Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2025/0114

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Э*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У*******

Нэхэмжлэгч: “Э*******” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Гуравдагч этгээд: “М*******” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 10/5194 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, “Э*******” ХХК-ийн XV-021663 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, хууль журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах, “Э*******” ХХК-ийн XV-021663 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсныг бүртгэсэн кадастрын мэдээллийн сангийн бүртгэлийг хүчингүй болгуулах, “М*******” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 56 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2024/0783 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У*******, М.Д*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цогтбаяр

Хэргийн индекс: 128/2024/0213/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Э*******” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 10/5194 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, “Э*******” ХХК-ийн XV-021663 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, хууль журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах, “Э*******” ХХК-ийн XV-021663 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсныг бүртгэсэн кадастрын мэдээллийн сангийн бүртгэлийг хүчингүй болгуулах, “М*******” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 56 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2024/0783 дугаар шийдвэрээр:

Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйл, 22 дугаар зүйлийн 22.1, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг тус тус баримтлан “Э*******” ХХК-иас хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 10/5194 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, “Э*******” ХХК-ийн XV-021663 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, хууль журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах, “Э*******” ХХК-ийн XV-021663 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсныг бүртгэсэн кадастрын мэдээллийн сангийн бүртгэлийг хүчингүй болгуулах, “М*******” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 56 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй тухайд:

…Манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дуусах байсан бөгөөд хугацаа сунгуулах хүсэлтийг 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гаргах байсан боловч гүйцэтгэх захирал Г.Э******* эрүүл мэндийн шалтгааны улмаас өгч чадалгүй, 1 хоногийн хугацаа хэтрүүлсэн. 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр "Э*******" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Э******* нь өөрийн биеэр Ашигт малтмал, газрын тосны газарт хугацаа сунгуулах өргөдлийг өгөхөөр очсон боловч Нэг цэгийн үйлчилгээний мэдээлэл, лавлагааны ажилтан н.Н******* хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр хүсэлтийг хүлээн авалгүй буцаасан.

Улмаар гүйцэтгэх захирал Г.Э******* нь өргөдөл материалаа өгөхөөр удаа дараа Ашигт малтмал, газрын тосны газрын эрх бүхий ажилтнуудад хандаж, уулзаж байсан байх бөгөөд "түр хүлээж бай, аль болох шийдвэрлүүлэхийг бодно" хэмээн амаар ярьж хойшлуулсаар байсан тул дахин 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Х/08 тоот албан бичгээр "... гүйцэтгэх захирал Г.Э******* миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас хуульд заасан хугацаанд хүсэлтээ өгч чадаагүй хоцроосон, иймд ХV-021663 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд үргэлжлүүлэн хайгуулын ажил хийх бидний хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү" гэх хүсэлтийг гаргасан. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 10/5194 тоот шийдвэрээр "... хуульд заасан хугацаанд ХV-021663 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаагүйн улмаас мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа нь 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон байна. Иймд танай хүсэлтийн дагуу шийдвэрлэх боломжгүй" гэж тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан.

3.2.Шүүхээс хийсэн дүгнэлтүүдийн тухайд:

Анхан шатны шүүхээс "... Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргахаар байх бөгөөд нэхэмжлэгч нь өргөдлийг дээрх хугацаанд гаргаагүй байх тул тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа дуусгавар болсон" гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч компанийн XV-021663 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дуусах байсан бөгөөд "Э*******" ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Х/08 дугаар албан бичгээр хугацаа дуусгавар болохоос өмнө буюу тусгай зөвшөөрлийг хүчинтэй байх хугацаанд багтаан Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-22.1.4-т заасан шаардлагатай бүхий л бичиг баримтуудыг бүрэн бүрдүүлэн өгсөн.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 10/5194 тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх эдэлнэ", 21.1.5-д "энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах" гэж заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг зөрчсөн.

Хэдийгээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ 1 сарын өмнө гаргана” гэж заасан боловч энэ нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн “хүсэлт гаргах" эрхийг хязгаарласан зохицуулалт биш бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлэх бүрэн эрхтэй. Мөн нэгэнт тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаанд багтаан хүсэлт гаргасан энэ тохиолдолд шүүх хэргийн оролцогчийн "эрх зүйн байдлыг дордуулахгүй байх" зарчмыг баримтлан тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах бүрэн боломжтой гэж шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр жишиг шийдвэр, магадлал, тогтоолууд байдаг болохыг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүхээс "... Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаар шийдвэрээр гуравдагч этгээд "М*******" ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй" гэж дүгнэжээ. ХV-021663 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой нэхэмжлэлийг "М*******" ХХК-д тусгай зөвшөөрөл олгохоос өмнө буюу 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан, мөн шүүхэд хандсан байгаа талаар хариуцагч захиргааны байгууллагад мэдэгдсэн, сонгон шалгаруулалтын ажиллагааг зогсоож өгнө үү гэх хүсэлтийг удаа дараалан гаргасаар байхад тусгай зөвшөөрөл олгосон нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэр гартал тухайн талбайд шинээр тусгай зөвшөөрөл олгохгүй" гэж заасныг зөрчсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т "Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана" гэж хуульчилжээ.

Гэтэл шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаар шийдвэр нь яг ямар хуулийн, ямар зүйл заалтыг зөрчөөгүй, ямар хууль тогтоомжид хэрхэн нийцэж байгаа талаар огт дүгнэлт өгөлгүйгээр илтэд нэг талыг барьсан шийдвэр гаргасан байгаад гомдолтой байна.

 3.3.Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:

Хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн, "Э*******" ХХК-иас анх шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргахад тус нэхэмжлэл Л.Ө шүүгчид хуваарилагдсан. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус хэрэг С.Г шүүгч рүү шилжсэн боловч хэрэг шилжүүлсэн шүүгч нарын зөвлөгөөний тогтоол хэрэгт авагдаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д "Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилж, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна" гэж заасныг зөрчсөн.

3.4.Шүүх нотлох зарчмыг бүрэн хэрэгжүүлээгүй тухайд:

Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны мэтгэлцээний үе шатанд 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр "Э*******" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Э******* нь өөрийн биеэр Ашигт малтмал газрын тосны газарт хугацаа сунгуулах өргөдлийг өгөхөөр очсон боловч Нэг цэгийн, үйлчилгээний мэдээлэл, лавлагааны ажилтан н.Н******* хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр хүсэлтийг хүлээн авалгүй буцаасан талаар тодорхой дурдсан байдаг бөгөөд энэ талаар гэрч асуух, нэмэлт нотлох баримт цуглуулах гэх мэтээр хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулах шаардлагатай байсан буюу шүүх нотлох зарчмыг бүрэн хэрэгжүүлээгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2024/0783 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

                                                  ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Э*******” ХХК-д сонгон шалгаруулалтаар 2020 онд анх олгосон Ховд аймгийн Алтай сумын нутагт орших Бодонч нэртэй талбайд хамаарах 6012.63 га хайгуулын тусгай зөвшөөрлийн эхний 3 жилийн хугацаа 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дуусах байсан, гэвч уг хугацаа дуусахаас 2 хоногийн өмнө буюу 24-ний өдөр нэхэмжлэгчээс хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл гаргасан боловч “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтыг зөрчсөн гэх үндэслэл”-ээр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг хариуцагчаас 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 10/5194 дүгээр албан бичгээр өгсөн үйл баримттай талууд маргаагүй, харин үүнээс өмнө “…өргөдөл гаргах хуульд заасан 30 хоногийн хугацааг 1 хоногоор хэтрүүлж 29 дэх хоногт буюу 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт гаргахад Ашигт малтмал, газрын тосны газрын Нэг цэгийн үйлчилгээний мэдээлэл, лавлагааны ажилтан н.Н******* хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр хүсэлтийг хүлээн авалгүй буцаасан…” гэх нэхэмжлэлийн болон давж заалдах гомдолтой холбоотой шүүхээс нотлох болон үгүйсгэх баримтыг цуглуулах ажиллагааг хийгээгүй, мөн энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх боловч нэхэмжлэлийг хангах дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

1.Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана” гэснийг хэрхэн хэрэглэх талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр тогтоолд “…хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг уг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө гаргах үүрэгтэй боловч тогтоосон хугацаанд өргөдөл гаргаагүй бол тухайн өргөдлийг хүлээн авахаас татгалзах эрхийг захиргааны байгууллага, албан тушаалтанд олгоогүй, харин эсрэгээрээ өргөдлийг хүлээн авч …хянах эрхийг олгосон…” гэх зэргээр дүгнэсэн, Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.б, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3-т “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, …-оос өөрөөр  хэрэглэсэн” нь магадлалд хяналтын журмаар гомдол гаргах 1 үндэслэл байхаар зохицуулсан, гэтэл шийдвэрт энэхүү маргаанд хамаарах хуулийн заалтыг Улсын дээд шүүхийн дээрх болон 2016 оны 21, 111, 2020 оны 208 дугаар тогтоолд дүгнэснээс өөрөөр тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

Дээрх хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн хувьд хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй, энэ тохиолдолд хэдийгээр сунгуулах өргөдөл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн ч, Улсын дээд шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хуулийн 22.1-ийг нэхэмжлэгчид үүрэг болгосноос бус хариуцагчид эрх олгосон зохицуулалт биш гэдгийг ийнхүү тайлбарласан байх тул нэхэмжлэгчийн хуулиар олгосон тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах эрхээ хэрэгжүүлэх боломжийг хариуцагчаас хууль бусаар хязгаарласан гэж үзнэ.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 10/5194 дугаар албан бичиг болон кадастрын мэдээллийн санд ХV-021663 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болсныг бүртгэснийг тус тус хууль бус болохыг тогтоож, “Э*******” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

2.Нэгэнт нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хангаж байгаа энэ тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаар шийдвэрээр дээрх хайгуулын тусгай зөвшөөрлийг гуравдагч этгээд “М*******” ХХК-д олгосныг мөн адил хүчингүй болгосноор магадлал хэрэгжих боломж бүрдэнэ.

Харин энэхүү шаардлагатай холбоотой нэхэмжлэлийн болон давж заалдах гомдлын үндэслэлээ “…шүүхийн маргаантай байх хугацаанд дээрх шийдвэрийг гаргаснаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэр гартал тухайн талбайд шинээр тусгай зөвшөөрөл олгохгүй” гэсэн нь зөрчигдсөн гэх боловч анх нэхэмжлэл гаргасан 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 2 ч удаа тус бүр 14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулж, улмаар шүүгчийн мөн оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 1963 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байгаагаас үзэхэд дээрх маргаан бүхий шийдвэр хугацааны хувьд захиргааны хэрэг үүсгэхээс өмнө гарсан энэ тохиолдолд хуулийн дээрх заалт хэрэглэгдэхгүй.

3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 162 дугаар тогтоолоор нэхэмжлэл анх хуваарилагдсан шүүгч Л.Өаас шүүгч С.Гад шилжсэн болох нь хэргийн 31-34 дүгээр талд авагдсан энэхүү баримтаар тогтоогдож байх тул “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2024/0783 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.4 дэх хэсэгт заасныг баримтлан “Э*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 10/5194 дугаар албан бичиг, мөн тус компанийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХV-021663 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг кадастрын мэдээллийн санд 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөр дуусгавар болсныг бүртгэснийг тус тус хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, “Э*******” ХХК-ийн дээрх хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У*******ын давж заалдах гомдлыг хангасугай. 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                ШҮҮГЧ                                                  Т.ЭНХМАА

 

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ

 

                           ШҮҮГЧ                                                  Э.ЛХАГВАСҮРЭН