| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2019/01794/И |
| Дугаар | 1928 |
| Огноо | 2019-07-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 1928
| 2019 оны 07 сарын 01 өдөр | Дугаар 102/ШШ2019/01928 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.С
Хариуцагч: Т.О
Хүүхдүүдтэй уулзах, авч явахад саад учруулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.С, хариуцагч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т.О-тай 2010 оны 04 дүгээр сард танилцаж, 2010 оны 09 дүгээр сарын 01-нд гэр бүл болсон. Бид хоёр зан байдлын хувьд таарч тохироогүй тул 2015 оны 05 дугаар сарын 20-нд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шийдвэрээр гэр бүлээ цуцлуулсан. Хүү С.Г, С.Г нар эхийн асрамжид амьдардаг. Гэрлэлтээ цуцлуулснаас хойш хүүхдүүдтэйгээ байнгын холбоотой байсан. Тав дахь өдөр хүүхдүүдээ авч нэг дэх өдөр сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх, баярын өдрүүдээр авах, гэрийнх нь гадаа тоглох, хоолонд орох, уулзах зэргээр байнгын холбоотой байдаг байсан. Өөрийн гэртээ авчирч дуртай хоолыг нь хийж өгөх, агаар салхинд гаргах, гэрийнх нь даалгаврыг хийлгэх, хувцас хунарыг нь угааж байсан. Гэтэл 2018 оны 11 дүгээр сараас хойш бүтэн 8 сар хоёр хүүхэдтэйгээ уулзаж чадахгүй өнөөдрийг хүрч байна. Нийтийн байранд цоожилчихоод надтай уулзуулахгүй, хүүхдүүдийг загнаад цааш нь оруулчихдаг. Би цагдаа, Баянгол дүүргийн хүүхдийн эрхийг хамгаалах газар, 108 дугаарт хандсан боловч шүүхээрээ яв манайд хамаагүй гэсэн хариуг амаар өгсөн. Т.О нь хүүхдийн тэтгэлэг авах болохоор би эцэг нь болчихдог, уулзуулах болохоор чамд ямар хамаатай юм гээд уулзуулдаггүй. Миний бодлоор 5 дахь өдөр болгон авч гэртээ хонуулаад 1 дэх өдөр сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгч баймаар байна. Би өөрөө ажилтай болохоор өдөр болгон сургууль, цэцэрлэгээс нь аваад байж чадахгүй. 5 дахь өдөр авч байя. Эсвэл сард хоёр удаа хонуутаар хүүхдүүдээ авч баймаар байна. Цаашид хүүхдүүдтэйгээ уулзах, авч явахад саад учруулахгүй байхыг Т.О-д даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч Т.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би хүүхдүүдтэйгээ уулзуулдаггүй биш энэ уулздаг. Энэ хүн сургууль, цэцэрлэгийг нь мэдэж байгаа, хүссэн үедээ очиж уулзаж болно. Орой аваад дуртай цагтаа уулзаж байж болно. Хамгийн гол нь хонуут өнжүүтээр авч явахыг нь зөвшөөрөхгүй. Хүүхдүүдтэйгээ байнгын харилцаатай байх эрхтэй боловч нааш цааш зөөх, хонуут өнжүүтээр авч явснаас болж хүүхэд өвдөх, хичээлээ хийхгүй байх, ханиад хүрэх, өвдөх зэрэг тохиолдол их гардаг. Ханиад хүргэчихээд явуулчихдаг. Манай хүүхдүүд орой 20.30 цагт унтдаг. Тэгж нойртой хонож байж маргааш өглөө эрт босож сургууль, цэцэрлэгтээ явдаг. Аавтайгаа хонохоороо сургууль дээрээ очоод хичээлээ хийхгүй, нойрмоглоод унтдаг. Энэ байдлыг багш нь хэлж байсан. Хүүхэд чинь ирчихээд унтаад байхаар нь тэр чигт нь унтуулчихлаа гэж байсан. Ер нь дассан газраас нь авч яваад өвдүүлээд аваад ирдэг болохоор би өгч явуулах дургүй байдаг. Харин хүссэн үедээ өдрийн цагаар уулзаад байж болно. Хагас сайн өдөр болгон өглөө 10 цагт хүүхдүүдийг аваад орой 18 цагт авчирч өгөөд байж болно. Энэ хүн хүүхдүүдтэйгээ уулзах нэрийдлээр гэрт орж ирээд намайг оролдох, янз бүрийн үйлдэл гаргаж би цагдаад хандаж байсан. Хүүхдүүдтэй уулзахыг зөвшөөрнө. Харин хонуутаар авч явахыг нь зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Т.О-д холбогдох хүүхдүүдтэй уулзах, авч явахад Т.О нь саад учруулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 3635 шийдвэрээр Т.О, Б.С нарын гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй хүү С.Г, С.Г нарыг эх Т.Огийн асрамжид үлдээж, эцэг Б.С-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэжээ.
Шүүхийн шийдвэрээр эх Т.О-д эцэг Б.С-ыг Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлах, энэ эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг дурьдаж шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч нь сүүлийн 8 сар хүүхдүүдтэйгээ уулзаагүй, эхийн зүгээс саад учруулдаг, хариуцагч нь хүүхдүүдийг хонуут өнжүүтээр авч явахыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд тэдгээрийн үүрэг хэвээр үлдэхээр заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд, гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд ч хуульд заасан энэ эрх, үүрэг нь хэвээр үлдэх ба тухайлбал хүүхдийг сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөх, авах, гэрийн даалгаврыг хийлгэх, хувцас авах, амралт чөлөөт цагийг өнгөрүүлэх, эмчилгээ, сургалт, амралтын зардлыг хариуцах эдгээр үүргүүд эцэг эхэд адилхан хамаарах тул эцэг Б.Саас дээрх үүргүүдийг хэрэгжүүлэхэд нь эх Т.О нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар саад учруулах үндэслэлгүй юм.
Хүүхдийн эрхийн хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-т зааснаар хүүхэд эрүүл мэнд өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, хүчирхийллээс ангид байх эрхтэй, 5 дугаар зүйлийн 3-т зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай саналаа илэрхийлэх эрхтэй тул эцэг Б.С-ын зүгээс хуульд заасан хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх хэн алины тэгш эрхийг эх Т.О-гийн зүгээс хязгаарлаж болохгүй юм.
Иймд эцэг Б.С хүүхдүүдтэйгээ уулзах, тэднийг эхийн зөвшөөрөлтэй авч явахад эх Т.О-гийн зүгээс саад учруулахгүй байхыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нь хүүхдүүдтэй уулзах цаг, өдрийг шийдвэр гүйцэтгэлийн шатанд тохиролцох боломжтой болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас энэ төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг Б.С хүүхдүүдтэйгээ уулзах, тэднийг эхийн зөвшөөрөлтэй авч явахад эх Т.О-гийн зүгээс саад учруулахыг хориглосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т.Огаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.С-т олгосугай.
3. Нэхэмжлэгч, хариуцагч нь хүүхдүүдтэй уулзах цаг, өдрийг шийдвэр гүйцэтгэлийн шатанд тохиролцох боломжтойг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА