Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 132

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ө.Гансувд

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгч Д.Түмэндэмбэрэл нарыг оролцуулан   

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хүгдүүд овогт Доржийн Түмэндэмбэрэлд холбогдох эрүүгийн 201611000218 тоот эрүүгийн хэргийг  2016 оны 11 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Дашбалбар суманд 1979 оны 07 сарын 07-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс буриад, бүрэн дунд боловсролтой, даралтат шугам хоолойн машинч мэргэжилтэй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, Дорнод аймгийн Дашбалбар сум, Улз баг, Найнги хорооллын 5-1 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, бие эрүүл, Хүгдүүд овогт Доржийн Түмэндэмбэрэл. /РД: ЖЕ 79070772/

            Шүүгдэгч Д.Түмэндэмбэрэл нь 2225 БРА улсын дугаартай КИА маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар баг “Хөх чулуу” гэх газарт нутаглах иргэн Х.Баярсайханы хоттой хониноос 2016 оны 05 сарын 11-ний өдөр 4 тооны хонь хулгайлж бусдад 400000 төгрөгийн буюу бага бус хэмжээний 

 

 

2016.12.01 №132

Хөтлөх хэрэгт 5-128 Д.Цэдэнпэлжээ                                                                                                               D.disk   Shiitgeh togtool-2016

хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Хүгдүүд овогт Доржийн Түмэндэмбэрэл шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би тэр хүнийг танихгүй, мал авна гээд зогсож байхаар нь үхэр өгнө гэж дагуулж явсан. Жолоочоос нь гадна нэг хүн машин дотор нь сууж байсан, тэгээд гурвуулаа явсан. Айлд очоод үхрээ өгөх гэтэл үхэр авах хүн маань сумын төв явсан байсан.  Тэгэхээр нь буцах замдаа Баярсайханыхаар ороод хашаатай байсан хониноос нь 4 хонь барьж авч наймаачин залууд өгсөн. Тэгээд явж байтал Баярсайхан мотоцикльтой ирж байхаар нь буцаж очиж уулзаад айлаар ороод үхэр өгөх гэсэн чинь хүн нь байхгүй байна. Танайхаас хашааныхаа оронд 4 хонь авлаа гэж хэлээд явсан. Тэгээд сумын төвд ирээд би буугаад үлдсэн. Сүүлд нь Баярсайханы 4 хонины хохирлыг төлж барагдуулж, хохирол төлбөргүй болгосон. Би үйлдсэн хэрэгтээ их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Хандын Баярсайхан мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: Би Дашбалбар сумын Харзат багийн Хөх чулуут гэх газар эхнэр, хүүхдийн хамт мал маллан амьдардаг. 2016 оны 04 сарын 02-03-ны өдрүүдэд өөрийнхөө хонинуудыг төрөх болон сувай гэж хувааж хариулж байгаа юм. 2016 оны 05 сарын 11-ний өдөр би хониндоо явж байгаад уулан дээр гарч дурандахад манай гэрийн гадаа машин зогсож байхыг харсан юм. Би харчихаад мориндоо мордоод яваад очиход манай гэрийн гадна талд зогсож байсан машин хөдлөөд яваад өгсөн, удалгүй намайг хараад манай гэрийн гадна буцаж ирэхэд машин дотроос эхлээд танихгүй хүн бууж ирсэн, араас нь манай сумын харьяат Түмэндэмбэрэл гэдэг залуу буугаад ирэхэд нь би тэд нараас хаа хүрч яваа улс вэ гэж асуухад Түмэндэмбэрэл “бид нар сумын төвөөс явж байна Батцэрэн ахынд очоод буцаж явна. Манай ээж харвалт өгөөд Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байгаа” гэж хэлэхээр нь би айлд очиж хонь аваад явж байгаа юм байна гэж бодсон. Машиных нь тэвшин дээр багцаагаар 10 гаран толгой мал харагдаж байсан. Түмэндэмбэрэл цуг явж байсан хүмүүстэйгээ сумын төв рүү буцаж явна гэж хэлсэн. 2016 оны 05 сарын 11-ний өдөр 22-25 БРА улсын дугаартай машинтай хүмүүс явж байсан. Манай гэрийн гадна талд ирээд надтай уулзахдаа айлд очоод сумын төв буцаж байна гэж хэлсэн. Тэр машинтай хүмүүс намайг хараад буцаж ирж надтай уулзаад явсан. Машин дотор манай сумын Түмэндэмбэрэл гэх залуу явж байсан. Би тэр хүмүүсийг ачиж явж байсан байж магадгүй гэж бодож байна. Тэр үеэр манай гэрийн ойр орчмоор өөр машин яваагүй гэжээ. /хх-ийн 17-18/

Гэрч Бавуусүрэнгийн Гансүх мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: … би 2016 оны 05 сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд мал авахаар очоод зар тавиад зогсож байхад бор царайтай үл таних залуу намайг Түмэндэмбэрэл гэдэг би Дорнод аймагт Дулааны цахилгаан станцад ажилладаг бөгөөд манай аав, ээж Дашбалбар сумын 2 дугаар баг “Дөчийн гол” гэх газарт мал малладаг би мал маллаж байгаад сая орж ирлээ. Манай гэр рүү дагаад явчих 4 тооны хонь заръя гэхээр нь дагаад сумын төвөөс хойш 37 км зайд айл руу очсон. Очиход хүн байхгүй хонь нь гэрийнхээ гадна хашаатай байсан бөгөөд нөгөө залуу надад хэлэхдээ манай дүү сувай хонио хардаг харин манай аав, ээж тусдаа хойно хургалах хонио хариулдаг дүү ирээгүй байна хойд гэр рүүгээ явчихсан юм байх даа хүлээе гэж хэлээд түр гэр рүү нь орж цай ууж байгаад ирэхгүй болохоор нь Түмэндэмбэрэл хонины хашаа руу ороод хүрэн толгойтой эвэртэй эр хонь, хундан цагаан эр хонь, хар халзан эр хонь хоёрыг нийт дөрвөн тооны эр хонь бариад нэгийг нь 130000 төгрөгөөр тооцоод 520000 төгрөг өгөөд ирсэн. Түмэндэмбэрэл надад хонио зарчихаад хөдлөх гэж байхад мотоциклтой хүн ирэхэд ах ирлээ гэж бууж уулзаад 10 орчим минутын дараа буцаж ирээд ахтай ярьчихлаа дүү хойд талын айлд байгаа юм байна гээд өөр юм яриагүй болохоор сумын төв ороод захиргааны хажууд буугаад үлдсэн гэжээ. /хх-ийн 19-20/

Гэрч Чимэддоржийн Чинбаатар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 05 сарын 11-ний өдөр үдийн хойно цагийг нь санахгүй байна 22-25 БРА улсын дугаартай маяти маркийн тээврийн хэрэгсэлтэй Гансүх гэх залуу ирсэн. …Гансүх манайд ирэхдээ машиныхаа тэвшин дээр 4 толгой хонь ачсан байхаар нь би хаанаас авсан юм бэ гэж асуухад танай суимын түмэндэмбэрэл гэх залуугаас худалдаж аваад ирлээ гэж хэлсэн. …зүсийг нь санахгүй байна ямар ч байсан сайн тарган 4 толгой эр хонь байсан гэжээ. /хх-ийн 31/

Гэрч Бавуусүрэнгийн Батжаргал мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: Манай ах Гансүх бид хоёрыг сумын төв дээр зогсож байхад хонь зарсан залуу ирээд сумын төвөөс хойш 40 орчим километр зайд байрлах манай гэрээс очоод хонь авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь ах бид хоёр автомашинтайгаа тэр залууг аваад хөдөө гэрт нь очиход тэр залуу хоттой хониноос 4 тооны эр хонь барьж өгөөд нэг хонь тус бүрийг нь 130000 төгрөгөөр зарсан гэжээ. /хх-ийн 68/

      Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 15, 66, 77/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/

              Дорнод аймгийн Дашбалбар сумын 5-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 47/

            Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 62/

            Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 63/

            Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 65/ зэрэг нотлох баримтууд болно.

               Шүүгдэгч Хүгдүүд овогт Доржийн Түмэндэмбэрэл нь 2016 оны 05 сарын 11-ний өдөр 22-25 БРА улсын дугаартай, КИА маркийн машины жолоочид үхэр зарна гэж дагуулан явж  Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар баг “Хөх чулуу” гэх газарт нутаглах иргэн Х.Баярсайханы хоттой хониноос 4 тооны хонь хулгайлж бусдад 400000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Баярсайхан, гэрч Б.Гансүх, Ч.Чинбаатар, Б.Батжаргал нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд болон эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 15, 66, 77/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 62/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 63/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 65/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүйгээр батлагдан тогтоогдож байна.

               Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Түмэндэмбэрэлийн хохирогч Х.Баярсайханы хоттой хониноос 4 тооны хонь хулгайлсан үйлдэлд 22-25 БРА улсын дугаартай, КИА маркийн тээврийн хэрэгсэл хэрэглэсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна. 

               Шүүгдэгч Д.Түмэндэмбэрэл нь гэмт хэрэг үйлдэхээс өмнө уг гэмт хэргийг үйлдэх зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглахаар урьдчилан бэлтгээгүй байна. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, зөөж, тээвэрлэх зэрэг урьдчилан бэлтгэсэн субъектив санаа зорилго агуулаагүй байна. Гадаад хэлбэр талаас нь хулгайн үйлдэлдээ тээврийн хэрэгсэл хэрэглэсэн гэж зүйлчилсэн нь буруу байна. Иймд шүүгдэгч Д.Түмэндэмбэрэлд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

               Шүүгдэгч Д.Түмэндэмбэрэл нь бусдын 4 тооны хонийг хулгайлсан буюу хөнгөн гэмт хэрэг үйлсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар  зүйлийн 72.1.1-д зааснаар түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

               Шүүгдэгч Д.Түмэндэмбэрэл нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын төлбөрөө төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүйг тус тус дурдаж, түүний баримт бичгээр хураагдаж ирсэн ЖЕ 79070772 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг буцаан олгож, түүний эзэмшлийн 150000 төгрөгний үнэ бүхий 2 настай эм хонь, 150000 төгрөгний үнэ бүхий 3 настай эм хонийг тус тус битүүмжилсэн 2016 оны 08 сарын 04-ний өдрийн, Б.Гансүхийн эзэмшлийн Киа рамах маркийн 22-25 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2016 оны 08 сарын 03-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-уудыг тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэв.

   Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 248 дугаар зүйлийн 248.1.1, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Түмэндэмбэрэлд холбогдох хэргийг Дорнод аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэнийг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Д.Түмэндэмбэрэлийг бусдын эд хөрөнгийг бага бус хэмжээтэйгээр хулгайлсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар  зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч Хүгдүүд овогт Доржийн Түмэндэмбэрэлд  холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч Д.Түмэндэмбэрэл нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүйг тус тус дурдаж, түүний баримт бичгээр хураагдаж ирсэн ЖЕ 79070772 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг буцаан олгосугай.

 5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Д.Түмэндэмбэрэлийн эзэмшлийн 150000 төгрөгний үнэ бүхий 2 настай эм хонь, 150000 төгрөгний үнэ бүхий 3 настай эм хонийг тус тус битүүмжилсэн 2016 оны 08 сарын 04-ний өдрийн, Б.Гансүхийн эзэмшлийн Киа рамах маркийн 22-25 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2016 оны 08 сарын 03-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-уудыг тус тус хүчингүй болгосугай.

 6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Түмэндэмбэрэлд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Түмэндэмбэрэлд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ