| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ш.Гандансүрэн |
| Хэргийн индекс | 180/2023/0013/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/20 |
| Огноо | 2023-01-19 |
| Зүйл хэсэг | 17.11.1., |
| Улсын яллагч | Б.Ө |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2023/0013/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч Б.Ө,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ч,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О, түүний өмгөөлөгч Г.Энхжавхлан,
шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С-ын С-т холбогдох эрүүгийн 2239004010429 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
/Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч С.С нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өргөөгийн 3Б болон 4А гудамжны дунд Бичил глобус ХХК-ийн эзэмшлийн 4 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улмын Замын хөдөлгөөний дүрмийн 24.5-т заасан заалтыг зөрчин газраас дээш 4 метр буюу 35 сантиметр өндөр ачаа тээвэрлэн тус гудамжинд байрлах нийтийн эзэмшлийн буюу Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өндөрхаан тохижилт үйлчилгээний газарт 650.000 төгрөгийн, Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн харьяа Хэнтий аймаг дахь салбарт 1.742.554 төгрөгийн хохирлыг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч С.С:
...хэлэх зүйл байхгүй... гэж мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2239004010429 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч С.Сын 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өргөөгийн 3Б болон 4А гудамжны дунд Бичил глобус ХХК-ийн эзэмшлийн 4 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улмын Замын хөдөлгөөний дүрмийн 24.5-т заасан заалтыг зөрчин газраас дээш 4 метр буюу 35 сантиметр өндөр ачаа тээвэрлэн тус гудамжинд байрлах нийтийн эзэмшлийн буюу Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өндөрхаан тохижилт үйлчилгээний газарт 650.000 төгрөгийн, Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн харьяа Хэнтий аймаг дахь салбарт 1.742.554 төгрөгийн хохирлыг учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 12 дугаар хуудас/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 30-35 дугаар хуудас/,
хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 36-38 дугаар хуудас/,
эрх бүхий албан тушаалтны “..."Actross" маркийн 4 улсын дугаартай том оврын ачааны автомашины жолооч С.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөн байна. Тухайлбал:
1.1. МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 24.5-д зааснаар "Ачаатай буюу ачаагүй өндөр нь 4 м-ээс, өргөн нь 2.5 м-ээс, урт нь 20 м-ээс, ачаа нь тээврийн хэрэгслийн овроос арагшаа 2 м-ээс илүү, мөн хоёр чиргүүлтэй, эсхүл хунд буюу аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримтална" гэсэн заалтыг зөрчин газраас дээш 4 метр 35 сантиметр өндөр ачаа тээвэрлэсэн.
1.2. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5.а-д зааснаар ээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;" гэсэн заалтыг зөрчиж ослын газар зогсохгүйгээр явсан.
1.3. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5.г-д зааснаар "Тухайн ослын -талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтыг зөрчин ослын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй.
1.4 Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д зааснаар "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Зам тээврийн осол гарах гол шалтгаан "МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 24.5-д зааснаар "Ачаатай буюу ачаагүй өндөр нь 4 м-ээс, өргөн нь 2.5 м-ээс, урт нь 20 м-ээс, ачаа нь тээврийн хэрэгслийн овроос урагшаа 2 м-ээс илүү, мөн хоёр чиргүүлтэй, эсхүл хүнд буюу аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримтална гэсэн заалтыг зөрчин газраас дээш 4 метр 35 сантиметр өндөр ачаа тээвэрлэсэн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна...” гэх магадалгаа /хх-ийн 83-84 дугаар хуудас/,
Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн харьяа Хэнтий аймаг дахь салбараас ирүүлсэн 02/401 дугаартай албан бичиг хавсралтын хамт, /хх-ийн 102-103 дугаар хуудас/,
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өндөрхаан тохижилтын газрын 93 дугаартай албан бичиг хавсралтын хамт, /хх-ийн 128-132 дугаар хуудас/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Сэдэдийн ...2022 оны 10 сарын 08-ны шөнө 03.30 цагийн орчимд Өргөөгийн 4а гудамжны 8 тоот хашааны урд талын гэр хорооллын гэрэлтүүлгийн шон өндөр хүчдэлийн сип кабель, цахилгааны утсыг том оврын ачааны автомашин чирэхдээ гудамжны гэрэлтүүлгийн шонг давхар унагааж гэмтээсэн... ..."Өндөрхаан" хот тохижилт орон нутгийн төрийн өмчит үйлчилгээний газрын гэрэлтүүлгийн шонг давхар унагааж гэмтээсэн... /хх-ийн 22 дугаар хуудас/,
...Манай байгууллага аймгийн гэрэлтүүлгийн шонгуудыг хариуцдаг Хэрлэн сумын 36, 40 гудамжны хооронд байрлалтай гэрлийн шонгууд байдаг, 2022 он 10 дугаар сарын 09-ний өдөр 36, 4а гудамжны хооронд байдаг гэрэлтүүлгийн нэг шон тээврийн хэрэгсэл доогуур нь гарах даа утсыг нь татаж махийлгасан байсан, манай гэрлийн шонгууд ер нь бол 4а гудамжаа дагасан цуваа чиглэлтэй шонгууд байгаа юм тухайн үед 6 дугаар цэцэрлэгийн уулзвар дээр зам засварын ажил хийгдэж байсан болохоор хот чиглэлээс ирж байгаа тээврийн хэрэгслүүд 3Б, 4а гудамжаар явж өнгөрдөг байсан юм байна лээ, тухайн тээврийн хэрэгсэл яагаад манай шонг махийлгасан гэхээр гэрлийн шонд Univision компанийн кабелын утас хөндлөн татагдсан байдаг юм. тухайн тээврийн хэрэгсэл нь манай шонгоос татсан Univision компанийн хөндлөн татсан утсан доогуур гарах даа тухайн утсыг тасалснаас болж манай шон махийж, сип кабель тасарсан юм, сип кабелаа бол манайх өөрсдөө холбочихсон, харин шон махийж гэрэлтүүлгийн толгой салж унасан... /хх-ийн 59-60 дугаар хуудас/,
гэрч М.Чийн ...2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдрийг шилжих шөнийн 03 цаг 30 минутын орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Өргөөгийн 36, 4а гудамжны дундуур ачааны автомашин явахдаа 2 сип кабель чирч яваад 1 сип кабелийг тасалсан. Энэ 2 сип кабелийн тасарсан нь ЖАСТ шатахуун түгээх станцын кабель. Мөн тухайн гудамжны хот тохижилтын гэрэлтүүлгийн төмөр шон тахийсан байдалтай болсон байна. Тухайн гудамжны төгсгөлийн буюу хойд талын модон шон буюу 3 тулгуурыг хазайлгасан байна. Өөр ямар нэгэн эвдрэл, гэмтэл үүсээгүй байна. Манай байгууллагын сип кабель засварлахад 60 метр кабель утасны утсыг тасалсан байна бэ? залгаа хийсэн. Модон шон буюу хазайсан 3 тулгуурыг засварлаж тухайн гэмтлийг буран устгасан... ...Тухайн ачааны автомашины тасалсан гэх цахилгааны утас газраас 4 метр 30 сантиметрийн өндөрт байрлаж байсан. Эвдрэлийг засаж хэвийн байдалд оруулахад өндөр нь 4 метр 20 сантиметр болсон. Агаараар явж буй цахилгааны утсанд өндрийн хязгаарлал тавих стандарт зөвхөн зам хооронд явсан тохиолдолд тавина. Харин гудамж хооронд тавих стандарт байхгүй... /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
иргэний нэхэмжлэгч М.Чийн ...Би урьд өмнө мэдүүлэг өгөхдөө дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн, 2022 оны 10 дугаар сарын 08-аас 9-нийг шилжих шөнө 3 цагийн үед Хэрлэн сумын 2 дугаар баг Өргөөгийн 3Б, 4А гудамжны гудамжны дундуур явсан Хэнтий ЦТС салбарын 0.4 кВ сип кабел шугам болон Жаст шатахуун түгээх станцын 0.4 кВ сип кабел шугамуудыг ачааны том оврын тээврийн хэрэгсэл доогуур нь гарахдаа тасалсан... /хх-ийн 53 дугаар хуудас/,
гэрч Э.Ундраагийн ...Би Хэнтий аймгийн Юнившен ХХК-ний салбарын захирлаар ажилдаг юм. 2022 оны 10 дугаар сарын үеэр шиг санаж байна, тухайн үед 6 дугаар цэцэрлэгийн уулзвар замыг хаагаад зам засварын ажил хийж байсан шиг санаж байна, манай Юнившены утас "Өндөрхаан" тохижилтын гэрэлтүүлгийн шон дээгүүр татагдаж явдаг юм, тухайн үед Өргөө 3а, 46 гудамжаар явсан манай кабелын утас мөн байсан, тухайн үед ямар тээврийн хэрэгсэл тасалсан гэдгийг мэдээгүй болохоор манай байгууллага өөрсдөө холбоод янзалчихсан, ер нь айлууд хэл ам гаргаад байдаг болохоор манайх өөрсдөө түргэн шуурхай холбоод янзалчихдаг юм... ...Ер нь бол манайх шонгийнхоо өндрөөр буюу 4 метрээс дээш татсан байдаг... /хх-ийн 62-63 дугаар хуудас/,
яллагдагч С.Сын ...тухайн үед Автотээврийн зүүн урд талын уулзвар замыг хаачихсан байсан болохоор Улаанбаатар хотоос ирж байгаа чиглэлийг баруун гар тийш буюу Өргөө 4А гудамж руу эргүүлэх заах тэмдэг байсан болохоор би Өргөө 4А гудмаар явж ороход тухайн гудамд 4.5 метрийн тэмдэгтэй хөндлөн татсан кабелийн утас байсан ба тухайн утасны доогуур гарахдаа би тухайн утсыг сайтар харж гарахад миний тээврийн хэрэгсэл тухайн утсан доогуур тохой хэрийн зайтай гарсан, тэгээд 4A гудамжны 08 тоот хашааны үүдэнд байх гэрэлтүүлгийн төмөр шонгоос хөндлөн татсан ямар ч тэмдэг тэмдэглээгүй утас байсан ба тухайн утсыг би 4.5 метрийн өндөртэй юм байх л гэж бодоод доогуур нь гараад цаашаа хэсэг явахад тухайн гудмын зам нь бүдгэрээд хаашаа эргэх нь мэдэгдэхгүй болохоор нь тээврийн хэрэгслээ зогсоогоод буугаад харахад ачиж явсан будаа цэвэрлэгчид маань сүүлийн доогуур нь гарсан утас тасарчихсан чирэгдээд явж байсан. Би хүн ачаа тээвэрлэх журмаас 35 см өндөртэй ачаа тээвэрлэснээ хүлээн зөвшөөрч байгаа, харин "Жаст ойл" шатахуун түгээх станцын өндөр хүчдэлийн кабел нь стандарт бус, гудамжны гэрэлтүүлгийн төмөр шонгоос татчихсан байсан, мөн тухайн утас нь ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээгүй, 4.5 метрээс намхан байсан болохоор тухайн утсан доогуур санаандгүй гарснаар тухайн утсыг ачаагаараа тастсан нь үнэн... /хх-ийн 92 дугаар хуудас/,
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Ө:
...Яллагдагч С.С 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өргөөгийн 3Б болон 4А гудамжны дунд Бичил глобус ХХК-ийн эзэмшлийн 4 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улмын Замын хөдөлгөөний дүрмийн 24.5-т заасан “Ачаатай буюу ачаагүй өндөр нь 4 м-ээс, өргөн нь 2.5 м-ээс, урт нь 20 м-ээс, ачаа нь тээврийн хэрэгслийн овроос урагшаа 2 м-ээс илүү, мөн хоёр чиргүүлтэй, эсхүл хүнд буюу аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримтална гэсэн заалтыг зөрчин газраас дээш 4 метр 35 сантиметр өндөр ачаа тээвэрлэсэн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна” гэсэн заалтыг зөрчин газраас дээш 4 метр буюу 35 сантиметр өндөр ачаа тээвэрлэн тус гудамжинд байрлах нийтийн эзэмшлийн буюу Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өндөрхаан тохижилт үйлчилгээний газарт 650.000 төгрөгийн, Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн харьяа Хэнтий аймаг дахь салбарт 1.742.554 төгрөгийн хохирлыг учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгчийн мэдүүлэг болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна... ... Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өндөрхаан тохижилт үйлчилгээний газарт 650.000 төгрөгийн, Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн харьяа Хэнтий аймаг дахь салбарт 1.742.554 төгрөгийн хохирлыг шүүгдэгч төлж барагдуулах ёстой, харин Андын Ундарга ХХК нь ...иргэний журмаар жич нэхэмжлэх боломжтой гэж үзэж байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ч:
...гэм буруутай гэж үзэж байна. 1.742.554 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна өөр санал, гомдол байхгүй... гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О:
...Компанид учруулсан 6.270.792 төгрөгийг нэхэмжилж байна. Гомдол, санал байхгүй... гэсэн тайлбарыг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-гийн өмгөөлөгч Г.Энхжавхлан:
...Андын Ундарга гэсэн ХХК-ийг хохирогчоор тогтоож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-г тогтоосон боловч хохирогчийн хохирлыг яах вэ гэдэг асуудлыг яллах дүгнэлт ч тэр, өөрийнх нь тавьж байгаа дүгнэлтэд, мөн бусад шүүгдэгч боон аль аль нь хохирлын асуудлыг ерөөсөө дурдахгүй байна. Үүнийгээ хуулийн заалтаар олон нийтийн өмч гэж тайлбарлаж байна. Хохирогчоор тогтоосон хохирогчоор яагаад тогтоосон, хохирогч гэж хэн юм гэдэг асуудал гарч ирнэ. ...Андын Ундарга ХХК нь сип кабель, ажлын хөлс, бусад зардал нийлээд 4.178.454 төгрөгөөр хохирсон байгаа. ...бид хохирлыг хамгийн багаар тооцож гаргасан. ...4 өдөр тоггүй байсан. ...Тухайн тоггүй байснаас үүдсэн зардал буюу тухайн өдөр үйл ажиллагаа явуулах боломжгүйгээр байхад тухайн 4 өдөр ажилчдад цалинг олгосон. ...Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Төрийн өмчид компанид хохирол учирсан байна. Харин хувийн компанид хохирол учирсан бол тэр гэмт хэрэг биш гэж яриад байна. ...Гэхдээ тухайн үйлдлээс шалтгаалаад хохирол учирсан байна. ...Иймд шүүх эрүүгийн хэрэг дээр хамт шийдэх ёстой... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг:
...хавтаст хэрэгт цугларсан материалаар, яллах дүгнэлтэд дурдсан эх сурвалжуудаар, шүүхийн шинэчилсэн байцаалтад асуултад хариулсан хариултуудаар ...манай хүн ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож, тогтоогдож байх тул гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлын асуудал дээр эрчим хүчний нэхэмжилж байгаа 1.742.554 төгрөгийг ...хот тохижилтын нэхэмжилсэн 650.000 төгрөгийг ...хүлээн зөвшөөрч байна. ...Андын Ундарга ХХК-ийн нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн асуудлыг иргэний журмаар төлж барагдуулж болохын байна гэж ойлгосон... гэсэн тайлбарыг,
Шүүгдэгч С.С:
...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлж барагдуулна. Шүүхээс гарсан шийдвэрийн дагуу хохирлоо төлнө... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд гаргасан улсын яллагчийн шүүгдэгч С.Сыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч, түүний өмгөөлөгч маргадаггүй ба гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.С нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй ба түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх хууль зүйн ойлголт бөгөөд шүүгдэгч С.С дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Үүнээс үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан гэмт хэргүүд гэдэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийснийг буюу хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг буюу материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж хоёр салгаж ойлгохоор заасан.
Шүүгдэгч С.Сын холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний өмчлөх эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн бөгөөд тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учруулсныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
“Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.
Үүнээс “Болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх, үрэгдүүлэх” гэмт хэрэг нь нийтийн эзэмшлийн зам харилцаа, цахилгаан, дулаан, холбоо, осол, гамшгаас урьдчилан сэргийлэх тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмжийг болгоомжгүйгээр устгасан, гэмтээсэн, идэвхтэй гэмт үйлдлээр илрэх ба гэмт үйлдэл нь гадаад хэлбэрээрээ зан үйл, бие эрхтнүүдийн харилцан үйлдэл, хөдөлгөөн бөгөөд тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.
Гэм буруугийн хувьд шүүгдэгч С.С нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 24.5-т заасныг зөрчиж 4 метр 35 сантиметр өндөр ачаа тээвэрлэснээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулж үйлдсэн тул болгоомжгүйгээр тус гэмт хэргийг үйлдсэнд тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан байна.
“Болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх, үрэгдүүлэх” гэмт хэргийн “Өмчлөх эрхийн эсрэг” бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь:
Нэгдүгээрт, нийтийн эзэмшлийн зам харилцаа, цахилгаан, дулаан, холбоо, осол, гамшгаас урьдчилан сэргийлэх тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмжийг болгоомжгүйгээр устгасан, гэмтээсэн, эсхүл үрэгдүүлсэн байхыг,
Хоёрдугаарт, түүний улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т "бага хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж заасныг үзвэл гурван зуун нэг нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 300.001 /гурван зуун мянга/ төгрөг, түүнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг ба энэ нь тус гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд “Бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулсан” гэх хүндрүүлэх шинжийг тус тус хангасан материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг гэж үзэхээр хуульчилсныг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч С.Сын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлийн шинжийг хангасан эсэхийг шалгахад нийтийн эзэмшлийн зам харилцаа, цахилгаан, дулаан, холбоо, осол, гамшгаас урьдчилан сэргийлэх тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмжийг юу гэж ойлгох мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор тогтоосон хохирогч нар нь тусгай объектод хамаарах эсэхийг шинжлэн дүгнэх ёстой байна.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өндөрхаан хот тохижилт үйлчилгээний газар болон Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн харьяа Хэнтий аймаг дахь салбар нар нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.4-т “үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа” гэж зааснаас үзвэл захиргааны байгууллагад хамаарах буюу эрчим хүчний хэрэглээг нийтээс заавал хэрэглэдэг нөхцөл байдал тогтоогдож байна.
Үүнээс үзвэл дээрх хохирогчоор тогтоогдсон Хэрлэн сумын Өндөрхаан хот тохижилт үйлчилгээний газар болон Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн харьяа Хэнтий аймаг дахь салбар нар нь нийтийн эрх зүйн этгээдийнхээ хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний объектын шинжийг хангасан гэж үзэж болохоор байна.
Харин “Андын Ундарга” ХХК нь Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэж хуульчилсан ба тухайн компани захиргааны байгууллагын нийтэд чиглэсэн эрчим хүчний үйлчилгээг өөрийн үйл ажиллагаандаа хэрэглэж, үүний улмаас ашиг олж байгаа учраас нийтийн эзэмшлийн тоног төхөөрөмжид хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч С.С нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өргөөгийн 3Б болон 4А гудамжны дунд Бичил глобус ХХК-ийн эзэмшлийн 4 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ газраас дээш 4 метр буюу 35 сантиметр өндөр ачаа тээвэрлэн тус гудамжинд байрлах нийтийн эзэмшлийн эрчим хүчний агаараар татсан цахилгааны сип кабелийг тастаж нийтийн эзэмшлийн буюу Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өндөрхаан хот тохижилт үйлчилгээний газарт 650.000 төгрөгийн, Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн харьяа Хэнтий аймаг дахь салбарт 1.742.554 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол болох гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хохирлыг болгоомжгүйгээр учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож байна.
Тэрээр шүүгдэгчийн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч болох Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өндөрхаан хот тохижилт үйлчилгээний газарт 650.000 төгрөгийн, Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн харьяа Хэнтий аймаг дахь салбарт 1.742.554 төгрөгийн учирсан гэмт хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч С.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх, үрэгдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол, хор уршиг:
Шүүгдэгч С.Сын гэм буруутай болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өндөрхаан хот тохижилт үйлчилгээний газарт 650.000 төгрөгийн, Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн харьяа Хэнтий аймаг дахь салбарт 1.742.554 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч “Андын Ундарга” ХХК-д 6.270.792 төгрөгийн хохирол учирсан байна.
Шүүхээс Андын Ундарга ХХК-ийг хохирогчоор тогтоосныг эрх зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ. Учир нь Андын Ундарга ХХК нь дээр дурдсанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй байна.
Харин шүүгдэгч С.С нь тус компанид хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч маргаагүй ба түүний хууль бус гэмт үйлдлийн улмаас Андын Ундарга ХХК-д хохирол учирсан нь нотлогдож байх тул шүүх иргэний нэхэмжлэгчээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүх тогтоол гаргах үедээ иргэний нэхэмжлэлийн нотлогдсон байдлыг харгалзан 4.178.450 /дөрвөн сая нэг зуун далан найм дөрвөн зуун тавь/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, Андын Ундарга ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Од олгож, үлдэх 2.092.342 /хоёр сая ерэн хоёр мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөгтэй холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.
Тус шүүх шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулсан ба шүүгдэгч энэ хугацаанд Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өндөрхаан хот тохижилт үйлчилгээний газарт 650.000 /зургаан зуун тавь/ төгрөгийг, Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн харьяа Хэнтий аймаг дахь салбарт 1.742.554 /нэг сая долоон зуун дөчин хоёр таван зуун таван дөрөв/ төгрөгийг тус тус төлж барагдуулж, түүнийгээ нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн ба харин Андын Ундарга ХХК-д учирсан хохирол болох 4.178.450 /дөрвөн сая нэг зуун далан найм дөрвөн зуун тавь/ төгрөгийг төлөхөө илэрхийлсэн болно.
Иймд шүүгдэгч С.Сыг Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өндөрхаан хот тохижилт үйлчилгээний газарт, Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн харьяа Хэнтий аймаг дахь салбарт төлөх төлбөргүй, харин түүнээс 4.178.450 /дөрвөн сая нэг зуун далан найм дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, Андын Ундарга ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Од олгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага:
Шүүх хуралдааны Эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Ө:
...Шүүгдэгч С.Сын үйлдсэн гэмт хэргийг гэмт буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. ...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Иймд түүний гэмт хэргийн нөхцөл байдал шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч нарт хохирлыг төлж барагдуулсан, мөн хохирогчид хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан үзээд шүүгдэгч С.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 6 сарын хугацаанд төлж барагдуулах эрүүгийн хариуцлагын ялын саналтай байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ч:
...хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О:
...хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Огийн өмгөөлөгч Г.Энхжавхлан:
...шүүгдэгч бидэнд учирсан хохирол болох 4.178.450 төгрөгийг тодорхой хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлсэн тул ...хуульд заасан хамгийн бага хэмжээний ял оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг:
...улсын яллагчийн санал болгосон ялын саналыг хүлээн зөвшөөрч, заасан хугацаанд торгох ялаа төлнө... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч С.С:
...хэлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч С.Сын дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд шүүх түүнийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Ст хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэхээс гадна гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч С.Ст торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2239004010429 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч С.С энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ч, Б.Сэдэд нарт төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6., 36.7.,
36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.2 дугаар зүйлийн 1
дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С-ын Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн эзэмшлийн зам харилцаа, цахилгаан, дулаан, холбоо, осол, гамшгаас урьдчилан сэргийлэх тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмжийг болгоомжгүйгээр устгасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С-ын Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С-ын Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч С-ын Ст шүүхээс оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 2239004010429 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч С-ын С энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ч, Б.Сэдэд нарт төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5., Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч С-ын С-аас 4.178.450 /дөрвөн сая нэг зуун далан найм дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан Андын Ундарга ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.О-д олгосугай.
7. Иргэний нэхэмжлэгч Андын ундарга ХХК нь бусад зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж С-ын С-аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С-ын С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С-ын С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН