| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ш.Гандансүрэн |
| Хэргийн индекс | 180/2023/0005/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/31 |
| Огноо | 2023-01-25 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2023/0005/Э
Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Д.Ч
Шүүгдэгч Х.Б , түүний өмгөөлөгч Б.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х-ын Б-т холбогдох эрүүгийн 2239000000411 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Х.Б нь Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг “Өвөр хүү” гэх газраас 2022 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Ж.Т-ын эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны хар зүсмийн үхрийг ганцаараа морин уналга буюу буурал зүсмийн 7 настай морь унаж хулгайлж, гэрийнхээ хажуу талын жалганд төхөөрч, махны ченж Э.Эрдэнэбаярт зарж, түүнд 1.500.000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Х.Б :
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2239000000411 дугаартай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Х.Б ийн Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг “Өвөр хүү” гэх газраас 2022 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Ж.Т-ын эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны хар зүсмийн үхрийг ганцаараа морин уналга буюу буурал зүсмийн 7 настай морь унаж хулгайлж, гэрийнхээ хажуу талын жалганд төхөөрч, махны ченж Э.Эрдэнэбаярт зарж, түүнд 1.500.000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Ж.Т-ын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 3 дугаар хуудас/,
“Фэйр валуэшн” ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШД-358 дугаартай “...хар зүсмийн 5 настай үнээ 1.500.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-42 дугаар хуудас/,
хохирогч Ж.Т-ын ...2022 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Мөрөн сумын 3 дугаар баг Өвөрийн зүүн хойд талаас хар зүсмийн бүдүүн үнээ алга болсон байсан. Тэгээд би тэр хавиар хайсан боловч олоогүй. Хар үнээ имгүй байгаа... /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
гэрч Т.Бат-Эрдэнийн ...Би 2022 оны 10 дугаар сарын 23-ны орой байх сайн санахгүй байна одоогоос багцаагаар 2-3 хоногийн өмнө Б ах гэрийнхээ хажуу талын жалганд хар зүсмийн үнээг Б ах ажиллаж байхад нь би очиж тусалсан. Тэгээд Б ах тухайн үхрийн махаа цэнхэр өнгийн prius-20 маркийн тээврийн хэрэгсэлд ачиж аймгийн төв рүү ганцаараа явсан. Би мэдэхгүй, Б ах өөрийн үхрээ ажиллаж байна гэж бодсон. Би Б ахыг ажиллаж байхад нь очсон болохоор им тэмдэг гараагүй... /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
гэрч Э.Эрдэнэбаярын ...Би 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Мөрөн сумын 3 дугаар багийн иргэн Б гэх хүнээс 184 кг жинтэй үхрийн мах худалдаж авсан тэгээд гарал үүслийн бичиг ирэхээр гарал үүсэл өгнө гээд хэдэн цагийн дараа 1352251 дугаартай гарал үүслийн код өгөөд явсан би мөнгийг нь Б гэх хүний эхнэрийн данс буюу Лхүндэвсүрэн гэх эмэгтэй хүний дансанд 1.435.000 төгрөг шилжүүлсэн... /хх-ийн 17-18 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Д.Ч:
...Шүүгдэгч Х.Б нь Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг “Өвөр хүү” гэх газраас 2022 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Ж.Т-ын эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны хар зүсмийн үхрийг ганцаараа морин уналга буюу буурал зүсмийн 7 настай морь унаж хулгайлж, гэрийнхээ хажуу талын жалганд төхөөрч, махны ченж Э.Эрдэнэбаярт зарж, түүнд 1.500.000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан болох нь ...нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Уг гэмт хэргийн улмаас Ж.Т т 1 тооны үхэр буюу 1.500.000 төгрөгийн хохирол учирсан. Ж.Т нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр илэрхийлж, нотариатаар батлуулсан байх тул шүүгдэгч Х.Б ийг бусдад төлөх төлбөргүй гэж тооцуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан:
...Хэргийн зүйлчлэлд ямар нэгэн маргаангүй. Гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас эхлээд үнэн зөвөөр мэдүүлж, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байсан. Хохирогч Ж.Т т 1.500.000 төгрөгийн хохирол учирсан ба миний үйлчлүүлэгч 2.000.000 төгрөг болгон төлж хавтаст хэрэгт баримтуудаа өгсөн. Хохирогч Ж.Т-ын зүгээс Б т гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй, түүнд холбогдох хэргийг хөнгөрүүлж шийдвэрлүүлэх талаар хүсэлтээ бичгээр илэрхийлж, нотариатаар батлуулсан байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Х.Б :
...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Х.Б ийг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч, өмгөөлөгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа мэдүүлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч , гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Х.Б нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.
Үүнээс үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан гэмт хэргүүд гэдэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор заасан.
Шүүгдэгч Х.Б ийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд нь хүний өмчлөх эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн бөгөөд тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсан үйл баримт болгоныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангид тусгайлан зааж хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй, эсхүл нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
“Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.
Үүнээс “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч байгаа идэвхтэй гэмт үйлдлээр илрэх ба гэмт үйлдэл нь гадаад хэлбэрээрээ зан үйл, бие эрхтнүүдийн харилцан үйлдэл, хөдөлгөөн бөгөөд тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилготой байдаг.
Мөн “Хулгайлах” гэмт хэргийн “Өмчлөх эрхийн эсрэг” бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд зүйлс нь хулгайлагдах үед өмчлөгч, эзэмшигч болон төр, хувийн хэвшлийн байгууллага, тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэл, өмчлөл, эзэмшилд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх үүрэггүй учир нууц далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоор тайлбарлагддаг болохыг дурдах нь зүйтэй.
“Хулгайлах” гэмт хэргүүдээс “Мал хулгайлах” гэмт хэрэг нь “бусдын малыг хулгайлсан бол” гэсэн үндсэн, энэ гэмт хэргийг “олон тооны мал хулгайлж үйлдсэн бол”, “бүлэглэж үйлдсэн бол”, “улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол”, “машин механизм ашиглаж үйлдсэн бол”, “ноцтой хохирол, хор уршиг учруулж үйлдсэн бол”, “гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн бол” гэсэн хүндрүүлэх болон “байнга үйлдэж амьдралын эх үүсгэвэр болгосон бол”, “зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол” гэсэн онц хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Үүнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын малыг хулгайлсан бол” гэсэн гэмт хэрэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүй буюу хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг бөгөөд дээрх гэмт үйлдэл, эс үйлдэхүй хийсэн бол төгссөн гэмт хэрэг юм.
Яллах дүгнэлтэд бичигдсэн яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч нь 2022 оны 10 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Ж.Т-ын эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны хар зүсмийн үхрийг ганцаараа морин уналга буюу буурал зүсмийн 7 настай морь унаж хулгайлж, гэрийнхээ хажуу талын жалганд төхөөрч, махны ченж Э.Эрдэнэбаярт зарж, түүнд 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл, эс үйлдэхүй байна.
Тэрээр шүүгдэгчийн бусдын малыг өмчлөгч, эзэмшигч болон бусад этгээдэд ямар нэгэн байдлаар хүч хэрэглэхгүйгээр, бусдад мэдэгдэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, өөрийн эзэмшилд оруулж, өөрийн үзэмжээр захиран зарцуулж, ашиг олох зорилготойгоор үйлдэж байгаа энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогч Ж.Т т 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн шүүгдэгчийн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан гэмт хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Х.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын малыг хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол, хор уршиг:
Шүүгдэгч Х.Б ийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч хохирогч Ж.Т т 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан байна.
Шүүгдэгч Х.Б нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн болох нь хавтаст хэргийн 86 дугаар хуудсанд авагдсан хохирогч Ж.Т-ын хүсэлт, шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэж утсаар ярьж тэмдэглэл үйлдсэн шүүхийн мэдэгдэх хуудсаар тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Х.Б ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Д.Ч:
...Шүүгдэгч Х.Б ийн үйлдсэн гэмт хэргийг гэмт буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Х.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Уг гэмт хэргийн улмаас битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал байхгүй байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан:
...Миний үйлчлүүлэгч хувьд ...гэм буруугийн хувьд маргаан байхгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байсан. ...Шүүгдэгчид ял оногдуулахгүй, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх ёстой. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан ...хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. ...Анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж ...өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн багийн Засаг даргын тодорхойлолтоор ам бүл хоёулаа амьдардаг. ...Б ээс эхнэр нь салсан ба Б өөрийнхөө хувийнхаа малыг маллаад ганцаараа амьдардаг гэсэн хувийн байдал ...гэрч нарын мэдүүлгүүдээс харагдаж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо барагдуулсан хүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү.... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Х.Б :
...хэлэх үг байхгүй. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.
Улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч Х.Б ийг ...7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах... гэсэн дүгнэлтийг, шүүгдэгч Х.Б болон түүний өмгөөлөгч нарын ...1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү... гэж маргаж байгаа дүгнэлтүүдийг тус тус шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Тухайлбал шүүх шүүгдэгч Х.Б т ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг” хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2239000000411 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Х.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж байгаа болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13.,
37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х-ын Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын малыг морин уналга буюу буурал зүсмийн 7 настай морь унаж хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Х-ын Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Х-ын Б-т шүүхээс тэнссэн 1 /нэг/ жил, 5 /тав/ сарын хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х-ын Б ийг тэнссэн 1 /нэг/ жил, 5 /тав/ сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг,
мөн 1 /нэг/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Б ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналга буюу буурал зүсмийн 7 настай морийг хураан авч, улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн 2239000000411 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Х-ын Б энэ хэрэгтээ бусдад төлөх төлбөргүйг, цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгчээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х-ын Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х-ын Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН