Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 1999

 

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2019/01999

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот...................... тоот хаягт оршин суух Б овогт Д. О, /РД:…............/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, .........................тоот хаягт оршин суух Б овогт П. Ц, /РД: ............/-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, хариуцагч П.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2000 онд П.Ц-той танилцан улмаар 2002 онд нэг гэрт орж, 2007 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэрлэлтийн 0000 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2002 оны 02 дугаар сарын 10-ны өдөр охин Ц.Н, 2005 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүү Ц.Р нар төрсөн. 2010 оноос эхлэн бид зан харилцааны таарамжгүй байдлаас болоод байнгын гэр бүлийн маргаантай амьдарч байна. Энэ байдал нь хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж ар гэрийн амгалан тайван байдал алдагдаж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Бид шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө Эвлэрлүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрээгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Ц.Н, хүү Ц.Р нарыг миний асрамжинд үлдээн, гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Охин Ц.Н, хүү Ц.Р нар эх Д.О-ийн асрамжинд үлдэнэ. Бидний дунд эд хөрөнгийн маргаан болон хүүхдийн тэтгэлгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч П.Ц-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг гаргаж шүүхэд хандсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д.О, хариуцагч П.Ц нар 2001 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болсныг эрх бүхий байгууллага 2007 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр албан ёсоор бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгосон ба гэрлэгчдийн дундаас 2002 оны 02 дугаар сарын 10-ны өдөр охин Ц.Н, 2005 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүү Ц.Р нар төрсөн байна.

 

Талууд хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2010 оноос хойш тусдаа амьдарч байгаа нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд гэрлэгчид гэр бүл цуцлахыг харилцан зөвшөөрсөн, цаашид хамт амьдрах хүсэлгүй байгаа нөхцөл байдлыг үндэслэж шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч нарт дахин эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэв.

 

Хүүхдийн асрамжийн талаар талууд харилцан тохиролцсон байдлыг харгалзан охин Ц.Н, хүү Ц.Р  нарыг эх Д.О-ийн асрамжид үлдээх нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгтэй харшлахгүй.

 

Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан  овогт Д.О болон Б овогт П. Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2002 оны 02 дугаар сарын 10-ны өдөр охин Ц.Н /РД: ............./, 2005 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүү Ц.Р /РД: ..................../ нарыг эх Г.Б-ийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй, хариуцагч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МӨНХТӨР