| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2015/03751/и |
| Дугаар | 1794 |
| Огноо | 2019-06-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 1794
| 2019 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2019/01794 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн 1000-ын цагаан байрны 4-21 тоотод оршин суух, Боржигин тайж Г овогт Д-ын О /РД: ............ /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 41-27 тоотод оршин суух, Д овогт С-ын Ж /РД: ............... /-д холбогдох,
Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагч С.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.О-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие С. 1990 онд гэр бүл болж, 1991 онд хүү Ж. Т, 1993 онд хүү Ж. ., 2003 онд охин Ж. М. нар төрсөн. С.Ж бие махбодийн болон сэтгэл санааны, бэлгийн хүчирхийлэл дарамтаас болж 3 удаа гэрлэлт цуцлуулах өргөдлийг шүүхэд гаргаж, түүний эвлэрэх саналыг хүлээн авч амьдарсан ч цаашид тэвчих аргагүй болж Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд дахин хандаж гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд эд хөрөнгийн хувьд С.Ж өөрөө мэдээд хүүхдүүддээ өгөх юмаа өгөх байх гэж бодоод маргаангүй гэсэн тайлбарыг өгсөн. Гэтэл хариуцагч энэ хугацаанд 3 хүүхдийнхээ хаана амьдарч байгааг асууж мэдэхийг хүсээгүй учраас гэр бүлийн дундын эд хөрөнгөөс 2 том хүү ааваасаа айж ногдох хэсгээ авахгүй гэж байх тул охин бид 2-т ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргалаа.
С.Ж нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 41 дүгээр байрны 27 тоот 2 өрөө орон сууцыг эгчийнхээ хүү А нэр дээр шилжүүлэхдээ 600 гаран мянган төгрөгийн СӨХ-ны төлбөрийг төлөхгүйн тулд А нэр дээр шилжүүлье гэж хүүхдүүд болон намайг хуурч мэхлэн 2010 оны 7 дугаар сард шилжүүлсэн. Энэ байрыг бид анх гэр бүлээрээ хувьчилж авч байсан бөгөөд эгчийнх нь байр гэдэг огт үндэсгүй худлаа. Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Бумбатын ам, 700 м/к талбай бүхий зуслангийн зориулалттай хашаа татсан газар С.Жаргалсайханы нэр дээр байдаг. Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр зам 2 дугаар хэсэг 2 дугаар гудамж, 51Б тоотод байрлах газар, 129.29 мк талбай бүхий гражтай хувийн сууцыг хамаатныхаа нэр дээр 2014 онд шилжүүлсэн. Одоо ч дэлгүүр ажиллуулж байгаа.
С.Ж нь Ланд крузер 105 загварын 97-98 УБЯ улсын дугаартай автомашиныг дүүгээсээ худалдаж авсан бөгөөд одоо болтол бид нараас болоод нэр дээрээ шилжүүлээгүй. Тухайн үед 40 гаран сая төгрөгөөр худалдаж авч байсан бөгөөд хэрэв мөнгийг нь өгч аваагүй бол дүү нь байнга ахдаа машинаа өгч хэрэглүүлээд байх хүн биш. Энэ нь С.Ж машин гэдгийг хүүхдүүд сайн мэднэ. Приус-20 загварын 86-78 УНД улсын дугаартай автомашин С.Ж нэр дээр байдаг. Эдгээр 5 ширхэг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1-д зааснаар гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болохыг тогтоож, ногдох хэсгийг гаргуулж өгнө үү. Дээрх 5 эд хөрөнгө нь шинжээчийн дүгнэлтээр 282,083,000 төгрөгөөр үнэлэгдсэн болно.
Мөн Хаан банкин дахь 5058236783 тоот дансанд 54,869,986.95 төгрөг байсныг 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 52,357,550 төгрөгийг авч 2,512,436.95 төгрөгийн үлдэгдэлтэй, 5029088749 тоот данснаас 2005 онд 30,500,144.20 төгрөг, 5029102062 тоот данснаас 35,515,303.01 төгрөг, 5029412235 тоот данснаас 2008 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 65,880,325 төгрөг, 5450016737 тоот данснаас 2005 онд 10,046,052.21 төгрөг, 5029570347 тоот данснаас 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 14,738,561.59 төгрөг, 5058038339 тоот данснаас 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 19,081,916.42 төгрөг, 5058052025 тоот данснаас 2010 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 11,015,033.24 төгрөг, 5058079422 тоот данснаас 2011 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр ,4,899,898.40 төгрөгүүдийг тус тус гаргаж, 0 төгрөгийн үлдэгдэлтэй, 5077030836 тоот юанийн дансанд нь 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 27,558.62 юань, 5026485988 тоот долларын дансанд 2008 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1201.54 ам.доллар, 5027354953 тоот долларын дансанд 2008 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 8566.83 ам.доллар байсан. Ингээд С.Ж эзэмшдэг төгрөгийн болон валютын дансанд нийт 226,908,709.14 төгрөг байх бөгөөд том 2 хүү маань ааваасаа айгаад ногдох хэсгээ авахгүй гэсэн тул охин Ж.М бид хоёрт ногдох хэсгийг буюу 151,272,472 төгрөгийг хариуцагч С.Ж гаргуулж өгнө үү. Дээрх 5 эд хөрөнгө 282,083,000 төгрөг, дансан дахь мөнгө 226,908,709 төгрөг, нийт 508,991,709 төгрөг болж байгаа бөгөөд охин Ж.М бид 2-т ногдох хэсэг нь 339,327,806 төгрөг болж байх тул хариуцагчаас 339,327,806 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Сонгинохайрхан Жанцангийн буудалд хашаа, түүхий эд авах цэг, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Д-0 дугаар гудамжны 11 тоотод байрлах газраас ногдох хэсгээ гаргуулах шаардлагаасаа 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус тус татгалзсан байгаа гэв.
Хариуцагч С.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийг зарим хэсгийг зөвшөөрөхгүй. Бид Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 21 дүгээр шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Тухайн үед эд хөрөнгө нэхэмжлэхгүй гэж хэлсэн нь шүүхийн шийдвэр дээр байгаа. Надад энэ гэрлэлт цуцалсан асуудал маш хүнд цохилт болсон. Би архинд ордог ч юм бил үү гэж бодож байсан, сайн эцгийнхээс нэрийн бодоод би тэр замыг сонгоогүй. Бид эд хөрөнгийн маргаан байхгүй гээд салсан, одоо надаас юугаа нэхээд байгаа юм. Надад тийм их хадгаламж байхгүй, тэр банкны бичгээр бол би тэрбумтан болсон байна лээ. Олон жилийн өмнө наймаа арилжаа, ченж хийж байхад хэдэн төгрөг байсан нь үнэн. Тэр мөнгө гэр бүл, үр хүүхдэд зарцуулагдаад, сүүлдээ шатаад дууссан. Үүнийг Д.О сайн мэдэж байгаа. Өдий 60 нас шахаж байгаа ч надад гэр бүл, мөнгө төгрөг юу ч алга. Ганцаардаж амьдарна гэдэг хэцүү. Гэрлэлтээ цуцалсны дараа хүүхдүүдээ хаяагүй. Сургууль төгсгөж, ажилд оруулж, боломжоороо дэмжиж явдаг. Намд ажилладаг нэг танилтайгаа ярьж байгаад хүүхдээ төрийн албан хаагч болгоод өглөө. Эцэг хүн хүүхдүүдээ хаяахгүй. Ганц охиндоо чадвал байр авч өгнө. Ногдох хэсэг гаргуулна гээд байгаа хөрөнгө миний хөрөнгө биш, бүгд эзэнтэй, бидэнд хамааралгүй, үүнээс prius-20 маркийн машин минийх. Яриад байгаа дансан дахь мөнгө бол Хятадын мөнгө байсан. Тухайн үед хятадууд надаар хөнгөн цагаан, зэс авахуулахдаа данс руу мөнгө шилжүүлнэ гээд гарт өгдөггүй байсан. Тэр мөнгөөр хаягдал төмөр авч, жаахан ашиг унагаадаг байсан. Д.О хүүхдүүд бүгд энэ ажлыг хийсэн, мэдэж байгаа, түүнээс хадгаламжинд байдаг мөнгө биш, ороод, гараад байсан мөнгө. Өнөөдөр нэг ч төгрөг эдгээр дансанд байхгүй. Гарсан, орсон гүйлгээнээс харагдана. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч С.Ж холбогдуулан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөнөөс гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг тодорхойлж, өөрт болон охин Ж.М ногдох хэсэг буюу 339,327,806 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.О, хариуцагч С.Ж нарын гэрлэлтийг цуцалсан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 21 дугаартай шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна. Нэхэмжлэгч, хариуцагч нар гэрлэлтээ цуцлуулсанаас хойш 4 жил 6 сарын хугацаа өнгөрсөн ба гэрлэлт цуцалсан шийдвэрийн Тогтоох хэсгийн 4 дэх заалтад дундын эд хөрөнгийн талаар маргаангүйг дурдаж шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч дундын өмчлөлийн эд хөрөнгөний асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Иргэний хуулийн 129.1-д Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг дараахь тохиолдолд тодорхойлно:, мөн хуулийн 129.1.1-д гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарахад ногдох хэсгийн талаар маргавал; гэжээ. Нэхэмжлэгч Д.О нь дараахь эд хөрөнгүүдөөс гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг тодорхойлуулж, өөрт болон охин Ж.М ногдох хэсгээ гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Үүнд:
-Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 41 дүгээр байрны 27 тоот 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Бумбатын ам, 700 м/к талбай бүхий зуслангийн зориулалттай хашаа татсан газар, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр зам 2 дугаар хэсэг 2 дугаар гудамж, 51Б тоотод байрлах газар, 129.29 мк талбай бүхий гражтай хувийн сууц, Ланд крузер 105 загварын 97-98 УБЯ улсын дугаартай автомашин, Приус-20 загварын 86-78 УНД улсын дугаартай автомашин, нийт 282,083,000 төгрөгийн үнэ бүхий 5 эд хөрөнгөнөөс өөрт болон охин Ж.м ногдох хэсэгт 188,055,333 төгрөг,
Хаан банкны 5058236783, 5029088749, 5029102062, 5029412235, 5450016737, 5029570347, 5058038339, 5058052025, 5058079422, 5077030836, 5026485988, 5027354953 тоот төгрөгийн болон валютын дансанд байсан нийт 226,908,709.14 төгрөгөөс охин Ж.М болон өөрт ногдох ногдох хэсгийг буюу 151,272,472.76 төгрөг гэжээ.
А/ Үл хөдлөх эд хөрөнгүүдийн талаар:
Баянгол дүүргийн 4 дүгээр хороолол, 18 дугаар хороо, 41 дүгээр байрны 27 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205014758 дугаарт бүртгэлтэй орон сууцыг 1999 онд С.Ж, Д.о Ж.Т, Ж.М нар өмчилж авсан. 2010 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Орон сууцны бэлэглэлийн гэрээгээр Х.А бэлэглэж, өмчлөх эрхээ шилжүүлсэн болох нь бэлэглэлийн гэрээ, Баянгол дүүргийн Бүртгэлийн хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1241 дүгээр албан бичгээр, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр замын 2 дугаар хэсэг, 2 дугаар гудамжны 51-Б тоотод байрлалтай 129.29 метр квадрат талбайтай, гражтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Б.Г болох нь Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 8/1606 дугаартай албан бичгээр тус тус тогтоогдож байна. Дээрх нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгүүд нь бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрх нь бусдад шилжсэн ба гэрээтэй холбоотой сөрөг нэхэмжлэл хариуцагч гаргаагүй болно. Гэр бүлийн гишүүдээс бусад этгээдийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1-д Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг дараахь тохиолдолд тодорхойлно:, мөн хуулийн 129.1.1-д гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарахад ногдох хэсгийн талаар маргавал; гэж зааснаар гэр бүлийн гишүүдэд ногдох тодорхойлж, ногдох хэсгийг гаргуулах боломжгүй байна.
Харин Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Бумбатын ам, 700 м/к талбай бүхий зуслангийн зориулалттай газар нь С.ж өмчлөлд байгаа болох нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 394 дүгээр захирамжаар тогтоогдож байх тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзлээ.
Б/ Хөдлөх эд хөрөнгийн талаар:
Тоёота ланд круйзер 100 /105/ загварын тээврийн хэрэгсэл нь С. О өмчлөлд бүртгэлтэй болох нь Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд гэр бүлийн гишүүдээс бусад этгээдийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1-д Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг дараахь тохиолдолд тодорхойлно:, мөн хуулийн 129.1.1-д гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарахад ногдох хэсгийн талаар маргавал; гэж зааснаар гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг тодорхойлж, ногдох хэсгийг гаргуулах боломжгүй байна.
Харин Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаагаар приус-20 загварын 86-78 УНД улсын дугаартай суудлын автомашин С.Жаргалсайханы нэр дээр бүртгэлтэй болох нь тогтоогдож байх тул гэр бүлийн гишүүдийн дундаа өмчлөх хөрөнгө байна гэж дүгнэлээ.
В/ Төгрөгийн болох валютын дансан дахь мөнгөн хөрөнгөнөөс гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг гэж тодорхойлж, ногдох хэсгээ гаргуулах шаардлагын талаар:
Нэхэмжлэгч Д.О нь гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд хариуцагч С.Ж Хаан банкин дахь 5058236783, 5029088749, 5029102062, 5029412235, 5450016737, 5029570347, 5058038339, 5058052025, 5058079422, 5077030836, 5026485988, 5027354953 тоот төгрөгийн болон валютын дансанд байсан мөнгөн хөрөнгөнөөс ногдох хэсгийг шаардах эрхтэй. Хариуцагч С.Ж дээрх дансуудын эзэмшигч болох нь Хаан банк ХХК-ийн тодорхойлолтоор тогтоогдсон.
Гэвч шүүх хуралдаан дээр зохигчид энэ мөнгө Хятад иргэдийн мөнгө байсан, гэр бүлээрээ зэс, хөнгөн цагаан авч, борлуулж ажилладаг байсан. Д.О энэ ажлыг хамт хийсэн. Дээрх мөнгө хүүхдүүдийн сургалтын төлбөр, амьдрал ахуйд зарцуулагдаад дууссан гэх тайлбарыг нэхэмжлэгч няцаагаагүй, шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэхэд дээрх дансууд нь 0 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдсон тул дээрх дансуудад байсан мөнгөн хөрөнгөнөөс гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг тодорхойлох боломжгүй байна.
Иймд дээрх үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, мөнгөн хөрөнгөнөөс Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Бумбатын ам, 700 м/к талбай бүхий зуслангийн зориулалттай газар, приус-20 загварын 86-78 УНД улсын дугаартай суудлын автомашиныг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж шүүх дүгнэж, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн., мөн хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний буюу гэр бүлийн насанд хүрсэн бусад гишүүний шаардлагаар гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэлт цуцалсны дараа, эсхүл гэр бүлийн гишүүн хэн нэгний нь хуваарьт эд хөрөнгө төлбөр гаргуулахад хүрэлцэхгүй бол нэхэмжлэгчийн шаардлагаар хувааж болно гэж заасны дагуу гэр бүлийн гишүүдэд хувь тэнцүүлэн олгох нь зүйтэй байна. Харин хүү Ж.Т Ж.М нар өмч хөрөнгийн маргаанаас өөрт ногдох хувь хэсгээс авахгүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан болно.
Итгэлт эстимэйт ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 28/18 дугаартай Хөрөнгийн үнэлгээгээр приус загварын авто машин 9,101,000 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Бумбатын ам, 700 м/к талбай бүхий зуслангийн зориулалттай газар 5,462,000 төгрөгөөр үнэлэгдэж, талууд үнэлгээн дээр маргаагүй тул 9,101,000+5,462,000=14,563,000, 14,563,000:5=2,912,600 төгрөг /нэг хүнд ногдох хэсэг/, 2,912,600х2=5,398,840 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгч Д.О /Ж.М/ олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 333,928,966 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Охин Ж.М 2003 оны 5 дугаар сарын 16-ны өдөр төрж, 16 настай буюу Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байна гэж зааснаар эх Д.О асрамжид байх тул нэхэмжлэгч асран хамгаалагчийн хувьд ногдох хэсгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Мөн нэхэмжлэгч Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Д-О дугаар гудамжны 11 тоотын Д.А өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний газар, Сонгинорхайрхан дүүргийн Жанцангийн буудал дахь дэлгүүрийн зориулалттай хашаа байшингаас ногдох хэсгийг гаргуулах шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,114,312 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 11704 дугаартай шүүгчийн захирамжаар хойшлуулсан улсын тэмдэгтийн хураамж 1,457,950 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас 5,398,840 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 101,331 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.О-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д овогт С. Ж 5,398,840 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Боржигин тайж гарав овогт Д. О, Д овогт Ж.М нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 333,928,966 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Д.О Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Д-О дугаар гудамжны 11 тоотын Д.А-ийн өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний газар, Сонгинорхайрхан дүүргийн Жанцангийн буудал дахь дэлгүүрийн зориулалттай хашаа байшингаас ногдох хэсгийг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,114,312 төгрөгийг улсын орлогод үлдээж, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 11704 дугаартай шүүгчийн захирамжаар хойшлуулсан улсын тэмдэгтийн хураамж 1,457,950 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 101,331 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.О-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР