Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2019/ДШМ/21

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                        Прокурор Д.Алимаа /онлайнаар/

                                                        Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш /онлайнаар/

                                                        Шүүгдэгч Ж.Ц

                                                         Нарийн бичгийн дарга Э.Энхболд нарыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалангийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/38 дугаар шийтгэх тогтоолд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлоор Ж.Ц-д холбогдох эрүүгийн 1827000940005 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Өндөр Төмөр овгийн Ж.Ц

Ж.Ц нь 2018 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Баруун сөдөтийн нарийн хамар” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ. 

                                                                                       

Анхан шатны шүүх, Өндөр Төмөр овгийн Ж.Ц-нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдан, шүүгдэгч Ж.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц-н эзэмшлийн 8.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий цэнхэр өнгийн портер машиныг битүүмжилсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 04 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц-с 89.500.000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ц-д авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Ц гаргасан давж заалдах гомдолдоо:  “...Шүүх хуралдаанд миний зүгээс гэм буруугаа мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 19.984.870 төгрөгийг төлж барагдуулсан, байгаль экологид учруулсан хохирлоо барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Гэвч мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, шүүхээс хэрэглэх ёсгүй заалт буюу Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 7.5 дугаар зүйлийн 1.2-т заасан заалтыг хэрэглэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслийн үнийг улсын орлого болгон шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Учир нь энэхүү хэргийг шалгах явцад гаргасан эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг миний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байсан бөгөөд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин дүгнэлт гаргасан гэж үзэж хүсэлт гаргаж байсан. Мөн шүүхийн шийтгэх тогтоолд зааснаар 2018 оны 05 дугаар сард тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэл хайгуул хийж, газрын хэвлийд халдсаны улмаас байгаль орчинд хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх техник хэрэгслүүдийн үнэлгээг тогтоохдоо шинжилгээний объектод үзлэг хийлгүйгээр, зах зээлийн ханшийг буруу тооцоолон таамаглалаар дүгнэлт гаргасан, хэргийн бодит байдлыг нарийвчлан тогтоогоогүй гэж үзэж хэргийг прокурорт буцаах хүсэлтийг гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хүлээн аваагүй бөгөөд ашигт малтмалын эрэл хайгуул хийж, газрын хэвлийд халдсан гэх үйлдэлдээ дээрх бүх тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг ашигласан эсэх эсхүл зарим техникийг ашиглаж үйлдсэн эсэхийг мөрдөн байцаалтын явцад нарийвчлан тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн байтал үүнийг тодруулан шийтгэх тогтоолд дурдаагүй. Мөн дизель моторыг ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэх боловч хэрэгт авагдсанаар хэрэг үйлдэгдэх үед дизель мотор нь хэрэг үйлдэгдсэн гэх хугацаанаас өмнө саатуулан битүүмжилж Бат-Өлзий сумын цагдаагийн хэсгийн журмын хашаанд авчирсан, одоогоор тэнд байгаа. Энэхүү дизель моторыг ашиглахгүйгээр усан буу болон бусад алт угаах төхөөрөмж ажиллах боломжгүй, алт угаах төхөөрөмж ажиллагаагүй байхад бусад техникүүдийг ч ашиглах боломжгүй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх зорилгоор хэрэглэж буй заалт гэж тодорхойлогддог. Гэтэл миний бие учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байтал дээрх заалтыг хэрэглэн миний эд хөрөнгийг хурааж улсын орлого болгосон нь эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчим, мөн хүний халдашгүй байх буюу тэр дундаа өмчлөх эрхэд халдахгүй байх зарчмыг удирдлага болгон авч үзэлгүйгээр энэхүү хэргийг шийдвэрлэлээ. Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.2-т заасан заалтыг буруу тайлбарлаж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан шийтгэсэн тул Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ38 дугаар шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг хүчингүй болгож, мөн шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “...8500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй...” гэснийг  “...5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй...” гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Прокурор Д.Алимаа давж заалдах гомдолд гаргасан прокурорын тайлбартаа: “...Ж.Ц-д холбогдох эрүүгийн 1827000940005 дугаартай хэргийг тус прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 04 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд 38 дугаартай тогтоолоор шүүгдэгч Ж.Ц нь 2018 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Баруун сөдөтийн нарийн хамар” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж хууль бусаар газрын хэвлийд халдсаны улмаас байгаль орчинд 15.385.883 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул шүүгдэгч Ж.Ц-г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 4 тооны техникийн үнэ болох 89.500.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 8500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн болно. Шүүгдэгч Ж.Ц нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан гэрч Д.Ц-н мэдүүлэг болон бичгийн нотлох баримтуудаар гэмт хэргийг үйлдэх зорилгоор “Баруун сөдөтийн нарийн хамар” буюу уг хэргийг үйлдсэн гэх газар авч очиж байрлуулсан болох нь нотлогдон тогтоогддог. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Ц-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх техникүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлоготой адилтган тээврийн хэрэгслийн үнийг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах, үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй учраас анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн. Мөн гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирол болон хор уршиг, уг гэмт хэргийн улмаас эвдэгдсэн газрын нөхөн сэргээгдэх хугацаа зэргийг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Ж.Ц-д 8500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Ж.Ц-с гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул  Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ38 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Ж.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Гэрч Ц-н мэдүүлэгт үндэслэж намайг газрын хэвлийд хууль бусаар халдсан гэж буруутгаж байна. Би урьд нь хүсэлт гаргах үедээ дахин шалгуулах талаар дурдаж байсан. Тухайн үед мөрдөн байцаагч надаас мэдүүлэг авахдаа усан буу ажилласан талаар нарийвчилж асуугаагүй. Гэрч Ц-н хувьд гар аргаар ашигт малтмал олборлодог, хувьдаа усан буутай хүн. Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгөхдөө зөвхөн тэр усан бууныхаа тухай ярьсан байсан. Цагдаа ирээд өөрийг нь гар аргаар алт олборлодог талаар нь шалгаад байна гэж ойлгосон юм шиг байна лээ. Гэтэл мөрдөн байцаагч нь миний харьяалалтай усан бууны тухай асууж байхад усан буу ажилласан, алтыг нь Б гэдэг хүн авсан гэх мэт өөрийнхөө усан бууны тухай баахан зүйл ярьсан байсан. Тийм учраас энэ асуудлыг нарийвчлан шалгуулах хүсэлтэй байна. Манай талаас ямар нэг ашигт малтмал олборлосон зүйл байхгүй. Архангай аймагт туслан гүйцэтгэгчийн ажилд явж ирээд зам харгуйгаас шалтгаалаад хамаатныхаа эгчийн гадаа машин техникүүдээ орхисон байсан. Дараа жил нь дахин Архангай аймаг руу гарах санаатай тэр газраа засвар үйлчилгээгээ хийж байхад та нар ажлаад байна гээд хүрээд ирсэн. Тухайн газар нь эвдэгдсэн байсан газар гэдгийг нотлох Өвөрхангай аймгийн 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн хурлын тогтоол байдаг. Уг тогтоол дээр тэр эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт хийлгүүлэхээр тендер зарласан байдаг. Харамсалтай нь надад хурлын протокол нь байхгүй байна. Гэхдээ он сараар нь хайх юм бол гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна. Анх “Монгол газар” гэдэг нэртэй компани үйл ажиллагаа явуулж бүх газрыг нь эвдчихсэн байсан юм билээ гэв.

 

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ж.Ц нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс хохирол нөхөн төлөхтэй холбоотойгоор ажлын 5 хүртэл хоногийн хугацаагаар завсарлага авах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг завсарлуулсан. Шүүх хурал завсарлаад орох үед шүүгдэгчийн зүгээс хохирол төлсөн гэсэн албан бичиг авчирсан. Тэр нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын засаг дарга Жамъяншаравын албан бичиг байсан. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын засаг дарга Жамъяншарав энэ хэрэгт өөрөө оролцоогүй. Энэ хэргийн хууль ёсны төлөөлөгчөөр байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Я-г оролцуулсан байдаг. Тэр албан бичигт нь хохирол төлөгдсөн гэж дурдагдсан боловч хохирол төлбөрөө ямар байдлаар төлсөн болон төлсөн гэх 19.000.000 төгрөгөө байгаль орчны нөхөн сэргээх төрийн сангийн тусгай дансанд шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй байгаа. Тийм учраас шүүгдэгчийг хохирол төлсөн талаарх нотлох баримтаа дутуу бүрдүүлж авчирсан гэж үзэж байна. Энэ талаар анхан шатны шүүх хохирлыг төлөгдсөн гэж үзсэнд прокурорын зүгээс эсрэг байр суурьтай байсан. Миний хувьд хохирол төлөгдөөгүй гэж шийтгэх тогтоолын тухайн заалтанд өөрчлөлт оруулах саналтай байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг хэрэглэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзсэн 4 тооны техникийн үнэ болох 89.500.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хэргийн газрын үзлэг хийх явцад гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдаж байсан буюу гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газарт 8 тооны техник байсан. 136.000.700 төгрөгийн үнэ бүхий 5 техник нь шүүгдэгч Ж.Ц-н өмчлөлийнх, 321.000.600 төгрөгийн үнэ бүхий 3 техник нь бусдын эзэмшлийнх байгаа. Тийм учраас улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн өмчлөлийн 5 техникийг хурааж, бусдын эзэмшлийн 3 техникийн үнийг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна. Шийтгэх тогтоолын бусад заалтын хувьд тусгайлан гаргах санал байхгүй. Шүүгдэгчид оногдуулсан 8500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8500000 төгрөгөөр торгох ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээхгүй байгаа байдал, байгаль орчинд учруулсан хохирол болон хор уршиг зэргийг харгалзан үзэж оногдуулсан тул ял шийтгэлийн хувьд тохирсон гэж үзэж байна. Байгаль орчны хяналтын улсын байцаагч тухайн усан буу болон дизель моторыг өмнө нь авч явсан гэдэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байгаа, уг моторыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ж.Ц нь мөрдөн байцаалтын явцад болон шүүх хуралдааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Учирсан хохирол болох 15.385.000 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 4.598.990 төгрөг нийт 19.984.870 төгрөгийг төлөхөөр банкинд тушаасан. Дансны зөрүүтэй асуудлаас шалтгаалан гэм буруугийн шүүх хуралдаанаас ажлын 5 хүртэл хоногийн хугацаагаар завсарлага авч Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын засаг дарга болон байгаль орчны хяналтын улсын байцаагчтай нь уулзаад байгаль орчны албатай нь ажил гүйцэтгэх гэрээ хийж, гэрээний төлбөрөөс хохирлыг төлөхөөр тохиролцсон. Үүний үндсэн дээр тухайн орон нутгийн удирдлагаас хохирол төлөгдсөн гэсэн албан бичгийг авсан. Тийм учраас хохирлын зарим хэсэг нь төлөгдсөн. Үлдсэн хэсэг нь төлөгдөх шатандаа явж байгаа. Хэргийн материал болон тухайн үеийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаас харахад 8 ширхэг техник хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэсэн зүйл яригдсан. Анх байгаль орчны улсын хяналтын байцаагч Б.Я очиж шалгахдаа 3 техник хэрэгслийг ажиллаж байна гэж үзээд лацдаж битүүмжилсэн байдаг. Харин хэрэг хянан шалгах явцад эдгээр техник хэрэгслүүдийг ашигласан байж магадгүй гэсэн үндэслэлээр айлын гадна байсан буюу зөөвөрлөж засварлах шатанд явж байсан 5 ширхэг техникийг нэмж улсын орлого болгуулахаар улсын яллагчийн зүгээс санал гаргасан. Уурхай ажиллаж байх үед мэргэжлийн хяналтын комисс очиж шалгалт хийж ашиглаж байсан техник хэрэгслүүдийг битүүмжилсэн. Эдгээр техник хэрэгслүүдийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болно. Харин хэрэгт авагдсан 8 ширхэг техник хэрэгслүүдийг бүгдийг нь ашиглаж гэмт хэрэг үйлдсэн эсэхийг нарийн тодруулах шаардлагатай гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн давж заалдах гомдолдоо дурдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг хэрэглэх эсэх талаар дүгнэлт хийж өгөхийг хүсч байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Ж.Ц нь 2018 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Баруун сөдөтийн нарийн хамар” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Я-н “...Ж.Ц нь уурхай ажиллуулахаар Бат-Өлзий сумын Баруун сөдөтийн Шар хад гэх газарт 2018 оны 05 дугаар сарын дундуур аваачиж байрлуулсан байсан.Тус газарт 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр сумын ИТХ-ын төлөөлөгч нартай очиход техникүүдээ янзлаад суурилуулж байсан ба үйл ажиллагаа эхлүүлээгүй байсан. Дараа нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн МХГ-ын ахлах байцаагч, геологи уул уурхайн байцаагч, МХГ-ын геологи уул уурхай хариуцсан хэлтсийн дарга, хэлтсийнхээ 2 байцаагчтай бид очсон. Биднийг очиход уурхай нь ажиллаж байсан гэхдээ тухайн мөчид техникүүдээ ажиллуулаагүй харагдсан. Тус уурхай дээр шалгалт явуулаад 1 экскаватор, усан бууны мотор, ременийг холбож лац тавьсан. Тэгээд ажиллахгүй гэдгийг тухайн уурхай дээр байсан ажилчдад хэлчихээд Ц-д лацаа хүлээлгэж өгчихөөд явсан. Ж.Ц-д ашигт малтмалын эрэл хайгуул, ашиглалт явуулах ямар нэгэн зөвшөөрөл байхгүй. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй. Тус газарт хайгуулын ашиглалтын тусгай зөвшөөрөл байхгүй... Ж.Ц-н хувьд Баруун Сөдөтийн Шар хад гэх газар эвдэгдсэн газрын нөхөн сэргээлт хийх талаар сум орон нутагтай ярилцсан хэлэлцсэн зүйл байхгүй... ” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 45-48 хуу/

гэрч Т.Ө-н “...Би уурхай дээр 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн орой 20 цагийн үед ирсэн. Экскаваторыг өчигдөр өглөө буюу 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээж аваад ажиллуулах гээд байж байхад шалгалтын хүмүүс ирж зогсоосон. Намайг уурхай дээр ирэхэд усан буу нь ажиллаж байсан. Экскаваторын жолооч ар гэрийн гачигдлаар гэр рүүгээ явсан гэсэн. Уурхай тусгай зөвшөөрөлтэй эсэхийг мэдэхгүй”... гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 62 хуу/,

гэрч Д.Ц-ы “...Уурхайн үйл ажиллагааг ерөнхийд нь хариуцдаг байсан. Манай уурхай 2018 оны 05 дугаар сард Баруун сөдөтийн шархад гэх газар гарсан. Уурхайн ажилчид тогтвор суурьшилтай ажилласан хүмүүс бага, ирэн очин ажиллацгаадаг. Уурхайн техникүүд зарим нь түрээс, зарим нь Ж.Ц-х байгаа байх. Би сайн мэдэхгүй байна. Баруун сөдөтийн шар хаданд байх кемпны баруун хойд талын газраас шороог экскаватороор ухаж, гаргасан шороогоо том хүнд даацын өөрөө буулгагч автомашинаар зөөж усан буун дээр буулгаж угааж байсан. Уурхай нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаггүй. Учир нь тогтсон ажилчид гэж байхгүй, цалин боддог нягтлан, нярав байхгүй...” гэх /1 дүгээр хх-ийн 78-79 хуу/ мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /1 дүгээр хх-ийн 16-17 хуу/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 18-20 дугаар хуу/, хохирлын үнэлгээ, нөхөн сэргээх зардал тооцох ажлын тайлан 2018/02 шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 110-159 хуу/, Ашигт малтмал, газрын тосны 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 7/5803 албан бичиг зэрэг хэрэгт авагдсан, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах, өмгөөлөх талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн Ж.Ц-г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж хууль бусаар газрын хэвлийд халдсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Ж.Ц-с техник хэрэгслүүдийг гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэн, тохиромжтой нөхцөл байдал бүрдүүлэн гэмт хэргийн явцыг түргэсгэх хялбарчлах зорилгоор бүрдүүлээгүй. Шийтгэх тогтоолоор техник хэрэгслийг бүгдийг ашигласан гэж үзэж эд хөрөнгө хураах заалт хэрэглэснийг хүлээн зөвшөөрөхгүй.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.2 нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх зорилгоор хэрэглэж буй заалт гэж тодорхойлогддог. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан байтал дээрх заалтыг хэрэглэн эд хөрөнгийг хурааж улсын орлого болгосон нь эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчим, хүний халдашгүй байх буюу тэр дундаа өмчлөх эрхэд халдахгүй байх зарчмыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн, мөн анхан шатны шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг багасгаж өгөх талаарх гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэдэг ба цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлд шилжсэн байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулахаар тусгажээ.

 

Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Ц-н гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үнэ болох 89.500.000 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, шүүгдэгчийн гомдол үндэслэлгүй байна.

 

Харин гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Ж.Ц-д анхан шатны шүүхээс оногдуулсан торгуулын ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар байгаль орчинд учруулсан хохирлыг Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар заасан, хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгчийг хохирол төлсөн гэж үзэх  боломжгүй байна.

             

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/38 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.4-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/38 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 

2 дахь заалтын “8500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.500.000” гэснийг “5600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.600.000” гэж өөрчлөн

            5 дахь заалтын “бусдад төлөх төлбөргүй” гэснийг хасч

  1. 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар “Ж.Ц-с 19984870 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай” гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.