Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2019/ДШМ/20

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                        Прокурор Д.Бат-Өлзий /онлайнаар/

                                                        Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн

                                                         Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш /онлайнаар/

                                                        Шүүгдэгч О.Т /онлайнаар/

                                                        Нарийн бичгийн дарга Э.Энхболд нарыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалангийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/40 дугаар шийтгэх тогтоолд шүүгдэгч О.Т, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш, П.Адьяасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлоор О.Т-т холбогдох эрүүгийн 1927000180017 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Сонинбаяр овгийн О.Т

 

О.Т нь 2018 оны 06 дугаар сарын орчимд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг “Могойтын нууцад” гэх улсын тусгай хамгаалалттай газрын ойд зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-д заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ. 

                                                                                       

Анхан шатны шүүх, Сонинбаяр овгийн О.Т-г улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-д зааснаар 2 жил 2 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын тамгын газрын хашаанд хадгалагдаж байгаа 2.40 см урттай, 1.8 шоо метр 24 ширхэг хуш модыг улсын орлого болгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөрөө 1, ишгүй сүх 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар, шүүгдэгч О.Т-н эзэмшлийн 2.000.000 төгрөгийн үнэ бүхий 4 ханатай гэрийг битүүмжилсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №13 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорихоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Т-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

             Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш гаргасан давж заалдах гомдолдоо:  ...Шүүх хуралдаанд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч миний зүгээс шүүгдэгч О.Т нь гэм буруугаа мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 3.271.752 төгрөгийг төлж барагдуулсан, байгаль экологид учруулсан хохирлоо барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хувийн байдлын хувьд өндөр настай, хүнд өвчтэй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тэнсэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан боловч шүүхээс дээрх байдлуудыг харгалзан үзэлгүйгээр хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Шүүгдэгч О.Т нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байхад хохирол арилаагүй гэж үзэж дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн энэхүү хэргийг хянан шийдвэрлэхдээ Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Багийн Иргэдийн Нийтийн хурлын үеэр 300 орчим ард иргэдийн өмнө үзүүлэх шүүх хурал мэтээр хийж, шүүх хуралдаан эхлэхийн өмнө шүүхийн байгууллагаас мэдээлэл хийхдээ “Бат-Өлзий суманд байгаль орчны гэмт хэрэг ихээр гарах болсон тул ард иргэд та бүхэнд сануулга өгөх зорилгоор шүүх хурал хийж байна” гэсэн агуулгатай тайлбар хийсэн. Энэ нь шүүгчийн хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, хууль шүүхийн байгууллагаар хэргээ шийдвэрлүүлэхдээ үнэнч шударгаар, хууль ёсны дагуу шийдвэрлүүлэх үндсэн зарчмыг зөрчиж тус шүүх хуралдааныг хийсэн. Шүүгдэгч О.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ойн нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллага болох нөхөрлөлд гишүүнээр ажилладаг байсан, гэмт хэрэг үйлдэх үедээ өндөр насны тэтгэвэрт ороогүй байж байгаад шүүх хуралдаан болохын өмнө тэтгэвэрт орсон, байнгын даралт ихсэлтийн 2 дугаар зэрэгтэй, ходоод, бүдүүн гэдэсний хүнд хэлбэрийн шархлаатай, байнгын эмнэлгийн хяналтад байх шаардлагатай, хорих ялыг биечлэн эдлэхэд саад болохуйц хүнд өвчтэй зэрэг байдлуудыг удаа дараа тайлбарлан хэлсэн боловч шүүхээс дээрх хувийн байдлуудыг харгалзан үзэлгүйгээр ял оногдуулсан. Монгол Улсын Үндсэн хуулийн тулгуур зарчим, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчмуудыг анхаарч үзэлгүйгээр анхнаасаа хорих ялыг биечлэн оногдуулж ард иргэдэд сануулга, анхааруулга өгөх зорилготой байсан мэт харагдаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “...нийтийн болон үндэсний эрх ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг хохирол гэнэ...” гэж заасан байдаг. Гэтэл шийтгэх тогтоолын дүгнэлт хэсэгт “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болон 3.271.752 төгрөгийг төлсөн хэдий ч улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж учруулсан хохирол нь арилаагүй байх тул...” гэсэн ойлгомжгүй бөгөөд хохирол төлбөрийн тухайд болон, түүнийг хэрхэн барагдуулсан эсэх талаар тодорхой дүгнэлт гаргаагүй гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг буруу тайлбарлаж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэлгүйгээр шийтгэх тогтоолд дүгнэлт хийж шийтгэсэн байх тул Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2019//ШЦТ/40 дугаар шийтгэх тогтоолын 3 дахь заалтад энэхүү заалтыг хэрэглэн өөрчлөлт оруулан шүүгдэгч О.Т оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэжээ.

            Шүүгдэгч О.Т гаргасан давж заалдах гомдолдоо: ... Миний бие Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/00040 дугаар шийтгэх тогтоолоор 2 жил 2 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Байгаль экологид учирсан хохирол болох 3.271.752 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан боловч хохирол төлөөгүй мэтээр ял оногдуулж байгаад гомдолтой байна. Мөн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 300 иргэдийн өмнө нээлттэй шүүх хуралдаан хийж миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Миний бие даралт ихсэлтийн 2 дугаар зэрэгтэй, ходоод, бүдүүн гэдэсний хүнд хэлбэрийн шархлаатай байнга эмнэлэгийн хяналтад байх шаардлагатай. Байгаль экологид хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан, мөн миний биеийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тэнсэж өгнө үү гэжээ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн гаргасан давж заалдах гомдолдоо: ...Шүүгдэгч О.Т нь гэм буруугаа хүлээж, байгаль экологид учруулсан хохирлоо төлж барагдуулсан байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг хэрэглэхгүй байгаа нь буруу гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн үндсэн зарчим нь иргэн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасан хэсгийг хэрэглээгүй нь буруу гэж үзэж байна. Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/40 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч О.Т-т оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэжээ.

           Прокурор Д.Бат-Өлзий давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хүлээн авч танилцлаа.  О.Т нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогддог. Шүүхээс О.Т-н үйлдсэн гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, түүний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтад заасан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний хүрээнд үндэслэл бүхий ял шийтгэл оногдуулсан. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд “Хүрээлэн байгаа орчны гэмт хэрэг” ихээр үйлдэгдэж байгаа ба 2019 оны 01 дүгээр улирлын байдлаар тус суманд 27 гэмт хэрэг үйлдэгдсэний 16 буюу 59.2 хувь нь дээрх гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд энэхүү мэдээ, судалгаа нь тус суманд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж ажиллахыг илэрхийлж байна. Шүүгдэгч О.Т нь байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг арилгах болон цаашид үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай байгаль орчны экологи-эдийн засгийн үнэлгээ, аргачлалын дагуу тогтоосон мөнгөн илэрхийлэл болох 1090584 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухайн хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д заасан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн “...ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмээжээгээр тогтооно” гэсний дагуу 3.271.752 төгрөгөөр оногдуулсан нөхөн төлбөрийг шүүгдэгч О.Т төлж барагдуулсан боловч байгальд ургаж байсан мод хууль бусаар бэлтгэгдсэн огт байхгүй болсон нь байгаль экологид учирсан хор уршиг арилж, байгаль орчин жам ёсоороо нөхөн сэргэх боломжийг нь алдагдуулсан учир хохирол төлөгдсөн гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн хохирол, хор уршиг материаллаг байдлаар нөхөн төлөгдөж байгаа боловч гэмт халдлагад өртсөн мод хэзээ ч нөхөн сэргэх боломжгүй. Сум дундын прокурорын газраас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дахин энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил гаргахгүй байхад анхаарч “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Бат-Өлзий суманд “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр хуш мод бэлтгэсэн” гэх гэмт хэрэг үйлдсэн О.Т-т холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд нээлттэйгээр явуулах хүсэлтийг Сум дундын шүүхэд тавьсан. Хүсэлтийг хүлээн авч тус шүүх 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр дээрх хэргийг нээлттэй шүүх хуралдаанар хэлэлцэж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод байна”, 8.2-т “...Шүүх хуралдааныг хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд нээлттэй явуулна”, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар “шүүх хуралдааныг нээлттэй явуулна” гэсэн заалттай нийцэж байх тул анхан шатны шүүх хууль зөрчиж шүүх хуралдааныг нээлттэй явуулсан гэж үзэх үндэслэл байхгүй. О.Т-т оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн. Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 40 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасан заалтыг хэрэглээгүй. Яагаад хэрэглээгүй үндэслэлээ тайлбарлаагүй. Мөн улсын яллагчийн тайлбарт энэ талаар хариу өгөөгүй байна. 5 жил хүртэл хорих ялын санкцтай гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, нийгэмд учруулсан хохирлоо төлсөн, эсхүл төлж барагдуулахаа илэрхийлсэн байх талаар энэ зүйл заалтанд тусгасан. Гэтэл хуульд заагаагүй нэмэлт болзол дурдаж уг заалтыг хэрэглэхгүй байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Тийм учраас 2019/ШЦТ/40 дугаартай тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч О.Т-т оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэсэн давж заалдах гомдлоо дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасан заалтыг шүүхээс хэрэглэхгүй байх үндэслэл байхгүй байна гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна... Мөн П.Адьяасүрэн өмгөөлөгчтэй санал нэг байгаа. Тийм учраас анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасан хөнгөрүүлэх заалтыг буруу тайлбарлаж шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж үзэлгүйгээр дүгнэлт хийж шийтгэсэн  Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолыг өөрчилж, О.Т-т оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэв.

           Шүүгдэгч О.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү? гэв.

           Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн, Г.Гандөш, шүүгдэгч О.Т нарын гаргасан гомдолд хариу тайлбараа дэлгэрэнгүй бичсэн учраас түүнийгээ дэмжиж оролцож байна ...Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч О.Т нь хэрэгт авагдсан баримтаар 3271752 төгрөгийн хохирол ойн санд учруулсан байхад 1090584 төгрөгийг хохирол учруулсан /18 шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 1090584 төгрөг/ гэж шийтгэх тогтоол гаргахдаа дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээг тогтоолд буруу тусгасан, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд хохирлыг Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар заасан байхад Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын торгуулийн орлогын данс буюу төрийн сангийн 100100355401 тоот дансанд шүүгдэгчээс хохирлыг төлснийг шүүгдэгч хохирол төлбөр төлсөн бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэсэн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх зэрэг хуулийн шаардлагыг хангаагүй, анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

          Мөн шийтгэх тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэл, дуу–дүрсний бичлэг зэргээс харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2 дугаар зүйлд заасан шүүх хуралдааныг Монгол улсын төрийн сүлд, далбаа байрлуулсан танхимд явуулсан гэж үзэх боломжгүй байна.

          Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах, хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч О.Т-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

   Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдолд дүгнэлт хийгээгүй болно.

   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/40 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч О.Т-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.