Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
Хэргийн индекс | 143/2019/00072/И |
Дугаар | 231 |
Огноо | 2019-08-19 |
Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 231
Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* овогт Б.Ө
/РД:.........../, ******* овогт Т.Г
/РД:............/, Өмнөговь аймгийн Даланзадгад
сумын 5-р баг Зүүнсайхан, .............. тоот
Хариуцагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын
Засаг дарга, Өмнөговь аймгийн Даланзадгад
сумын Засаг даргын тамгын газар
Хариуцагч: ******* овогт Ч.С
/..................../, Өмнөговь аймгийн Даланзадгад
сумын 2-р баг, ..................... тоот
Г-1105003352 улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн зориулалттай 000277272 дугаартай газрын гэрчилгээ, Ү-1105003291 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай 000319105 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Г , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандах, хариуцагч Ч.С гийн өмгөөлөгч Н.Гарьдхүү, гуравдагч этгээд Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н , нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ө , Т.Г нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг дарга болон иргэн Ч.С нараас Б.Ө ын өмчлөлийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5-р баг Зүүнсайхан, Далангийн 1-8а тоотод байрлах 750 мкв талбайтай, 000277272 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Г-1105003352 дугаартай гэр бүлийн зориулалттай газрын гэрчилгээг, Б.Ө , Т.Г нарын өмчлөлийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5-р баг Зүүнсайхан, Далангийн 1-8а тоотод байрлах 000319105 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-1105003291 дугаартай 70 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Т.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч: Ч.С нь сум хөгжүүлэх сангаас 2016 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр 25 000 000 төгрөгийн зээлийг авсан бөгөөд зээлийг авахдаа Б.Ө ын өмчлөлийн гэр бүлийн зориулалттай газрыг, Б.Ө , Т.Г бидний өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан. Ингэхдээ Ч.С нь Б.Ө надаас найз нөхдийн хувиар гуйж би чиний газар, байшинг зээлийн барьцаанд тавъя, зээлээ төлөөд буцаагаад гэрчилгээг нь өгчихье гэсэн. Би урьдны харилцаандаа итгэж Ч.С д итгэмжлэл олгож өөрийн нэр дээрх газар, эхнэр Т.Г бидний нэр дээрх хувийн байшинг зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн. Ч.С нь дээрх зээлийг 3 жилийн хугацаатай авсан бөгөөд одоо зээлийн гэрээний хугацаа дууссан байхад бидний үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээг гаргаж өгөхгүй биднийг хохироосоор байна.. Зээлийн барьцаанд тавьсан гэх үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээнүүд нь одоо гэрээний тал болох Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргад хадгалагдаж байгаа болно. Нэгэнт зээлийн гэрээний хугацаа дууссан бөгөөд зээлийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гэрээнд тусгагдаагүй байх тул Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг дарга болон иргэн Ч.С нараас улсын бүртгэлийн Г-1105003352 дугаартай гэр бүлийн зориулалттай газрын 000277272 дугаар гэрчилгээг, улсын бүртгэлийн Ү-1105003291 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 000319105 дугаартай гэрчилгээг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт барьцааны гэрээг бичгээр байгуулна гэж заасан. 156.2 дахь хэсэгт үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэсэн байгаа. Иргэн Ч.С нь сум хөгжүүлэх сангаас зээл авахдаа сум хөгжүүлэх сангаас зээл олгох журамд зааснаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг дарга зээл олгож талууд гэрээнд гарын үсэг зурж 25 000 000 төгрөгийн зээлийг авсан. Гэрээний хавсралт гээд барьцаа хөрөнгийн жагсаалт гээд газар, үл хөдлөх хөрөнгийг барьцаалж зээл авсан. Иргэний хуулийн 156.1 дэх хэсэгт зааснаар барьцааны гэрээ заавал бичгээр байгуулагдана. Бичгээр байгуулагдахдаа 156.2 дахь хэсэгт заасныг заавал тусгасан байна. Гэтэл энэ зээлийн гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй. Зөвхөн үл хөдлөх хөрөнгийн жагсаалт гэсэн зүйлийг улсын бүртгэлийн газар бүртгэчихсэн. Энд зээлийн гэрээг бүртгэсэн асуудал байхгүй. Хэрвээ барьцааны гэрээ байгуулсан бол заавал бичгээр байгуулаад түүнийгээ улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай байсан юм. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч манайд ямар ч холбоогүй гэж үзэж байна. Улсын бүртгэлийн тухай хууль болон эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуульд тухайн үед мөрдөгдөж байсан эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд улсын бүртгэл үнэн зөв байх талаар тусгасан байгаа. энэ нь тухайн мэдээллийн санд мэдээллийг бүрэн оруулж барьцааны гэрээ байгуулагдсан тохиолдолд гэрээг бүртгэхээр тусгасан. Барьцааны гэрээ байгуулагдсанаар зээл авсан юм гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа дурдлаа. Талуудын хооронд байгуулагдсан байгаа барьцааны гэрээ байхгүй нь миний хэлсэн зээлийн гэрээ түүний хавсралтаас харагдаж байна. Нэгэнт улсын бүртгэлийн бүртгэл нь хуульд зааснаар бүртгэгдээгүй, хүчин төгөлдөр бус байгаа тул манайх дахиж захиргааны хэргийн шүүхэд хандаж улсын бүртгэл хүчин төгөлдөр бусад тооцуулахаар маргана. Иймд иргэн Т.Г , Б.Ө нарын өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг Өмнөговь аймгийн Даланзадагад сумын Засаг даргын тамгын газар болон иргэн Ч.С нараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээнд заасан Зээлдэгчээс зээлийн төлбөрийг эргэн төлөх хугацаа дууссаныг тухайн гэрээний харилцаа бүхэлдээ дуусгавар болж зээл хаагдсан гэж ташаа ойлгон Зээлийн гэрээний үүрэг хангагдаж дуусаагүй байхад барьцаанд тавигдаж, бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулахаар нэхэмжилж буй нэхэмжлэгч Б.Ө , Т.Г нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул тус сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсч байна.” гэжээ.
Хариуцагч Ч.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Уг нэхэмжлэлийн шаардлага болох үл хөдлөх, газрын гэрчилгээг сум хөгжүүлэх сангийн зээлийг төлж барагдуулж, барьцаанд байгаа гэрчилгээг чөлөөлж өгөх болно. Энэ миний үүрэг мөн.” гэжээ.
Хариуцагчийн Ч.С гийн өмгөөлөгч Н.Гарьдхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Ч.С 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр сум хөгжүүлэх сангаас нэхэмжлэгч Б.Ө , Т.Г нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээнүүдийг барьцаалан 25 000 000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Зээлийн хугацаа нь 3 жил, мөн итгэмжлэлийн хугацаа нь 3 жил байсан. 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зээлээ төлж барагдуулсанаар зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох байсан. Гэвч өнөөдрийг хүртэл манай үйлчлүүлэгч эдийн засгийн шалтгаанаар зээлээ төлж барагдуулаагүй учраас өнөөдрийн шүүх хуралдаан явагдаж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд тухайн зээлийн гэрээний зээлдэгч нь байгаа. Зээлдүүлэгч нь Өмнөговь аймгийн хөгжүүлэх сан буюу Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр үүссэн үүргийн харилцаа байгаа. Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулаад тайлбараа гаргахад миний үйлчлүүлэгчид тухайн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд нь хадгалагддаггүй. Нэхэмжлэлд дурдагдсанаар Даланзадгад сумын Засаг даргад хадгалагдаж байгаа. Ямар шалтгаанаар тухайн гэрчилгээнүүд нь тэнд хадгалагдаад барьцаа хөрөнгөөр авагдсан байна гэхээр Ч.С нь Б.Ө тай найз нөхдийн харилцаатай байсан. Үүн дээр үндэслэгдээд найзаасаа гуйгаад 2016 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр нэхэмжлэгч нараас итгэмжлэл авсаны үндсэн дээр энэ үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалбаргүй барьцааны гэрээгээр зээл авсан. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд гэрчилгээнүүдийг гаргуулах гээд байгаа. Энд барьцаалбарын асуудал яригдахгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж тайлбарлахад манайд гэрчилгээнүүд байхгүй учраас гаргаж өгөх боломжгүй. Гэхдээ миний үйлчлүүлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа талаар хариу тайлбартаа гаргадаг. Нэхэмжлэлд гаргасан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, сум хөгжүүлэх сангийн зээлийг төлж барагдуулна, барьцаанд байгаа гэрчилгээг чөлөөлж өгөх болно гэдгээ удаа дараа шүүхэд хандаж илэрхийлсэн байгаа. Тийм учраас хариуцагч Ч.С гийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Гуравдагч этгээд Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг эрхийн улсын бүртгэлийн Г, Ү дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийг 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээнд 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр эрхийн улсын бүртгэлд бүртгэж мэдээллийн цахим санд орж баталгаажсан байдаг. Нэхэмжлэлийн агуулга нь дээрх гэрчилгээнүүдийг гаргуулах шаардлага байгаа учраас улсын бүртгэлтэй хамааралгүй, тухайн хариуцагч нь төлбөрөө төлсөнөөр нэхэмжлэгч гаргуулж авах үндэслэл болно. Улсын бүртгэлд холбож үзэхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ө , Т.Г нар нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг дарга болон Ч.С нарт холбогдуулж Г-1105003352 улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн зориулалттай 000277272 дугаартай газрын гэрчилгээ, Ү-1105003291 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай 000319105 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахыг шаарджээ.
Хариуцагч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг дарга нь зээлийн гэрээний үүрэг хангагдаж дуусаагүй байх тул барьцаанд тавигдаж, бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг гаргаж өгөх боломжгүй гэсэн тайлбарыг гаргаж, хариуцагч Ч.С нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөр тайлбар гаргадаг.
Хариуцагч Ч.С нь Сум хөгжүүлэх сангаас зээл авахдаа нэхэмжлэгч Б.Ө , Т.Г нарын эзэмшилийн үл хөдлөх хөрөнгүүдийн гэрчилгээг тэднээс итгэмжлэл авсны үндсэн дээр барьцаанд тавих эрхийг олсон боловч эдгээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг барьцаанд тавиагүй байна.
Учир нь зээлдүүлэгч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг дарга болон Сум хөгжүүлэх сан хариуцсан мэргэжилтэн, зээлдэгч Ч.С болон хамтран зээлдэгч Ж.М нарын хооронд байгуулагдсан 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээгээр болон төлөөлүүлэгч Б.Ө , Гоо нараас төлөөлөгч Ч.С д олгосон мөн өдрийн итгэмжлэлээр дээрх үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч нар нь тус үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ”-ний барьцаанд тавьсан гэх тайлбарыг гаргадаг боловч хэрэгт “Барьцааны гэрээ” авагдаагүй байх тул зээлийн барьцаанд тавьсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Тухайлбал, хэрэгт нотлох баримтаар авагдсан Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаанд “Ү-1105003291 дугаартай 70 мк талбай бүхий хувийн сууц, дэлгүүрийн өмчлөгч, эрх бүхий байгууллагаар Барьцаалбаргүй байрьцааны гэрээ-2016.01.15-Сум хөгжүүлэх сан” гэж бичигдсэн хэдий ч шүүх энэ бүртгэлийн үнэн зөв бичигдсэн талаар эргэлзээ төрж, нэхэмжлэгч талын “буруу ташаа бичигдсэн бүртгэл, барьцааны гэрээ байгуулагдаагүй” гэсэн тайлбараар нотлогдож байна.
Иргэний хэргийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно.” гэж заасанчлан Б.Ө , Гоо нарын үл хөдлөх хөрөнгийг бүртгэсэн улсын бүртгэл буруу ташаа бичигдсэн байх боломжтой, үнэн зөв бөгөөд хууль ёсны бүртгэл гэдэгт эргэлзээтэй гэсэн тайлбарыг гуравдагч этгээд Улсын бүртгэлийн хэлтсээс гаргасан ба нэхэмжлэгчид буруу ташаа гэж эсэргүүцэж байна.
Дээрх байдлаас “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ”-ний барьцаанд Б.Ө , Т.Г нарын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг тавьсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх үзсэн болно.
Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн хувьд нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байх тул буруу ташаа эсвэл үнэн зөв бүртгэлийн аль болохыг шүүх шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.
Иймд Иргэний хэргийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.” гэж заасанчлан нэхэмжлэгч Б.Ө , Т.Г нар нь өөрсдийн хөрөнгөө Сум хөгжүүлэх сангаас шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ө , Т.Г нарын эзэмшлийн Г-1105003352 улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн зориулалттай 000277272 дугаартай газрын гэрчилгээ, Ү-1105003291 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай 000319105 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хариуцагч Даланзадгад сумын Засаг дарга, Ч.С нараас гаргуулан нэхэмжлэгч Б.Ө , Т.Г нарт олгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Даланзадгад сумын Засаг дарга, Ч.С нараас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ө , Т.Г нарт олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ