Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2114

 

2019 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2019/02114

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ..........тоот хаягт байрлах АС-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ............тоот хаягт оршин суух Х овогт Б.А  /РД: .................../-т холбогдох,

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1,386,870 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Баярцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч АС-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Л-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус сууц өмчлөгчдийн холбоо нь Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 22, 23, 27, 33 дугаар байруудын дундын өмчлөлийн эд хөрөнгийг хамгаалах, хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах, оршин суугчдын тав тух, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган ажиллаж байна. Б.А нь 14 жилийн хугацаанд сууц өмчлөгчдийн холбооноос өөрсдийн ашигласан үйлчилгээний төлбөрөө төлөөгүй, түүнд сар, улирал бүр гэрт нь мэдэгдэл хүргүүлдэг. Б.А нь Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, биелүүлэх тухай мэдэгдлийг үл тоон, нийт оршин суугчдын эрх ашгийг зөрчиж байгаа нь холбооны хэвийн үйл ажиллагааг доголдох үндэслэл болоод байна. Хариуцагч Б.А нь 2005 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарыг хүртэлх хугацааны 1,386,870 төгрөгийг төлөлгүй өнөөдрийг хүрсэн тул хариуцагчаас энэ төлбөрийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүхэд гаргасан тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай гэр тус байрны 6 тоотод байдаг, манай эхнэр Б.А болон Д.Д бидний дундын өмч юм. Манайх өвлийн улиралд цонх онгойлгох боломжгүй, дотор талдаа цанталттай, хөлдсөн байдалтай байдаг. Манай цонхны доод талд хүмүүс бааж, шээдэг, архидан согтуурдаг. Өвөл өнгөрөх бүрд манайх байнга засвар хийдэг. Л-г манайд ирэхэд би энэ нөхцөл байдлыг засаж өгөхийг хүссэн гэтэл хүлээж аваагүй. Халаалтаар үйлчилсэн гэж яриад байна. Гэтэл манай доод талд байдаг үйлдвэр дулаан авсан байсныг салгуулж байсан. Өвлийн нөхцөлд манай хүүхдүүд байнгын ханиад хүрдэг. Манайх 2005 оноос хойш 4-5 удаа засвар хийсэн. Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, Барилгын тухай хуулийг зөрчиж АС нь байшин, орц, хонгилд нэг ч удаа засвар үйлчилгээ хийгээгүй, гаднах тохижилт, гэрэлтүүлэг муу, жижүүрээр ажиллуулж байгаа хүмүүс нь орон гэргүй, архи уудаг. Манай гэр агааржуулалтын системгүйгээс өвөл унтахад хамар битүүрч давчидана, их хэмжээний чийгшил үүсэж цонх, хана хөлөрч ус гоождог, ханын цаас, эмульс хуурч унадаг. Өөрийн хөрөнгөөр дээрх засваруудыг хийж хохирсоор байна. Манай байранд олон жил сууж байгаа 22а дугаар байрны 30 тоотод оршин суугч Д.Я-ийн АС-ны талаар бичсэн /СӨХ-ны даргын томилолт, оршин суугчдын төлөө ажил хийгээгүй/ дүгнэлтийг үндэслэлтэй гэж бодож байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлын жагсаалт батлах тухай 505 дугаар тушаалыг хэрэгжүүлээгүйгээс манай орон сууцны айл өрхүүдийн гэрийн хана цантаж, чийгшил нэмэгдсэн. АС нь манай орон сууцанд байгаа дээрх асуудлуудыг бусад оршин суугчдын төлсөн хуримтлалын мөнгөөр засаж янзалсны дараа сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлнө гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч АС нь хариуцагч Б.А-т холбогдуулан 2005 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрт 1,386,870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн агуулга бүхий хариу тайлбарыг шүүхэд гаргасан бөгөөд татгалзлын үндэслэлээ ... засвар үйлчилгээгээ хийдэггүйн улмаас байрны өнгө үзэмж муудсан, агааржуулалтын системгүйгээс гэрийн хана, цонх өвлийн улиралд цантдаг, жижүүрүүд нь орон гэргүй хүмүүс байдаг, архичид орцонд цуглаж бааж, шээдэг, гадна тохижилт муу, орц гэрэлтүүлэггүй тул СӨХ-ны төлбөрийг төлөхгүй гэж тайлбарлажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4.-т зааснаар орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна. гэж, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг хэлнэ гэж тус тус заасан байх ба дээрх заалтуудаас үзэхэд орон сууцны зориулалттай байшингийн сууц өмчлөгч нь заавал сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхаар зохицуулжээ.

 

Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 22 дугаар байрны 6 тоот орон сууцны оршин суугч, өмчлөгч нь хариуцагч Б.Амөн эсэх, тухайн орон сууц нь АС-Д харьяалагддаг эсэхэд талууд маргаагүй байх тул хариуцагч нь тус сууц өмчлөгчдийн гишүүн байна.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй гэж хуульчилжээ.

 

Хариуцагч Б.А нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний 2005 оны 7 дугаар сараас 2019 оны 5 дугаар сар хүртэлх хугацааны төлбөрийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч АС нь оршин суугчдаас 2016 оны 5 дугаар сараас 2017 оны 2 дугаар сар хүртэл хугацаанд засвар үйлчилгээний зардалд сард 4,350 төгрөг, цэвэрлэгээ 3,500 төгрөг, цахилгаан 500 төгрөг, баримт 200 төгрөг, нийт 11,050 төгрөг, 2017 оны 3 дугаар сараас 2019 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд засвар үйлчилгээний зардалд сард 4,350 төгрөг, цэвэрлэгээ 4,000 төгрөг, цахилгаан 500 төгрөг, баримт 200 төгрөг, БОНЗ 3,500 төгрөг, нийт 13,050 төгрөгийн зардал хураадаг байна.

 

Нэхэмжлэгч нь 2005 оны 7 дугаар сараас 2019 оны 5 дугаар сар хүртэл нийт 166 сарын сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний төлбөрийг нэхэмжилсэн. Гэвч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдсон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; гэж заасан байх тул 2005 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарыг хүртэлх хугацааны зардлыг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Харин 2016 оны 5 дугаар сараас 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны төлбөрт хариуцагч Б.Алтанцэцэгээс 455,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 931,070 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 75.2.3-д заасныг баримтлан хариуцагч Б.Алтанцэцэгээс 455,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч АС-Д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 931,070 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 37,139 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 14,324 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР