Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2021/0457/З |
Дугаар | 128/ШШ2021/0828 |
Огноо | 2021-12-07 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2021/0828
2021 оны 12 сарын 07 өдөр | Дугаар 128/ШШ2021/0828 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т ХХК
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Хариуцагч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба
Нэхэмжлэлийн шаардлага: 1. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 сарын 20-ны өдрийн А/694 дугаартай Захирамжийг хүчингүй болгуулах, 2. Газар эзэмшүүлэх гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгах-ыг хүссэн шаардлагууд бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компани нь Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтод хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 242 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны хотхон барих зориулалтаар нийт 150.0 га газрыг Нийслэлийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/344 тоот захирамжаар эзэмшиж ирсэн.
Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн Г.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Бат үрс интернэшнл ХХК гуравдагч этгээдээр оролцож байх явцад Нийслэлийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт дотор газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тухай Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 сарын 20-ны өдрийн А/694 тоот захирамж ирсэн байсан.
Дээрх захирамж яагаад гарах болов гээд сураад үзтэл газрын төлбөр төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч Т ХХК болон төсөл хэрэгжүүлэгч бусад 3-н компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байсан.
Манай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаар 2020 оны 09 сарын сүүлээр Бат үрс интернэшнл ХХК-с мэдсэн бөгөөд энэ талаар Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй мөн Газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийг бидэнд хүргүүлээгүй байна.
Манай компаниас гомдолдоо газар эзэмших эрхийн гэрчилгээг ямар үндэслэлээр цуцалсан бидэнд яагаад мэдэгдээгүй мөн оролцогчийн эрхийг хангаж, урьдчилан мэдэгдээгүй учир уг захирамжийг хүчингүй болгож өгөхийг хүссэн өргөдөл Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн бөгөөд бид өөрсдөдөө илүү хувь авч үлдээгүй байна.
Нийслэлийн Засаг даргаас бидэнд хариу өгөөгүй тул 2020 оны 10 сарын 07-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийн эрхийг хангаж, урьдчилан мэдэгдэж шийдвэр гаргаагүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн байна.
Иймд оролцогчийн эрхийг хязгаарлаж хууль бусаар гаргасан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын сарын 20-ны өдрийн А/694 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Т ХХК-ийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах тайлбарыг гаргаж байна.
Т ХХК-д Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны хотхоны зориулалтаар Нийслэлийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/344 дүгээр захирамжаар 150 га газар эзэмшүүлж, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжаар 15 жилийн хугацаагаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан байна.
Тус компани нь 2012 оноос хойш газрын төлбөрөө Бүрэн төлж барагдуулаагүй тул Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 4.5 дахь хэсэгт заасны дагуу газрын төлбөрөө мэдэгдэлд заасан хугацаанд төлж барагдуулах, тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01-09/5143, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01-09/5781, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01-09/5967 дугаар албан бичгээр тус тус мэдэгдсэн.
Т ХХК нь газрын төлбөрөө мэдэгдэлд заасан хугацаанд төлж
барагдуулаагүй тул Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/694 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, тус захирамжийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 02-06/2547 дугаар албан бичгээр хүргүүлсэн болно.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/694 дугаар захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт бөгөөд нэхэмжлэгч Т ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ... Нэхэмжлэгч Т ХХК нь Засгийн газрын тогтоолын дагуу Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны хотхон барих зориулалтаар нийт 150.0 га газрыг Нийслэлийн Засаг даргын 2012 оны 05 сарын 17-ны өдрийн А/344 тоот захирамжаар эзэмшиж ирсэн.
2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 тоот захирамжаар газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан. Уг захирамжийн 2 дахь хэсэгт зааснаар Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газрын албанд даалгасан.
Гэтэл хариуцагч нь өнөөдрийг хүртэл хугацаанд Т ХХК-тай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй байна. Иймд гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Нийслэлийн Газрын албанд даалгаж өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ...Т ХХК-ийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах тайлбарыг гаргаж байна.
Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ гэж заасан.
Т ХХК -ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/694 дүгээр захирамжаар хүчингүй болгосон тул 2018 оны А/1159 дүгээр захирамжийн дагуу газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгох нь үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэгч Т ХХК 2018 оны А/1159 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгагдсанаас хойш тус албанд гэрээ байгуулж, гэрчилгээ авах талаар хандаж байгаагүй тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт эс үйлдэхгүй байхгүй болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
Нэхэмжлэгч Т ХХК-нь:
1. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/694 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах,
2. Газар эзэмшүүлэх гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгах-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/694 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нийслэлийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрх олгох тухай А/344 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 150.0 га газрыг Т ХХК-д 5 жилийн хугацаатай, орон сууц, амины орон сууцны хотхоны зориулалтаар эзэмшүүлсэн байна.
Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/694 дүгээр захирамжаар ....Т ХХК-нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан газрын төлбөрөө төлж барагдуулах удаа дараагийн мэдэгдэлд заасан хугацаанд газрын төлбөрийг төлөөгүй... гэсэн үндэслэлээр Т ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.
Дээрх А/694 дүгээр захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5-д заасныг тус тус үндэслэсэн байна.
Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх;, 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:, 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;, 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй; гэж тус тус заасан байна.
Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:, 35.3.3-д газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх; гэж хуульчилсан байна.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд газрын төлбөр төлөх нь газар эзэмшигчийн нэн түрүүнд биелүүлэх үндсэн үүрэг байх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хуульд тодорхой заасан байна.
2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №020180752 тоот Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаас үзэхэд Т ХХК-нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 57,000,000 төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй байсан байна.
2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Газар ашиглаж, эзэмших гэрээ дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн №1 тоот акт протоколоос үзэхэд Т ХХК-нь 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 530,333,333 төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй байна.
Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний 5.5-д ...газар эзэмших гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд газар эзэмшигч газраа эзэмшсээр байгаа бол энэхүү гэрээ 1 жилийн хугацаанд хүчинтэй гэж үзнэ. гэж заасан байна.
Манай компанийн газар эзэмших эрхийг сунгасан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжийн дагуу манай компанитай газрын албанаас газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүйн улмаас газрын төлбөрийг ямар үнэлгээгээр, хэрхэн тооцож төлөхийг бид мэдээгүй, гэрээ байгуулах үүргээ хариуцагч биелүүлээгүй гэсэн агуулгаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлан маргаж байна.
Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх байдлаар тайлбарлан, манай компанитай газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүйн улмаас газрын төлбөрийг хэдий хэмжээгээр, ямар үнэлгээгээр тооцож төлөхийг бид мэдээгүй гэсэн агуулгаар маргаж байх боловч дээр дурдсан 2018 оны №020180752 тоот Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, 2020 оны Газар ашиглаж, эзэмших гэрээ дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн №1 тоот акт, протоколоос үзэхэд Т ХХК нь газрын төлбөрийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг газрын төлбөрөө хугацаанд нь, бүрэн гүйцэд төлсөн гэж үзэхгүй.
Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Т ХХК -д хандсан, газрын төлбөрөө төлж барагдуулах утга бүхий 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №01-09/5143 тоот, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №01-09/5783 тоот, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №01-09/5967 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүдийг үйлдсэн байна.
Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Т ХХК-д хүргүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №01-09/5143 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн доод хэсэгт тус компанийн гүйцэтгэх захирал Б.Д гарын үсэг /10.2019/ гэсэн огноотой зурагдсан байх ба үүнээс үзэхэд тус албан бичгийг Б.Д тухайн үед хүлээж авсан болох нь тогтоогдож байна.
Дээрх баримтаас үзэхэд газрын төлбөрөө төлж барагдуулах талаар хариуцагчаас нэхэмжлэгчид мэдэгдэж байсан нь нотлогдож байна.
Мөн хариуцагчаас газрын төлбөрөө төлж барагдуулах талаар нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэж байсан болох нь Дасон ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох захиргааны хэргийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны төлбөрийн мэргэжилтэн Г.Мандахын мэдүүлгээр нотлогдож байна.
Дээрх үйл баримтуудаас үзэхэд, манай компанид газрын төлбөрөө төлөх талаар Газар зохион байгуулалтын албанаас мэдэгдэж байгаагүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.
Иймд дээрх хуулийн зохицуулалтууд болон үйл баримтуудаас үзэхэд газрын төлбөрийг төлөх үндсэн үүргээ Т ХХК биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул тус нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж шүүх үзлээ.
Дээрх үндэслэлүүдээр Т ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/694 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Газар эзэмшүүлэх гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай А/1159 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байрлах, Т ХХК-ийн газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгасан байна.
Уг захирамжийн 2 дахь заалтаар ... газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан иргэн, аж ахуй нэгж байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгаж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/694 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг газрын төлбөр төлөх үндсэн үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгах
нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх боломжгүй гэж шүүх үзлээ.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжийн 2 дахь заалтаар манай компанитай гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгасан байтал уг үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж тайлбарлан маргаж байх хэдий ч гэрээ нь зөвхөн 1 тал нь хүсэл зоригоо илэрхийлснээр байгуулагддаггүй, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон газар эзэмшигчийн хэн аль нь харилцан хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсгээ зурснаар байгуулагддаг, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 02-04/7274 тоот албан бичиг болон хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь газар эзэмшүүлэх гэрээ байгуулахаар хариуцагчид хандан хүсэлт гаргаж байсан нь тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул Газар эзэмшүүлэх гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/694 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Газар эзэмшүүлэх гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгах-ыг хүссэн шаардлагууд бүхий Т ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ