Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/25

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                                                                    Хэргийн индекс: 180/2023/0020/Э

 

Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

улсын яллагч З.Н ,

шүүгдэгч Г.Э  , түүний өмгөөлөгч Л.Н  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар,

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн шүүгдэгч Г-ын  Э-д холбогдох эрүүгийн 2339000000003 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                               

 

Холбогдсон хэргийн талаар:

/Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Г.Э  нь 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Хэрлэн сумын 5 дугаар багийн “Болор” дэлгүүрийн хойд талын хашаанаас олсон “Realme GT3 Neo (5G)” маркийн гар утсыг бусдынх гэдгийг нь мэдсээр байж, авч завшсаны улмаас хохирогчид 900,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Г.Э  :

...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг гаргасан.

 

Үйл баримт:

Эрүүгийн 2339000000003 дугаартай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Г.Э  гийн 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Хэрлэн сумын 5 дугаар багийн “Болор” дэлгүүрийн хойд талын хашаанаас олсон “Realme GT3 Neo (5G)” маркийн гар утсыг бусдынх гэдгийг нь мэдсээр байж, авч завшсаны улмаас хохирогчид 900,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,

“Фэйр валуэшн” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШД/402 дугаартай “...Realme gt neo 2 g5 гар утасны зах зээлийн үнэлгээг 900,000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт, /хх-ийн 53-55 дугаар хуудас/,

эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр хуудас/,

хохирогч Х.Э -ын  ...2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 15.00 цагийн үед Болор хүнсний дэлгүүрийн ах Мягмардуламд тусалж байхдаа өөрийн Realme GT Neo2 (5G) маркийн гар утсыг кассын хажуу талын тавиур дээр тавиад 30-аас 40 минутын дараа утсаа авах гэтэл байхгүй байсан. Тэгээд өөрийн гар утас руу залгаж үзэхэд дуудаж байсан. Тэгээд би миний гар утсыг өгчих би шагнал өгье гэж мессеж бичсэн. Тэгээд 1 цаг орчмын дараагаас утас маань холбогдох боломжгүй болсон... /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

...өөрийн гар утсаа дэлгүүрийн кассын хажуу талын тавиур дээр тавиад 30-40 минутын дараа гар утсаа авах гэхэд байхгүй байсан гэж тухайн үед болсон үйл явдлыг андуурч, буруу зөрүү мэдүүлэг өгчихсөн байна лээ. Би энэ асуудлын талаар сүүлд нь бодож, санаад байхад би гар утсаа дэлгүүрийн кассын хажуу талын тавиур дээр нь тавиагүй юм байна. Би тухайн үед дэлгүүр рүү орж, гарч байх үедээ л уг гар утсаа гээчихсэн байна... /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

гэрч  Э.Нямцэцэгийн ....2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ээж Э  рүү залгахад ээж 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гар утас олсон юм. Цэнэглэгчтэй газар байна уу гэхээр нь би ээжийгээ аваад Эвт худалдааны төв рүү цэнэглэгч асуух гээд явсан. Тэгээд Эвт худалдааны төвийн 2 давхарт утас зардаг лангууны засварчин дээр очоод ээжийн олсон гэх хар өнгийн утсыг үзүүлэхэд тухайн гар утасны цэнэглэгчийн оролт нь бохирдсон байсан тул цэвэрлүүлсэн. Тэгээд тухайн засварчинд наад гар утас чинь кодтой байвал кодыг нь тайлаад өг гэж хэлсэн. Тэгээд тухайн утасны код тайлсан ажлын хөлс гэж 10,000 төгрөг засварчинд өгсөн... /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

гэрч Э.Нямхүүгийн ...2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр манай ээж Э  хүнсний дэлгүүр рүү хүнсний зүйл авах гээд явсан. Тэгээд орж ирэхдээ замаас олсон гээд хар өнгийн Realme маркийн гар утас авчирсан. Тухайн гар утсыг аваад шалгаж үзэхэд цэнэггүй байхаар нь асаах гэж үзэхэд улаан гэрэл ассан байсан. Цэнэглэж үзэхэд цэнэглэж болохгүй байсан. тэгээд тухайн гар утсыг зурагтын хажуу талын шүүгээн дотор хийгээд үлдээсэн байсан. тэгээд 12 дугаар сарын 09-ний өдөр манай эгч Нямцэцэг над руу залгаад ээжийн олсон гээд байгаа гар утас ажилладаг юм уу гэхээр нь би эвдэрсэн үгүйг нь мэдэхгүй байна, цэнэглэж болохгүй байна гэж байсан. тэгээд орой гэртээ ирэхэд ээж нөгөө хар өнгийн гар утсыг Эвт худалдааны төвийн засварчин дээр очиж кодыг нь гаргуулж, цэнэглэгчийн оролтыг нь янзлуулсан байсан... /хх-ийн 31-32 дүгээр хуудас/,

гэрч О.Мөнхбаярын ...би Эвт худалдааны төвийн 2 давхар 75 тоотод гар утас засварын үйл ажиллагаа явуулдаг. 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр намайг ажил дээрээ байж байхад 14 цагийн үед улаан куртиктэй 55 гаран насны эмэгтэй, 30 орчим насны хар куртиктэй эмэгтэй 2 хүн хар өнгийн realme gt neo 2 g5 маркийн гар утас цэнэглэж болохгүй байна, янзлуулахгүй гэсэн. Тэгээд тухайн гар утсыг үзэхэд цэнэглэгчийн оролтоос хог ороод цэнэглэгч бохирдсон байхаар нь цэвэрлээд цэнэглэж үзэхэд зүгээр цэнэглэж байсан. тэгээд тухайн гар утас нь кодтой байхаар нь кодоо гаргаад өг гэхэд мэдэхгүй кодыг нь гаргуулна гэж хэлсэн... /хх-ийн 35-36 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. 

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Г.Э  нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, түүний гаргасан хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Г.Э  г гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруу:

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч З.Н :

...нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Э  2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Хэрлэн сумын 5 дугаар багийн “Болор” дэлгүүрийн хойд талын хашаанаас олсон “Realme GT3 Neo (5G)” маркийн гар утсыг бусдынх гэдгийг нь мэдсээр байж, авч завшсаны улмаас хохирогчид 900,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдсон. Шүүгдэгч Г.Э  нь гээгдэл эд хөрөнгө болох гар утсыг хүлээлгэж өгсөн ба хохирогчоос утсаа авсан гомдол саналгүй талаар хэргийн материалтай танилцаж тэмдэглэл тусгасан байх тул яллагдагч Г.Эрднээ нь бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгч Г.Э  үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Г.Э  г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн  дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...  гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н :

...гэм буруугийн тал дээр маргахгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Г.Э  :

...хэлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.

 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд гаргасан улсын яллагчийн шүүгдэгч Г.Э  г гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Э  нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй ба түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Г.Э  дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг”,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг.” гэж хуульчилсан.

 

Хуулийн ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

 

Үүнээс үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан гэмт хэргүүд гэдэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор заасан.

 

Шүүгдэгч Г.Э  гийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд нь хүний өмчлөх эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн бөгөөд тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсан үйл баримт болгоныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангид тусгайлан зааж хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй, эсхүл нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

“Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

 

Үүнээс “...Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан идэвхтэй гэмт үйлдлээр илрэх ба гэмт үйлдэл нь гадаад хэлбэрээрээ зан үйл, бие эрхтнүүдийн харилцан үйлдэл, хөдөлгөөн бөгөөд тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг завшиж, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулах эрхгүй гэдгийг мэдэх ёстой, мэдсээр байж өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилготой байдаг.

 

“...Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийн “Өмчлөх эрхийн эсрэг” бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь шүүгдэгч гээгдэл эд хөрөнгийг Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-т “Гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй.” Мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Энэ хуулийн 116.1-д заасны дагуу эрх бүхий байгууллагад мэдэгдсэнээс хойш нэг жилийн дотор өмчлөгч буюу эрх бүхий этгээд нь тогтоогдоогүй бол тухайн эд хөрөнгийг олсон этгээд өмчлөх эрхтэй. Эд хөрөнгийг олсон этгээд өмчлөхөөс татгалзвал тухайн эд хөрөнгийг орон нутгийн өмчлөлд шилжүүлнэ” гэж тус тус зааснаар үүрэг үүсдэг болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгө завших” гэсэн үндсэн, “бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулсан” гэсэн гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

 

Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний өмчлөх эрхэд хохирол учруулж үйлдсэн байхыг хуульчилж өгсөн бөгөөд материаллаг шинжтэй, хохирол, хор уршиг учирснаар төгссөн гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч Г.Э  нь иргэн Х.Э -ын  “Realme GT3 Neo (5G)” маркийн гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-т заасан эд хөрөнгийн өмчлөгч боох Х.Э ад нэн даруй мэдэгдэх, эсхүл тухайн үед өмчлөгчийг нь мэдэх боломжгүй мэдэгдэхгүй байсан бол орон нутгийн захиргааны байгууллага буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, эд хөрөнгийг хадгалж, хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас Х.Э ад 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийг хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдож байна.

 

Тэрээр Х.Э ыг гээгдэл эд хөрөнгийг завшсан буюу өмчлөгчид эсхүл зохих ёсны байгууллагад мэдэгдэхгүй байгаа энэхүү үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогч Х.Э ад 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн шүүгдэгч нарын гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан гэмт хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Г.Э  г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, хор уршиг:

Шүүгдэгч Г.Э  гийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Х.Э ад 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан байна.

 

Хохирогч Х.Э  нь шүүгдэгч Г.Э  гээс мөрдөн байцаалтын шатанд  гээгдэл эд хөрөнгө болох “Realme GT3 Neo (5G)” маркийн гар утсыг буцаан авсан байх тул шүүгдэгч Г.Э  нь хохирлоо бүрэн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Учир нь шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэж утсаар ярьж тэмдэглэл үйлдсэн шүүхийн мэдэгдэх хуудас болон хохирогчийн гомдол, санал байхгүй хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт зэргээр шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэдэг болох нь тогтоогдож байна.

 

Эрүүгийн хариуцлага:

Шүүх хуралдааны Эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч З.Н :

...Шүүгдэгч Г.Э  гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байна. ...5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н :

...Прокурорын саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Г.Э  :

...хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч Г.Э  г таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах тухай дүгнэлттэй шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргадаггүй бөгөөд улсын яллагчтай ял шийтгэлийн талаар мөрдөн байцаалтын шатанд тохиролцож, хүлээн зөвшөөрсөн талаараа мэдүүлдэг. 

 

Шүүгдэгч Г.Э-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлснийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгтээ үнэнхүү чин санаанаасаа гэмшсэн, гэмшсэний улмаас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэнээ анхнаасаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, улсын яллагчтай эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлээ тохиролцсон зэрэг байдлыг давхар харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.   

 

Шүүхээс шүүгдэгч Г.Э-д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэж,  

түүнд оногдуулсан таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2339000000003 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Э  энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн  36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,

37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус

заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г-ын  Э  г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгө завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г-ын  Э  г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г-ын  Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г-ын  Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 /таван зуун тавин мянга/  төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г-ын  Э-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Эрүүгийн 2339000000003 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г-ын  Э  энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г-ын  Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г-ын  Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ГАНДАНСҮРЭН