Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/224

 

 

 

 

2023          03         17                                         2023/ШЦТ/224

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Төгс-Оюун,

улсын яллагч Г.Түвшинбаяр,

шүүгдэгч Л.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Түвшинбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Л.Өт холбогдох эрүүгийн 2309003240156 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Ө нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 24-ээс 25-нд шилжих шөнө 03 цагийн орчим ".............." ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо "Чонон бөртэ" төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг "..............." нэртэй рестораны үүдний хэсэгт зассан байсан гацуур модыг хугалж, аукс холболтын утсыг тастаж устгасны улмаас бусдад нийт 402.500 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Ө шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруу дээр маргахгүй байна. Хохирол төлбөрийг төлсөн” гэв.

Эрүүгийн 2309003240156 дугаартай хэргээс:

Хохирогч Ц.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2022 оны 12 дугаар сарын 24-ээс 25-нд шилжих шөнө 03 цаг 25 минутын орчим гэртээ байхад манай бармен Л над руу залгаад согтуу хүн ирээд агсан тавиад байна гэж хэлсэн. Камерын бичлэг дээрээс харахад ганцаараа байсан. Тухайн үед тэр хүн гаднаас шууд орж ирээд ширээ хөмрөөд агсарсан. Манай рестораны аукс утас тасалсан, шинэ жилийн гацуур модыг хугалж тахийлгасан, гацуур модны суурь гэрлийг нь хагалсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 xуудас/

Гэрч А.Лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 12 дугаар сарын 25-ны шөнийн 02 цаг 30 минутын орчим ажлаа хийж байхад коридор хэсэгт юм дуугарах чимээ гарсан. Гайхаад очсон чинь нэг ах ширээн дээр байгаа юмнуудыг авч шидээд ширээг хомроод унагаасан байсан. Тэгээд тэр ах “охиноо авмаар байна, миний нялх охиныг бүжиглүүлдэг та нар хэн бэ?" гэсэн. Та газраа андуураад байна гэхэд ална гээд гараа атгаал цохих гээд байсан. Тэгээд гарах гэж байтал үүд хэсэгт нэг үйлчлүүлэгчтэй муудалцахаар нь салгах гээд очтол тэр ах миний хөл рүү 4-5 удаа өшиглөсөн, толгойруу 1 удаа цохисон" гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 xуудас/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээ, зуучлалын компанийн 23-152 дугаартай "...гацуур мод 380.000 төгрөг, aux холболт 22.500 төгрөг нийт үнэлгээ 402,500 төгрөг” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 22-23 xуудас/,

Гацуур мод, аукс холболтыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 26-27дугаар xуудас/,

2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр "Гацуур мод"-ыг худалдан авч байсан зарлагын баримт /хх-ийн 28 дугаар xуудас/,

2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тус дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрх бүхий албан тушаалтны “Согтуурсан хүнийг саатуулах тогтоол” /хх-ийн 31 дүгээр xуудас/,

“..............” ХХК-ийн захирал Г.Гийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн 05 дугаартай "Итгэмжлэл" /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Л.Өийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-46 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Дийн бичгээр гаргасан “...Өлзийхутагаас хохирлын мөнгө болох 402.500 төгрөгийг авсан нь үнэн.  Гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 64 дүгээр хуудас/

Шүүгдэгч Л.Өийн бичгээр гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 65 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинэчлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Ө нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 24-ээс 25-нд шилжих шөнө 03 цагийн орчим ".............." ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо "Чонон бөртэ" төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг "..............." нэртэй рестораны үүдний хэсэгт зассан байсан гацуур модыг хугалж, аукс холболтын утсыг тастаж устгасны улмаас бусдад нийт 402.500 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн.

Эрүүгийн хуулийн тусгай 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Ө нь бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийг  үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч Л.Ө нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирлыг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлууд хууль зөрчөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Л.Өт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаар:

Л.Ө нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 24-ээс 25-нд шилжих шөнө 03 цагийн орчим ".............." ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо "Чонон бөртэ" төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг "..............." нэртэй рестораны үүдний хэсэгт зассан байсан гацуур модыг хугалж, аих холболтын утсыг тастаж устгасны улмаас бусдад нийт 402.500 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Ц.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Л.Өийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Өийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч Ц.Дийн эд хөрөнгөд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Л.Өийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

Шүүгдэгч Л.Ө нь бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Л.Өийн бусдын эд хөрөнгийг гэмтээсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас хохирол учруулсан нь гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч Ц.Дид гэмт хэргийн улмаас 402.500 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Л.Ө төлсөн байх тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас Л.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Л.Өийг бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Өт ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.Өт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял шийтгэж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхөөр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Л.Өийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Өийг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 / таван зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Өт оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 / таван зуун тавин мянган/  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Л.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

            7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            Б.ОТГОНЦЭЦЭГ