Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 477

 

Т.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/03129 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.Ц,

Хариуцагч НШШГГ-т холбогдох,

 

2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 3/16631 дугаар мэдэгдлийн дагуу хийсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн санал болгох хурлыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 85 дугаар шийдвэрийн дагуу Т.Цаас 25 271 840 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХЗХ-нд олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд миний ээж Ш.Тунгалаг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр очиж уулзахад санал болгох хурлыг хийсэн байна.

Шийдвэр гүйцэтгэх албанаас санал болгох хурлыг хийхдээ надад огт мэдэгдэл хүргүүлээгүй, миний ээжид бас мэдэгдэл хүргүүлээгүй, зүгээр ирээд уулз гэж дуудчихаад хурал хийж Т.Ц миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуут АОС 9 дүгээр гудамж, 6 тоотод байрлах хувийн сууцыг төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хариуцагч байгууллагаас тус ажиллагааг хийхдээ ээж Ш.Тунгалагт олгосон итгэмжлэлийн үндсэн дээр хийсэн гэж байгаа боловч уг итгэмжлэл нь шүүхэд төлөөлөх итгэмжлэл байсан. Мөн санал болгох хурлын тэмдэглэлд Г-2204006549 дугаарт бүртгэлтэй хөрөнгө гэж шүүхийн шийдвэрт дурдаагүй хөрөнгийг шилжүүлсэн.

Иймд 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 3/16631 дугаар мэдэгдлийн дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу төлбөр төлөгчийн хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 85 дугаар шийдвэрээр Т.Цаас 25 271 840 төгрөгийг гаргуулж “М” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж төлбөр төлөгч Т.Цын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуут АОС 9 дүгээр гудамжны 6 тоот хувийн сууц, газрын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, хураан авсан. Битүүмжилж хураасан үл хөдлөх эд хөрөнгөд талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.1-д заасны дагуу үнийн санал авахад 250 000 000 төгрөгөөр үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар нь үнийг харилцан тохиролцсон. Үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нарын харилцан тохиролцсон үнэ болох 250 000 000 төгрөгийн 70 хувь буюу 175 000 000 төгрөгөөр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуут АОС 9 дүгээр гудамжны 6 тоот хувийн сууц, газрын хамт үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр оруулахад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй.

Үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар харилцан тохиролцсон үнэлгээний 50 хувь буюу 125 000 000 төгрөгөөр 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр оруулахад санал ирээгүй, худалдан борлогдоогүй учраас төлбөр төлөгч Т.Цын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр санал болгох хурлаар оруулж, төлбөр төлөх 21 хоногийн боломжит хугацаа олгож, төлбөрөө төлөөгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу төлбөр авагч “М” ХЗХ-д төлбөрт тооцож шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Т.Ц 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 258 дугаар тойргийн нотариатчаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хариуцагчийн эдлэх эрхийг эдэлж, үүрэг хүлээх, шүүхийн шийдвэрийг хүлээн авах, худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад гарсан зардлыг хасч төлбөрт тооцон авахыг төлбөр авагчид санал болгох хуралд төлөөлж оролцох, санал, хүсэлт гаргах баримт бичигт гарын үсэг зурах бүрэн эрхийг олгосон итгэмжлэл хийлгэн ээж Ш.Тунгалагтаа эрх олгосон бөгөөд итгэмжлэлийн дагуу түүний ээж Ш.Тунгалаг ажиллагаанд оролцсон. Төлөөлөх эрхтэй этгээдийг санал болгох хуралд оролцуулсан. Мөн санал болгох хурлаас тогтоол гарах ёстой гэсэн зохицуулалт хуульд байхгүй тул тэмдэглэлээр шийдвэрлэсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул Т.Цын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХЗХ нь Т.Цаас Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 85 дугаар шийдвэрийн дагуу 25 271 840 төгрөг төлүүлэн авах ёстой. Энэ шийдвэрийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 23765 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба биелүүлэхээр өнөөг хүртэл ажиллаж байна. Т.Ц шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатай саад учруулж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албыг шүүхэд өгсөн байна. Өмнө нь 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасныг шат, шатны шүүхээр хянаад Улсын дээд шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоод 3 жил болж байхад барьцаа хөрөнгийг худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Санал авах хурлын товыг удаа дараа хүргүүлэхэд Т.Ц зугтаагаад ирдэггүй байсан. Санал болгох хуралд миний бие байсан бөгөөд Т.Цын ээждээ гаргаж өгсөн итгэмжлэлийг хуралд оролцогчдод танилцуулж ээжийг нь хуралд оролцуулсан. Шүүхээс гарсан шийдвэрийг биелүүлж байгаа төрийн байгууллага, нөгөө талаас төлбөрөө төлүүлж авахаар олон жил хүлээж байгаа бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эрх ашгийг харгалзаж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар НШШГГ /Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба/-т холбогдох 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн санал болгох комиссын хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай Т.Цын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр гүйцэтгэх албанаас санал болгох хурлыг хийхдээ надад огт мэдэгдэл хүргүүлээгүй, миний ээжид бас мэдэгдэл хүргүүлээгүй, зүгээр ирээд уулз гэж дуудчихаад хурал хийсэнд гомдолтой байна. Ш.Тунгалагт олгосон итгэмжлэл хуульд нийцээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлийг удирдлага болгосон итгэмжлэл байсаар байхад тухайн итгэмжлэлээр санал болгох хуралд Ш.Тунгалагийг оролцуулсан нь буруу болсон. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйл 22.1 дэх хэсэгт заасныг зөрчиж Т.Ц намайг оролцуулаагүй. Мөн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 85 дугаар шүүхийн шийдвэрт 2204006548 гэсэн улсын бүртгэлийн дугаартай хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заагаагүй байхад ийм хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангасан нь үндэслэлгүй. Түүнчлэн анхны албадан дуудлага худалдаанд Ү-2204020834 улсын бүртгэлийн дугаартай 2 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулахаар тогтоол үйлдсэн атлаа санал болгох хурал хийхдээ Г-2204006548 гэсэн бүртгэлийн дугаарыг хэрэглэсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль ёсны байх зарчим алдагдсан байх бөгөөд 85 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж засуулах бүрэн боломжтой байсан ч 85 дугаар шийдвэрийн дагуу ажиллагаа буруу хийсэн.

Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 06-ны өдрийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, миний үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Т.Ц нь 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 3/16631 дугаартай мэдэгдлийн дагуу хийсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн санал болгох хурлыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, төлбөр төлөгч Т.Цын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр санал болгох хурлаар оруулан төлбөр төлөх 21 хоногийн боломжит хугацаа олгоход нэхэмжлэгч дээрх хугацаанд төлбөрөө төлөөгүй учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу төлбөр авагч “М” хадгаламж зээлийн хоршоонд төлбөрт тооцож шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж хариуцагч тайлбарлан маргажээ.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 85 дугаар шийдвэр /хх26-30/, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 301 дүгээр магадлал /хх31-35/, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 314 дүгээр тогтоолоор /хх36-38/ нэхэмжлэгч Т.Цаас 25 271 840 төгрөгийг гаргуулан, “М” хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 85 дугаар шийдвэрийг биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Т.Цын барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуут АОС 9 дүгээр гудамжны 6 тоотод байрлах 126 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц, 164 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус битүүмжилсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйл, 34 дүгээр зүйлийн 34.1.5, 34.1.6, 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасныг зөрчөөгүй байна.

Т.Цын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуут АОС 9 дүгээр гудамжны 6 тоотод байрлах 126 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц болон газрыг  “М” хадгаламж зээлийн хоршоонд төлбөрт тооцон шилжүүлэхээр шийдвэрлэсэн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн санал болгох хуралд нэхэмжлэгчийг төлөөлж Ш.Тунгалаг оролцон төлбөр төлөх талаар санал гаргасан нь тэмдэглэлд тусгагдсан төдийгүй уг тэмдэглэлийг зөвшөөрч гарын үсэг зурсан байх тул /хх114/ санал болгох хурлыг мэдэгдээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Мөн 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Т.Цаас өөрийн төрсөн ээж болох Ш.Тунгалагт олгосон итгэмжлэлээр /хх89/ “...худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгох хуралд төлөөлж оролцох...” эрхийг олгосон байх тул төлөөлөх эрхгүй этгээдийг оролцуулсан гэсэн нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 85 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт дээрх барьцааны хөрөнгүүдийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020834 дугаарт бүртгэлтэй гэж алдаатай бичсэн хэдий ч 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 3/16631 дугаартай мэдэгдэл /хх8/, санал болгох ажиллагааны тэмдэглэл /хх111-114/,  Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 314 дүгээр тогтоолд дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг Ү-2204020834, Г-2204006518 дугаарт тус тус бүртгэлтэйг дурдсан байх тул нэхэмжлэгчийн маргаж буй шүүхийн шийдвэрт дурдаагүй Г-2204006548 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг  төлбөрт шилжүүлсэн гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/03129 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                               Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                        А.ОТГОНЦЭЦЭГ