| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ш.Гандансүрэн |
| Хэргийн индекс | 180/2023/0027/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/35 |
| Огноо | 2023-01-27 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., |
| Улсын яллагч | З.Н |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2023/0027/Э
Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч З.Н ,
шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1., 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн шүүгдэгч Т-ийн М-т холбогдох эрүүгийн 2339004470010 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Т.М нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 15 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Баянмөнхийн баруун талын асфальтан зам дагуу 0 УБО улсын дугаартай “тоёота приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтыг зөрчсөн, 3.7 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх дүрмийн заалтуудыг зөрчиж, улмаар явган зорчигч Б.З-ыг мөргөж, зам тээврийн осол гаргаж, түүний биед зүүн хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал, зүүн хөмсөгний дээд хэсгийн язарсан шарх, зүүн нүдний хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Т.М :
...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2339004470010 дугаартай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Т.М ын 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 15 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Баянмөнхийн баруун талын асфальтан зам дагуу 0 УБО улсын дугаартай “тоёота приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтыг зөрчсөн, 3.7 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх дүрмийн заалтуудыг зөрчиж, улмаар явган зорчигч Б.З-ыг мөргөж, зам тээврийн осол гаргаж, түүний биед зүүн хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал, зүүн хөмсөгний дээд хэсгийн язарсан шарх, зүүн нүдний хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 07 дугаар хуудас/,
согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан: Т.М нь 3,71 хувийг тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо гэх тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 635 дугаартай “...Б.З ын биед зүүн хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал, зүүн хөмсөгний дээд хэсгийн язарсан шарх, зүүн нүдний хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх зүүн хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал бүхий гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
Хэнтий аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Номинтунгалагийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “0 УБО улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон Төмөрийн М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтыг зөрчсөн байна, 3.7 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж дүгнэв” гэх магадалгаа /хх-ийн 57-59 дүгээр хуудас/,
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар хуудас/,
Хэнтий аймгийн цагдаагийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 49/113 дугаартай: ...Т.М ын мэдээллийг цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн сангаас шүүж үзэхэд жолоодох эрхийн үнэмлэхгүй байна... гэх албан бичиг /хх-ийн 75-76 дугаар хуудас/,
хохирогч Б.З ын ...2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр би Хэнтий аймгийн Хэрлэн сум 3 дугаар багт хүнтэй уулзаад эргээд гэр лүүгээ харих гээд хэрлэн сум 3 дугаар баг 3-14 тоот руу алхаад баазын хойд талын улаан дэлгүүрийн тэнд явж байгаад баруун талаас зүүн чиглэлтэй засмал зам руу гарч байтал хойд талаас гэнэт цагаан өнгийн тээврийн хэрэгсэл ирж, намайг мөргөсөн. Тэгээд би газар ойчтол машины жолооч гарч ирээд намайг босгож, ахаа та зүгээр үү гэхээр нь би зүгээр байна гэж хэлээд өөрийнхөө гэрт хүргүүлээд буусан. Тэгээд намайг гэртээ ороод хэвтэж байтал манай эгч ирээд эмнэлэг дуудсан, ...Миний хөл хугарч, толгойдоо хэдэн оёдол тавиулсан... /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
гэрч Г.Дорж-Очирын ...Тухайн өдөр би найз М ын хамтаар архи уугаад явж байгаад танил ах Базараагийн гэрээс гарч явахдаа М машин барья гээд байхаар нь бариулсан. Тэгээд Эвт худалдааны төвийн баруун талын засмал замаас хойноос урагшаа явж байтал гэнэт зам дээр хүн гарч ирээд дайрсан. Тэгээд бид хоёр хамт машинаас буугаад тэр ахыг зүгээр эсэхийг асуухад зүгээр байна гэр хүргээд өг гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тэр ахыг гэрт нь буулгаж өгөөд цаашаа айл руу явж нэмж архи ууцгаасан. ...Тэр машин миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл би 2021 онд тэр машинаа Улаанбаатар хотоос худалдаж авч байсан. Тэгээд Улаанбаатар хотод ЭМ эл ки финанс гинко ХХК гээд компанид 2 сая төгрөгөөр тавьж зээл авсан. одоо бол тэр компанийн нэр дээр байгаа. Гэхдээ энэ машины эзэмшлийг би хариуцдаг. Тэр зээлсэн мөнгө ч дуусаж байгаа учраас удахгүй нэр дээрээ авна. ...Тухайн зам тээврийн ослоос болж машинд ямар нэг эвдрэл гэмтэл учирсан зүйл байхгүй... /хх-ийн 32-33 дугаар хуудас/
иргэний хариуцагч Б.Бат-Эрдэнийн ...тухайн 0 УБО улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл нь манай байгууллагад 2022 оны 09-ны өдөр барьцаанд тавигдаж байсан. Эзэмшигч нь Дорж-Очиртой энэ хэрэг гарсны дараа манай байгууллагын зүгээс холбогдоход энэ асуудлаа шийдэж байгаа, удахгүй зээлсэн мөнгөө төлж барагдуулан тээврийн хэрэгслээ өөрийн нэр дээр авна гэж байсан. Бид нар тээврийн хэрэгслийн эзэмшигчтэй холбогдож, мэдээллээ авсан учраас энэ тээврийн хэрэгсэлтэй холбоотойгоор ямар нэг санал хүсэлт байхгүй гэдгийг хэлмээр байна... зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Т.М нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, түүний гаргасан хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Т.М ыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруу:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч З.Н :
...шүүгдэгч Т.М 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 15 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Баянмөнхийн баруун талын асфальтан зам дагуу 0 УБО улсын дугаартай “тоёота приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтыг зөрчсөн, 3.7 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх дүрмийн заалтуудыг зөрчиж, улмаар явган зорчигч Б.З-ыг мөргөж, зам тээврийн осол гаргаж, түүний биед зүүн хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал, зүүн хөмсөгний дээд хэсгийн язарсан шарх, зүүн нүдний хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1., 2.2-т зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Т.М :
...хэлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.
Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Т.М ыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.М нь гэм буруугийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол дээр тогтоосон акт, шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 635 дугаартай дүгнэлт, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн магадалгаа болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул шийтгэх тогтоолын үндэслэл болж байна гэж үзлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Т.М дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч Т.М ын холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодон, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл /хохирол/ учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг, харин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, тухайн тээврийн хэрэгслийг жолоодож зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл /хохирол/ учирснаар хүндрүүлэх шинжийг тус тус хангаж байна.
Тэрээр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлдээ санаатай хандсан, хохирол, хор уршигт болгоомжгүй хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн холимог хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Т.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1., 2.2-т заасан “согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршиг:
Шүүгдэгч Т.М ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.З ын биед зүүн хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал, зүүн хөмсөгний дээд хэсгийн язарсан шарх, зүүн нүдний хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан байна.
Шүүгдэгч Т.М нь хохирогч Б.З т гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн болох нь хавтаст хэргийн 79 дүгээр хуудсанд авагдсан хохирогчийн гомдол, санал байхгүй хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт, 97 дугаар хуудсанд авагдсан иргэний хариуцагч А.Бат-Эрдэнийн мэдүүлэг авсан тэмдэглэл, шүүх хуралдааны товыг хохирогч, иргэний хариуцагч нарт мэдэгдэж утсаар ярьж тэмдэглэл үйлдсэн шүүхийн мэдэгдэх хуудас зэргээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Т.М ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч З.Н :
...шүүгдэгч Т.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1., 2.2-т заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, энэхүү ялыг Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх эрүүгийн хариуцлага оногдуулах саналтай байна...гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Т.М :
...хэлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч Т.М ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд улсын яллагчтай ял шийтгэлийн талаар мөрдөн байцаалтын шатанд тохиролцож, хүлээн зөвшөөрсөн талаараа мэдүүлдэг.
Шүүгдэгч Т.М-т хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгтээ үнэнхүү чин санаанаасаа гэмшсэн, гэмшсэний улмаас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэнээ анхнаасаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, улсын яллагчтай эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлээ тохиролцсон зэрэг байдлыг давхар харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс шилжин явахыг, Улаанбаатар хот болон бусад аймаг, сумдад очихыг хориглох, шүүхээс тогтоосон Хэнтий аймгийн нутаг дэвсгэр доторх чиглэлээр зорчихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, шилжин явах, зорчих эрхийг хязгаарлахыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.М-т зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг 6 /зургаа/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн хугацааг тоолохыг тус тус мэдэгдэж,
шүүгдэгч Т.М-т шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2339004470010 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Т.М энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,
36.10, 36.13., 37.2 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн
1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага
болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т-ийн М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1., 2.2-т тус тус заасан “Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т-ийн М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1., 2.2-т тус тус зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т-ийн М ыг эрх бүхий байгууллагын хяналтад 6 /зургаа/ сарын хугацаагаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс шилжин явахыг, Улаанбаатар хот болон бусад аймаг, сумдад очихыг хориглох, шүүхээс тогтоосон Хэнтий аймгийн нутаг дэвсгэр доторх чиглэлээр зорчихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, шилжин явах, зорчих үүргийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т-ийн М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1., 2.2-т тус тус зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Т-ийн М-т шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн 2339004470010 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Т-ийн М энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т-ийн М ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг 6 /зургаа/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн хугацааг тоолсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т-ийн М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т-ийн М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН