| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 185/2023/0201/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/237 |
| Огноо | 2023-03-06 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/237
2023 03 06 2023/ШЦТ/237
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Төгс-Оюун,
улсын яллагч М.Гансувд,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М,
шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувдаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Сд холбогдох эрүүгийн 2309000000096 дугаартай 1 хавтас хэргийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.С нь "............................" ХХК-ийн Программ ашиглалтын хэлтсийн Өгөгдлийн сангийн администратор албан тушаалд ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, Чингисийн өргөн чөлөө ............................ байрлах ............................ны оффисын байранд байхдаа цахим хэрэгсэл ашиглаж, НЭС системийн өгөгдлийн санд зохиомлоор “Адъяагийн Баярсайхан" гэх нэртэй харилцагчийг зориудаар бий болгож, улмаар 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр .................... дугаартай харилцах данс болон интернэт .................... эрх нээлгэсэн мэтээр бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, уг нээсэн дансны үлдэгдлийг 2,936,000 төгрөг болгон нэмэгдүүлэн засаж, 2022 оны 11 дүгээр сарын 20-ноос 28-ны өдрийн хооронд интернэт .................... гүйлгээг ашиглан тухайн данснаас 4 удаагийн гүйлгээгээр 1,719,401 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “............................ны ажилтан Г.С нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж .................... системийн үйлдлийн санд Баярсайхан гэх нэртэй харилцагчийг зохиомлоор бий болгож уг харилцагчийн нэр дээр харилцах данс нээж, интернэт .................... нэвтрэх эрх үүсгэсэн. Дансны үлдэгдлийг 2.936.000 төгрөг болгож нэмэгдүүлж зассан. Тухайн дансны интернэт .................... дөрвөн удаагийн гүйлгээгээр 119.301 төгрөгийг нэр бүхий гурван этгээдийн дансруу шилжүүлж авсан байдал тогтоогдсон. Энэ талаар 2022 оны 12 дугаар сарын 13-ны 012-829 дугаартай Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасан. Тухайн зөрчлийг илрүүлснээс хойш шүүгдэгч Г.С нь банкинд учирсан 1.720.201 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төлсөн. Банк одоогоор хохиролгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Эрүүгийн 2309000000096 дугаартай хэргээс:
Хохирогч ............................ны хууль ёсны төлөөлөгч М.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай ............................инд системийн админаар ажилладаг Гансүхийн Сайн-Эр гэх хүн нь өөрийн албан тушаалын байдлаа ашиглан өгөгдлийн санд "А.Баярсайхан" гэх нэртэй харилцагч үүсгэн тухайн хүндээ интернэт .................... эрхийг зохиомлоор үүсгэсэн бөгөөд тухайн .................... дугаартай дансандаа 2,936,000 төгрөг болгон засч, үүсгэж байсан интернэт банкнаас 4 удаагийн гүйлгээ хийж 1,719,401 төгрөгийг нэр бүхий 3 этгээдийн Хаан .................... дансруу шилжүүлэх замаар хувьдаа ашигласан. Дээрх байдлыг нь "Санхүүгийн бодлого хяналтын газраас "Үлдэгдэл, тулгалт тайлан"-г ашиглан "НЭС" суурь бүртгэл ба дансны дэвтрийн дансны үлдэгдлийг тулгаж шалгадаг ба уг хяналт шалгалтын хүрээнд 2110308101 иргэдийн энгийн харилцах дансанд 2,936,000 төгрөгийн зөрүү үүссэнийг 2021.11.17-ны өдөр илрүүлсэн. Ингээд дээрх алдааг олуулахаар өгөгдлийн сангийн администратор ажилтан Г.Сд хандаж дээрх алдааг олуулах хүсэлт тавихад админ Г.С нь өөрөө үйлдсэн үйлдлээ хүлээж дээрх үйлдэл илэрсэн байдаг... 2021.08.21-ний өдрөөс манай байгууллагат ажилласан эхэлсэн бөгөөд администратор албан тушаалд 2022.04.04-ний өдрөөс ажилласан байсан... Нийтдээ 1,719,401 төгрөгийн хохирол учраад байна. Дээрх 1,719,401 мөнгийг 2022.11.28-ны өдөр төлж банкийг хохиролгүй болгосон байгаа. Одоо тухайн ажилтныг ажлаас чөлөөлсөн байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 хуудас/,
Хохирогч ............................ны хууль ёсны төлөөлөгч М.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: "...Г.С нь манай .................... өгөгдлийн сангийн администратор албан тушаалд 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн. Улмаар уг албан тушаалд ажиллахдаа Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө ............................ байрлах оффист байрлаж ажилладаг байсан. Тухайн ажилтны ажил үүргээ гүйцэтгэхдээ ашигладаг программ гэх мэт зүйлсийг зөвхөн ажлын байран дээр нь ашиглах боломжтой. Г.С нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр А.Баярсайхан гэх нэртэй хуурамч харилцагчийг үүсгэж, .................... дугаартай харилцах дансыг зохиомлоор үүсгэж 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тус дансанд 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр банк хоорондын гүйлгээгээр 2,936,000 төгрөгийг орж ирсэн мэтээр зохиомлоор орлогын гүйлгээг хийсэн байсан... .................... зүгээс ямар нэгэн байдлаар нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй...хохирлоо барагдуулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/,
Шүүгдэгч Г.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн: "Би ............................инд кредит банк байхад нь 2019 ны 03 дугаар сард ажилд орсон бөгөөд тухайн байгууллагад эхэндээ программ ашиглалтын мэргэжилтэн албан тушаалд ажиллаж байгаад 2022 оны 04 дүгээр сараас эхлэн өгөгдлийн сангийн администратор албан тушаалд довшин томилогдож ажиллаж байсан. Ингээд ажиллаж байдаа надад мөнгөний яаралтай хэрэгцээ гараад өгөгдлийн, санд шингэр хуурамч харилцагч буюу "А.Баярсайхан" гэдэг нартай харилцагч үүсгэж данс үүсгэсэн. Ингээд тухайн дансан дээрээ интернэт банкинд бүртгүүлсэн. Тэгээд уг дансанд дансны үлдэгдлийг нь засварлаад дансны үлдэгдлийг нь 2,936,000 төгрөг болгосон. Ингээд би тухайн дансыг буюу тухайн дансан дээрээ үүсгэсэн интернэт банкаа ашиглаад эхлээд 1 төгрөгийн гүйлгээг өөрийнхөө гэрийн урд талын дэлгүүрт хийж үзсэн. Тэгэхэд гүйлгээ амжилттай хийгдсэн. Тэгэхэд нь би тухайн дэлгүүрээсээ 19000 орчим төгрөгөөр хүнсний бүтээгдэхүүн худалдан авч тооцоог нь мөн л "А. Баярсайхан" гэх хуурамчаар үүсгэсэн данснаасаа интернэт банкаар тооцоогоо хийсэн. Тэгээд би дээрх дансыг хэвийн ажиллаж байгааг нь мэдсэн учраас нилээд хэдэн хоногийн дараа гудамжинд таарсан хүнээс гуйгаад БГД-ийн нутаг дэвсгэрт байрлах 25-р эмийн сангийн хажуу талын Кэй эф си-ийн баруун талын АТМ дээр гүйлгээ хийж байсан үл таних хүнд хандаж "Таны дансанд мөнгө хийгээд бэлнээр авчихъя" гэж гуйгаад тухайн хүний ХААН .................... дансанд нь 800,000 төгрөгийг шилжүүлэн өгөөд картнаас нь мөнгөө бэлнээр гаргаж авсан. Би тэр үл таних хүний картыг ашигласныхаа төлөө ямар нэгэн төлбөр төлөөгүй. Ингээд би тухайн мөнгийг бэлнээр аваад зээл төлөх, хувийн хэрэгцээ гэх мэт зүйлдээ зарцуулаад дуусгасан. Ингээд би дээрх хугацаанаас нилээд хэд хоногийн дараа мөн л дээрх АТМ дээрээ очоод дахин нэг үл таних хүний картыг нь гуйгаад дансанд нь мөнгө хийгээд бэлнээр авсан. Энэ удаад бол 900,000 төгрөгийг данснаас авч бэлнээр гаргаж авсан. Дээрх 900,000 төгрөгийг мөн л хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Тэгээд явж байхад манай ажлаас зөрүү үүссэн байна гээд шалгалт хийгдсэн. Тэгээд төлбөр тооцооны ажилтнаас манай хэлтэст хандаж "Зөрүү үүссэн байгааг шалгуулах" талаар хүсэлт надад ирсэн. Ерөнхийдөө өгөгдлийн санд үүссэн зөрүүг манай хэлтэс буюу программ ашиглалтын хэлтэс шалгадаг юм. Тэгэхэд нь би программ ашиглалтын хэлтсийн захирал Золбоод хандаж "Дээрх зөрүүг би өөрөө үүсгэсэн юм аа, мөнгийг нь би өөрөө зарцуулсан" гэж хэлсэн. Тэгээд энэ асуудал илэрч шалгалт хийгдээд би ажлаасаа 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон гарсан... Тухайн үед надад яаралтай мөнгөний хэрэгцээ байсан учраас л ийм байдал гаргасан. Тухайн үед хүүхэд төрөх гээд надад маш их мөнгөний хэрэгцээ байсан. Би одоо эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг. Бага хоёр хүүхэд маань ихэр бөгөөд одоо 5 сартай... Би өмнө ийм асуудал гаргаж байгаагүй. Тухайн байгууллагад учруулсан хохирлоо нөхөн барагдуулсан. Тухайн байгууллагад надад төлөх хохирол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуудас/,
Шүүгдэгч Г.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: "...Би 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс ............................ны программ ашиглалтын хэлтэст өгөгдлийн сангийн администратор албан тушаалд дэвшин томилогдсон. Би энэ үедээ Сүхбаатар дүүргийн .......................т ажиллаж байсан. Ингээд 2022 оны 11 дүгээр сард мөнгөний хэрэгцээ их байсан тул 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр А.Баярсайхан гэдэг нэртэй хуурамч харилцагч үүсгэж, дансны дугаар олгоод 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тус дансанд 2019 оны 09 дүгээр сард банк хоорондын гүйлгээгээр мөнгө орж ирсэн мэтээр зохиомлоор 2,936,000 төгрөгийн орлогын гүйлгээг хийсэн. Одоо би байгууллагад төлөх ямар нэгэн хохирол байхгүй, өөрийн гэм буруутайгаа маргаж байгаа ямар нэгэн асуудал байхгүй. Би өөрийн үйлдлээ ухаарч байна...Би байна...Би дээрх мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан...Би өөрийн ажлын байран дээрээ байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 хуудас/,
Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би Хаан .................... тэтгэврийн данс болон харилцах данс болох ....................дугаартай дансыг ашигладаг... Би тухайн өдөр яг хэдний өдөр байсныг санахгүй байна. Би гэрээсээ гараад байрныхаа хажуу талын буюу 25 дугаар эмийн сангийн хажуу талын Кэй Эф Си түргэн хоолны газрын хажуу талын ХААН .................... ATM дээр очоод данснаасаа мөнгө авчхаад АТМ-ээс гарахад үл таних эрэгтэй хүн ирээд надад хандаж "Эгчээ та картаа түр ашиглуулаач, би таны дансанд 900,000 төгрөг шилжүүлээд буцаагаад авчихъя, би картаа гэртээ мартчихсан байна" гэж хэлсэн. Тэгэхэд нь би тухайн хүнээс "Чи миний дансанд мөнгөө хийгээд буцаагаад авна биз дээ" гэж хэлэхэд "Тиймээ эгчээ шууд авчихна, би эмнэлэг явах гээд яараад байна" гэж хэлсэн...Тэгэхэд нь би тухайн үл таних эрэгтэйд ХААН .................... картаа өгөөд өөрийнхөө картынпин кодоо хэлж өгсөн. Тэгэхэд уг залуу нь миний дансанд 900,000 төгрөг шилжүүлж хийгээд бэлнээр АТМ-ээс тэр дороо авчхаад миний картыг надад өгсөн... Надад мөнгө өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28- 29 хуудас/,
Б.Бгийн эзэмшлийн ХААН .................... ....................дугаарын дансны хуулга /хх-ийн 31 хуудас/,
Гэрч ....................ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хаан .................... .................... дугаартай дансыг 2022 оны 10 дугаар сараас эхлэн ашиглаж байгаа... Би тэр өдөр яг хэдний өдөр байсан гэдгийг санахгүй байна. Өдөр хорооллоос Андууд руу алхаж яваад ХААН .................... АТМ таарахаар нь таксины мөнгө данснаасаа авах гээд 25 дугаар эмийн сангийн хажуу талын ATM дээрээс өөрийнхөө данснаас 10,000 төгрөг зарлага хийж авах гээд АТМ ороход үл таних эрэгтэй хүн ирээд надад хандаж “Чиний карт руу мөнгө хийгээд бэлнээр авчихья тэгэх үү” гэж хэлэхэд нь би зөвшөөрөөд өөрийнхөө дансны Дугаарыг хэлээд дансандаа мөнгө хийлгэсэн. Өөрөө тэр хүн хэлэхдээ яг хэдэн төгрөг дансанд хийгээд буцаагаад авсан талаар нь би мэдээгүй. Тэр хүн ч надад хэлээгүй. Зүгээр л "Дансанд чинь мөнгө хийгээд авчихъя” гэж хэлэхэд нь л би тус болсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуудас/,
....................ийн эзэмшлийн Хаан .................... .................... дугаарын дансны хуулга /хх-ийн 36 хуудас/,
............................ны Дотоод аудитын газрын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гаргасан: "...МТГ-ын харьяа ПАХ-ийн өгөгдлийн сангийн администратор Г.С албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж НЭС системийн өгөгдлийн санд А.Баярсайхан нэртэй харилцагч, уг харилцагчийн нэр дээр .................... дугаартай харилцах данс болон интернэт .................... эрх зэргийг зохиомлоор үүсгэж, дансны үлдэгдлийг 2,936,000 төгрөг болгон нэмэгдүүлэн засаж интернэт банкаар 4 удаагийн гүйлгээгээр нийт 1,719,401 төгрөгийг нэр бүхий 3 этгээдийн Хаан .................... дансруу шилжүүлэх замаар хувьдаа ашигласан байна. .................... хувьд өгөгдлийн сангийн 1 администратортай, тус ажилтан нь үндсэн системийн өгөгдлийн сан, сервер, нөөц өгөгдлийн сан зэргийг хариуцдаг, харилцагчийн дататай ажилладаг, өгөгдлийн сангийн онцгой эрхтэй SYS, SYSTEM, TB_PROD, IBPROD гэсэн USER-үүдийг хариуцдаг. Г.Сийн дээрх USER- үүдээр өгөгдлийн санд хийж байгаа үйлдлүүдийг шууд удирдлага буюу газар, хэлтсийн захирал болон МАБА-ны зүгээс хянадаггүй буюу өгөгдлийн сангийн администраторт тавих шат дараалсан хяналтын тогтолцоо байхгүй нь ашиглалын үйлдэл гарах нөхцөл бололцоог бүрдүүлсэн байна... .................... хамгаалалтын 2-р шугамын хүрээнд СБХГ-ын зүгээс зохих хяналтыг хэрэгжүүлж ашиглалын үйлдэл илрэх нөхцөлийг бүрдүүлсэн нь сайшаалтай ч ашиглалын сэжүүрийг 2022.11.17-ны өдөр мэдсэн ч алдааны учир, шалтгааныг нарийвчлан тодруулж шалгаагүйгээс МТГ-т 2022.11.23-ны өдөр мэдэгдсэн, МТГ-ын харьяа Программ ашиглалтын хэлтсээс 2022.11.28-ны өдөр мэдээллийн дагуу алдааг шалгасан зэргээр нийт ажлын 6, хуанлийн 11 хоногийн хугацаа алдсан байна. Хэрвээ 2022.11.17-ны өдөр шалтгааныг нарийвчлан шалгасан бол 2022.11.20-ны өдрийн 800,000 төгрөг, 2022.11.28-ны өдрийн 900,000 төгрөгийн ашиглалын гүйлгээг таслан зогсоох боломжтой байсан байна...Г.С нь ашиглалын үйлдлээ лог бичигддэггүй SYS болон SYSTEM USER-р хийсэн эсвэл ТВ_PROD, IBPROD USER-үүдээр хийн үйлдлийн логоо SYS болон SYSTEM USER-р устгасан байх магадлалтай байгаа тул Г.Сдэй холбоотой өөр ашиглалын шинжтэй үйлдэл байгаа эсэхийг бүрэн гүйцэд шалгах боломж хязгаарлагдмал байна..." гэх дүгнэлтийн хуулбар /хх-ийн 47-50 хуудас/,
Харилцагчийн дансны хуулга /хх-ийн 55 хуудас/,
............................ны гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 23-ны 01/1-Б-275 дугаартай тушаал, ажлын байрны тодорхойлолт, .................... нууц, мэдээллийн аюулгүй байдлыг хангах тухай гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-ийн 56-70 хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Г.Сийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.С нь "............................" ХХК-ийн Программ ашиглалтын хэлтсийн Өгөгдлийн сангийн администратор албан тушаалд ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, Чингисийн өргөн чөлөө ............................ байрлах ............................ны оффисын байранд байхдаа цахим хэрэгсэл ашиглаж, НЭС системийн өгөгдлийн санд зохиомлоор “Адъяагийн Баярсайхан" гэх нэртэй харилцагчийг зориудаар бий болгож, улмаар 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр .................... дугаартай харилцах данс болон интернэт .................... эрх нээлгэсэн мэтээр бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, уг нээсэн дансны үлдэгдлийг 2,936,000 төгрөг болгон нэмэгдүүлэн засаж, 2022 оны 11 дүгээр сарын 20-ноос 28-ны өдрийн хооронд интернэт .................... гүйлгээг ашиглан тухайн данснаас 4 удаагийн гүйлгээгээр 1,719,401 төгрөгийг шилжүүлэн авч залилсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Сд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Эрүүгийн 2309000000096 дугаартай хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.С нь "............................" ХХК-ийн Программ ашиглалтын хэлтсийн Өгөгдлийн сангийн администратор албан тушаалд ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, Чингисийн өргөн чөлөө ............................ байрлах ............................ны оффисын байранд байхдаа цахим хэрэгсэл ашиглаж, НЭС системийн өгөгдлийн санд зохиомлоор “Адъяагийн Баярсайхан" гэх нэртэй харилцагчийг зориудаар бий болгож, улмаар 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр .................... дугаартай харилцах данс болон интернэт .................... эрх нээлгэсэн мэтээр бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, уг нээсэн дансны үлдэгдлийг 2,936,000 төгрөг болгон нэмэгдүүлэн засаж, 2022 оны 11 дүгээр сарын 20-ноос 28-ны өдрийн хооронд интернэт .................... гүйлгээг ашиглан тухайн данснаас 4 удаагийн гүйлгээгээр 1,719,401 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч ............................ны хууль ёсны төлөөлөгч М.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-19 хуудас/, хохирогч ............................ны хууль ёсны төлөөлөгч М.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/, шүүгдэгч Г.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26 хуудас/, шүүгдэгч Г.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 8-9 хуудас/, гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 28- 29 хуудас/, Б.Бгийн эзэмшлийн ХААН .................... ....................дугаарын дансны хуулга /хх-ийн 31 хуудас/, гэрч ....................ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-34 хуудас/, ....................ий эзэмшлийн Хаан .................... .................... дугаарын дансны хуулга /хх-ийн 36 хуудас/, ............................ны Дотоод аудитын газрын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гаргасан дүгнэлтийн хуулбар /хх-ийн 47-50 хуудас/, ............................ны гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 23-ны 01/1-Б-275 дугаартай тушаал, ажлын байрны тодорхойлолт, .................... нууц, мэдээллийн аюулгүй байдлыг хангах тухай гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-ийн 56-70 хуудас/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагддаг бол хөрөнгө завших гэмт хэргийн шинж нь итгэмжлэгдэн хариуцсан этгээд аж ахуйн нэгж байгууллага иргэдээс өөрийн өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалталтгйүгээр буцаан өгөхгүй байх үнэ хөлсийг төлөөгүй өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшдаг байна.
Иймд шүүгдэгч Г.С нь шунахайн сэдэлтээр, өөрийн эрхэлж буй албан тушаал, албаны чиг үүрэг, эрх нөлөөгөөр бусдыг хуурч, төөрөгдүүлэх арга болгож, улмаар “Адъяагийн Баярсайхан" гэх нэртэй харилцагчийг зориудаар бий болгож буюу албан тушаалын байдлаа ашиглан улмаар 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр .................... дугаартай харилцах данс болон интернэт .................... эрх нээлгэсэн мэтээр бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, уг нээсэн дансны үлдэгдлийг 2,936,000 төгрөг болгон нэмэгдүүлэн засаж 2022 оны 11 дүгээр сарын 20-ноос 28-ны өдрийн хооронд интернэт .................... гүйлгээг ашиглан тухайн данснаас 4 удаагийн гүйлгээгээр 1,719,401 төгрөгийг шилжүүлэн авч цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирол учруулж буй гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан зүйлчлэлийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг завшсан байх тул зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Г.Сийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчид хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон бөгөөд түүний энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Шүүгдэгч Г.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч “............................”-нд гэмт хэргийн улмаас 1.719.401 төгрөгийн хохирол учирсныг Г.С нь төлсөн байх тул шүүгдэгч Г.Сийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувдаас шүүгдэгч Г.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх бөгөөд түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сийг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Сд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр хэсэг, 38 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Сийг Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сийг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сд оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Сд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ