| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2019/02055/И |
| Дугаар | 1915 |
| Огноо | 2019-06-27 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 1915
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: Э.Ц Хариуцагч: Э.М Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Ц, өмгөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Э.Ц шүүхад гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Г.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э.Ц миний бие 2015 оны 07 дугаар сард Э.М-тэй танилцан үерхэж байхдаа 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүү М.Э-г төрүүлсэн. Э.М нь Англи улсад сургуульд сурч байсан тул бид хамтдаа амьдраагүй. Гэрлэлтээ ч батлуулаагүй. Хүү М.Э төрснөөс хойш эцэгтэй нь холбоо тасарч өнөөдрийг хүртэл нялх хүүхдээ өсгөж ирсэн. Э.Ц нь оюутан бөгөөд одоогоор хүүхэд харах чөлөөтэй байгаа. Өнгөрсөн хугацаанд Э.М холбогдоогүй. Иймд хүү М.Э-д хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв. Хариуцагч Э.М шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Э.М миний бие нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч хуульд заасан хувь хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзахгүй. Хэргийг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ. Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Э.Ц нь хариуцагч Э.М-д холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ. Э.Ц, Э.М нар 2015 оны 07 дугаар сард танилцаж, 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүү М.Э төрсөн, хүүхдийн эцэг нь Э.М болох нь талуудын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлага гаргасанг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч тайлбарлан, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлт ирүүлсэн байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тул эцэг Э.М-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж, 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү М.Э-г 16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл эцэг Э.М-ээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй. Хэдийгээр хүүхэд эхийн асрамжид байгаа боловч эцэг Э.М нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхдээ асран хамгаалах, хүмүүжүүлэх эрх үүрэг нь хэвээр бөгөөд зохигчид хүүхдийн тэтгэлгийг яаж төлөх аргаа шийдвэр гүйцэтгэлийн шатанд тохиролцож шийдвэрлэх боломжтой болно. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.000 төгрөгнөөс 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 33.200 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Э.М-ээс 70.200 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.Ц-д олгох нь зүйтэй. Хариуцагч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн тул түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү М.Э-г 11 нас хүртэл тэдний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Э.М-ээр тэжээн тэтгүүлсүгэй. 2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50%-иас хэтрэхгүй болохыг дурьдсугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.000 төгрөгнөөс 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 33.200 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Э.М-ээс 70.200 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.Ц-д олгосугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА |