| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ш.Гандансүрэн |
| Хэргийн индекс | 180/2023/0021/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/26 |
| Огноо | 2023-01-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ө |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2023/0021/Э
Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч Б.Ө,
шүүгдэгч Т.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Ц-д холбогдох эрүүгийн 2339000220017 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
/Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Т.Ц нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Эвт” худалдааны төвийн гадна талд Б.Э-той машин шүргэсэн гэх шалтгааны улмаас маргалдаж түүний нуруу хэсэгт цохисны улмаас машины хаалгыг мөргөж түүний биед тархи доргилт, хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Т.Ц :
...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг гаргасан.
Үйл баримт:
Эрүүгийн 2339000220017 дугаартай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Т.Ц-ы 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Эвт” худалдааны төвийн гадна талд Б.Э-той машин шүргэсэн гэх шалтгааны улмаас маргалдаж түүний нуруу хэсэгт цохисны улмаас машины хаалгыг мөргөж түүний биед тархи доргилт, хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 17 дугаартай ...Н.Э ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт, /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
“CD”-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
хохирогч Н.Э ын ...Тухайн хэрэг болдог өдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдөр ойролцоогоор 16 цагийн орчимд би Хэнтий аймгийн Хэрлэн сум 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Эвт худалдааны төвд ороод байж байтал манай нөхөр Бат-Оршин над руу залгаад хань аа гадаа машин таглаад тавьчихсан юм уу хүн гарна гээд байна гэж ярьсан. Тэгээд би удалгүй Эвт худалдааны төвөөс гараад зүүн урд хэсэгт машин дээрээ очиход Ц өнгийн Probox маркийн тээврийн хэрэгсэлтэй ах гадаа зогсож байсан. тэгээд би машиндаа суугаад машинаа хөдөлгөтөл тэр Ц өнгийн “Probox” маркийн тээврийн хэрэгсэлтэй ах сигналаа дараад байхаар нь би яасан бэ ах миний машины хажуугаар гарах зай байна ш дээ та энэ зайгаар гарчихгүй яасан юм бэ гэтэл үргэлжлүүлээд л сигналаа дараад л байсан. тэгээд би ухрах үйлдэл хийгээд эргээд буцах явцдаа нөгөө ахын машины урд талын номерын шрүпийг нь хальт шүргэтэл нөгөө ах машинаасаа бууж ирээд шууд миний машиныг өшиглөөд хаалга чанга татаж онгойлгоод намайг явуулахгүй зууралдаж байгаад миний машины түлхүүрийг булаагаад шууд өөрийнхөө машин руу явчихсан тэгэхээр нь би "тэр ахыг миний машины түлхүүрийг аваад зугтах гэж байна гэж бодоод араас нь очиж өөрийнх нь машины түлхүүрийг зөрүүлж авах гэтэл тэр ах өөрийнхөө машины урд талын хаалгаар миний нүүр хэсэг рүү цохиж дараа нь миний нуруу руу гараараа цохиж өөрийнхөө машины цонхны салхивч хэсгийг мөргүүлж миний хамрыг хугалсан. Тухайн үед миний хамраас их хэмжээний цус гарч байсан тэгээд удалгүй цагдаа нар ирсэн... /хх-ийн 17-19 дугаар хуудас/,
яллагдагч Т.Ц-ы ...2022 оны 12 дугаар сарын 19-ны өдөр би таксинд яваад эвт худалдааны төвд машинаа байрлуулаад эвт рүү ороод гараад иртэл миний машиныг Ц өнгийн машин миний машиныг таглаад зогссон байсан. тэгээд би машин дээр нь байсан дугаар луу залгаад зогсож байтал нэг эмэгтэй гарч ирээд машинаа хөдөлгөхдөө миний машиныг шүргээд гарсан. Тэгээд би тэр Ц машины жолооч эмэгтэйд хандаж миний машиныг шүргэчихлээ шүү дээ тэр эмэгтэй элдвээр хэлээд өөнтөг гээд явах гээд байхаар нь би машиных нь хаалгыг онгойлгоод явуулахгүй санаатай түлхүүрийг нь булааж автал тэр эмэгтэй зөрүүлж миний машины түлхүүрийг авах гээд миний машин руу очиход нь би тэр эмэгтэйг өөрийнхөө машины жолооч талын хаалгаар нэг удаа цохичихсон байна лээ. Мөн араас нь гараараа цохиход нүүр хэсгээрээ машины цонхны хаалт мөргөсөн. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд бид хоёр хэрүүлээ зогсоосон... /хх-ийн 57-58 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Т.Ц нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, түүний гаргасан хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Т.Ц ыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруу:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Ө:
...шүүгдэгч Т.Ц нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Эвт” худалдааны төвийн гадна талд Б.Э-той машин шүргэсэн гэх шалтгааны улмаас маргалдаж түүний нуруу хэсэгт цохисны улмаас машины хаалгыг мөргөж түүний биед тархи доргилт, хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг гэм буруутайд тооцуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Т.Ц :
...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд гаргасан улсын яллагчийн шүүгдэгч Т.Ц ыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Ц нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй ба түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Т.Ц дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг”,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг.” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Т.Ц-ы холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарна. Энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.
Тус гэмт хэрэг нь хүний бие махбодид түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.
Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс бага хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд материаллаг шинжтэй, хөнгөн гэмтэл учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Т.Ц иргэн Н.Э ын түүний нуруу хэсэгт цохиж, биед нь хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээрээ ямар нэгэн гэмтэл бэртэл учрахыг мэдсээр байж цохих гэмт үйлдлийн улмаас хохирогч Н.Э ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Шүүгдэгч Т.Ц нь хохирогч Н.Э ын биед хүч хэрэглэн халдаж цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогч Н.Э ын эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан хохирол, хор уршигт зориуд сэдэлт, зорилготой хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Т.Ц ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол, хор уршиг:
Шүүгдэгч Т.Ц-ы гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Н.Э ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Н.Э нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас үүссэн хохирол болох эмчилгээний зардалд 600.000 төгрөг нэхэмжилсэн байх ба хохирогч шүүгдэгч хоёр хоорондоо тохиролцон 600.000 төгрөгийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 300.000 төгрөгийг, үлдэх хэсгийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нөхөн төлөхөө илэрхийлж Прокурорын газарт хүсэлт гаргасан байна.
Иймд шүүх хохирогчийн нэхэмжилсэн 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгтэй холбоотой асуудлыг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шүүгдэгч Т.Ц аас жич нэхэмжлэх эрхтэйг, шүүгдэгч Т.Ц ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага:
Шүүх хуралдааны Эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Ө:
...Шүүгдэгч Т.Ц-ы үйлдсэн гэмт хэргийг гэмт буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатайгаар учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Т.Ц д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу оногдуулсан ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах саналтай байна. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Т.Ц :
...хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч Т.Ц ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд улсын яллагчтай ял шийтгэлийн талаар мөрдөн байцаалтын шатанд тохиролцож, хүлээн зөвшөөрсөн талаараа мэдүүлдэг.
Шүүгдэгч Т.Ц д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдаж, харин шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгтээ үнэнхүү чин санаанаасаа гэмшсэн, гэмшсэний улмаас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэнээ анхнаасаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, улсын яллагчтай эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлээ тохиролцсон зэрэг байдлыг давхар харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Т.Ц д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэж,
түүнд оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 12 /арван хоёр/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2339000220017 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Т.Ц энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хэрэгт хураан авсан камерын бичлэг бүхий нэг ширхэг CD-ийг эрүүгийн 2339000220017 дугаартай хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэлх хугацаагаар хавсарган үлдээхийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2.,
36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,37.1 дүгээр зүйлийн 2., 38.2
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т-ийн Ц ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т-ийн Ц ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн 2339000220017 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Т-ийн Ц энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хэрэгт хураан авсан камерын бичлэг бүхий нэг ширхэг CD-ийг эрүүгийн 2339000220017 дугаартай хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэлх хугацаагаар хавсарган үлдээхийг тус тус дурдсугай.
7. Хохирогч Э нь эвлэрлийн гэрээнд заасны дагуу хохирол, хор уршиг төлөгдөөгүй тохиолдолд энэ талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шүүгдэгч Т-ийн Ц аас жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН