Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2090

 

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2019/02090

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч..................... тоот хаягт оршин суух, Б овогт Л.Б /РД: ................/,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэ, 19 дүгээр хороо, Дээд салхитын 37 дугаар гудамж, 537 тоот хаягт оршин суух Монгол овогт Мандалын Сарантуяа /РД: ТЯ72070220/-нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ........................байрлах Ах ХХК /РД: ................./-д холбогдох

 

00-00УБГ улсын дугаартай Тоёота харрер маркийн тээврийн хэрэгслийг Л.Байгалмаагийн нэр дээр шилжүүлэхийг АХ ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, хариуцагчийн өмгөөлөгч В.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Б, М.С нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.У шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Л.Б миний бие Дамао капитал ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 13 сая төгрөгийн зээл авч, зээлийн барьцаанд өөрийн эзэмшлийн 00-00УБГ улсын дугаартай, Тоёота харриер загварын автомашиныг барьцаанд тавьсан. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дээрх зээлийн гэрээний хугацаа дуусч үлдэгдлээ төлөх гэсэн боловч санхүүгийн боломжгүй байсан тул өөр байгууллагад авто машинаа барьцаалан зээл авахаар болсон билээ. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдөр АХ ХХК-тай очиж уулзаад өөрийн эзэмшлийн машиныг 13 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавих талаар компанийн нягтлан Б.У тай ярихад 20,500,000 төгрөгийн барьцаанд тавих боломжтой гэсэн хариу хэлж, надад Дамао капитал ББСБ ХХК-ийн нэр дээр шилжсэн автомашиныг АХ ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэх албан бичгийг хийж өгсөн. Миний бие 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр зээл чөлөөлдөг хувь хүнээр Дамао капитал ББСБ ХХК-д үлдсэн 14,800,000 төгрөгийн зээлийн өрийг төлж, барьцаанд байсан машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр АХ ХХК нь зээлийн гэрээ, фидуцийн гэрээг ээжийнхээ нэрээр байгуулчих гэж намайг ятган ээж М.С-тай зээлийн гэрээ, фидуцийн гэрээг байгуулан баталгаажуулсан байдаг. Гэрээ байгуулсны дараа нэхэмжлэгч Л.Б өөрийн эзэмшлийн 00-00УБГ улсын дугаартай Тоёота харриер загварын тээврийн хэрэгслийг АХ ХХК-ийн нэр дээр шилжүүлж бүртгүүлсэн. Нэр шилжүүлсний дараа АХ ХХК-иас зээлээ авах гэсэн боловч зээлийн мөнгийг олгох боломжгүй гэсэн хариуг өгсөн болно. Зээл олгоогүй тул М.С нь зээлийн гэрээнээс татгалзсан байдаг. Мөн нэгэнт гэрээ хэрэгжээгүй тул 00-00УБГ улсын дугаартай Тоёота харриер загварын тээврийн хэрэгслийг Л.Б-ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч АХ ХХК-д даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: М.С нь машин барьцаалан зээл авах хүсэлт гаргасны дагуу манай АХХХК нь М.С-тай 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй 20,000,000 төгрөгийг зээлдүүлэхээр 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр А/13 тоот зээлийн гэрээг байгуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээгээр 12-38 УНП улсын дугаартай Ланд ровер, рэнж ровер маркийн машиныг манайд шилжүүлсэн. 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр М.С-ийн Хаан банкны 000000000 тоот дансанд 15,750,000 төгрөг, мөн өдөр 4,250,000 төгрөгийг бэлнээр тус тус зээлдэгчид өгсөн. М.С-ийн фидукцийн гэрээгээр шилжүүлсэн 00-00 УНП улсын дугаартай машины арлын дугаарыг өөр дугаараар далдлан хуурамчаар гэрчилгээ авсан байсныг хожим мэдсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шилжүүлсэн машин нь эрхийн зөрчилтэй, гэмт хэргийн шинжтэй байгаа тул шалгуулахаар цагдаагийн байгууллагад мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн байгаа. Зээлийн төлбөрөө төлөөгүй, барьцаанд шилжүүлсэн автомашины гэрчилгээ хуурамч, өмчлөх эрхийн зөрчилтэй байгааг М.С-д удаа дараа хэлж, зээлээ төлж барьцааны машины эрхийн зөрчлийг арилгах, өөр барьцаагаар сольж өгөхийг хүсэхэд М.С нь задлаад зарчихья, цагдаад битгий өгөөрэй, удахгүй зээлээ төлнө гэж хэлсэн. Гэвч бид тус машин нь хулгайн машин байж болзошгүй гэж болгоомжлоод задалж зарах зэрэг саналыг хүлээн аваагүй, цагдаад хандсан болно.

Ингээд М.С нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн охин Л.Б-тай ирээд охиныхоо өмч болох 00-00УНБ улсын дугаартай Toёотa харриер маркийн машиныг барьцаалаад дахин зээл авья гээд ирхэд нь машиныг барьцаанд аваад зээл олгохыг хойшлуулж, өмнөх зээлийг барагдуулж, хуурамч бичиг баримт бүхий барьцааг залруулан баталгаажуултал үүргийг гүйцэтгэтэлийн барьцаанд авлаа гэж хэлсэн юм. М.С нь 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/13 тоот зээлийн гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэсний дараа 00-00 УНБ улсын дугаартай машины эзэмшлийн гэрчилгээг буцааж өгөхөд татгалзах зүйлгүй.

 

Нэмж хэлхэд тус 00-00УБГ улсын дугаартай Toёoтa харриер машин нь бидэнд байхгүй, машиныг биетээр бидэнд хүлээлгэж өгөөгүй болно. Мөн нэхэмжлэгч Нэхэмжлэгч миний бие нь 2018 оны 5 дугаар сард DAMAO капитал ББСБ-тай зээлийн гэрээ байгуулж 13 сая төгрөгний зээл авч, зээлийн барьцаанд өөрийн эзэмшлийн 00-00УНБ улсын дугаартай Tоёота харриер маркийн машиныг барьцаанд тавьсан гэж бичсэн байна. Гэтэл DAMAO капитал ББСБ ХХК руу 00-00УБГ дугаартай авто машин нь 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр нэр шилжүүлсэн байгаа юм. Энэ мэт М.С, Л.Б нар нь худал мэдүүлэг өгч байна. Иймд АХХХК-д холбогдох Л.Б М.С нарын нэхэмжлэлтэй 00-00УБГ улсын дугаартай Toёoгa харриер маркийн автомашиныг шилжүүэн авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна.

 

Мөн М.С нь Б.У миний ээжийн найз гэж анх надтай танилцсан ба 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хооронд нийт 15 удаагийн гүйлгээгээр 25,734,000 төгрөг, М.С-ийн охин Л.Б нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 6-ний өдөрийн хооронд нийт 3 удаагийн гүйлгээгээр 1,400,000 төгрөг, нийт 27,134,000 төгрөгийг зээлсэн. М.С нь зээлийн төлбөрөөс 8,000,000 төгрөгт нөхөр н.Л-ийн Камри автомашиныг өгсөн боловч үлдэгдэл 19,134,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Л-ийн Камри автомашиныг худалдах худалдан авах гэрээгээр 9,500,000 төгрөгөөр зарсан боловч худалдахаас өмнө 1,500,000 төгрөгийн засвар хийсэн тооцоог хасч 8,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан. /баримтуудыг хавсаргав./ М.С болон түүний охин Л.Б нар нь дээрх мөнгийг зээлж авахдаа эгч нь нөхөр н.Л, охин Л.Б нарыг АНУ-ын элчинд оруулахад мөнгө хэрэгтэй байна, Бишрэлт ХХК-ийн Сүхбаатар дүүрэгт байрлах барилгын туслан гүйцэтгэгчээр оролцоход мөнгө хэрэгтэй байна, хүнсний үйлдвэрлэлд эргэлтийн хөрөнгө хэрэгтэй байна, чиний мөнгийг удахгүй өгнө гэж итгэл төрүүлэн зээлсэн боловч одоог хүртэл дээрх мөнгийг эргүүлэн төлөхгүй байсаар сүүлдээ манай компаний эзэд надаас авсан мөнгийг тушаахыг шаардаж эхэлсэн юм. Ингээд намайг М.с-аас шаардаж эхэлхэд надтай зээлийн гэрээ хийж охиныхоо Харриер маркийн автомашиныг барьцаалахаар тохиролцсон. Иймд энэхүү гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын хүсэлтийг хянаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Л.Б, М.С нар нь хариуцагч АХ ХХК-д холбогдуулан 00-00УБГ улсын дугаартай Тоёота харриер загварын тээврийн хэрэгслийг Л.Б-ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч АХ ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч АХ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж байх бөгөөд татгалзлын үндэслэлээ ... М.С нь манай компаниас 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөгийн зээл авсан, зээлийн барьцаанд Ланд ровер, Рэнж ровер загварын автомашинуудыг барьцаалсан боловч арлын дугаарыг далдалсан, хуурамч бичиг баримттай байсныг хожим мэдсэн. Энэ зээлийнхээ барьцааг сольж өгөх талаар удаа дараа шаардсан, асуудлыг цагдаагаар шалгуулж байгаа. Тэрээр дахиад зээл авахаар ирэхдээ охин Л.Б-гийнхаа 00-00УБГ улсын дугаартай, Тоёота харриер загварын автомашиныг барьцаалахаар ирэхэд нь машиныг нь барьцаалаад зээл олгохыг хойшлуулж, өмнөх зээлээ төлж, хуурамч барьцааг залруулан баталгаажуултал үүргийн гүйцэтгэлийн барьцаанд авсан гэж маргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч М.С  нь АХ ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр А/26 тоот зээлийн гэрээ байгуулж 20,500,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлэхээр тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ байна. Нэхэмжлэгч нь 00-00УБГ улсын дугаартай Тоёота харриер загварын автомашиныг барьцаалж, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр тухайн автомашиныг хариуцагч АХ ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгсөн, дээрх зээлийн гэрээний дагуу хариуцагч АХ ХХК нь 20,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгоогүй болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, Авто тээврийн үндэсний төвийн 2019 оны 382 дугаар лавлагаа, хавсралт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч АХ ХХК нь нэхэмжлэгч М.С-тай 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 20,500,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, фидуцийн гэрээ байгуулсан атлаа зээлийг бодитоор олгоогүй, дээрх зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан 00-00УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг М.С-гийн өмнөх зээлийн гэрээний барьцаанд буюу АХ ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан А/13 тоот зээлийн гэрээний барьцаанд барьцаалахаар талууд тохиролцоогүй. Хариуцагч АХ ХХК нь М.С-тай 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр байгуулсан А/26 тоот зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ., мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. гэж зааснаар шударгаар гүйцэтгээгүй байна.

Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэнэ. Харин хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдэж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэдэг. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу 20,500,000 төгрөгийн зээлийг бодитоор зээлдэгчид олгоогүй атлаа нэхэмжлэгч Л.Байгалмаагийн өмчлөлийн 00-00УБГ улсын дугаартай Тоёота харриер маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч өөрийн нэр дээр шилжүүлж авсан тул нэхэмжлэгч М.Сарантуяа нь хариуцагч АХ ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр байгуулсан А/26 тоот зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнүүдээс татгалзаж байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Хэдийгээр гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдөр дуусгавар болохоор байх боловч нэхэмжлэгч М.С  нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзсан тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Л.Б-ийн өмчлөлийн 00-00УБГ улсын дугаартай Тоёота харриер маркийн тээврийн хэрэгслийг Л.Б-ийн нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.1.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 206 дугаар зүйлийн 206.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан 00-00УБГ улсын дугаартай Тоёота харриер маркийн тээврийн хэрэгслийг Л.Б-гийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч АХ ХХК-д даалгасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР