| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ш.Гандансүрэн |
| Хэргийн индекс | 180/2023/0015/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/22 |
| Огноо | 2023-01-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2023/0015/Э
Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч Д.Ч,
шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Л.Наранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А-д холбогдох эрүүгийн 2139003050256 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
/Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Н.А нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, 0 тоот хашаанд байрлах Р.Ванчинхүүгийн гэрт Л.Д-ыг “гэрээс гар, яв” гэж хөөж, толгой орой хэсэгт нь түлээний хагалсан модоор нэг удаа цохиж, Л.Д-ын эрүүл мэндэд зулайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Н.А:
...хэлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлгийг,
Үйл баримт:
Эрүүгийн 2139003050256 дугаартай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Н.А-ы 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, 0 тоот хашаанд байрлах Р.Ванчинхүүгийн гэрт Л.Д-ыг “гэрээс гар, яв” гэж хөөж, толгой орой хэсэгт нь түлээний хагалсан модоор нэг удаа цохиж, Л.Д-ын эрүүл мэндэд зулайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/,
хэрэг бүртгэлтийн 213900331 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хуулбарууд /хх-ийн 177-227 дугаар хуудас/,
шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 508 дугаартай “...Л.Д-ын биед зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 49-50 дүгээр хуудас/,
Шинжээч Ж.Жаргалтуяагийн ...Талийгаачийн биед хийсэн задлан шинжилгээгээр хатуу хальсан доорх цусан хурааны шинж байдал мөн эд эсийн шинжилгээний хариуг үндэслэхэд талийгаачид дээрх хатуу хальсан доорх цусан хураа нь 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна. ...2021.10.08-ны өдөр Л.Д-ын биед үзлэг хийхэд зулайн хуйханд мэс заслын оёдол бүхий шарх гэмтэл тогтоогдсон байна, дээрх гэмтэл нь талийгаачийн үхлийн шалтгаанд нөлөөгүй... /хх-ийн 235-237 дугаар хуудас/,
хохирогч Л.Д-ын ...Миний төрсөн дүү Л.Оюунчимэг Хэнтий аймгийн 5 дугаар баг Саригийн 3-18б тоотод оршин суудаг бөгөөд би дүүгийнхээ хашаанд байдаг зуны амбаарт байдаг юм. 2021 оны 10 дугаар сарын 08-ны өглөө 10 цагийн орчим босоод 0тоотод хашаанд байх Ванчинхүүгийн гэрт ороход Ванчинхүү зүс таних Энхбаяр гэх залуутай хамт байж байсан. ... Би гэрт ороод гэрийн зүүн орны хөлд суусан. Энхбаяр надад хандаж та гурил зуураад өгөөч гэж хэлсэн. Би тэгье гурил зуурах юухан байх вэ гэж хэлээд сууж байтал гаднаас Бух хочтой А баруун гартаа 50 см орчим урттай мод барьчихсан орж ирээд ямар ч үг хэлээгүй байхад миний толгойн орой хэсэг дээр гартаа барьсан модоороо нэг удаа цохисон. Би доошоо тонгойход миний толгой орой хэсгээс цус гараад би цагдаа дуудна гэж хэлээд Ванчинхүүгийн гэрээс гараад явсан. Би бух А-г зүс таньдаг. А бид хоёр урьд өмнө нь маргаж муудаж байсан зүйл огт байхгүй. Ямар учир шалтгааны улмаас А намайг цохисныг би ойлгоогүй ээ... /хх-ийн 15-17 дугаар хуудас/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Зоригтын ...Миний Л.Д 1968 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд Лхамсүрэнгийн 2 дахь хүүхэд болж төрсөн. ...Талийгаачийн хаяг Хэрлэн сумын 8 дугаар баг Тахилгат тосгон гэж явдаг. Тэгэхдээ аймгийн төвд Хэрлэн сумын 3 дугаар баг Саригийн 3-18б тоотод дүү Оюунчимэгийн хашаанд байх зуны амбаарт байдаг байсан... /хх-ийн 21-23 дугаар хуудас/,
гэрч Р.Ванчинхүүгийн ...Би 2021 оны 10 дугаар сарын 08-ны өглөө 10 цагийн үед хашаандаа гэрийн гадаа А, Энхбаяр бид 3 хамт Стандарт гэдэг нэртэй 750 граммын шилтэй архи хувааж уусан. Бид гурав архиа ууж дуусаад А гэртээ орсон. Би өөрийнхөө монгол гэрт Энхбаярын хамт ороод Энхбаярыг надад хоол хийж өгөөч гэж хэлээд гэрийнхээ зүүн орон дээр зүүн тийшээ хараад унтсан. Намайг унтахад Энхбаяр зуухны баруун талд хоол хийх гээд мах татаад сууж байсан... /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
гэрч Г.Энхбаярын ...Тэгээд Ванчинхүү ах гэрийнхээ зүүн орон дээр цаашаа буюу зүүн зүгт хараад унтсан. Би зуухны баруун талд хоол хийх гээд мах татаад сууж байхад гаднаас Д орж ирээд Ванчинхүү ахын унтаж байсан орны хөлд суусан. Д ахад гурил зуураад өгөөч гэхэд чадахгүй гэсэн. Тэгтэл гаднаас А гэх залуу орж ирээд Д-ыг яв гэж хэлэхэд Д гэрээс гарахгүй, юм хэлэхгүй суугаад байсан. Тэгтэл А гэх залуу Д-ын толгой хэсэгт гараараа цохиход Д-ын толгойноос цус гарсан... /хх-ийн 30-31 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Д.Ч:
...Шүүгдэгч Н.А нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, 0 тоот хашаанд байрлах Р.Ванчинхүүгийн гэрт Л.Д-ыг “гэрээс гар, яв” гэж хөөж, толгой орой хэсэгт нь түлээний хагалсан модоор нэг удаа цохиж, Л.Д-ын эрүүл мэндэд зулайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь ...нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Д-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Зоригт хохирол, хор уршигтай холбоотой баримтаа хэрэгт хавсаргаагүй, нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Н.А-ы г бусдад төлөх төлбөргүй гэж тооцуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг:
...гэм буруугийн хувьд маргаангүй оролцож байна... гэсэн тайлбарыг,
Шүүгдэгч Н.А:
...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд гаргасан улсын яллагчийн шүүгдэгч Н.А-ы г гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.А нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй ба түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Н.А дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг”,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг.” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Н.А-ы холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарна. Энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.
Тус гэмт хэрэг нь хүний бие махбодид түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.
Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс бага хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд материаллаг шинжтэй, хөнгөн гэмтэл учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Н.А иргэн Л.Д-ын толгой орой хэсэгт нь түлээний хагалсан модоор нэг удаа цохиж, биед нь хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээрээ ямар нэгэн гэмтэл бэртэл учрахыг мэдсээр байж түлээний хагалсан модоор нэг удаа цохих гэмт үйлдлийн улмаас хохирогч Л.Д-ын биед зулайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Шүүгдэгч Н.А нь хохирогч Л.Д-ын биед хүч хэрэглэн халдаж цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогч Л.Д-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан хохирол, хор уршигт зориуд сэдэлт, зорилготой хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Н.А-ы г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол, хор уршиг:
Шүүгдэгч Н.А-ы гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Л.Д-ын биед зулайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол хохирол учирсан байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Зоригт нь гэмт хэргийн улмаас үүссэн хохирол болох эмчилгээний зардал нэхэмжлээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй ба шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ.
Иймд шүүгдэгч Н.А-ы г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага:
Шүүх хуралдааны Эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Д.Ч:
...Шүүгдэгч Н.А-ы үйлдсэн гэмт хэргийг гэмт буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатайгаар учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Н.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Уг гэмт хэргийн улмаас Л.Д-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг:
...1 сарын зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Н.А:
...хэлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.
Улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч Н.А-д ...3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах... гэсэн дүгнэлтийг, шүүгдэгч Б.Цогтбаяр ...1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү... гэж мэтгэлцдэг.
Шүүх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн ял шийтгэлийн талаарх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн бөгөөд шүүгдэгч Н.А-ы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.5., 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хариуцлагын зорилго, хүрэх үр дүнд нийцнэ.
Иймд шүүгдэгч Н.А-ы г 2 /хоёр/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 09-05 тоот газраас шилжин явахыг, Улаанбаатар хот болон бусад аймаг, сумдад очихыг хориглох, шүүхээс тогтоосон Хэнтий аймгийн нутаг дэвсгэр доторх чиглэлээр зорчихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, шилжин явах, зорчих эрхийг хязгаарлахыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.А-ы г зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж,
шүүгдэгч Н.А-д шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2139003050256 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.А энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,
37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус
заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н-ийн А-ыг эрх бүхий байгууллагын хяналтад Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саргийн 09-05 тоот газраас шилжин явахыг, Улаанбаатар хот болон бусад аймаг, сумдад очихыг хориглох, шүүхээс тогтоосон Хэнтий аймгийн нутаг дэвсгэр доторх чиглэлээр зорчихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, шилжин явах, зорчих үүргийг 2 /хоёр/ сарын хугацаагаар хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А-д зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч А-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн 2139003050256 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н-ийн А энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН