Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2025/0215

 

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2025/0215

Улаанбаатар хот

 

 

 

“Ч***” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн,

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.С***,

Хэргийн оролцогчид

Нэхэмжлэгч “Ч***” ХХК,

Хариуцагч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг дарга,

   Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Захирамж хүчингүй болгох тухай А/235 тоот захирамжийг хүчингүй болгуулах, мөн Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/188 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн “эзэмшүүлсүгэй” гэснийг “ашиглуулсугай” гэж өөрчлөхийг даалгах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 122/ШШ2025/0003 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч "Ч***" ХХК-ийн захирал Д.Б***,

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.С***,

хариуцагчийн өмгөөлөгч Ч.Э***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д***

Хэргийн индекс: 122/2024/0018/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ч***” ХХК-иас анх шүүхэд хандан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Захирамж хүчингүй болгох тухай А/235 тоот захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2023 оны А/188 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн “эзэмшүүлсүгэй” гэснийг “ашиглуулсугай” гэж өөрчлөн хүчин төгөлдөр болгож батламжлахыг даалгах” хэмээн нэмэгдүүлэн тодорхойлж маргасан.

2. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 119/ШШ2025/0003 дугаар шийдвэрээр “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ч*** ХХК-иас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Захирамж хүчингүй болгох тухай А/235 тоот захирамжийг хүчингүй болгуулах, мөн сумын Засаг даргын газар олгосон А/188 дугаартай захирамжийн 1 дэх хэсгийн эзэмшүүлсүгэй гэснийг ашиглуулсугай гэж өөрчлөн хүчин төгөлдөр болгож батламжлахыг Эрдэнэцагаан сумын Засаг даргад даалгах, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, хуулийн этгээдэд олгож эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсэн уг газрыг манайд ашиглуулах хууль зүйн үндэслэлтэй гэдгийг шүүхийн шийдвэрт тусгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах агуулга бүхий гомдол гаргасан. Үүнд:

...Манайх нэхэмжлэлийн шаардлагадаа Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/188 дугаартай захирамжтай холбогдуулж нэхэмжлэл гаргаагүй, уг захирамжийг хууль ёсны захиргааны акт гэж үзсэн учир тухай захирамжтай холбоотой нотлох баримт бүрдүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм. Хэрэв захиргааны хэргийн шүүх Засаг даргын газар олгосон захирамжийг үндэслэлгүй гэж үзсэн бол анх газар олгох захирамж гаргахдаа Эрдэнэцагаан сумын Засаг дарга ямар баримт, нотолгоог үндэслэн газар олгосон, газар олгох шийдвэр гаргахдаа “Ч***” ХХК-ийн хүсэлт болон түүнд хавсаргасан ямар, ямар баримтуудыг үндэслэн газар олгосон болохыг тус сумын Засаг даргын Тамгын газраас шаардаж, холбогдох нотлох баримтыг шүүх өөрөө бүрдүүлэх боломжтой байхад тухайн ажиллагааг хийлгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр өрөөсгөл болох нэг үндэслэл болсон гэж үзэж байна.

“Ч***” ХХК-д газрын гэрчилгээ олгоогүй, газар эзэмших, ашиглах гэрээ байгуулаагүй нь нэхэмжлэгчээс шалтгаалаагүй бөгөөд энэ асуудлаар тодруулахад Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 1/1683 дугаартай болон 8 дугаар сарын 23-ны өдрийн 1/1738 дугаартай албан бичгүүдийг үзүүлж “...шинээр газар олгох, газартай холбоотой гэрээ хийх, гэрчилгээ олгох, бүртгэл хийх үйл ажиллагааг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр түр зогсоосон” гэж Газрын алба болон сумын Засаг даргын Тамгын газар өөрсдийн чиг үүрэгт хамаарах үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн газрын гэрээ хийгээгүй, газар ашиглах гэрчилгээ аваагүй гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

Дээрх захирамжууд гарах үед нэхэмжлэгч хуулийн этгээд нь “гадаадын хөрөнгө оруулалттай компани” байсан бөгөөд 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Монгол Улсын иргэний хувийн компани болж, газар эзэмших эрхтэй хуулийн этгээд болсон. Энэ тохиолдолд “Ч***” ХХК-д шинээр үүссэн эрх зүйн байдалд үндэслэн газар эзэмших эрх үүссэн гэж үзэж шүүх шийдвэрлэх боломжтой байсан.

Шүүхийн шийдвэрт хариуцагчийг Газрын тухай хуулийн холбогдох заалтыг илт зөрчиж, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь хууль бус хэмээн дүгнэсэн бөгөөд нэхэмжлэгч анх гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд байхдаа газар эзэмших эрхтэй болж, улмаар хуулийн этгээдийн өмчлөгч өөрчлөгдөж, дотоодын эзэмшил бүхий компани болсон байхад шүүх энэхүү нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан. Иймд энэхүү нөхцөл байдлыг тогтоох баримтыг цуглуулж, улсын бүртгэгчийг гэрчээр асуух зэрэг ажиллагааг шүүх хийх шаардлагатай байсан.

Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хариуцагч Засаг дарга Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагааг хийгээгүй, оролцоог хангаагүй, нэхэмжлэгчийн зүгээс тайлбар, санал гаргах боломж олгоогүй, шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн байхад анхан шатны шүүх дээрх зөрчлийг тодорхойлсон боловч нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

...Эдгээр нотлох баримтуудыг Захиргааны хэргийн анхан шатны шүүх нотлох баримт цуглуулах бүрэн эрхийнхээ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Эрдэнэцагаан сумын Засаг даргын Тамгын газраас дээрх баримтуудыг шаардан авч, нотлох баримт болгон бэхжүүлэх шаардлагатай байх тул хэргийг анхан шатны шүүхэд буцаах хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

 Иймд Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 119/ШШ2025/0003 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулалгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлд дараах зүйлийг тусгана”, 52.2.4-т “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”, 52.5.1-д “захиргааны ... эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” хэмээн тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

4. Тухайн тохиолдолд, нэхэмжлэгчээс анх Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Захирамж хүчингүй болгох тухай А/235 тоот захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2023 оны А/188 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн “эзэмшүүлсүгэй” гэснийг “ашиглуулсугай” гэж өөрчлөн хүчин төгөлдөр болгож батламжлахыг даалгах” хэмээн тодорхойлон маргасан.

Үүнтэй холбогдуулан анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ тодорхойлсон “даалгах” нэхэмжлэлийн шаардлагын хувьд хуульд заасан урьдач нөхцөл болох хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус “эс үйлдэхүй, татгалзсан шийдвэр” нь юу болох,

урьд нь гадаадын хөрөнгө оруулалттай байсан аж ахуй нэгжийн хөрөнгө оруулагчийн бүтцэд өөрчлөлт орсон үйл баримттай холбогдуулан маргаан бүхий сумын Засаг даргын захирамжид “эзэмшүүлсүгэй” гэснийг “ашиглуулсугай” гэж өөрчлөлт оруулахаар нэхэмжлэлийн шаардлага гарган маргаснаар ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэх зэрэг асуудлыг бүрэн гүйцэд тодруулаагүй.

Шүүхийн шийдвэрийн “ТОГТООХ” хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, хуулийн этгээдэд олгож эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсэн уг газрыг манайд ашиглуулах хууль зүйн үндэслэлтэй гэдгийг шүүхийн шийдвэрт тусгуулах” гэх  тухай” хэмээн тодорхойлсон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн аль төрөлд хамаарах шаардлагыг шүүх шийдвэрлэсэн болох нь ойлгомжгүй.

5. Мөн нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ “...газрын цуцлах болсон үндэслэл нь “цахим системээр шийдвэрлэгдээгүй тул” хэмээн цуцалсан боловч энэ нь Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхийг цуцлах үндэслэлд хамаарахгүй”, “...Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй, оролцоог хангаагүй”, “...захиргааны байгууллагаас газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй, гэрчилгээ олгоогүй” гэх агуулгаар маргаж байхад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах үйл баримтыг тодруулалгүй, холбогдох нотлох баримтыг цуглуулаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дүгнэлт хийгээгүй. Маргаан бүхий захиргааны актыг гаргах хүрээнд хариуцагчаас сонсох ажиллагааг хэрхэн, ямар журмаар явуулсан болох, талуудын тайлбарт дурдагдаж буй Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн мэдэгдэл гэж юу болох зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой байж болзошгүй үйл баримтыг бүрэн гүйцэд тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасантай нийцэхгүй бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

6. Иймд анхан шатны шүүхийн дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх, маргааны үйл баримт, шийдвэрт хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 122/ШШ2025/0003 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

     

                             ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БААТАРХҮҮ

 

                             ШҮҮГЧ                                                Г.МӨНХТУЛГА