| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2019/01437/И |
| Дугаар | 1850 |
| Огноо | 2019-06-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 1850
2019 оны 06 сарын 19 өдөр Дугаар 102/ШШ2019/01850 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, 0000000 байрлах С.ХХК /РД: …........../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, 00000000 хаягт байрлах Ж. ХХК, /РД: ............/-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 14,557,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани нь 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр бараа, материал худалдах-худалдан авах гэрээ байгуулж Ж. ХХК-д цахилгааны бараа материал худалдсан. Төлбөр төлөх хугацаа нь 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр дуусахаар тохиролцсон боловч гэрээнд заасан хугацаанд барагдуулаагүй болно. Ж.ХХК-ийн захирал Ц.М нь манай компани дээр ирж уулзан 2,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 10,587,500 төгрөгийг 2019 оны 2 дугаар сарын 5-ны дотор төлөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Иймд хариуцагч Ж. ХХК-иас үндсэн төлбөр 10,587,500 төгрөг, алдангид 3,970,350 төгрөг, нийт 14,557,850 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ж. ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Манай компани .......... дүүргийн нутаг ............. баригдаж буй ажилчдын орон сууцны барилгын ажилд зориулан С. ХХК-иас худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 15,534,000 төгрөгийн үнэ бүхий бараа материал авахаар тохиролцож, 8,000,000 төгрөгийн урьдчилгаа төлж бараа авсан. Үүнээс хойш бараа материал нэмж авч тооцоо хийж явсаар эцсийн байдлаар 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 10,587,500 төгрөгийн үлдэгдэл дээр тооцоо нийлсэн акт үйлдсэн. Энэ төлбөрийг орон сууцны борлуулалт орлого орж ирэхээр 2019 оны 2 дугаар сарын 5-ны төлөхөөр тохиролцсон. Бид уг барилгад 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр улсын комисс ажиллуулсан боловч тодорхой шалтгаанаар хойшлоод байна. Иймд бид үндсэн төлбөр 10,587,500 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр төлөхөөр бэлтгэж байна. Иймд дээрх барилгын салбарын хүндрэлтэй байдлыг харгалзан үзэж алдангийн 3,3970,350 төгрөг хасч шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.ХХК нь хариуцагч Ж. ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 14,587,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба хариуцагч Ж.ХХК нь ... бид дээрх бараа материалыг авсан, үлдэгдэл 10,587,500 төгрөгийг төлнө, барилгын салбарын хүндрэлтэй байдлыг харгалзан алдангийн 3,3970,350 төгрөгийг хасч өгнө үү гэж маргажээ.
Нэхэмжлэгч С. ХХК, хариуцагч Ж. ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 10/03 тоот худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 15,534,000 төгрөгийн үнэ бүхий цахилгааны утас, разетка худалдах, худалдан авахаар талууд тохиролцож, зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ. гэж заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Зохигчид нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж цахилгааны барааг нийлүүлсэнд болон гэрээний үлдэгдэл нь 10,587,500 төгрөг болох тал дээр маргахгүй байна. Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 7.1-д Талууд гэрээгээр хүлээсэн графикт хугацаанд төлбөрөө төлөөгүй, бараа бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь нийлүүлээгүй тохиолдолд хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0,5 хувийн торгууль төлнө. гэжээ. Хэдийгээр гэрээний дээрх заалтад торгууль төлнө гэх боловч тухайн заалтын агуулгаас харвал талууд гэрээний хариуцлагыг алданги төлөхөөр тохиролцжээ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж тус тус зааснаар хариуцагч Ж. ХХК нь алданги төлөх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч Ж. ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 14,557,850 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С. ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Харин хариуцагч Ж. ХХК-ийн ... барилгын салбарын хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан алдангийг хасч өгнө үү гэх тайлбар нь хариуцагчийг хууль болон гэрээгээр хүлээсэн алданги төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан хариуцагч хариуцагч Ж.ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 14,557,850 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С. ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 230,800 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР