| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2019/01489/И |
| Дугаар | 1993 |
| Огноо | 2019-07-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 1993
| 2019 оны 07 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2019/01993 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: ............................... тоотод оршин суух, Ц овогт Э-ийн Баясгалан /РД: ............../,
Нэхэмжлэгч: ............................... тоотод оршин суух, Г овогт Э-ын Т /РД:.......................... /,
Нэхэмжлэгч: , :.................тоотод оршин суух, Ц овогт -ийн З /РД: .................... /,
Нэхэмжлэгч: ...................тоотод оршин суух, Ө овогт Б-ийн А /РД: ................../ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .................... тоотод оршин байх, Рк компанид холбогдох,
Гэрээнээс татгалзаж, хувьцаа буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Б, Э.Т, Э.З, Б.А нараас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмлэгдсэн төлөөлөгч Э.Б-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Э.Б, Э.Т нар нь Монгол улсын хуулийн этгээд болох Б ХХК-ийн 40, 40 хувийн хувьцаа эзэмшигчид бөгөөд 20 хувийн хувьцаа эзэмшигч болох Э.З, Б.А нартай тохиролцон өөрсдийн хувьцаанаас тус бүр 12, 12 хувийн хувьцааг Н улсын Рк компани /захирал М. С/-д компанийн хувьцаа шилжүүлэх, худалдах-худалдан авах тухай гэрээг 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод байгуулж шилжүүлсэн. Энэхүү гэрээний дагуу тухайн өдөр Б ХХК-ийн хувьцаа эзэмшигч болон эзэмшиж буй хувьцааны хувь хэмжээ өөрчлөгдөж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Хувьцаа шилжүүлэх, худалдах-худалдан авах гэрээгээр нийт 24 хувийн хувьцааг нэрлэсэн үнээр нь буюу 240,000 төгрөгөөр худалдан авагч талд шилжүүлсэн бөгөөд гэрээнд тохиролцсон гол нөхцөл нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Б ХХК-г Герман улсын биржид бүртгэлтэй болгох, түүнд шаардагдах геолого, хайгуул, судалгааны ажил, тайлан, төлөвлөгөө зэрэг ажлуудад шаардагдах зардалд 1,000,000 хүртэлх еврог Рэбус корпораци компани гаргахаар тохиролцож, энэ ажлын үр дүнд нэхэмжлэгч нар нь өөрсдийн 76 хувийн хувьцааг хариуцагчийн өөр нэг компанин болох РК компанид шилжүүлэхээр тохиролцсон.
Гэтэл хариуцагч дээрх тохиролцоог одоо хүртэл биелүүлээгүй бөгөөд 2017, 2018 оны хайгуулын ажил, уулын ажлын төлөвлөгөө, тайлан, холбогдох зардлыг компанийн бусад хувьцаа эзэмшигчид гаргаж ирлээ. Хариуцагч талыг үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж ирсэн боловч хойшлуулж, улмаар хариу ирүүлэхгүй байгаа тул бид гэрээнээс татгалзахаас өөр аргагүйд хүрч байна.
Иймд 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн компанийн хувьцаа шилжүүлэх, худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 24 хувийн хувьцааг нэхэмжлэгч Э.Б 12 хувь, нэхэмжлэгч Э.Т 12 хувийг буцаан шилжүүлж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Э.Б, Э.Т, Э.З, Б.А нар нь хариуцагч Рк компанид холбогдуулан 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр байгуулсан хувьцаа шилжүүлэх, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн Б ХХК-ийн 24 хувийн хувьцааны 12 хувийг Э.Б, 12 хувийг Э.Т-д шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШЗ2019/02188 дугаар захирамжаар ............. улсын Үндэсний дээд шүүхээр дараах даалгаварыг гүйцэтгүүлэх, үүнд нэхэмжлэгч Э.Б Э.Т, Э.З, Б.А нарын тус шүүхэд хариуцагч Рк компани /захирал М.С/-т холбогдуулан гаргасан 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хувьцаа шилжүүлэх, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 24 хувийн хувьцаанаас нэхэмжлэгч Э.Б 12 хувийг, нэхэмжлэгч Э.Т 12 хувийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулж, эрх үүрэг тайлбарлан, нөлөөллийн талаар танилцуулан, хариу тайлбар авах.-ыг даалгажээ.
Хариуцагчид шүүхээс нэхэмжлэлийг хүргүүлсэн боловч шүүгчийн захирамжийн дагуу тус шүүхэд хариу тайлбараа хариуцагч ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасантай нийцэж байх боловч шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэх нь мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасантай харшлахгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Э.Б, Э.Т, Э.З, Б.А нар нь хариуцагч Рк компанитай 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хувьцаа шилжүүлэх, худалдан авах гэрээ байгуулж, Б ХХК-ийн 24 хувийн хувьцааг 240,000 төгрөгөөр Рк ХХК-д худалдах, худалдан авагч нь тус компанийг ........... улсын биржид бүртгэлтэй компани болгон өөрчлөхөд бэлтгэх, түүнд шаардагдах геологи хайгуул, судалгааны ажлууд, тайлан, төлөвлөгөө болон бусад шаардлагатай ажлуудын зардалд 1,000,000 еврог гаргах, худалдагч, худалдан авагч нар нь тухайн компанийн үлдсэн 76 хувийг Р компанид худалдахаар тохиролцож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдах авах тухай гэрээ байгуулсан болох нь тухайн гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч Рк компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ буюу Б ХХК-г ............. улсын биржид бүртгэлтэй компани болгон өөрчлөхөд бэлтгэх, түүнд шаардагдах геологи хайгуул, судалгааны ажлууд, тайлан, төлөвлөгөө болон бусад шаардлагатай ажлуудын зардалд 1,000,000 еврогийн хөрөнгө оруулалтаа хийгээгүй болох нь нэхэмжлэгч нарын тайлбараар тогтоогдож байна.
Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэх ба нэхэмжлэгч нарын ... хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, захирал М. С нь 2017 оны 8 дугаар сард Монгол улсын хилээр гарч яваад одоог хүртэл орж ирээгүй, мэйл бичихээр хариу ирүүлдэггүй, бидэнтэй холбоо барихгүй зугтааж байгаа тул гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн 24 хувийн хувьцаагаа буцаан авах хүсэлтэй байна гэх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нар нь компанийн хувьцаа шилжүүлэх, худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэжээ.
Хариуцагч Рк компанийн захирал М. С нь 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Монгол улсын хилээр гарч яваад эргэж ирээгүй, тус шүүхийн шүүгчийн захирамжаар түүний оршин суух хаягаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, бусад баримтыг хүргүүлэхэд хариу ирүүлээгүй ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр байгуулсан хувьцаа шилжүүлэх, худалдан авах гэрээгээр Б ХХК-ийн 24 хувийн хувьцааг Рк компани /Rc B.V/-д шилжүүлснийг буцаан 12 хувийн хувьцааг Э.Б, 12 хувийн хувьцааг Э.Т-д шилжүүлэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Б ХХК-ийн хувьцаанаас Рк компани /Rc B.V/-ийн эзэмшиж буй 24 хувийн хувьцааны 12 хувийг Э.Б, 12 хувийг Э.Т-д буцаан шилжүүлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР