Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 478

 

Э.Д  нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/03108 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.Д  нар,

Хариуцагч БСШУСЯаманд холбогдох,

 

Тэтгэмж 30 743 752 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Э.Д , Ж.Ж, Б.О, Ш.Ц, Г.Х, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Баяржаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын циркт 40-50 жил ажиллаад тэтгэвэрт гарсан алдар цолтой ахмад уран бүтээлчид бид Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалт, тухайн үеийн гэгээрлийн сайдын 1997 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 191, 232 дугаар тушаалын дагуу 12 сарын цалинтай тэнцэх тэтгэлэг авахаар 2010 оноос хойш 5 жил хөөцөлдсөн боловч цирк хувьчлагдсан шалтгаанаар өнөөг хүртэл шийдвэрлэх яам, тамгын газар олдохгүй байна.

 2009 онд Засгийн газрын тогтоол гарч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Төрийн өмчийн хорооны шийдвэрээр Улсын циркийг бүрэн хувьчилж АСА группын мэдэлд шилжүүлсэн. Цирк хувьчлагдсаны дараа ажиллаж байсан бүх ахмад уран бүтээлчид тэтгэвэрт гарсан. Манай Улсын Нийгмийн салбар болох багш эмч нар 36 сарын тэтгэмж авдаг боловч Соёл урлагийн салбарын ажилтнууд 12 сарын тэтгэмж авдаг хуультай. Бидний ихэнх нь 70-аас дээш настай, олон жил хүлээх боломжгүй хүмүүс юм. Хэдэн ахмад буурлуудын жилийн цалин бүгд нийлээд 29-30 сая төгрөг болно. Энэ нь нэг багшийн 36 сарын цалинтай тэнцэх зардал юм. Бид анх шүүхэд 9 хүний 30 743 752 төгрөг гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан бөгөөд Э.Д-д 6 500 000 төгрөг, Н.Б-т 5 600 000 төгрөг, Б.О-д 2 200 000 төгрөг, Ш.Ц-т 2 692 000 төгрөг, Я.А-д 3 043 000 төгрөг, Г.Х-д 2 298 000 төгрөг, Ж.Ж-д 3 496 000 төгрөг, Б.Н-д 2 340 000 төгрөг, О.Э-т 2 138 000 төгрөг, нийт 30 307 000 төгрөг гаргуулахаар шаардлагаа тодруулж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д тэтгэвэрт гарах үед ажиллаж байсан байгууллага нь тэтгэвэр тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нэг жилийн дундажтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг тэтгэвэрт гарахад нь нэг удаа олгоно гэж, Гэгээрлийн сайд, Сангийн сайдын 1997 оны Журам батлах тухай 197/232 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Соёлын ажилтныг тэтгэвэрт гарахад нь тэтгэлэг олгох журмын 2-т Соёлын ажилтныг тэтгэвэрт гарахад нь тэтгэвэр тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлс буюу түүнтэй адилтгах орлогын нэг жилийн дундажтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг ажиллаж байсан байгууллага нь нэг удаа олгоно гэж тус тус заасан байдаг.

Монгол Улсын Циркийг Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2008 оны 7 сарын 17-ны өдрийн Гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх, хувьчлах тухай 352 дугаар тогтоолоор Э.Д  ахлагчтай удирдлагын АСА багт шилжүүлсэн байна. Нэхэмжлэл гаргасан иргэд нь тэтгэвэр тогтоолгох үедээ ажиллаж байсан байгууллага буюу тухайн үеийн Улсын Цирк эсвэл АСА циркээс хуульд заасан тэтгэлгийг авах ёстой. Монгол Улсын Циркийн урлагт олон жил ажиллаж амжилт гарган, эх орныхоо нэрийг дэлхийд мандуулсан ахмад уран бүтээлчдийг дэмжих нь зүйтэй. Гэвч асуудлыг судлан үзэхэд тэтгэлэг авах асуудлаар БСШУСЯамыг хариуцагчаар татах хууль зүйн үндэслэлгүй, Соёлын хуулийн дээр дурдсан заалт нь өмчийн хэлбэр харгалзахгүй соёл, урлагийн бүх байгууллагад хамааралтай юм. Энэ нь АСА циркт мөн адил хамаарна. АСА циркээс тэтгэвэрт гарсан юм бол тэтгэлгийг яагаад аваагүй нь тодорхойгүй байна.

Нөгөөтэйгүүр иргэн Э.Д  нь өөрөө тухайн үед АСА циркийг хувьчилж авсан багийн ахлагчаар ажиллаж байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасныг баримтлан хариуцагч БСШУСЯамнаас нэхэмжлэгч Э.Д-д 6 500 000 төгрөгийг, нэхэмжлэгч Б.О-д 2 200 000 төгрөгийг, нэхэмжлэгч Ш.Ц-т 2 692 000 төгрөгийг, нэхэмжлэгч Г.Х-д 2 298 000 төгрөгийг, нэхэмжлэгч Ж.Ж-д 3 496 000 төгрөгийг тус тус гаргуулан олгож, нэхэмжлэгч Б.Н-ийн гаргасан 2 340 000 төгрөг гаргуулах, Н.Б-ын гаргасан 5 600 000 төгрөг гаргуулах, Я.А-ын гаргасан 3 043 000 төгрөг гаргуулах, О.Э-ийн гаргасан 2 138 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан хариуцагч БСШУСЯамнаас улсын тэмдэгтийн хураамжид 243 880 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.19 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгч нарт тэтгэвэр тогтоолгоход олгох тэтгэмжийг яамнаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь төрийн байгууллага хоорондын бүрэн эрхийг холилдуулсан, хуулиар олгоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлэхийг хууль зөрчин даалгасан, хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д тэтгэвэрт гарах үед ажиллаж байсан байгууллага нь тэтгэвэр тогтооход тэтгэлгийг тэтгэвэрт гарахад нь нэг удаа олгоно гэсэн заасныг буруу ойлгон байгууллагын огт хамааралгүй чиг үүргийг өөр байгууллагад дур мэдэн халдаан хамааруулсан нь асуудлыг сайтар судлан шинжлэлгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасан "тэтгэвэрт гарах үед ажиллаж байсан байгууллага” гэдэгт манай яамыг хамааруулах ямар ч боломжгүй. Учир нь нэхэмжлэгч нар 1995, 2005, 2006, 2008, 2015 онуудад тэтгэвэрт гарсан бөгөөд нэхэмжлэл гаргах үед манай яаманд ажиллаагүйгээс гадна тэтгэвэр тогтоолгон тэтгэвэрт байгаа, одоо ажиллахгүй байгаа зэрэг нь дээр дурдсан хуулийн "тэтгэвэрт гарах үед ажиллаж байсан байгууллага" гэх нөхцөлийг хангахгүй байхад яамнаас нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Шүүх шийдвэр гаргахдаа Төрийн өмчийн хорооны 2008 оны 352 дугаар тогтоолыг барьж тус тогтоолын дагуу Улсын цирк хувьчлагдсан учир яамнаас тэтгэлгийг шаардах үндэслэлтэй гэсэн нь тухайн асуудлыг сайтар судлаагүй гэж үзэхээр байгаа юм. Энэхүү хувьчлалын асуудлыг яам шийдвэрлээгүй, тухайн үеийн Төрийн өмчийн хороо буюу төрийн өмчийн асуудлыг хариуцсан эрх бүхий байгууллага шийдвэрлэсэн.

Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын "Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг баримтлан хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамнаас нэхэмжлэгч Э.Д ид 6 500 000 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Од 2 200 000 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Цт 2 692 000 төгрөгийг, нэхэмжлэгч Г.Хд 2 298 000 төгрөгийг, нэхэмжлэгч Ж.Жид 3 496 000 төгрөгийг тус тус гаргуулан олгож" гэснийг, мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Э.Д , Н.Б, Б.О, Ш.Ц, Я.А, Г.Х, Ж.Ж, Б.Н, О.Э нар нь хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд холбогдуулан Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын дагуу тэтгэлэгт 30 307 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ

             Нэхэмжлэгч нар нь Улсын циркт ажиллаж байгаад өндөр насны тэтгэврээ тогтоолгосон Соёлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4-т заасан “соёлын ажилтан” болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдсон ба уг үйл баримтыг  хариуцагч үгүйсгэж маргаагүй, харин тэтгэлгийг ажиллаж байсан байгууллагаас олгохоор хуульд заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд нь яам биш гэж маргажээ.

            Улсын цирк  нь 2008 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 352 дугаар тогтоолоор хувьчлагдаж, Төрийн өмчийн хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Монгол цирк менежментийн багийн хооронд менежментийн гэрээ байгуулагдсан боловч соёлын ажилтны тэтгэлгийг хэрхэн шийдвэрлэх талаар талууд гэрээндээ нарийвчлан тусгаагүйгээс нэхэмжлэгч нарт тэтгэлэг олгогдоогүй өнөөг хүрч, хуулиар олгосон эрхээ эдэлж чадаагүй, зөрчигдсөн нь тогтоогдсон байна.

Иймд Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д соёлын ажилтанд тэтгэвэрт гарах үед ажиллаж байсан байгууллага нь тэтгэвэр тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нэг жилийн дундажтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг нэг удаа олгохоор заасны дагуу нэхэмжлэгч нар тэтгэлэг шаардах эрхтэй. 

Мэргэжлийн урлагийн байгууллагыг хувьчлахдаа тэнд ажиллаж байгаа соёлын ажилтанд хуулиар олгогдсон эрх, нийгмийн баталгааг хангах арга зам, байгууллагыг тодорхойлж, гэрээнд тодорхой тусгаагүйгээс соёлын ажилтны хуулиар олгогдсон эрх зөрчигдөх үндэслэлгүй бөгөөд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монголын ажилтан албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо 2015-2016 оны хамтын хэлэлцээрийг 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулахдаа хэлэлцээрийн 2.11-т “мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэврээ тогтоолгосон зарим уран бүтээлчдэд олгоогүй тэтгэмжийг Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн нөхөн олгох”-оор заасан байна.

Дээрхээс үзвэл нэхэмжлэгч нараас  БСШУСЯаманд холбогдуулан нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд буюу Э.Д ид 6 500 000 төгрөгийн, Б.Од 2 200 000 төгрөгийн, Ш.Цт 2 692 000 төгрөгийн, Г.Хд 2 298 000 төгрөгийн, Ж.Жид 3 496 000 төгрөгийн тэтгэлгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн нь Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

            Нэхэмжлэгч Б.Н нь Соёлын тухай хууль батлагдаж, хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн 1996 оноос өмнө буюу  1991 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр тэтгэвэрт гарсан тул тэтгэлэг шаардах эрх үүсэхгүй, нэхэмжлэгч Н.Б, Я.А, О.Э нар нь Монгол Улсын Үндэсний цирк хувьчлагдахаас өмнө ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан тул тэдэнд тэтгэлэг олгох үүрэг хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд үүсээгүй гэж шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй ба нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрт дурдсан 4 иргэн давж заалдах гомдол гаргаагүй болно.

 Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/03108 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                     А.ОТГОНЦЭЦЭГ