Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2091

 

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2019/02091

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч:, .............тоот хаягт оршин суух, С овогт Д.Б /РД: .............../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ........................ тоот хаягт оршин суух, А овогт Б.Б /РД: ............1/-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.бнь өөрийн өмчлөлийн Фургон маркийн 00-00ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2016 онд хүү Б.М-д өгсөн боловч нэр шилжээгүй байсан. Хүү Б.мнь эхнэр Б.м-ын хамт уг машинаар Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги мандал боомт дээр наймаа арилжаа хийж, ачаа тээвэрлэх байдлаар хувиараа хөдөлмөр хийдэг байсан. Уг машинаа зарахаар болж 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Б.б-тай уулзаж, түүнд машинаа 4,500,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож төлбөрийг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төлөхөөр амаар гэрээ байгуулсан. Б.м нь 2018 оны 5 дугаар сард Б.б-тай утсаар ярьж машиныхаа мөнгийг нэхэхэд бидний тохиролцсон хугацаа болоогүй байна аа, тохиролцсон хугацаандаа өгнө гэж хэлээд машины үнэ 4,500,000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сард төлөх, мөнгийг бүрэн төлсний дараа тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэрийг шилжүүлэхээр тохиролцсон. Түүнээс хойш одоог хүртэл Б.б нь худалдаж авсан машиныхаа мөнгийг төлөөгүй байх тул түүнээс 4,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Энэ машиныг Өвөрмонголын С гэх иргэнд зарна гэж тохиролцоогүй, хариуцагчийн энэ тайлбар худлаа гэв.

Хариуцагч Б.б-гийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие 2018 онд Дорноговь аймгийн Ханги боомтод түр хугацаагаар ажиллаж байх хугацаанд М нь тэр фургон машин бол миний эхнэрийн машин байгаа юмаа, засвар үйлчилгээг нь хийж чадахгүй, сэлбэг нь ч ховор юм, хурдхан шиг зарж салмаар байна, чи машин тэрэг засч чаддаг болохоор аваач, чамд хямдхан өгнө шүү гэж санал тавьж байсан. Тухайн үед машиныг нь харахад хэрэглээний шаардлага хангахгүй, өөрийнх нь нэр дээр ч биш байсан. Би тэгээд тэргийг авах санаа байгаагүй ээ, М тэр нутгийн хүн болохоор гэмгүй сайхан танилцаж, машин тэргэнд нь ойр зуурын засвар үйлчилгээ хийж өгч найрсагаар нөхөрлөж хандаж байсныг намайг машиныг нь худалдаж авах байх гэж буруу андуу ойлгосон бололтой. Тухайн үед М машиныг худалдах санал гаргаж байсан боловч би саналыг хүлээж аваагүй, үнийн дүн ч яригдаагүй болно. 2018 оны 5 дугаар сард уг машинаа М Хятад улсын иргэн С-д түрээслүүлсэн байгаа гэж хэлж байсан. Энэ машиныг би худалдаж аваагүй, Өвөрмонголын иргэн С-д М машинаа зарсан ба намайг очоод аваад ир гэхээр нь би очиж авсан. Намайг машин аваагүй гэдгийг нэхэмжлэгч мэдсээр байж надаас мөнгө нэхэж байгааг гайхаж байна. С бол Монгол-Хятад хоёрын хооронд наймаа хийдэг, тэндээ бол нилээд байр сууриа олчихсон хүн, эд нар яг үнэндээ С-аас айгаад мөнгөө нэхэж чадахгүй байгаа, энэ машин одоо миний эзэмшилд байхгүй, би нэг хэсэг С-ийн жолооч хийж тэргийг унаж явсан нь үнэн гэв.

   Шүүх зохигчийн хүсэлтийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.б нь хариуцагч Б.б -д холбогдуулан худалдах-худалдан аваха гэрээний төлбөрт 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба хариуцагч Б.б ... Б.м уг тэргийг худалдан авах саналыг надад тавж байсан, машин нь хэрэглээний наад захын шаардлага хангахгүй, тэгээд ч өөрийнх нь нэр дээр биш байсан тул би саналыг хүлээж аваагүй, үнийн дүн ч яригдаагүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Д.б -ийг төлөөлж түүний хүү Б.м нь хариуцагч Б.б тай 2018 оны 4 дүгээр сард 00-00ДГА улсын дугаартай, фургон загварын тээврийн хэрэгслийг 4,500,000 төгрөгөөр худалдах-худалдан авах, төлбөр бүрэн төлөгдсөний дараа машины нэрийг шилжүүлэхээр тохиролцож, худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулсан, зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ. гэж заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

00-00ДГА улсын дугаартай УАЗ загварын тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Д . Б  бүртгэлтэй болох нь Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн архив, лавлагааны мэргэжилтэн К.Э-ын 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 179 дүгээр лавлагаагаар тогтоогдож байна. Уг тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Д.б-ийн хүү Б.м нь 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг, Ханги мандал боомтод байхдаа өөрийн танил Б.б-д 4,500,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.м-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч Б.м-ын ... 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр олон хүн байсан, Б.С ах, О.А эгч хоёр Б.М-ын  аавынх нь авч ирсэн фургон машиныг авна гэж байснаа мөнгө төлөх 1 сарын хугацаа нь бага байна гээд больсон. Дараа нь Б.б уг машиныг 4,500,000 төгрөгөөр авахаар болоод түрхүүр, бичиг баримтыг нь аваад машиныг унаад явсан. гэх, гэрч Б.С-ын ... 2018 оны4 дүгээр сарын 2-ны өдөр Б.м фургон машинаа 4,500,000 төгрөгөөр авах саналыг надад тавьсан, би уг машиныг авахаа болилоо гэхэд Б.б авах гэж ирээд дараа нь машиныг унаад явсан, бид нар нэг дор байдаг улсууд мэднэ шүү дээ гэх, гэрч О.А-ын ... 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр манай нөхөр Б.С нь М машинаа зарах гэж байна, авъя гэхэд нь мөнгө төлөх 1 сарын хугацаа нь богинохон байсан тул больсон. Тэгээд дараа нь Б.б аваад явсан гэж дуулсан гэх мэдүүлэг, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн баримтуудаар тогтоогджээ.

Талууд гэрээг амаар байгуулсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ. гэж заасантай нийцсэн. Хэдийгээр Б.м нь тухайн тээврийн хэрэгслийг захиран зарцуулах эрхгүй хэдий ч Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ. гэж зааснаар нэхэмжлэгч Д.бнь Б.М-ын 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хариуцагч Б.б-тай байгуулсан худалдах-худалдан авах гэрээг дэмжиж, гэрээний үүргийг хариуцагчаас шаардаж байна.

Хариуцагч Б.б ... уг машиныг би худалдаж аваагүй, миний эзэмшилд одоо энэ машин байхгү гэх тайлбарыг гаргаж байх боловч гэрч Б.м, Б.С, О.А тухайн тээврийн хэрэгслийг Б.б унаж явсан талаар гэрчилсэн ба Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-д Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно. гэж зааснаар 00-00ДГА улсын дугаартай УАЗ Фургон загварын тээврийн хэрэгслийг хариуцагч Б.б хүлээн авсан гэж үзлээ.

Иймд хариуцагч Б.б-гаас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 4,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.б  олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.бгаас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 4,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.б-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 86,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.МӨНХТӨР