| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2019/02422/И |
| Дугаар | 2116 |
| Огноо | 2019-08-01 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2116
| 2019 оны 08 сарын 01 өдөр | Дугаар 102/ШШ2019/02116 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ...........тоот хаягт оршин суух З овогт Э.Д /РД: ВП85112500/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ......................тоот хаягт оршин суух М овогт Т-ийн М, /РД: ТД84122514/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Д, хариуцагч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2006 онд Т.М-тай танилцаж, 2007 оноос эхэлж хамтран амьдарсан. Бид 2006 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн 0036007 дугаар гэрчилгээ авсан. Бидний дундаас 2006 оны 10 дугаар сарын 13-ны өдөр охин М.М, 2010 оны 3 дугаар сарын 29-ны өдөр хүү М.Одгэрэл нар төрсөн. Т.М архи уудаг, уухаараа намайг зодож цохидог, гэр бүлийн маргаантай байсан учраас цаашид хамт амьдрах боломжгүй болж 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарсан. Эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрч чадаагүй. Би охин, хүү хоёртойгоо аавынхаа хашаанд амьдарч байгаа. Цаашид бид хамтран амьдрах боломжгүй. Би хоёр хүүхдээ өөрийн асрамжид авна. Т.М нь эрхэлсэн ажилгүй тул хоёр хүүхдэдээ хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Д бид хоёр 2001 онд танилцаж, 2006 онд бидний дундаас охин төрж, гэрлэлтээ батлуулсан. Э.Д-ийн намайг архи уудаг гэсэн үнэн. Би уухаараа Э.Д-ийн өмнө үерхэж байсан залуутай хардаж хэрүүл маргаан гардаг байсан. Э.Д салснаас хойш намайг хоёр хүүхэдтэй минь цөөхөн уулзуулсан. Би барилгын туслах ажил хийдэг. Тогтсон цалингүй болохоор хүүхдүүдээ тэр бүр харж хандаад байдаггүй. Хоёр хүүхдээ ээжийнх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйл байхгүй. Бид хоёрт эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Д нь хариуцагч Т.М-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг гаргаж шүүхэд хандсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Э.Д , хариуцагч Т.М нар 2006 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гэр бүл болсныг эрх бүхий байгууллага 2006 оны 7 дугаар сарын 10-ны өдөр албан ёсоор бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгосон ба гэрлэгчдийн дундаас 2006 оны 10 дугаар сарын 13-ны өдөр охин М.М, 2010 оны 3 дугаар сарын 29-ны өдөр хүү М.О нар төрсөн байна.
Талууд хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2012 оноос хойш тусдаа амьдарч байгаа нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд гэрлэгчид гэр бүл цуцлахыг харилцан зөвшөөрсөн, цаашид хамт амьдрах хүсэлгүй байгаа нөхцөл байдлыг үндэслэж шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч нарт дахин эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэв.
Хүүхдийн асрамжийн талаар талууд харилцан тохиролцсон байдлыг харгалзан охин М.М, хүү М.О нарыг эх Э.Д-ийн асрамжид үлдээх нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгтэй харшлахгүй.
Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан З овогт Э.Д болон Монгол овогт Т. М нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2006 оны 10 дугаар сарын 13-ны өдөр охин М.М /РД: ......./, 2010 оны 3 дугаар сарын 29-ны өдөр хүү М.О /РД: ....../ нарыг эх Э.Д-ийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МӨНХТӨР