| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2019/01489/И |
| Дугаар | 1975 |
| Огноо | 2019-07-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 1975
| 2019 оны 07 сарын 05 өдөр | Дугаар 102/ШШ2019/01975 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот..............................хаягт оршин суух, Х. овогт Д-ын С /РД: ................/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, .........................хаягт оршин суух Ш овогт И. А-д, /РД: …........./-д холбогдох,
1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, гэрч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Аюушцэрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.С-ийн шүүхэд гаргасан хүсэлтэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.С би Завхан аймгийн ....... суманд амьдарч байхдаа 1987 оны орчим нутгийнхаа хүнээс .......маркийн калибрь бууг нэг бодоор сольж авч байсан. Тэгээд 1990 оны үед миний энэ бууг тухайн үед манай няраваар ажиллаж байсан н.Я гэх хүн ... буунд чинь гэрчилгээ аваад өгье гээд аваад явсан, тэгээд цаашаа И.А-д өгсөн байсан. Би буугаа авахаар И.А-тэй уулзахад ... буу чинь надад байгаа, удахгүй өгнө гээд өгөхгүй явсаар өдий хүрлээ. И.А-д ч ажил нь хот руу шилжсэн. Манай эхнэр мөн буугаа авахаар хотод И.-ийн ажилладаг Хан-Уул дүүргийн цагдаагийн газар, мөн Хархорин зах, түүний амьдардаг гэрт нь удаа дараа очиж уулзсан. 2009 онд шиг санаж байна бид санамсаргүй тааралдаад би буугаа нэхэхэд тэрээр бууг чинь хураалгаагүй, хүлээцтэй хүлээж байгаач, хуулийн байгууллагад битгий хандаач гэж гуйсны дагуу би хүлээсээр өдий хүрлээ. Иймд И.А-ээс ....., калибрь бууны үнэ 1,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Д.С-ийн нэхэмжлэлийг И.А-д хүлээж авсан ба дараахь тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь 1990 онд эзэмшиж байсан …...... маркийн бууг хариуцагч И.А-д хурааж аваад буцааж өгөөгүй гээд бууны үнэ 1,000,000 төгрөг нэхэмжилжээ. Нэхэмжлэгч Д.С-ийн 1990 онд амьдарч байсан Завхан аймгийн Яруу суманд И.А-д нь ажиллаж байгаагүй болох нь Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын тодорхойлолтоор тогтоогдож байгаа. ............суманд 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс хэсгийн төлөөлөгчөөр томилогдож 1997 оны 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл ажиллаж байжээ. Цаг хугацааны хувьд зөрүүтэй байх тул нэхэмжлэл үндэслэлгүй байна. И.А-д цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа үнэмлэх бичиг баримтгүй, хэнийх болох нь мэдэгдэхгүй, эвдрэлтэй бууг эзэмших ёс зүйн хувьд төлөвшөөгүй, хэрэг зөрчилд холбогдсон болох холбогдож болзошгүй этгээдэд галт зэвсэг эзэмшүүлэх үндэслэлгүй бол хураан авах, устгах зэрэг ажиллагааг тухайн үеийн хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэдэг байсан. И.А-д тухайн үед Д.С-ийн бууг хураан авсан эсэхээ санахгүй байгаа бөгөөд хэрвээ хураан авсан бол Завхан аймгийн цагдаагийн хэлтэст хүргэгдсэн байх учиртай. Иргэдээс эд зүйл хураан авсан тохиолдолд энэ талаар баримтыг 2 хувь үйлдээд 1 хувийг нь эд зүйлийн эзэнд үлдээдэг. Иймд баримтгүй бол хураан авсан эсэхийг нотлох боломжгүй. Тэгээд ч нэхэмжлэгчийн дурдаад буй үйл явдал болсноос хойш 29 жил өнгөрсөн буюу хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гэрч Б.Д-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: И.А-д гэх хүн нь буу авсан буцаагаад өгнө гэж хэлж байсан. Тухайн үеэс хойш сураг сонсоход И.А-д гэх хүн хот руу орсон гэсэн яриа байсан. Би хот руу ороод ажлын байрыг нь сураглаад Хан-уул дүүргийн цагдаагийн газарт ажиллаж байна гэж байсан. Гэрийг нь хайж олоод толгойтод байгааг нь мэдээд гэрт нь ороод буугаа авъя гэж хэлсэн. Бууг өгөхгүй, байхгүй гээд уурлаж эхэлсэн. Тэгтэл эхнэр нь та тухайн үед нь шаардахгүй яасан бэ гээд бас уурласан. Одоог хүртэл буугаа авж чадаагүй байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч И.А-д холбогдуулан 1,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.С нь өөрийн өмчлөлийн ...... маркийн калибрь бууг 1990 онд Завхан аймгийн...... суманд нутаглаж байхдаа н.Я-д өгсөн, тэрээр цааш нь И.А-д өгсөн, буу И.А-ийн эзэмшилд байсан болох нь нэхэмжлэгч Д.С-ийн .........суманд амьдарч байхдаа 1987 оны орчим нутгийнхаа хүнээс .............маркийн калибрь бууг нэг бодоор сольж авч байсан. Тэгээд 1990 оны үед миний энэ бууг тухайн үед манай сумын няраваар ажиллаж байсан н.Я гэх хүн ... буунд чинь гэрчилгээ аваад өгье гээд аваад явсан, тэгээд цаашаа И.А-д өгсөн байсан. Би буугаа авахаар И.А-тэй уулзахад ... буу чинь надад байгаа, удахгүй өгнө гээд өгөхгүй явсаар өдий хүрлээ., мөн гэрч Б.Д-ийн ... И.А-д гэх хүн нь буу авсан буцаагаад өгнө гэж хэлж байсан. Тухайн үеэс хойш сураг сонсоход И.А-д гэх хүн хот руу орсон гэсэн яриа байсан. Би хот руу ороод ажлын байрыг нь сураглаад Хан-уул дүүргийн цагдаагийн газарт ажиллаж байна гэж дуулсан. Гэрийг нь хайж олоод толгойтод байгааг нь мэдээд гэрт нь ороод буугаа авъя гэж хэлсэн. Бууг өгөхгүй, байхгүй гээд уурлаж эхэлсэн. Тэгтэл эхнэр нь та тухайн үед нь шаардахгүй яасан бэ гээд бас уурласан. Одоог хүртэл буугаа авж чадаагүй байгаа гэх мэдүүлгүүдээр тогтоогдсон гэж үзлээ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй:, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон; гэж зааснаар хариуцагч И.А-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэвч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна. гэжээ. Нэхэмжлэгч Д.С нь 1990 онд бусдад өгсөн бууны үнэ 1,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байх бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч И.А-ээс 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР