Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/36

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2023/0028/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Э.Түвшинзаяа,

улсын яллагч Б.Өнөбат

шүүгдэгч О.У  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн О-ийн  У-т  холбогдох эрүүгийн 2339000360037 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч О.У  нь 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус сумын Баян-Адарга сумын 2 дугаар багт Ж.Б-ын   эзэмшлийн малыг өөрийн малтай нийлүүлэн хариулж байх үедээ түүний мал сүрэг дотроос 11 настай ахар дэлтэй хээр зүсмийн 1 тооны адууг хувийн эрх ашгийн үүднээс хууль бусаар бусдад дур мэдэн шилжүүлж өгсөн буюу өөрийн өрөндөө дүйцүүлэн өгч Ж.Б-ын   өмчлөх эрхэд 1.600.000 төгрөгийн хохирлыг санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч О.Ууганбаяр:

...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хэлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлгийг,

 

Үйл баримт:

Эрүүгийн 2339000360037 дугаартай гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж, авсан нотлох баримтуудаас шүүгдэгч О.У-ын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус сумын Баян-Адарга сумын 2 дугаар багт Ж.Б-ын   эзэмшлийн малыг өөрийн малтай нийлүүлэн хариулж байх үедээ түүний мал сүрэг дотроос 11 настай ахар дэлтэй хээр зүсмийн 1 тооны адууг хувийн эрх ашгийн үүднээс хууль бусаар бусдад дур мэдэн шилжүүлж өгсөн буюу өөрийн өрөндөө дүйцүүлэн өгч Ж.Б-ын өмчлөх эрхэд 1.600.000 төгрөгийн хохирлыг санаатайгаар учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

иргэн Ж.Б аас цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гомдол, /хх-ийн 4 дүгээр хуудас/,

Фэйр Валуэшн ХХК-ийн Хэнтий аймаг дахь төлөөлөгчийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШД-05 дугаартай “Ахар дэлтэй хээр зүсмийн гүү 1.600.000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 48-50 дугаар хуудас/,

хохирогч Ж.Б-ын   ...Би 2020 оны 08 дугаар сард Баян-Адарга сумын иргэн О.У  гэх хүний адуутай 15 тооны адуугаа нийлүүлэн азарганд нь хураалган орхиж хөдөө ажлаар явах болгондоо харж бүртгэж явдаг байсан тэгж явсаар байгаад 2021 оны 09 дүгээр сард хөдөө явж адуугаа бүртгэж үзэхэд миний адуунаас зөв тийшээ унжмал дэлтэй 11 настай хүрэн зүсмийн сувай гүү маань алга болсон байсан тухайн үед О.У  нь Баян-Адарга сумаас баруун урагш чулуун хороо гэх газар нутаглаж байсан юм. Тэгээд би хүрэн гүүгээ айлуудаар явж асууж сураглаад байсан чинь О.У  нь хүнд өрөндөө өгсөн байж магадгүй гэсэн сураг гараад цагдаагийн байгууллагад хандсан... /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

гэрч С.Шинэбаярын ...нэг жилийн гэрээний хугацаа дуусаад 2021 оны 09 дүгээр сарын эхээр малаа тоо толгойгоор нь авах гэсэн боловч мал маань нэлээдгүй олноор дутсан тэгээд би О.Ууганбаяртай уулзаж малаа төлүүлэх талаар Ярилцаж байгаад 2021 оны 09 дүгээр сарын дундуур О.У  нь миний малыг мал оролцуулан төлсөн юм. Тэр үед надад хээр зүсмийн сувай гүү өөрийн мал байгаа юм гэж хэлээд өгсөн би өөрийн малаасаа өгч байгаа гэж бодоод аваад тэр дор ачаад аймгийн төвд аваачин махалж зараад мөнгө болгосон. О.У  нь мөн надад нэг эрээн зүсмийн эрээн тугалтай гунжин үнээ өгсөн, мөн буруу чих нь араасаа догол зөв чих нь цуулбар имтэй хонь ямаа өгч бид хоёрын ер авлага цайрсан... /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

гэрч Б.Цэндийн ...Жагдаг овогтой Б  нь миний төрсөн эцэг байгаа юм. Би 2021 оны 09 дүгээр сараас 2022 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд Баян-Адарга сумын Жаргалант багийн нутаг чулуун хороо гэх газар О.Ууганбаярынх гэдэг айлтай хаяа нутаглаж байсан тэр үед манай аав Б  Баян-Адарга сумын төвд тусдаа байдаг байсан малаа над дээр байлгаж би малыг нь У  ахын малтай нийлүүлэн ээлжээр харж хариулдаг байсан юм. Тэгээд би 2022 оны 08 дугаар сарын сүүлээр хүүхэд маань сургуульд орох болоод Баян-Адарга сумын төв рүү гэрээрээ нүүгээд орсон аавын мал У  ахын малтай нийлсэн чигээрээ үлдсэн юм. Тэгтэл аав 2022 оны 09 дүгээр сарын сүүлээр шиг санаж байна малаа бүртгээд ирлээ адуунаас маань хээр зүсмийн гүү маань алга гэж ирсэн... /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

гэрч Ц.Оюунтуяагийн ...2021 оны 09 дүгээр сарын сүүлээр шиг санаж миний төрсөн эгчийн хүү Оюунбилэг овогтой У  нь Шинэбаяр гэх айлын малыг түрээсээр харж байгаад малаас нь дутаасан тэгээд Шинэбаяр гэх залууд дутаасан малынхаа оронд өөрийн малаа өгч байна гэж сураг дуулаад хөдөө гэрт нь очсон тэгтэл Шинэбаяр ачааны машинтай очоод нэг үхэр нэг адуу ачсан байсан тэгээд би У-т  чи дур мэдэн өвөөгөөсөө үлдсэн малыг хүнд өглөө гэж хэлээд ачаатай байсан үхрийг нь буулгаад хээр зүсмийн нэг адуу ачаатай байсан ачаан дээр нь үлдээсэн... /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

хохирогч Ж.Б-ын   дахин өгсөн ...Би 2020 оны 03 дугаар сард өөрийн малаа Баян-Адарга сумын иргэн Оюунбилэг овогтой У  гэх хүний малд нийлүүлээд орхисон юм тэгтэл 2021 оны 09 дүгээр сард миний адуунаас унжмал дэлтэй хүрэн зүсмийн сувай гүүг маань Надад хэлэлгүй Шинэбаяр гэх хүнд өрөндөө өгчихсөн байсан би хохирлоо барагдуулмаар байна надад гомдолтой байна... ... Би тухайн үед 15 тооны адуу. Мөн хонь ямаа нийлсэн 150 тооны бог мал үлдээсэн байсан. тэгтэл 2 хүрэн халзан гүү, мөн хонь ямаанаас маань нэлээдгүй олон дутсан байснаас унжмал дэлтэй хүрэн зүсмийн сувай гүүг маань надад хэлэлгүй Шинэбаяр гэх хүнд өрөндөө өгчихсөн байсан бусад малыг нь би яасныг нь мэдэхгүй байна. Тухайн үед би малаа хааяа нэг очиж эргэдэг байсан хараа хяналт сул байсан учраас бусад мад маань айлаар сарниад алга болсон байх гэж бодож байна... /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

яллагдагч О.У-ын ...Манайх Хэнтий аймгийн Баян-Адарга суманд мал маллаж амьдардаг. Тухайн үед буюу 2021 онд манай малтай Б-ын   мал цуг байдаг байсан. Тэр үед Б  өөрөө сумын төвд малыг нь охин Цэнд нөхөр хүүхдийн хамт харалцдаг байж байгаад хичээл сургууль орох болоод төв рүү яваад өгсөн Тэгээд ерөнхийдөө би малыг нь харж үлдсэн гэсэн үг юм, тэгээд 2021 оны 09 дүгээр сар хавьцаа манай нутгийн залуу болох Шинэбаяр ирээд ор зээлийнхээ оронд хэдэн мал авахаар болохоор нь би Б-ын   адуунаас унжмал дэлтэй хүрэн зүсмийн сувай гүү нэг ширхэг, өөрийн малаас 1 тугалтай үнээ, мөн ойролцоогоор 40-50 орчим тооны хонь ямаа нийлсэн мал барьж өгөөд явуулсан. Надад тэр Б  гэдэг хүний малаас захиран зарцуулах эрх байхгүй хийсэн хэрэгтээ гэмшиж байна... /хх-ийн 75-76 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч О.У  нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, түүний гаргасан хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч О.Мөнхбаярыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруу

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Өнөбат:

...Шүүгдэгч О.У  нь 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус сумын Баян-Адарга сумын 2 дугаар багт Ж.Б-ын   эзэмшлийн малыг өөрийн малтай нийлүүлэн хариулж байх үедээ түүний мал сүрэг дотроос 11 настай ахар дэлтэй хээр зүсмийн 1 тооны адууг хувийн эрх ашгийн үүднээс хууль бусаар бусдад дур мэдэн шилжүүлж өгсөн буюу өөрийн өрөндөө дүйцүүлэн өгч Ж.Б-ын   өмчлөх эрхэд 1.600.000 төгрөгийн хохирлыг санаатайгаар учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч О.Ууганбаяр:

...хэлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.  

 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч О.Ууганбаярыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.У  нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч , гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул тэднийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээдүүд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч О.У  нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

 

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

 

Үүнээс үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан гэмт хэргүүд гэдэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор заасан.

 

Шүүгдэгч О.У-ын холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд нь хүний өмчлөх эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн бөгөөд тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсан үйл баримт болгоныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангид тусгайлан зааж хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй, эсхүл нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

“Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

 

Үүнээс “Хөрөнгө завших” гэмт хэрэг нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан идэвхтэй гэмт үйлдлээр илрэх ба гэмт үйлдэл нь гадаад хэлбэрээрээ зан үйл, бие эрхтнүүдийн харилцан үйлдэл, хөдөлгөөн бөгөөд тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулах эрхгүй гэдгийг мэдэх ёстой, мэдсээр байж өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилготой байдаг.

 

“Хөрөнгө завших” гэмт хэргийн “Өмчлөх эрхийн эсрэг” бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь шүүгдэгч бусдын буюу өөр хэн нэгний эд хөрөнгө, түүний эрхийг итгэмжлэн хариуцсан этгээд байх боловч тухайн хариуцсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулах эрх, үүрэггүй байдгийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэсэн үндсэн, “албан тушаалын байдлаа ашиглаж”, “бусдад ноцтой, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн”, “...зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн” гэсэн гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

 

Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний өмчлөх эрхэд бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй байхаар, харин ноцтой, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн байхыг хуульчилж өгсөн бөгөөд материаллаг шинжтэй, хохирол, хор уршиг учирснаар төгссөн гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч О.У  иргэн Ж.Б-ын   итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох адуун сүргээс 1 тооны 11 настай ахар дэлтэй хээр зүсмийн адууг захиран зарцуулах эрхгүй гэдгийг мэдсээр байж Ж.Б д 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол буюу 300.001 /гурван зуун мянга нэг/ төгрөгөөс дээш хохирол, хор уршиг учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байна.

 

Тэрээр Ж.Б  шүүгдэгчид итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 1 тооны ахар дэлтэй хээр зүсмийн 11 настай адууг өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар бусдад дур мэдэн шилжүүлж өгсөн буюу өөрийн өрөндөө дүйцүүлэн өгч  байгаа энэхүү үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогч Ж.Б д 1.60.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн шүүгдэгчийн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан гэмт хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд  шүүгдэгч  О.Ууганбаярыг  Эрүүгийн  хуулийн   тусгай   ангийн  17.4 дүгээр

зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, хор уршгийн тал:

Шүүгдэгч О.У-ын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч хохирогч Ж.Б д 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан байна.

 

Шүүгдэгч О.У  нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болох нь хавтаст хэргийн 84 дүгээр хуудсанд авагдсан хохирогч Ц.Б-ын   охин Б.Цэнхэр-Одын гомдол, саналгүй гэх хүсэлт болон шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэж утсаар ярьж тэмдэглэл үйлдсэн шүүхийн мэдэгдэх хуудсаар тус тус тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч О.Ууганбаяраас түүний гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Б д олгохоор шийдвэрлэлээ.   

 

Эрүүгийн хариуцлага:

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийн дүгнэлт танилцуулах шатанд:

 

Улсын яллагч Б.Өнөбат:

...Шүүгдэгч О.У-ын үйлдсэн гэмт хэргийг гэмт буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч О.У-т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгийн торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч О.Ууганбаяр:

...хэлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч О.Ууганбаярыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд улсын яллагчтай ял шийтгэлийн талаар мөрдөн байцаалтын шатанд тохиролцож, хүлээн зөвшөөрсөн талаараа мэдүүлдэг. 

 

Шүүгдэгч О.У  хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа   хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлснийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгтээ үнэнхүү чин санаанаасаа гэмшсэн, гэмшсэний улмаас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэнээ анхнаасаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, улсын яллагчтай эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлээ тохиролцсон зэрэг байдлыг давхар харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.   

 

Шүүхээс шүүгдэгч О.У-т  оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэж,  

түүнд оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2339000360037 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч О.У  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг,  түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж байгаа болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О-ийн У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч О-ийн У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О-ийн У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О-ийн У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч О-ийн У-т шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5., Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч О-ийн У аас 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулан Ж.Б-д олгосугай.

 

7. Эрүүгийн 2339000360037 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч О-ийн У  энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О-ийн У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О-ийн У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ГАНДАНСҮРЭН