| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2019/02192/и |
| Дугаар | 2024 |
| Огноо | 2019-07-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 2024
| 2019 оны 07 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2019/02024 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот..............тоот хаягт оршин суух, Б овогт Д-ийн А /РД: ….........../ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, .................................................................хаягт байрлах, Ф ХХК /РД: ..................../-д холбогдох,
160,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А, хариуцагчийн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 4 дүгээр сарын 25-ны орчим .......... захын 00 дугаар павилионоос ахуйн хэрэглээний мотор, насос сонгон шалгаж ажиллуулах гэтэл ажиллахгүй байсан болохоор нь больчихоод хажуу талын павильонд мотор үзээд явж байхад худалдагч хүүхэд нь орж ирээд ах аа одоо зүгээр ажиллаж байна. Залгуур нь хөндийрсөн байна гэж хэлсэн. Тэгээд би нөгөө павильон дээрээ буцаж ирээд 10 орчим секунд ажиллуулж байгаад залгууртаа л байсан юм байна гэж бодоод аваад явсан. Гэртээ ирээд мэргэжлийн хүнээр холболтоо хийлгээд ажиллуулах гэтэл өмнөх шигээ дуу гэнэт дугараад ажиллахгүй байсан. Нөгөө хүн надад гэмтэлтэй мотор байна, хурдан аваачиж солиул гэж зөвлөсөн. Мотороо солиулах гээд буцаагаад аваад очсон чинь уурлахгүйгээр солиод өгсөн. Тэндээ 10 секунд моторыг ажиллуулж үзэж байгаад гэртээ авч ирсэн. Хүн гуйж ажиллуулах гэсээр байгаад 3-4 хоносон. Гэтэл дахиад мотор нь биш насос нь ажиллахгүй байсан. Насосны гол нь зуураад ачааллаж чадахгүй гацаад байсан. Уг нь худалдагч залуу 20-30 метр гүнээс усыг найдвартай сорно гэсэн. Би тэр даруй буцааж авч очоод наймаагаа буцаах гэсэн боловч гар саажилттай учраас хүнд насос даахгүй хэцүү байсан бөгөөд очилгүй 7 хоносон. Тэгээд очсон боловч худалдагч залуу нь нэг удаа сольж өгсөн дахиж сольж өгч чадахгүй, өгдөг газраа өг, юм олж долоохыг чинь харъя, хужаанууд энэ цахилгаан бараануудад ямар ч баталгаа өгдөггүй юм. Наад дээр байгаа тоонуудыг чинь би зохиож бичээгүй. Би яаж мэддэг юм гэж хэлсэн. Тэр насосыг усанд дүрж шалгаж үзэх ямар ч боломжгүй байсан. 100 айлд байрлах мотор, насос зардаг дэлгүүрүүд бараандаа баталгаа өгдөг. Харин энд зарж байгаа бүх бараанд баталгаа гэж өгдөггүй. Үйлдвэрт угсрагдаад шалгагдаж, туршигдсан баталгаа байхгүй. Миний амьдардаг Биокомбинат болон Туул тосгоны ард иргэд бүгд л их, бага хэмжээний газарт ногоо тарьдаг. Түүнийгээ усалж арчилахын тулд мотор, насос дандаа авдаг. Бид нарын хувьд чухал багаж юм. Хэл ам хийж явахаас төвөгшөөгөөд дуугүй өнгөрдөг. Одоо Ф ХХК-д байгаа. Иймд миний хохирлыг барагдуулж, хариуцагчаас 160,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ф ХХК-ийн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие барилгын материалын зах дээр 00 дугаар павильоныг түрээслэн ажилладаг. Ф ХХК-иас 2019 оны 4 дүгээр сарын 20-ны үед нэхэмжлэгч Д.А нь 220 киловаттын ногоон насос худалдаж авсан нь үнэн. Д.А-д өгөх үед ажиллахгүй байсан. Тэгээд дахин нэгийг гаргаад тогонд залгаад шалгаж өгөөд гаргасан. Үзүүлэлт нь 220 киловатт, 9.8А бөгөөд 20 тонн усыг 56-102 метр шулуун замд гаргана. Гэтэл хэд хоногийн дараа энэ мотор чинь болохгүй байна гээд буцаад ирсэн. Манайхаас нэг удаа сольж өгсөн. Бид нар Бүгд Найрамдах Хятад Ард улсаас орж ирсэн насост баталгаа гаргаж өгдөггүй. Хаана ч цахилгаан бараанд баталгаа гаргахгүй өгдөг. Гэтэл Д.А нь юунд, ямар хэмжээний ус соруулахаа хэлээгүй байж наад насос чинь болохгүй юм байна. Манай тэнд байдаг айлуудад ийм л насос байдаг гээд авсан. Хажуу талын павильоны хүн наад насос чинь болохгүй гэж хэлж байсан. Гэтэл өөрөө болно гэж авчихаад одоо болохоор танайх надад эвдэрхий насос өгсөн гээд байгааг ойлгохгүй байна. Зүгээр байсан 2 насос авч явж эвдчихээд ажиллахгүй байсан гэдэг зүйл ярьж байна. Манайхаас шалгаж өгөхөд зүгээр ажиллаж байсан. Цахилгаанд шалгаж өгөөд за ахаа энэ насос хэвийн ажиллаж байна. Та сайн хараарай гэхэд за наадах чинь ажиллаж байна гээд аваад явсан. Хэн ч байсан 220 вольтод ажилладаг насосыг тогонд шалгаад өгөхөөс биш баталгаа гаргаад, эсвэл болохгүй бол буцаагаад аваад байвал бид ашиг яаж олох юм. Насос сонгоод авах нь энэ хүний өөрийн шийдэх асуудал. Энэ насосыг шулуун замд гаргах 56-102 метр гэдгийг нь харж байж авсан. Нөгөө насос 10-16 метр гүнээс сорох ёстой байсан боловч 30 метр гүнээс соруулах гээд буруу үйл ажиллагаанаас болж эвдсэн тул буцааж авах боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Ф ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээгээр насосны үнэд төлсөн 160,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.А нь 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн нутагт байрлах ...барилгын материалын худалдааны төвийн 00 дугаар лангуунд үйл ажиллагаа явуулж байсан Ф ХХК-иас 220 вольтоор ажилладаг усны насос худалдаж авахаар тохиролцож, насосны үнэд 160,000 төгрөг төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, талуудын энэ талаар маргаагүй ба тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдах авах тухай гэрээ байгуулагдсан, гэрээг амаар байгуулсан ба гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, хуулийн хүчин төгөлдөр, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэнэ. Харин хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдэж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэдэг. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад болон нэхэмжлэгч худалдаж авсан насос ажиллахгүй байсан тул буцааж өгсөн, одоо 160,000 төгрөгөө авмаар байна гэж гэрээгээр шилжүүлсэн мөнгөө буцаан авахаар шаардаж байгаагаас үзэхэд нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Ф ХХК-тай 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.
Хариуцагч Ф ХХК-ийн төлөөлөгч Б.С ... эхлээд ирэхэд нь ажиллахгүй байсан насосыг солиод өгсөн, дараа нь дахиад ажиллахгүй байна гээд ирэхэд нь сольж өгөөгүй, тэр сүүлд авсан насос нь манайд одоо ч байгаа, бид худалдсан барааныхаа талаар баталгаа бичиж өгдөггүй гэх, нэхэмжлэгч Д.А-ийн ... сүүлд авсан насосыг гэртээ авч ирээд ажиллуулах гэтэл мөн л ажиллахгүй усаа татаж чадахгүй байсан, мөнгө өгсөн талаар баримт аваагүй гэх мэдүүлгээс үзэхэд хариуцагч Ф ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй буюу биет байдлын доголдолгүй бараа бүтээгдэхүүн худалдан авагчид нийлүүлэх үүргээ биелүүлээгүй, мөн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-т Худалдагч худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй. гэж заасныг зөрчжээ.
Иймд хариуцагч Ф ХХК-иас 160,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.А-д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 243.2-д заасныг баримтлан хариуцагч хариуцагч Ф ХХК-иас 160,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.А-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 6,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР