Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2021/0822

 

 

 

 

 

 

 

128/ШШ2021/0822

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т СӨХ

Хариуцагч: Хот байгуулалт, хөгжлийн газар

Гуравдагч этгээд : Б.Б 

Гуравдагч этгээд: А ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: ... 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , гуравдагч этгээд А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, гэрч Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... Манай Т сууц өмчлөгчдийн холбоо нь Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, Автозамчдын гудамжинд байрлах *** байрны дундын эзэмшлийн эд хөрөнгийн хэвийн байдлыг хангаж, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалдаг холбоо юм. СӨХ-ийн эзэмшлийн газартай зэрэгцээ орших Ойн 3 дугаар гудамжны *** тоот *** нэгж талбарын дугаартай газрыг Нийслэлийн Засаг даргын 2005 оны 155 дугаар захирамжаар иргэн Л.Г өмчлүүлж одоо газрын кадастрын мэдээллийн санд иргэн Г.Эий нэр дээр бүртгэлтэй байдаг. Иргэн Г.Э нь өөрийн өмчлөлийн газар дээрээ 12 давхар орон сууц барихаар 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр *** дугаартай архитектур

төлөвлөлтийн даалгавар авсан. Ийнхүү архитектур төлөвлөлтийн даалгавар авах болон эскиз зургаа төрийн захиргааны эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудаар батлуулах үед түүний барилга барих газрын эргэн тойронд манай СӨХ-д харьяалагдах орон сууцны барилга төлөвлөгдөөгүй, баригдаагүй байсан. Өөрөөр хэлбэл Г.Э орон сууцны 12 давхар барилга баригдсанаар зэрэгцэн орших иргэдийн эрхэд сөрөг нөлөө үзүүлэх хүчин зүйлүүд байгаагүй юм.

Харин 2017 оноос хойш манай орон сууцны барилга баригдан ашиглалтад

орж, улмаар газар өмчлөгч иргэн Г.Э нь өөрийн өмчлөлийн газар дээрээ олон айлын орон сууцны өндөр барилга барих нь тухайн газартай зэрэгцээ амьдарч буй иргэдийн эрхэд халдсан, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд ноцтой нөлөөлөл үзүүлэхээр болсон. Учир нь Г.Э өөрийн өмчлөлийн газар дээр 12 давхар орон сууцны барилга барьснаар зэрэгцээ орших орон сууцны барилгуудын нар харах боломж хаагдах ба нэгж талбарт байрлах орон сууцны болон амьдрах иргэдийн тооны нягтрал хэт ихсэж, улмаар явган хүний болон автомашины хөдөлгөөнд саад учирч, гамшиг тохиолдсон үед яаралтай эрүүл мэндийн болон онцгой байдлын тусламж авах боломж хязгаарлагдаж байгаа юм.

Барилга байгууламж барихаар архитектур төлөвлөлтийн даалгавар олгохдоо хүн амын амьдрах таатай орчинг бүрдүүлэхэд чиглэгдсэн, инженер шугам сүлжээ, дэд бүтэц, экологийн болон эрүүл ахуйн таатай нөхцөлийг хангасан байх шаардлагад нийцүүлдэг. Иргэн Г.Э нь өөрийн өмчлөлийн газар дээрээ 12 давхар барилга барих архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу орон сууцны барилга барих нь тухайн газартай орших оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчих үр дагаварт хүргэж байна.

Захиргааны байгууллага нь гаргасан акт, шийдвэрээ цуцлах бүрэн эрх хэмжээтэй тул тус архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулахаар бид 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Хот байгуулалт хөгжлийн газарт гомдол гаргасан. Тус гомдлын хариу Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 05 сарын 07-ны өдрийн *** дугаартай албан бичгээр ирсэн боловч гомдолд дурдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар огт дурдаагүй байсан. Иймээс бид 2020 оны 05 сарын 12-ны өдөр Хот байгуулалт, хөгжлийн газарт дахин гомдол гаргасан.

Уг гомдлын хариу 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр *** дугаар албан бичгээр ...Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох асуудлыг эрх бүхий дээд байгууллага шийдвэрлэдэг гэх хариу ирүүлсэн.Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т Аймаг, нийслэлийн Засаг дарга нь барилгын талаар барилга байгууламжийн байршил тогтоох, газарт олголт, загвар зураг батлах болон техникийн нөхцөл олгох үйл ажиллагааг зохион байгуулж, нэгдсэн бүртгэл хөтлөх, хадгалах, мэдээлэл түүний аюулгүй зохион байгуулж, нэгдсэн бүртгэл хөтлөх, хадгалах, мэдээлэл түүний аюулгүй байдлыг хангах, ... хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлнэ хэмээн заасан байдаг.

Мөн барилгын зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийн 3.2, 3.3-т Аймаг нийслэлийн засаг дарга нь захиалагчийн хүсэлт, газар өмчлөх, эзэмших, ашиглах шийдвэрт үндэслэн хот, тосгодын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, инженерийн хангамжийн боломж, эрүүл ахуй, галын аюулгүйн нөхцөл, шаардлагад нийцүүлэн тухайн барайлга, байгууламжийн байршлыг тогтоож байршуулах ба уг шийдвэрийг гаргахад аймаг нийслэлийн барилга, хот байгуулалт, газрын харилцааны асуудал хариуцсан нэгж нь архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулна хэмээн заажээ.

Хот байгуулалт хөгжлийн газрын дүрмийн 1.1-т Хот байгуулалт, хөгжлийн газар нь нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг юм мөн 2.9.1-т Газрын дарга нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өмнө ажлаа хариуцаж тайлагнана хэмээн тус тус заасан тул бид 2020 оны 06 сарын 22-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.А*******д хандан *** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар хүчингүй болгуулах тухай гомдол гаргасан.

Тус гомдлын хариу Хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 10 сарын 21-ны өдрийн *** тоот албан бичгээр ирсэн. Бид энэхүү хариуг эс зөвшөөрч хуульд заасан хугацааны дотор буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасны дагуу 2020 оны 11 сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Газар барилгажилтын Мэргэжлийн Зөвлөл 2019 оны 03 сарын 15-ны өдрийн 05 дугаар хурлаар Г.Э  12 давхар барилгын загвар зургийг сунгах боломжгүй хэмээн шийдвэрлэсэн ч 12 давхар барилга барих эрх олгосон 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар өнөөг хүртэл хүчин төгөлдөр байна. Иймд иргэн Г.Э  нь архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу 12 давхар барилгын загвар зургийг хэдийд ч дахин хэлэлцүүлэх боломжтой.

Иргэн Г.Э нь өөрийн өмчлөлийн газар дээрээ 12 давхар орон сууцны барилга баривал тухайн газартай зэрэгцээ орших оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчих үр дагаварт хүргэх юм.

Иймд, иргэн Г.Э олгосон 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т СӨХ-ийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо иргэн Г.Э олгосон 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Иргэн Г.Э Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо ойн 3 дугаар гудамжинд *** тоот 0.04 га газрыг өмчлөх эрхээр олгосон.

Уг газар дээрээ орон сууцны барилга барих зорилгоор тус газарт 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр барилга барих хүсэлтийг ирүүлсэн. Хүсэлтийг судлан үзэж 2013 оны 02 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаартай 15х18.5м2 12 давхар конторын зориулалттай барилгын Архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосон.

Архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дэх хэсэг буюу онцгой нөхцөлд Орчны барилга байгууламж, зам талбай зэргийн хийц бүтээцэд сөрөг нөлөөгүй шийдлээр төлөвлөх, хэвийн аюулгүй байдлыг хангах, орчны газар эзэмшигч оршин суугчидтай зөвшилцөн санал хүсэлтийг тусгах, зөвшилцөөгүй тохиолдолд тус даалгавар болон загвар зургийг хүчингүй болгох үндэслэл болно гэдгийг анхааруулсан.

Улмаар загвар зургийг Э ХХК -аар гүйцэтгүүлэн ирүүлж 2013 онд батлуулсан байна.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам-ын 3.13-д газрын эрх цуцлагдсан, хугацаа сунгагдаагүй тохиолдолд барилгын эх загвар зураг хүчингүй болно заасан хэрэв иргэн Г.Э  газар эзэмших эрх цуцлагдсан тохиолдсон архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг хүчингүй болгох болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Гуравдагч этгээд Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Т СӨХ-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад даархь тайлбарыг гаргаж байна.

Миний бие Б.Б нь нэхэмжлэлд дурдсан Сүхбаатар дүүргийн 1-р хороо Ойн 3-р гудамжны *** тоотын өмчлөлийн газрыг Г.Э 2014 онд худалдаж аваад 2019 онд Иргэн Г дахин худалдан төлбөр тооцоо дууссан. Одоо энэ өмчлөлийн газрыг өмчлөгч эзэн нь А.Г гэдэг хүн байгаа болно. Энэ газар Б.Б******* надад ямар нэгэн хамааралгүй.

Нэхэмжлэлд дурдсан Сүхбаатар дүүргийн 1-р хороо Ойн 3-р гудамжны *** тоотын өмчлөлийн газрыг Г.Э  2014 онд худалдаж аваад 2019 онд иргэн А.Г  А ХХК-д дахин худалдан төлбөр тооцоо дууссан тул одоо энэ өмчлөлийн газрыг өмчлөгч эзэн нь А******* ХХК байгаа болно.

А.Г нь дээрхи газрын өмчлөлийн гэрчилгээгээ өөрийн А  ХХК-д нэр дээр шилжүүлж аваагүй боловч уг газартай холбоотой бүх бичиг баримт, газартай холбоотой эрх, үүрэг нь энэ хүнд шилжсэн.

Ийм учраас миний бие Б.Б  нь уг газрыг худалдан төлбөр тооцоогоо бүрэн авч дууссан тул одоо энэ газар надад ямар ч хамааралгүй болсон. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ бичиг баримт нь чиний нэр дээр байна гэдгээр асуудалд хандаж А  ХХК буюу А.Г  эрхийг зөрчиж болохгүй гэж үзэж байна. Төлбөр тооцоо бүрэн аваад дууссан тул энэ газрын асуудлаар ямар нэгэн эрх эдэлж, үүрэг хүлээхгүй.

Нэгэнт төлбөр тооцоо дууссан тул худалдан авсан газар нь нэр дээрээ болгох асуудлаа өөрөө зохицуулахаар тохиролцсон байсан болно.

Ийм учраас иргэн А ХХК-ийн захирал А.Г шүүхээс албан ёсоор дуудан тайлбар авсны үндсэн дээр хэргийг шийдэх нь шударга ёсонд нийцнэ гэж бодож байна. Бичиг баримтаа өөрийн нэр дээрээ болгож чадаагүйгээс болж энэ хүн хохирч болохгүй билээ.

Иймд А******* ХХК-ийн захирал А.Г  гуравдагч этгээдээр татан тайлбар авч хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна.

Дээрхи газартай холбоотой асуудал нь надад хамааралгүй болсон тул шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр оролцохгүй гэжээ.

Гуравдагч этгээд А ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Б.Б  нь А ХХК-д өөрийн өмчлөлийн 12 давхар барилга барих зөвшөөрөлтэй Сүхбаатар дүүргийн 1-р хороо Ойн 3-р гудамжны *** тоот газрын 500,000,000 төгрөгийг бетон зуурмагаар худалдах тухай санал гаргасан, Б.Б нь уг газрыг 12 давхар барилга барих зөвшөөрөлтэй, барилга барихад ямар нэгэн эд хөрөнгийн болон эрхийн доголдолгүй шууд 12 давхар барилга барих боломжтой гэсэн тул манай компанийн зүгээс түүний саналыг хүлээн зөвшөөрсөн.

Ингээд талууд харилцан тохиролцсоны дагуу 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Бетон зуурмаг нийлүүлэх гэрээг байгуулж нийт 700,000,000 үнэ бетон зуурмагийн 200,000,000 төгрөгийг бэлнээр, 500,000,000 төгрөгт 12 давхар барилга барих зөвшөөрөлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Ойн 3-р гудамжны *** тоот газрыг тооцуулж өгөхөөр харилцан тохиролцсон. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 700,000,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг Б.Б хүлээлгэн өгч өнөөдрийн байдлаар 12 давхар барилга барих зөвшөөрөлтэй газрыг шилжүүлэх ажил үлдээд байсан болно. Манай компанийн зүгээс уг газрыг 12 давхар барилга барих зөвшөөрөлтэй, шууд барилга барихад ямар нэгэн эрхийн доголдолгүй гэж итгэн газрыг барилга барих зөвшөөрөлтэй нь хамт өндөр үнээр худалдаж авсан болно.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд маргаан бүхий уг газрын архитектур төлөвлөлтийн даалгавар 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан бөгөөд нэхэмжлэгчийн ашиглалт хамгаалалтыг хариуцаж буй гэх *** байр буюу иргэн Г.Ж*******ийн орон сууцны барилгатай уялдуулан олгосон байх бөгөөд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөөгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Т СӨХ-нь ...2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ... 12 давхар орон сууцны барилга барьснаар зэрэгцээ орших орон сууцны барилгуудын нар харах боломж хаагдах ба нэгж талбарт байрлах орон сууцны болон амьдрах иргэдийн тооны нягтрал хэт ихсэж, улмаар явган хүний болон автомашины хөдөлгөөнд саад учирч, гамшиг тохиолдсон үед яаралтай эрүүл мэндийн болон онцгой байдлын тусламж авах боломж хязгаарлагдаж байгаа юм. гэж тайлбарлан маргаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд маргаан бүхий архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу барилга баригдсанаар нэхэмжлэгчийн буюу *** байрны оршин суугчдын орон сууцны нарны тусгалыг хаах, халхлах, орц гарц хаагдсаны улмаас эмнэлгийн түргэн тусламжийн машин болон гал командын машин очих боломжгүй болох зэрэг нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу барилга баригдсанаар оршин суугчдын нарны тусгалыг хаах, эмнэлгийн түргэн тусламжийн машин болон гал командын машин очих орц, гарц хаагдах зэрэг асуудлуудад хамаарах холбогдох хууль, норм, дүрэм зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна.

Учир нь гуравдагч этгээдийн барихаар төлөвлөсөн барилга нь *** байрны ертөнцийн зүгээр хойд талд байрлах ба *** байр нь ертөнцийн зүгээр хойд талдаа цонхгүй болох нь хэрэгт цугларсан баримтуудаар илт тодорхой тогтоогддог, мөн маргаан бүхий *** архитектур төлөвлөлтийн даалгаврын 10-д зааснаас үзэхэд тус барилга нь урд талдаа цонх, хаалгагүй байхаар төлөвлөгдсөн байна.

Дээрхээс үзэхэд *** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу 12 давхар орон сууцны барилга барьснаар зэрэгцээ орших орон сууцны барилгын нар харах боломж хаагдана гэж нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн шүүхээс маргаан бүхий газарт очиж, үзлэг хийж бодит байдалтай танилцаж бэхжүүлэн авсан фото зургууд, нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн фото зургууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзэхэд эмнэлгийн түргэн тусламжийн болон гал командын автомашин орж гарах орц, гарц хаагдаж болзошгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь шүүх хуралдаанд Мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар хурлын шийдвэрийн 29-д зааснаас үзэхэд Барилга барихаар төлөвлөсөн Б.Б*******гийн эзэмшлийн газар нь цахилгааны дэд станц буюу ДП-ийн хамгаалалтын зурваст орсон нь тогтоогддог, иймээс маргаан бүхий архитектур төлөвлөлтийн даалгавар хуульд нийцээгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь дээр дурдагдсан цахилгааны дэд станц буюу ДП-ийн хамгаалалтын зурвас нь нэхэмжлэгчийн газар дээр биш, харин гуравдагч этгээдийн эзэмшлийн газар дээр байрлаж байх ба хариуцагчийн болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдэн төлөөлөгч нь цахилгааны ДП нь *** байрны оршин суугчдад хамааралгүй, барихаар төлөвлөж буй барилгаа ДП-ийн хамгаалалтын зурвастай давхцуулалгүй төлөвлөх асуудал нь гуравдагч этгээдийн асуудал, нэхэмжлэгчид хамааралгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байх тул нэхэмжлэгч талын дээрх тайлбар үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн эзэмшлийн газарт *** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу 12 давхар барилга баригдсанаар хүн амын нягтаршил ихсэж, эдэлбэр газрын даац хэтэрч, Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД /30.01.04/-ийн 9 дүгээр хавсралтад заасныг зөрчиж байна гэсэн агуулгаар тайлбарлаж байх хэдий ч Улаанбаатар хот нь хүн амын нягтаршил ихтэй байгаа нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд нэхэмжлэгчийн маргаж байгаа энэхүү үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах хэмжээний үндэслэл болж чадахааргүй байна.

Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т барилга байгууламжийн байршил тогтоох, газар олголт, загвар зураг батлах болон техникийн нөхцөл олгох үйл ажиллагааг зохион байгуулж, нэгдсэн бүртгэл хөтлөх, хадгалах, мэдээлэл түүний аюулгүй байдлыг хангах, мэдээллийн сангийн байнгын үйл ажиллагааг эрхлэх, хяналт тавих; бүрэн эрхийг Нийслэлийн Засаг дарга эдлэхээр заасан ба Засаг даргын уг чиг үүргийг түүний дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газар хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 108 дугаар  тогтоолын хавсралтаар батлагдсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийн 3.2-т Аймаг, нийслэлийн Засаг дарга захиалагчийн хүсэлт, газар өмчлөх, эзэмших, ашиглах шийдвэрт үндэслэн хот, тосгоны хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, инженерийн хангамжийн боломж, эрүүл ахуй, галын аюулгүйн нөхцөл, шаардлагад нийцүүлэн тухайн барилга байгууламжийн байршлыг тогтоож баталгаажуулна., 3.3-д Энэ дүрмийн 3.2-т заасан шийдвэрийг гаргахад аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалт, газрын харилцааны асуудал хариуцсан нэгж нь дараахь асуудлыг тусгасан архитектур төлөвлөлтийн даалгаврыг боловсруулна:, 3.4-д Архитектур төлөвлөлтийн даалгаврыг аймаг, нийслэлийн ерөнхий архитектур батална. гэж тус тус заасан байна.

Дээрх эрх зүйн зохицуулалтуудаас үзэхэд Хот байгуулалт, хөгжлийн газарт архитектур төлөвлөлтийн даалгаврыг боловсруулж, батлах эрх хэмжээн олгогдсон байх ба тус газар нь өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд маргаан бүхий *** дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг боловсруулж, баталсан байна.

Мөн Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Барилгын зураг төсөл дараахь шаардлагыг хангасан байна:, 12.1.2-д ... байгалийн гэрэлтүүлэг ашиглах боломжийг хязгаарлахгүй байх;, 12.1.4-т нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх;, 12.1.5-д хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчныг техникийн болон галын аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах нөхцөлийг бүрдүүлсэн, гамшиг, аюулт үзэгдлийн үед нүүлгэн шилжүүлэх нөхцөлийг хангасан байх; гэж тус тус заасан байна.

Дээр тайлбарласан үйл баримтууд болон эрх зүйн зохицуулалтуудаас үзэхэд маргаан бүхий *** дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар нь Барилгын тухай хуулийн дээрх зохицуулалтуудыг зөрчөөгүй байна гэж шүүх үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.4, 12.1.5, 35 дугаар зүйлийн 35.1.3-д заасныг тус тус  баримтлан Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Т СӨХ-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т  СӨХ-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ