Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2164

 

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2019/02164

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, С овогт Г.Б, /РД: …......../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .....................тоот хаягт оршин суух, Ж овогт Б.Д /РД: …........../-д холбогдох,

 

Өв залгамжлагчаар болон өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын ..............тоот хаягт байрлах 48.76 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.З, хариуцагч Б.Д, өмгөөлөгч Б.А, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.З шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.Б, Б.Ж нар нь 2010 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болж, 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болсныг баталсан гэрчилгээг олгосон байдаг. 2011 онд хүү Ж.А, 2013 онд хүү Ж.Т нарыг төрүүлсэн. Харамсалтай нь Б.Ж 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр автомашины ослоор нас барсан. Тэд Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, ХД-70 дугаар байрны 7 тоотод 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн амьдарч байсан. Тус орон сууц нь талийгаач Б.Ж болон Б.Д нарын өмчлөлд байдаг. Нэхэмжлэгч Г.Б нь өөрийгөө болон 2 хүүхдээ талийгаач Б.Ж-ын өв залгамжлагчаар нь тогтоолгоод дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр нэмж тогтоолгох хүсэлтэй байдаг. Энэ хэргээс өмнө нотариат, эвлэрүүлэн зуучлах болон хариуцагчтай эвлэрэх талаар зөвшилцсөн боловч хариуцагч нартай таарамжгүй харилцаатай байгаа. Иймд Г.Б, Ж.А, Ж.Т нарыг Б.Ж өв залгамжлагчаар нь тогтоож, энэ байрны өмчлөгчөөр нь нэмж тогтоолгох өгнө үү.

 

Гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагын тухайд гэвэл Иргэний хуульд зааснаар дээрх этгээдүүд нь талийгаачийг нас барсны дараа 1 жилийн дотор өв хүлээн авах талаар нотариатын байгууллагад хандаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа тул тэднийг өвийг хүлээн авахаас татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Д-ийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би энэ байрыг 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр худалдан авах гэрээ хийж ээж аавдаа зориулж, 70 хувийг нь буюу 22,200 ам.долларыг бэлнээр төлж авсан. 2008 онд аав, ээж 2 минь амьдарч эхэлсэн. Тодорхой хугацаанд дүү маань эхнэр авч байгаа гэж хэлээгүй байсан учраас энэ байранд амьдарсан. Цалингийн зээл аваад үлдэгдэл 30 хувийг нь төлөхөөр тохиролцсон. Цалингийн зээлээрээ төлсөн 6,500,000 төгрөгийг өгнө. Байрны үлдэгдэл 5,000,000 төгрөгийг аав, ээж 2 минь тэтгэвэрээрээ төлсөн. Тиймээс ээж аавыг маань цаашид энэ байрны өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй. Мөн манай аавын хэлж байгаа үнэн. Манай бэр болон бэрийн эгч нь ээлж дараалан согтуу орж ирж байсан. Би өөрөө нүдээрээ харж байсан. Б-ийн хүүхдийг сургуулиас нь аваад ирэхэд Б согтуу хэвтэж байсан. Энэ мэтчилэн энэ хүүхдийг ашиглаж байна, хүүхдүүд 18 нас хүрээгүй. Эрх ашгийг нь би хамгаална гээд энэ байр зарагдаад эцэст нь 2 хүүхэд юучгүй болчих вий гэж айж байгаа учраас 18 нас хүртэл нь энэ байрыг худалдан борлуулах эрхээс нь татгалзахыг шүүхийн шийдвэрт тусгаж өгөхийг хүсэж байна. Эх нь хэдий энэ 2 хүүхдийг асран хамгаалах эрхтэй ч гэсэн энэ 2 хүүхдийн амьдрах эрх асар их зөрчигдөж байгаад манай гэрийнхэн маш их эмзэглэж байгаа. Удаа дараа Б-д хэлж байсан. Б хэзээ ч бид нарын үгийг хүлээж авдаггүй. Энэ ч үүднээс настай ээж, аав минь энэ 2 хүүхдийг хүүхдийн минь хүүхэд биш байх гэж бодсон байх. Энэ байрны өмчлөгч нь би болон миний ээж, аав байх ёстой. Энэ 2 хүүхэд өдөрт авах ёстой амин дэмийг авч чадахгүй байна. Үеийнхээ хүүхдүүдээс хөгжил нь хоцорч байна. Энэ 2 хүүхдийг 18 нас хүртэл нь хүн шиг өсгөхийн тулд бид туслая гэсэн боловч ээж, аав хоёрыг минь үх, далд ор, наад байрандаа үх гэж хэлж, харанхуй шөнө хөөж гаргаж, оруулахгүй гэж хаалганы түгжээ, цоожийг сольж байсан. Цаашдаа энэ 2 хүүхдийг 18 нас хүртэл нь аав, ээжтэй минь хамт амьдруулж, өдөрт авах ёстой амин дэмийг бүрэн авч, хүн шиг өсгөмөөр байна. Энэ үүднээс энэ хэргийн эсрэг байгаад байгаа юм. Цаад утга нь энэ. Б болон 2 хүүхдээс нь энэ байрыг харамлаад байгаа зүйл байхгүй. Та нар эндээ амьдар, энд амьдраад 2 хүүхдийнхээ хоол унд, хичээл сургалтанд нь анхаараад өг. Ээж, аав 2 энэ байрны мөнгө төгрөг, гарч байгаа бүх зардлыг нь төлъе гэсэн. Гэтэл энэ байранд Б-ийн төрсөн эгч нь гэж хүн ирээд дандаа согтуу байж, хэдэн өдрөөр архидаад 4, 5 хоног босохгүй хэвтэж байсан. Ийм нөхцөлд энэ 2 хүүхэд яаж эрүүл өсөж, зөв хүмүүжил олох юм. Өнөөдөр энэ байрны асуудлаас гадна энэ 2 хүүхдийн ирээдүй бүрхэг байна. Б-Г энэ хуралдаа өөрөө орооч, нүүр тулж уулзаач, хэлж ярих зүйл байна. Зөвхөн байрны асуудлаар шийдэгдэх зүйл биш гэдгийг хэлсэн. Бага хүүхэд нь эрүүл саруул өсөж байгаа хэдий ч том хүүхдийнх нь өсөлт үеийн хүүхдүүдээсээ хоцрогдсон. Хүний өөдөөс харж чадахгүй, нүд нь бүлтэлзээд дархлаа султай байна. Ээж, эгч 2-ынхоо дарамтанд байсаар байгаад харц нь доошоо болсон байна. Өвөө дээрээ ирэхэд нь харахад том хүүгийн урд 2 шүд нь уначихсан 4 сар болж байхад ямар ч эмчилгээ хийлгээгүй байсан. Би авч яваад кальцийн шинжилгээ, ясны бүтцийн шинжилгээ хийлгэсэн. 2 сар уух ёстой кальцийг нь авч өгөөд явуулсан. Яагаад энэ бүх асуудлыг ойлгохгүй байгаа юм бэ? Үнэхээр байрны өв залгамжлагч болохыг хүсээд байгаа юм бол энэ хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсрол хүмүүжилд яагаад анхаарахгүй байгаа юм. Би үүнд л маш их харамсаж байна. Энэ хүүхдүүд хараа хяналгүй, архичин ээж, эгч хоёрын харцан доор явсаар байгаад 18 нас хүрч гараад хулигаан болоход бэлэн болчихлоо. Энэ байрны асуудлаас гадна 2 хүүхдийн асуудал маш хүнд байна. Энэ үүднээс бид байранд миний аав, ээж хоёрын нэрийг оруулж өгөхийг хүсээд байгаа юм.

 

Миний аав, ээж 2 тэтгэвэрийн 5,000,000 төгрөгөөрөө байрны мөнгөнөөс төлсөн учраас нэрээ оруулах эрхтэй гэж үзэж байгаа. Энэ өмгөөлөгчид нь удаа дараа хүүхдүүдэд анхаарч өгөөч гэж хэлсэн. Хөдөө гадаа яваад, авах ёстой витаминаа аваад дараа жилийн сургуулийн процессыг даахаар болох байсан. Гэтэл бөөнөөрөө хоол ундгүй орчинд байна. Энэ 2 хүүхдийн ирээдүй, өсөлт бойжилтонд анхаарч үзээч гэж гуйж Батзаяад би хэлсэн. Гэтэл хууль миний талд үйлчилнэ, би 2 хүүхдээ авна, байрыг чинь авна гэж хэлээд гарч явсан. Цаашдаа хэлэхэд энэ Батзаяа гэдэг хүн хуулиараа хүүхдүүдийг асран хамгаалах эрхтэй л байх. Өмнө нь гаргаж байсан, үйлдэлийг нь баталгаажуулж байсан бол бид эрхийг нь хасуулах боломжтой байж. Тийм зүйл байхгүй байна. Бид энэ байранд ээж, аавынхаа нэрийг оруулах хүсэлтэй байгаа гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2000 оны үед хотод орж ирээд нэг тух муутай газар хашаатай байсан. Охин минь нэг байр хөөцөлдөж, 2008 онд байранд орсон. Тухайн үед байранд ороод баярлаад дараа нь гарах үр дагаварыг мэдээгүй. Охиныхоо болон хүүгийнхээ нэр дээр байрыг авсан. Тэр байранд ороод 3, 4 жил болж байх хугацаандаа зүгээр байж байхаар гээд тухайн үед чацаргана тарьвал их мөнгө олно гэсэн учраас 10 га газар аваад эхнэртэйгээ хөдөө гараад манай том хүү н.Ц энэ байранд орсон. Тэгж байтал удалгүй бага хүү минь эхнэр аваад том хүүгээ түрээсийн байшинд оруулаад бага хүүгээ энэ байранд амьдруулсан. Анх хүүгээ энэ байранд оруулахдаа аавынхаа байранд түр амьдарч бай, яваандаа чамд 3 өрөө байр авч өгнө. Хурим найрыг чинь хийж өгнө гэж хэлсэн. Ингээд энэ байранд амьдраад 10 гаруй жил болчихсон байна.

 

Тэгээд 2 ачийгаа хараад гэртээ амьдръя гээд ирсэн. Гэтэл юу болсон нь мэдэгдэхгүй Г.Б хүүхдүүдээ аваад явсан. Би хөөсөн зүйл байхгүй. Хадмуудтайгаа амьдарч байгаа хүмүүс зөндөө байгаа, 5 сар хамт амьдарсан. Тэртээ тэргүй бид 2 өнхрөөд өгөхөөр тэр байр энэ 2 хүүхдийн нэр дээр очно. Би Г.Батзаяаг 2 хүүхэдтэй нь миний хажууд тааваараа бай гэсэн. 2 хүүхдээ үлдээгээд ажил төрөл хий. Энэ 2 хүүхэд явцын дунд чамаас мөнгө нэхсэн хүн болно гэж хэлсэн. Гэтэл намайг хөөлөө, хүүхэд зодлоо гэж худлаа хэлсэн. Гэтэл одоо шүүх дээр ирээд байран дээр нэр оруулна гэсэн өргөдөл гаргасан байна. Энэ 2 хүүхэд үнэхээр өрөвдөлтэй, хэцүү нөхцөлд өсөж байгаа. Би 5 сар хажууд нь байж харсан. Хүн холуур юм боддог юм байна. Энэ 2 хүүхэд миний хүүхдийн хүүхэд биш юм байна гэж бодох болсон. Хүүхдүүдийг авч яваад 8 сар болж байна. Энэ залууг гуйж байж саяхан авч ирж нэгийг нь 3 хонуулсан, нөгөөг нь 10 хонуулсан. Дараа нь утсаар яръя гэхээр яриулахгүй байгаа. Г.Б-ийн санаа нь энэ 2 хөгшинийг байрнаас нь хөөгөөд гаргачихъя, эсвэл мөнгө салгаад авчихъя гэж бодоод байх шиг байна. Г.Б-г хөөсөн туусан зүйл байхгүй. Хамт байхдаа хүүхэд надруу ойртхоор загнаад цааш нь хөөгөөд явуулчихдаг. Ийм хачин байдалтай хүүхдийг байлгадаг. Би хөөж, туусан зүйл байхгүй. Одоо гаргаад байгаа зан аашийг нь бодхоор энэ 2 хүүхэд миний хүүхдийн хүүхэд биш, өөр хүний хүүхэд юм шиг байна. Тэгсэн ч энэ 2 хүүхэд миний хүүхдийн хүүхэд мөн ч бай, биш ч бай асран хамгаалагчийг нь тогтоогоод болохгүй бол улсын асрамжинд өгүүлнэ. Хэрвээ бидний дэргэд байвал энэ 2 хүүхдийг 10 дугаар анги төгсөх үед нь энэ байрыг том хүүгийн нэр дээр шилжүүлээд өгнө. Хамгийн гол нь энэ 2 хүүхдийн хувь заяа өрөвдөлтэй байна. Би бодсоноо л хэллээ. Хоёр хүүхэдтэйгээ уулзаж чадахгүй сэтгэлийн там эдлэж байна. Би 78 нас хүрч байгаа. Залуудаа ийм юм үзээгүй. Хөгширч ирээд бэртэйгээ шүүх хуралд ордог юм байна.

 

Энэ байранд хэдэн төгрөг төлсөн талаар би мэдэхгүй. Тал талаас өгөөд, тэтгэвэр энэ тэрээ нийлүүлээд 5,000,000 төгрөгийг өгсөн. Хоёр хүүхдийн нэр энэ байрны гэрчилгээнд орсон, ороогүй энэ байрыг аваад амьдраад явах учиртай юм. Гэтэл нэг жил ч хамт амьдарч үзээгүй байж тусдаа гарна. Хүүхдээ байрны дансанд оруулна гээд байгааг гайхаж байна. Зөв зүйтэй шийдвэр гаргаж өгөх байх гэж найдаж байна. Хүүхдүүддээ яваандаа 3 өрөө байр авч өгөөд хурим найрыг нь хийж өгъе гэж бодож байсан. Уг маргаан бүхий байрыг миний охин Б.Д бидэнд цаашид амьдрах зориулалтаар 2007 онд авч өгсөн. Байрны урьдчилгаанд 31,700 ам.долларыг гэрээ хийсэн өдрөө компанид нь өгч бариулж авсан. Ингээд уг байрыг ашиглалтанд орсон үеэс бид энэ байранд амьдарч байсан. Миний хүү талийгаач н.Жамъян-Осор эхнэр авах болж, Г.Б-тай гэр бүл болсон. Тухайн үед амьдрах орон сууц байгаагүй учир түр байранд амьдруулсан. Миний хүү Б.Ж 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр автомашины ослоор нас барсан. Уг байрыг анхнаасаа бидэнд зориулж авсан бөгөөд байрны төлбөрөөс 5,000,000 төгрөгийг манай эхнэр бид 2 өөрийн тэтгэвэрийн мөнгөнөөс төлсөн. Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тийм учраас энэ байрны өмчлөгчөөр Ж.Б, Г.Д бид нарыг тогтоож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Б.Д холбогдуулан өв залгамжлагчаар болон Баянгол дүүргийн, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ХД-70 дугаар байр, 7 тоот хаягт байрлах 48.76 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг,

Гуравдагч этгээд Ж.Б, Г.Д нар нь ......................тоот хаягт байрлах 48.76 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

А/ Нэхэмжлэгчийн өв залгамжлагчаар тогтоолгох шаардлагын талаар:

Нэхэмжлэгч Г.Б нь Б.Ж 2010 онд гэр бүл болсныг 2011 оны 3 дугаар сарын 30-ны өдөр бүртгэж, 0142532 дугаар гэрчилгээ олгожээ. Тэд гэрлэлтээ цуцлуулж байгаагүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 2/5953 дугаар лавлагаагаар, тэд хамтран амьдрах хугацаандаа 2011 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүү Ж.А, оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүү Ж.Т нарыг төрүүлсэн болох нь ..........., .................... дугаар төрсний гэрчилгээний хуулбараар, Б.Ж 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр авто ослоор нас барсан болох нь нас барсны бүртгэлийн ................. дүгээр гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй, мөн зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх; гэж, мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д Өвлүүлэгч нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар, баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ. Гэжээ. Нэхэмжлэгч Г.Б нь Б.Ж эхнэр, Ж.Т, Ж.А нар нь түүний хүүхдүүд болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, мөн нэхэмжлэгч нар нь өвийг хүлээн авахаас татгалзсан тухай нотариатын байгууллагад мэдэгдээгүй болох нь Монголын Нотариатчдын танхимын 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 546 дугаар албан бичгээр тус тус тогтоогдож байх тул нас барагч Т овогт Б.Ж өв залгамжлагчаар эхнэр Г.Б, хүү Ж.Т,  Ж.А нарыг тогтоох үндэслэлтэй байна.

Б/ Өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын талаар:

Нэхэмжлэгч Г.Б, Ж.Т, Ж.А нар нь хариуцагч Б.Д-Д холбогдуулан .................... тоотод байрлалтай Ү............... тоот эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөний өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

  Хариуцагч Б.Д. аваахүү нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч, тухайн байрыг би 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа 70 хувь буюу 22,200 долларыг төлж, аав, ээждээ авч өгсөн. Манай аав, ээж тэтгэвэрийн зээл авч байрны үлдэгдлээс 5,000,000 төгрөгийг төлсөн. Манай дүү Б.Ж эхнэр аваад орох оронгүй байсан тул энэ маргаан бүхий байранд тухайн үед түр амьдруулж байсан гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэлийн үндэслэл болсон Баянгол дүүргийн 18 дугаар хороо, ...................... тоот орон сууцыг хариуцагч Б.Д 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ................. ХХК-тай Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах-худалдан авах гэрээ байгуулан, 22,200 долларыг төлсөн, маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Б.Ж Б.Д нар бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2205037389 дугаарт бүртгэгдэж, 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэрчилгээ олгогдсон үйл баримт тогтоогдож байна.

 

Маргаан бүхий орон сууцыг нийт 31,700 доллар бөгөөд урьдчилгаа 70 хувь буюу 22,200 долларыг төлж, үлдэгдэл 30 хувийг хариуцагч Б.Д нь дүү Б.Ж-ын хамт 2011 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр орон сууц худалдан авах зорилгоор Төрийн банк ХХК-иас 11,5000,000 төгрөгийн зээлийг авсан болох нь нэхэмжлэгчийн тухайн үйл баримтыг үгүйсгээгүй тайлбар, Б.Д, Б.Ж нарын Төрийн банк ХХК-тай 2011 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр байгуулсан 1 тоот Орон сууцны зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Хэдийгээр маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ нь 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдөр буюу нэхэмжлэгч Г.Б, түүний нөхөр Б.Ж нарыг гэр бүлээ батлуулахаас өмнө олгогдсон хэдий ч тухайн орон сууцыг худалдаж авах зорилгоор Б.Д, Б.Ж нар нь 2011 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр 11,500,000 төгрөгийг Төрийн банк ХХК-иас 180 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж авсан ба зээлийн гэрээний үүрэг 2015 оны 5 дугаар сарын 27-ний дуусгавар болсон нь хариуцагчийн ... зээлийг төлж дуусгасан гэх тайлбар, Төрийн банкны 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ... зээл хаав гэх гүйлгээний утгатай орлогын мэдүүлгийн хуулбараар тогтоогдож байгаагаас үзвэл маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрх бодитоор 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр буюу Г.Б  Б.Ж нар гэр бүл болсны дараа бий болжээ.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн хамтран өмчлөх өмчид хамаарахаар хуульчилсан.

 

Иймд нэхэмжлэгч Г.Б Ж.Т, Ж.А нарыг ......................тоот хаягт байрлах, 48.76 м.кв талбай бүхий, Ү-..................... дугаарт бүртгэлтэй орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хүү Ж.А  2011 оны 6 дугаар сарын 4-нд төрсөн одоо 8 настай буюу Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д 7-оос 14 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн зарим чадамжтай байна. гэж, хүү Ж.Т 2013 оны 2 дугаар сарын 13-нд төрсөн одоо 6 настай буюу Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д 7 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн чадамжгүй байна. гэж зааснаар эх Г.Б асрамжид байх тул нэхэмжлэгч асран хамгаалагчийн хувьд шаардах эрхтэй байна.

 

В/ Гуравдагч этгээд Ж.Б, Г.Д нарын бие даасан шаардлагын талаар:

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ж.Б, Г.Д нар нь ....................тоот хаягт байрлах, 48.76 м.кв талбай бүхий, Ү-2205037389 дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох бие даасан шаардлагыг гаргасан бөгөөд шаардлагынхаа үндэслэлийг ... тухайн орон сууцыг бидний хүүхдүүд бидэнд зориулан худалдан авч өгсөн, бид тэтгэвэрийн зээл авч орон сууцны зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөгийг төлж, зээлийг хаасан гэж тайлбарлажээ.

 

Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах, худалдах-худалдан авах гэрээ, орон сууцны зээлийн гэрээ, ....................... тоот хаягт байрлах, 48.76 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ хавтаст хэрэгт авагджээ.

 

Маргаан бүхий орон сууцыг худалдаж авах зорилгоор Б.Д, Б.Ж нар нь 2011 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр 11,500,000 төгрөгийг 180 сарын хугацаатай зээлж авсан. Тухайн зээлийг 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 4,996,730 төгрөгийг төлсөн Буяндэлгэр зээл хаав гэх Төрийн банкны орлогын мэдүүлэг хэрэгт авагдсан боловч гуравдагч этгээд Ж.Буяндэлгэр, Г.Д нар нь 4,996,730 төгрөгийн эх сурвалжаа нотолж чадаагүй, өөрөөр хэлбэл 4,996,730 төгрөгийн тэтгэвэрийн зээл авч орон сууцны зээлийг хаасан гэх боловч тэтгэвэрийн зээлийн гэрээ, дансны хуулгаа гаргаж өгөөгүй, бие даасан шаардлагаа өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй болно.

 

Иймд гуравдагч этгээд Ж.Б, Г.Д нарын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д-ээс 140.400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан .................. тоот хаягт байрлах, 48.76 м.кв талбай бүхий орон сууцны өвлүүлэгч Б.Ж-т ногдох хэсгийн өв залгамжлагчаар Г.Б, Ж.Т, Ж.А нарыг тогтоосугай.

2.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б, Ж.Т, Ж.А нарыг .................... тоот хаягт байрлах, 48.76 м.кв талбай бүхий, ................... дугаарт бүртгэлтэй орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоосугай.

3.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-д заасныг баримтлан гуравдагч этгээд Ж.Б., Г.Д нарын ...................тоот хаягт байрлах, 48.76 м.кв талбай бүхий, .................................. дугаарт бүртгэлтэй орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 6.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Даваахүүгээс 140.400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР