Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/221

 

2023       03        03                                             2023/ШЦТ/221

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Төгс-Оюун,

улсын яллагч Ц.Ганцэцэг ,

шүүгдэгч М.Ц нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ганцэцэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М.Цд холбогдох 2303000470080 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Ц нь 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 10 цаг 50 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Өлзий төвийн уулзварын замд "Daewoo" маркийн .........УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т заасан "Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” мөн дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах" гэх заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч болох насанд хүрээгүй хохирогч Б.Быг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Ц шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: “Нэмж мэдүүлэх зүйлгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээ дэмжиж байна. Хохирол төлбөрөө барагдуулсан” гэв.

Эрүүгийн 2303000470080 дугаартай хэргээс:

Насанд хүрээгүй хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 10 цаг 30 минутын орчим би Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4 дүгээр дэлгүүрийн хажуу талаар явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарах гэж байсан чинь автобус намайг мөргөж осол гаргасан. Ослын дараа жолооч нь автобусаа зогсоогоод би доороос нь гарч ирсэн чинь манай аав ээжийн утасны дугаарыг асуугаад түргэн тусламж дуудаад ГССҮТ-ийн эмнэлэг дээр очоод рентген зураг авахуулаад гэртээ харьсан...би осол гарах үед явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарсан" гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...тэр мөргөсөн жолооч нь 500.000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо цааш эмчилгээний зардалд бас мөнгө зарцуулсан баримтууд байгаа, тэрийг гаргаж өгнө. Мөн ээж Алимаа нь ажлаасаа чөлөө авч охиноо харсан, энэ өдрүүдийн цалинг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

Иргэний хариуцагч /Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-д хуулийн зөвлөх Ц.Баясгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:..Ослын улмаас тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учраагүй...манай жолоочийн гэм буруу нь тогтоогдвол хохирогчид учирсан хохирлыг манай байгууллага Хаан даатгалаар шийдвэрлэдэг” гэх мэдүүлэг /хх-ийн 73 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт Эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Д. Гантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...дээрх гэмт хэргийн улмаас хохирогч А.Булга нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 287.000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.Цэндхүүгээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 74 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 638 дугаартай: ”Б.Бад бүсэлхий нурууны 1,2,3-р нугаламын дарагдсан хугарал, баруун өвдгөнд зулгаралт, баруун мөр, баруун өвдгөнд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн дарах, шахах, үрэх үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг хүндэвтэр тогтоов. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон хугацаанд үүссэн байна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэх дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн .............дугаартай: "Daewoo маркийн BS106 загварын .........УБЧ улсын дугаартай автобус нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна. Уг нийтийн тээврийн автобусны одометр ажиллахгүй, дахометр ажиллахгүй, спидометр ажиллахгүй, улсын дугаарын гэрэл асахгүй ухрах арааны гэрэл асахгүй, урд салхины шил баруун тал нь бага зэрэг цуурсан байна. Уг тээврийн хэрэгслийн 1 дүгээр тэнхлэгийн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангахгүй байгаа нь уг зам тээврийн осолд нөлөөлөх боломжтой, мөн спидометрийн заалт ажиллахгүй байгаа нь уг тээврийн хэрэгслийн хурдыг хянах боломжгүй байдлаар нөлөөлөх боломжтой. Уг тээврийн хэрэгслийн тоормосыг тоног төхөөрөмжөөр болон жолоодлого хийж шалгахад стандартын шаардлага хангахгүй байна" гэх дүгнэлт /хх-ийн 28-36 дугаар хуудас/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Баяраагийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 165 дугаартай "Мөрдөгчийн магадлагаа” /хх-ийн 50 дугаар хуудас/,

102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээллийн бүртгэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 3- 4, 7-9 дүгээр хуудас/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэд зургийн үзүүлэлт /хх-ийн 10 хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 43 дугаар хуудас/,

Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл /хх-ийн 81 дүгээр хуудас/,

Шүүгдэгч М.Цгээс хохирол төлсөн талаархи баримт, прокурорын эд зүйл баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тогтоол /хх-ийн 92-95 дугаар хуудас/,

            Эд зүйл баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тогтоол, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Баас хохиролтой холбоотой гаргаж өгсөн баримтууд /хх-ийн 84,87 дугаар хуудас/,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Бын бичгээр гаргасан: “Эмчилгээний зардал болох 780.000 төгрөгийг авсан болно. Цаашид гарах эмчилгээний зардалаас осол гаргасан жолоочоос Иргэний хэрэг хянан шийдвэрлэх шүүхээр дамжуулан нэхэмжлэх нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг зөвшөөрч байна” гэх хүсэлт /хх-ийн 96 дугаар хуудас/,

            Шүүгдэгч М.Цгийн бичгээр гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 97 дугаар хуудас/,

Шүүгдэгч М.Цгийн Эрүүгийн хариуцлаг хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч М.Ц нь 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 10 цаг 50 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Өлзий төвийн уулзварын замд "Daewoo" маркийн .........УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т заасан "Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” мөн дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах" гэх заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч болох насанд хүрээгүй хохирогч Б.Быг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн.

Шүүгдэгч М.Цд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Ц нь 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 10 цаг 50 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Өлзий төвийн уулзварын замд "Daewoo" маркийн .........УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т заасан "Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” мөн дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах" гэх заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч болох насанд хүрээгүй хохирогч Б.Быг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч М.Цгийн мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаа, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 638 дугаартай дүгнэлт, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн .............дугаартай дүгнэлт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Цгийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч М.Цгийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.Ц нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч  М.Ц нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч М.Ц нь насанд хүрээгүй хохирогч Б.Бад 780.000 төгрөгийг төлсөн болохыг дурдав.

Насанд хүрээгүй хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтыг бүрдүүлэн шүүгдэгч М.Цгээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас М.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч М.Цд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож харин эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтыг бүрдүүлэн шүүгдэгч М.Цгээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хэвээр хадгалахыг тус тус дурьдав.

Шүүгдэгч М.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6дугаар зүйл, 36.7дугаар зүйл, 36.8дугаар зүйл 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цд оногдуулсан 600/зургаан зуу/нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалсугай.

6. Шүүгдэгч М.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ОТГОНЦЭЦЭГ