хараагүй. Хамт явж байсан хүүхнүүд нь тэр залуучуудыг холдуулахад тойрч ирээд цохиод байсан хэн цохисныг хараагүй. Намайг газар зодуулаад байж байхад найз охин, ээж хоёр гараад ирсэн байсан тэгэхээр нь би машины номерыг нь хараад ав гэж хэлсэн. Тэгтэл манай ээж, найз охин хоёр дугаарыг нь харчихлаа гэхэд манай аав гарч ирээд явуулахгүй гээд машинд нь сууж байхад манай аавыг шар өнгийн куртиктэй залуу нь гараараа цохиод хажууд нь байсан улаан өнгийн куртиктэй залуу нь үсдээд дарцан өшиглөөд байсан, намайг аав руу очиж байхад хажуугаас нэг эмэгтэй үсдээд дарсан тэгээд шар өнгийн куртиктэй залуу нь тэр эмэгтэйн нүүр лүү нь 2 удаа өшиглөсөн. Тэр хүмүүс их согтуу байсан. Манай найз охин намайг холдуултал аавыг машины жолоочийн урд хаалганы хажууд шар, улаан өнгийн куртиктэй залуучууд нь цохиод байсан. Тэгтэл цагдаа нар ирээд салгасан тэгээд байж байхад шар өнгийн куртиктэй залуу нь машин тойрч ирээд аавын нүүрэнд 1 удаа гараараа цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 30 дүгээр хуудас/

Гэрч ......................ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"... 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн орой 19 цагийн орчим ......................, ...................... хоёр нь гэр бүл, ......................, ......................хоёр бас гэр бүл бид нар Барилгачдын талбайн хажуу талд байх караокед нөхөр Н.Лын хамт уулзаад тус караокед 3 цаг суугаад 23 цагийн орчим гараад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байх Хаан караокед орсон уг караокед ороод 4 цаг болсон караокед байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд кароаке гарч ирээд харих гээд байж байхад миний ......................УБК улсын дугаартай Приус 20 маркийн автомашиныг нэг машин таглаад тавьсан байсан тэгэхээр нь найз ......................уг машины эзэн рүү залгаад машинаа холдуулахыг хэлсэн, уг машины эзэн нь гарч ирэхгүй уурлаад байсан тэр залуу нь хэлэхдээ би гарц хааж тавиагүй яах гэж наанаа тавьсан юм гээд утсаа авахгүй дуудуулж байгаад гарч ирсэн. Тэгээд гарч ирэхгүй байхаар нь хажуу талаар овгор шороон дээр нь түрээд гаргасан гаргасны дараа машины эзэн гарч ирсэн. Энэ асуудлаас болоод ......................, ......................, Н.Л гурав тэр залуутай маргалдсан. Нөгөө залуу янз бүрээр хэлээд доромжлоод байсан тэгээд зодоон болоод машин байсан газар тэр хэд Отгонгэрэлтэй хамт машин дээр байсан, нөхрүүдээ машиндаа суулгах гээд аваад явах маргалдаад зодолдсон хэн нь эхэлж цохисныг би мэдэхгүй байна. Би Урандөш гэхэд эмэгтэй эрэгтэй хүмүүс орцноос гарч ирсэн эрэгтэй нь манай нөхрийн нүүр рүү нь 1 удаа цохиод тэгээд машины урд талын суудал очоод суусан. Тэр эрэгтэй болон эмэгтэй нь холдуулах гээд байж байхад эхэлж гарч ирсэн залуу нь миний үснээс зулгаасан тэгэхээр нь би тэр залуугийн үснээс нь буцаагаад зулгаасан бид хоёрыг зууралдаад байж байхад нэг хүн ирээд миний нүүр лүү 2 удаа өшиглөсөн би хэн өшиглөснийг мэдэхгүй байна. Тэгээд манай найз ...................... нь тэр залуу бид хоёрыг салгасан. Тэрнээс хойшоо зодоон болоогүй хоорондоо маргалдаад байсан тэгээд цагдаа нар ирээд бид нарыг салгасан. Тэгтэл цагдаа нарын хажууд шар өнгийн куртиктэй ...................... орцноос гарч ирсэн 2 эрэгтэйгийн нэгийг нь цохисон. Орцноос эхэлж гарч ирсэн залуутай үсдэлцээд байж байхад 2 удаа нүүр рүү өшиглөсөн хэнийг өшиглөснийг мэдэхгүй байна. ...................... нь шар өнгийн куртиктэй байсан, Урандөш нь хар өнгийн эко шубтэй, ...................... хар ногоон өнгийн куртиктэй, ......................цагаан өнгийн үстэй зүйл өмссөн байсан. Манай нөхөр Н.Л нь улаан өнгийн куртиктэй би ногоон өнгийн куртиктэй байсан өөр хүн байгаагүй...” /хх-ийн 36 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг

Гэрч Ц....................... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр найз Н.Лын эхнэр Сарнайгийн төрсөн өдөр болоод найзуудаараа уулзахаар ......................, Отгонгэрэл, Урандөш бид нар 32-ын тойргийн тэнд уулзаад хоолонд орсон. Тэндээс гараад барилгачдын талбайн тэнд байх караоке ороод 00 цагийн орчим гараад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хаан караокед орсон тэндээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тэгээд уг караокеноос гараад явах гэхэд Н.Лын машин өмнө нэг машин хаагаад зогссон байсан, манай эхнэр ......................анх тэр машины хүн рүү залгатал утсаа аваагүй гээд Н.Лын машиныг түрээд хажуугаар хамт түрэлцсэн тэгээд тэр залуу хааж тавьсан машинд суучхаад буугаад ирсэн бид нарыг хэдэн цагт залгаад байгаа юм гэж хэлэхэд Н.Л нь тэр залууг газар унагаасан тэгэхэд ...................... тэр залууг өшиглөсөн. Тэгээд би очоод салгах гэхэд эхнэр намайг татаад очуулаагүй тэр залуугийн эхнэр нь гарч ирээд хүмүүсээ аваач гэж хэлсэн тэгэхээр нь би тэр гурав дээр очиж салгаад тэр залуутай хамт байж байхад тэр залуугийн аав нь гарч ирээд Н.Лын машинд суугаад биеэрээ сигнал дарсан. Тэр залуутай юм яриад зогсож байхад тэр залуу танай хоёр найз чинь манай аавыг зодоод байна гээд гүйгээд очсон ......................, Лхавга-Очир хоёр нь тэр залуугийн аавыг цохиж байсан. Тэгээд Н.Лын эхнэр Сарнай нь эхэлж гарч ирсэн залууг үснээс нь зулгаасан нөгөө залуу бас Сарнайгийн үснээс зулгаасан би тэр хоёрыг салгах гээд байж байхад ...................... ирээд Сарнайгийн нүүрэн хэсэгт 2 удаа өшиглөөд авсан. Манай эхнэр хажуугаас нь ......................т хандаад наадах чинь Сарнай байна шдээ гэж хэлсэн. Тэгээд салгах гээд байж байхад Цагдаа нар ирсэн. Цагдаа нарыг ирсэн байхад ...................... нь тэр залуугийн аавыг 1 удаа нүүрэн тус газар нь цохисон..." гэх мэдүүлэг /хх-ийн 43 дүгээр хуудас/

Шүүгдэгч Э.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн яллагдагчаар өгсөн: "... Би 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 28- нийг шилжих найз Н.Лын эхнэр Сарнайгийн төрсөн өдөр болоод найзуудаараа уулзахаар ......................, Отгонгэрэл, ......................, ...................... бид нар 32-ийн тойргийн тэнд уулзаад хоолны газар орсон. Тэндээсээ гараад Хаан караокед 2 цаг өнгөрөөгөөд бид нар орсон. Үүрээр 4 цагийн орчим тэндээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тэгээд уг караокеноос гараад явах гэхэд Н.Лын машиныг нэг машин хаагаад зогссон байхаар нь манай найзуудаас нэг нь машины хүн рүү залгатал гарч ирэхгүй байж байгаад гарч ирээд та нар шөнийн хэдэн цагт дуудаж байгаагаа мэдэж байна уу гээд уурлаад байсан би юу болсон талаар санахгүй байна архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан. Машины эзэн гэх залуу гарч ирсэн тэр залууг би хэдэн удаа өшиглөсөн тэгээд тэр залуугийн аав нь гэх хүнтэй хэрэлдээд бас цохисон гэж надад хэлсэн ..." /хх-ийн 7 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Н.Л мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: "... Би 2022 оны 11 дүгээр сарын 27-ны орой 19 цагийн орчим найзуудын хамт 32-ийн тэнд байх солонгос хоолны газар орж хоол идээд Барилгачдын талбайн хажуу талд байх караокед ороод 00 цаг болохоос өмнө гарч ирээд буцаж Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байх хаан караокед орсон уг караокед ороод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би 01 цагийн үед унтаад караокеноос гарахдаа манай эхнэрийн Приус 20 маркийн автомашиныг нэг машин хаагаад зогссон байсан тэгээд залгатал тэр залуу шөнийн хэдэн цаг болж байгааг мэдэж байна уу наад чинь зогсоол гэж хэлээд утсаа тасалсан дахиад 2 залгатал гар утсаа аваагүй тэгээд уг машиныг тойроод түрээд байж байхад орцноос нэг хүн гарч ирээд хамт түрэлцсэн тэгээд нөгөө машин нь хажуу тийшээ гулгаад байхаар нь тэр залуу хаагаад зогссон байсан машиныг холдуулж өгөөд бууж ирээд энэ чинь зогсоол байгаа биз дээ та нар өөрсдөө буруу газар машинаа тавьсан байсан биз дээ гээд хэрүүл хийгээд байсан. тэгээд тэр залуу миний зүүн талын шанаа руу цохисон тэгэхээр нь би куртикнээс нь дараад газар хэвтүүлэхэд хажуугаас нь ...................... цээж рүү нь 1 удаа өшиглөсөн ...................... нь цохиогүй. Тэгээд тэр залуугийн эхнэр нь гарч ирээд намайг үсдээд хойшлуулан би тэр залууг тавьсан тэгээд би машиндаа суусан тэр залууг эхнэр цаашаа аваад явсан. Манай машины хойд талын цонх нь онгорхой байхад уг залуугийн аав нь гэх залуу миний баруун талын шанаа руу гараараа 2 удаа цохисон тэгэнгүүт нь би буугаад нөгөө ахтай барьцаад аваад байж байхад тэр ах намайг цохих гээд байхад ...................... нь хажуугаар тэр ахыг өшиглөсөн. Тэгээд тэр ах машины урд талд суух гэхээр нь би куртикнээс нь татахад куртик нь урагдсан бид хэд маргалдаад байж байхад цагдаа нар ирээд бид нарыг 2 тийшээ болгосон тэгтэл ...................... нь цагдаа нарыг хажууд тэр аав хүү хоёрын нэгийг цохисон ..." гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дүгээр хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 16217 дугаартай “Д.Бын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үнэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно..." гэх дүгнэлт /хх-ийн 75-76 дүгээр хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 16215 дугаартай “Б.Мын биед зүүн алганд шарх, дух, дээд уруулд зулгаралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн алганы шарх гэмтэл нь дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь бүгд нийлээд Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 84-85 дүгээр хуудас/ зэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүх хуралдаанаар шинэчлэн судлагдасан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Н, Н.Л нар нь бүлэглэн согтуурсан үедээ 2022 оны 11 дүгээр сарын 27-оос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 1149 дүгээр байрны гадаа машин холдуулаагүй гэх шалтгаанаар иргэн Б.М Д.Б нарын биед нь халдаж Б.Мын биед зүүн алганд шарх, дух, дээд уруулд зулгаралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл, Д.Бын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний алиманд цус хуралт зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн.

Шүүгдэгч Э.Н, Н.Л нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Н, Н.Л нар нь бүлэглэн согтуурсан үедээ 2022 оны 11 дүгээр сарын 27-оос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 1149 дүгээр байрны гадаа машин холдуулаагүй гэх шалтгаанаар иргэн Б.М Д.Б нарын биед нь халдаж Б.Мын биед зүүн алганд шарх, дух, дээд уруулд зулгаралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл, Д.Бын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний алиманд цус хуралт зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Д.Б, Б.М,  гэрч ......................, Ц....................... нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Э.Н, Н.Л нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Н, Н.Л нарын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч нарын биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Н, Н.Л нарын энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.Н, шүүгдэгч Н.Л нарын хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Н, шүүгдэгч Н.Л нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч Д.Б, Б.М нар нь 6.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хохирогч Д.Б, Б.М нар бичгээр гаргасан хүсэлтдээ “Өөрт учирсан хохирлоо бүрэн гүйцэт барагдуулж авсан, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгч Э.Н, Н.Л нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх дүгнэлээ.

           Эрүүгийн хариуцлагын талаар:

           Улсын яллагчаас шүүгдэгч Э.Н, шүүгдэгч Н.Л нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Э.Н, Н.Л нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Н, шүүгдэгч Н.Л нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирлыг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлууд хууль зөрчөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Э.Н, Н.Л нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүх шүүгдэгч Э.Н, шүүгдэгч Н.Л нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н, Н.Л нарыг тус бүр 450 / дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Н, шүүгдэгч Н.Л нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1/нэг/ ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалж,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Н,шүүгдэгч Н.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,7 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Л, Н.Л нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н, шүүгдэгч Н.Л нарыг тус бүр 450 / дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н, шүүгдэгч Н.Л нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н, шүүгдэгч Н.Л нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 /нэг/ ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалсугай.

6. Шүүгдэгч Э.Н, шүүгдэгч Н.Л нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Н, шүүдэгч Н.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                                                                    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ОТГОНЦЭЦЭГ