| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ш.Гандансүрэн |
| Хэргийн индекс | 180/2023/0014/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/21 |
| Огноо | 2023-01-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2023/0014/Э
Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч Д.Ч,
шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц-т холбогдох эрүүгийн 2239000000319 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
/Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар багийн төвд 2022 оны 08 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө 01 цагийн орчим О.А-тай “Эхнэр лүү чат бичсэн” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар О.А-ийн нүүр хэсэг рүү 2-3 удаа гараараа цохиж, зүүн нүд хэсэгт нь 1 удаа өшиглөж, түүний эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд зовхины хэсгийн язарсан шарх, зүүн нүдний алимны салст болон зүүн нүдний дээд, доод хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Б.Ц:
...хэлэх зүйл байхгүй... гэж мэдүүлжээ.
Үйл баримт:
Эрүүгийн 2239000000319 дугаартай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Б.Ц-ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар багийн төвд 2022 оны 08 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө 01 цагийн орчим О.А-тай “Эхнэр лүү чат бичсэн” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар О.А-ийн нүүр хэсэг рүү 2-3 удаа гараараа цохиж, зүүн нүд хэсэгт нь 1 удаа өшиглөж, түүний эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд зовхины хэсгийн язарсан шарх, зүүн нүдний алимны салст болон зүүн нүдний дээд, доод хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,
шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 576 дугаартай ...О.А-ийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд зовхины хэсгийн язарсан шарх, зүүн нүдний алимны салст болон зүүн нүдний дээд, доод хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцралт, хамрын зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
шинжээч эмч Ж.Ариунзаяагийн “...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн нүдний ухархайн дотор хананы хугарал нь ялтас яс учраас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тийм учраас гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй... /хх-ийн 68 дугаар хуудас/,
шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн 1054 дугаартай ...О.А-ийн биед зүүн ухархайн дотор ханын хугарал, зүүн дээд зовхинд шарх, гэмтлийн шалтгаан зүүн дээд зовхины бага зэргийн унжилт, зүүн нүдний алимны салст, дээд, доод хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. О.А-ийн хоёр нүдний хараа хэвийн байна...” гэх дүгнэлт, /хх-ийн 108-111 дүгээр хуудас/,
хохирогч О.А-ийн ...Манай сумын иргэн Ц ирээд та яагаад манай эхнэр лүү чат бичээд байгаа юм бэ гэхээр нь би юу яриад байгаа юм бэ тийм зүйл байхгүй тийм зүйл болсон бол чатыг нь аваад ир харья гэж хэлээд бид хоёр маргалдаж байгаад болиод би багийн төвийн байшингийн урд талд тамхи татах гээд газар сууж байтал Ц ирээд бид хоёр тамхи татаад сууж байгаад ярилцсан юм би Ц-т танай эхнэр лүү би чат бичсэн бол би чатыг нь аваад ир гэсэн. ...Тухайн үед би газар сууж байсан Ц хажууд зогссон байсан ба Ц гэнэт миний нүүр лүү хэд хэдэн удаа өшиглөөд дахиад намайг үсдэж байгаад байшингийн хана мөргүүлээд байсан. ...Нүд тойрсон яс цөмөрсөн... /хх-ийн 6-8 дугаар хуудас/,
гэрч О.Наранбайгалийн ...2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр манай ах болох А-ийн хүү Баянтөгөлдөр над дээр ирээд аавын нүүр сонин болчихсон байна гэхээр нь би очсон юм. Намайг очих үед манай ах болох -А нь зодуулчихсан байсан...намайг очиход гар болон нүүр нь цус болчихсон байсан...Дэлгэрхаан сумын иргэн Ц нь манай ахын зодож биед нь гэмтэл учруулсан байсан... /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
гэрч А.Энх-Ачийн ...намайг очиход Үүрээ ах Ц-ыг цаашаа бол гээд түлхээд Хуягаа ах газар явган суучихсан нүүрээ дараад байж байсан. ...буцаад ирэхэд Хуягаа ах газар нүүрээ дарчихсан сууж байсан, Ц-ын нүүр ам нь зүгээр байсан... /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
гэрч Б.Үүрцайхын ...Ц-ыг тэр хавиар хартал хойд байшингийн хажууд цагаан цамцтай хүн газар суугаад байх шиг байсан цагаан цамцтай болохоор нь Хуягаа ахыг байх гэж бодоод очсон чинь Хуягаа ах газар сууж байсан тэгэхээр нь Хуягаа ахын толгойг нь дээшээ болгоод хартал зүүн талын нүдний доод зовхи нь язарчихсан бага зэрэг цус гарч байсан тэгээд Ц-аас яасан талаар асуухад би өшиглөчихсөн юм гэж хэлж байсан... /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
яллагдагч Б.Ц-ын ...ингээд орой 22-23 цагийн орчим багийн төвд бүжиг болоход сумын иргэн О.А төвийн гадаа баруун талд нь ганцаараа сууж байхаар нь би очоод ойр зуурын юм ярьж байгаад та манай эхнэр лүү чат бичсэн байсан биз дээ гэж хэлснээс болж бид хоёрын дунд маргаан болсон, тэр үед О.А чи ахдаа томроод байна уу гэсэн... ...Тэгэхээр нь би зөрүүлээд түүний нүүрэн тус газар зүүн нүд орчимд нь гараараа 2 удаа цохисон тонгойхоор нь баруун хөлөөрөө нүүрэн тус газарт нь нэг удаа өшиглөсөн. ...Би гэмтлийн зэрэгтэй танилцсан, тухайн гэмтэл нь надад зодуулснаас учирсан гэмтэл юм... /хх-ийн 42-43 дугаар хуудас/, гэсэн мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Д.Ч:
...Шүүгдэгч Б.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар багийн төвд 2022 оны 08 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө 01 цагийн орчим О.А-тай “Эхнэр лүү чат бичсэн” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар О.А-ийн нүүр хэсэг рүү 2-3 удаа гараараа цохиж, зүүн нүд хэсэгт нь 1 удаа өшиглөж, түүний эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд зовхины хэсгийн язарсан шарх, зүүн нүдний алимны салст болон зүүн нүдний дээд, доод хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь ...нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогч О.А нь 4,800,000 төгрөг нэхэмжилсэн ба мөрдөн байцаалтын шатанд 2.000.000 төгрөгийг төлсөн боловч үлдсэн 2.800.000 төгрөгийг төлөөгүй байх тул шүүгдэгч Б.Ц-ыг бусдад төлөх төлбөртэй гэж тооцуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Ц:
...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд гаргасан улсын яллагчийн шүүгдэгч Б.Ц-ыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Ц нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй ба түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Б.Ц дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг”,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг.” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Б.Ц-ын холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарна. Энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.
Тус гэмт хэрэг нь хүний бие махбодид түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.
Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс бага хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд материаллаг шинжтэй, хөнгөн гэмтэл учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Б.Ц иргэн О.А-ийн нүүр хэсэгт 2-3 удаа гараараа цохиж, зүүн нүд хэсэгт нь 1 удаа өшиглөж, биед нь хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээрээ ямар нэгэн гэмтэл бэртэл учрахыг мэдсээр байж цохих, өшиглөх гэмт үйлдлийн улмаас хохирогч О.А-ийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд зовхины хэсгийн язарсан шарх, зүүн нүдний алимны салст болон зүүн нүдний дээд, доод хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын зулгаралт бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Шүүгдэгч Б.Ц нь хохирогч О.А-ийн биед хүч хэрэглэн халдаж цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогч О.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан хохирол, хор уршигт зориуд сэдэлт, зорилготой хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Ц-ын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч О.А-ийн зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд зовхины хэсгийн язарсан шарх, зүүн нүдний алимны салст болон зүүн нүдний дээд, доод хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч О.А нь гэмт хэргийн улмаас үүссэн хохирол болох эмчилгээний зардал нэхэмжлээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй ба шүүх хуралдааны тов мэдэгдэхэд 2.800.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Шүүх хохирогчийн шүүх хуралдааны шатанд баримтгүй нэхэмжилсэн 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгтэй холбоотой асуудлыг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ гэснийг хүлээн авч, энэ талаарх нотлох баримтуудаа бүрдүүлж, шүүгдэгч Б.Ц-аас Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Б.Ц-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны Эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Д.Ч:
...Шүүгдэгч Б.Ц-ын үйлдсэн гэмт хэргийг гэмт буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатайгаар учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Чинбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх саналтай байна. Уг гэмт хэргийн улмаас О.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Ц:
...торгох ял оногдуулж өгнө үү... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.
Улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч Б.Ц-т ...долоон зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах... гэсэн дүгнэлтийг, шүүгдэгч Б.Ц ...торгох ялаар шийтгэж өгнө үү... гэж мэтгэлцдэг.
Шүүх улсын яллагчийн ял шийтгэлийн талаарх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн бөгөөд шүүгдэгч Б.Ц-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.5., 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хариуцлагын зорилго, хүрэх үр дүнд нийцнэ.
Иймд шүүгдэгч Б.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулж,
шүүхээс шүүгдэгч Б.Ц-т оногдуулсан 1350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан 5 сарын хугацаанд төлөхөөр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ц-т оногдуулсан 1350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2239000000319 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Ц энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2.,
36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,37.1 дүгээр зүйлийн 2., 38.2
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц-т оногдуулсан 1350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц-т оногдуулсан 1350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц-т шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Хохирогч А нь 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийн болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж, шүүгдэгч Ц-аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн 2239000000319 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ц энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН