| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2019/03914/И |
| Дугаар | 1873 |
| Огноо | 2019-06-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 1873
| 2019 оны 06 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2019/01873 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч П.Д
Хариуцагч: Т.О
Хариуцагч: Пт ХХК
Худалдах, худалдан авах гэрээг цуцлах, хохиролд 38.680.186 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Л, өмгөөлөгч Б.Г, хариуцагч Т.Г, ПТ ХХК-ийн захирал Д.Б, өмгөөлөгч Г.Э, нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2014 онд ТВ-8 телевизээр гарсан зарын дагуу Баянгол дүүрэг 3 дугаар хороонд байрлах Пт зочид буудлын барны дотоод тохижилтыг компанитай нь зарна гэсэн зарын дагуу Т.Г-тай уулзсан. Барны дотоод тохижилт, бичиг баримтыг нь хараад байрны эзэн нь хэн бэ гэхэд манайх байгаа юм гэсэн. Эзэнтэй нь уулзая гэхэд Д.Б гуайтай уулзуулсан. Д.Б-оос энэ байрны дотоод тохижилт, эд хогшил хэний вэ гэхэд 4 хананаас бусад нь Т.Г-ых гэж хэлсэн. Тэгэхээр нь надтай хэдэн жилийн гэрээ хийх вэ 3 жилийн түрээсийн гэрээ хийхүү гэхэд хийнээ хийнэ л гэж хэлсэн. Ингээд тохиролцсон. Хэд хоногоос Т.Г-тай уулзаж худалдах, худалдан авах гэрээ хийж 23.500.000 төгрөгөөр компани, тусгай зөвшөөрөл, барны тохижилт, тоног төхөөрөмж худалдан авахаар тохирсон. Д.Б гуайгаас баранд засвар үйлчилгээ хийж болохуу гэхэд болно гэхээр нь урагшаа Хятад улс руу захиалага өгч буйдан, ширээ хөшиг, гэрлүүдийг авчирсан. Засвар хийж байхдаа Д.Б гуайд 3 жилийн түрээсийн гэрээг хийе гэхэд чамтай түрээсийн гэрээ хийхгүй. Чи Т.Г-тайгаа учраа ол, мөнгө төгрөг өгснөө надад хэлэхгүй яасан юм. Т.Г надад өртэй, тийм хүнээс яах гэж худалдаж авдаг юм. Надаас авсан бол тусгай зөвшөөрлийг чинь 5.000.000, 6.000.000 төгрөгөөр гаргаад чамд зарчихна ш дээ гэж хэлсэн. Энэ талаар Т.Г-д хэлэхэд би Д.Б гуайд хэдэн төгрөгийн өртэй юм, тэрийг нь өгчихнө л гэсэн. Надтай гэрээ хийхгүй байгаа талаар хэлэхэд би хэлчихнээ л гэсэн. Ингээд бүжигчидийн зөвшөөрөл авч өгнө гэж хэлсэн боловч авч өгөөгүй. Дараагийн ээлжинд засвар үйлчилгээ хийж байх явцад 2 залуу ирсэн. Т.Г неоны гэрэл нэг дуучных байгаа юм, ирж авна гэж хэлсэн. Тэгсэн хоёр залуу орж ирээд 2 том дипүзер аваад явсан. Гэтэл Д.Б гуай хөшиг нь минийх, буйдан сандлууд нь минийх гэсэн. Ингээд тэр дотор эвдэрхий хөргөгч л үлдсэн. Уг нь дэлгэц, компьютер байсан боловч намайг урагшаа явсан хойгуур Т.Г өөрт байсан түлхүүрээр онгойлгоод ороод авсан байсан. Утсаар ярьж учирыг нь асуухад процессорыг нь авчирч өгсөн. Түүнд тусгай зөвшөөрөл, тохижилт зарсан биз дээ, гэтэл А-4 цаасан дээр бичсэн зүйлийг би 23.500.000 төгрөгөөр худалдаж авахгүй гээд бид хоёр маргалдсан. Тэр үед Т.Г өгсөн мөнгөөр чинь АНУ руу явах визинд хүнд өгсөн. Надад чамд өгөх мөнгө байхгүй. Ямар ч байсан би дахиад зар тавиад мөнгийг чинь гаргаж өгье. Нэгэнт чи засвар тохижилт хийсэн юм чинь ажиллуулж бай гэсэн. Миний ажиллуулсан хугацаа сар гаран л байгаа. Бүжигчидийн зөвшөөрлийг авч өгнө гэсэн боловч авч өгөөгүй тул 6 сарын 8-ны өдөр би өөрөө хөөцөлдөж авсан. Т.Г мөнгө олж өгнө гэж хэлээд алга болсон. Эргэж надтай 7 сард уулзаад барыг хүмүүст үзүүлье түлхүүрээ өгч бай гээд өөрөө дотор нь ороод суусан. Энэ үеэс эхлэн миний засаж хийсэн тохижилт дээр барыг надад зарсан бичиг баримтаа үндэслэн ажиллуулсан. Учирыг нь асуухад Д.Б-той уулз, битгий өгөөрэй гэсэн гэдэг. Энэ хоёрын хэн нь үнэн, худал яриад байгаа нь мэдэгддэггүй. Т.Г-аас ЦБО ХХК, 7.480.000 төгрөгийн өөрийн үндсэн хөрөнгөтэй гэдэг хоосон цаас худалдаж авсан. Бид хэдийгээр бэлэглэлийн гэрээ хийсэн боловч барыг тохижилтын хамт худалдаж авсан. Гэтэл Т.Г-ы худалдсан эд зүйл хөрөнгө нь эрхийн зөрчилтэй, биет байдлын доголдолтой, ЦБО ХХК-ийг бүхэлд нь буюу компаний үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, компаний санхүүд тусгагдсан байгаа техник тоног төхөөрөмжүүд, Пт ХХК-тай байгуулсан урт хугацааны тогтвортой түрээсийн гэрээ, Нийслэлийн аялал жуулчлал, соёлын газраас олгодог тусгай зөвшөөрөл, тайчих үзүүлбэр үзүүлэх тусгай зөвшөөрөлүүдийг шилжүүлэх үүрэг хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, өгсөн 23.500.000 төгрөгөө Т.Г-аас нэхэмжилж байна. Т.Г албан ёсоор хүлээлгэж өгсөн гэж байгаа боловч өгсөн хөрөнгөө акт үйлдээд нэг бүрчлэн жагсаагаад шилжүүлэх ёстой байсан. Барны дотор тохижилтийг хийж хийсэн хөрөнгө байрандаа үлдсэн тул тохижилтонд зарцуулсан хохирол 15.180.186 төгрөгийг хариуцагч ПТ ХХК-наас нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Т.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Т.Л, П.Д нар ирээд зараа устгачих бид барыг худалдаж авъя гэснээр 1 сард барыг хүлээлгэж өгсөн. 04 дүгээр сард эрх шилжүүлэх гэрээ хийгдэж ЦБО ХХК-ийн үйлдвэрлэл үйлчилгээ, барны үйл ажиллагаа явуулах эрх, зарим дагалдах тоног төхөөрөмжийн хамт албан ёсоор шилжүүлж өгсөн. Байр нь ПТ ХХК-ийн өмч, би түрээсээр 2 жил ашиглаж байсан. Засан сайжруулахтай холбоотой асуудалд ПТ ХХК хяналт тавьдаг байсан. Барыг 2014 оны 01 дүгээр сард хүлээлгэж өгөөд энэ хүмүүс 07 дугаар сар хүртэл өөрсдөө ажиллуулаад 2014 оны 12 дугаар сараас хойш би өөрөө ажиллуулж эхэлсэн. Миний хувьд ЦБО ХХК-ийг хуулийн дагуу шилжүүлсэн. Цаашид үйл ажиллагаа яаж явуулах нь өөрсөдтэй нь холбоотой асуудал. Би гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Надад доголдолын талаар мэдэгдээгүй. Шаардлага тавиагүй. Доголдол гэж яриад байгаа зүйлээ нотлоогүй. Надад барыг буцааж хүлээлгэж өгөөгүй. Бүжигчидийн зөвшөөрөл гэж байна. Тэр зөвшөөрөл хувь хүн дээр, захиралынх нь нэр дээр гардаг зөвшөөрөл. Би улсад тушаадаг мөнгийг нь өг гэхэд өгөхгүй явсаар өөрсдөө гаргаж авсан. ЦБО ХХК нь улсад бүртгэгдсэн эд хөрөнгө, хувьцаа байхгүй. 748 ширхэг хувьцаа бол нэрлэсэн үнийн хувьцаа. Түүнээс биш улсын бүртгэлд бүртгүүлсэн албан ёсны хувьцаа биш. Үйл ажиллагааны орлого, цаашид өсөн нэмэгдэх үнэ цэнийг харгалзан тооцоолоод, компаний захирал, төлөөлөн удирдах зөвлөл нь дүрмийнхээ сангаар нэрлэсэн үнийнхээ хувьцааг тогтоодог юм байна лээ. Компанийг шилжүүлэхэд П.Д гэж хүн өөрөө дүрмийнхээ санг батлаад хувьцаагаа өөрөө шийддэг зүйл. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч ПТ ХХК-ийн захирал Д.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч хэдэн газар очиж засвар хийгээд байгаа юм бэ. 15.000.000 төгрөгийн задаргааг сүүлд нөхөж бичиж өгсөн бололтой байна. Тийм айхтар засвар хийсэн зүйл байхгүй. Эд нар өөрсдөө баарыг ажиллуулахгүй хаяж явчихаад, хаяад явснаа ярихгүй одоо юу яриад байгаа юм. 2014 оны 07 дугаар сараас 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл түрээсээ өгөхгүй хаяж явчихаад энэ улс одоо хаачсан юм. Бид 1 жилийн хугацаатай аман гэрээ хийсэн болохоос би энэ хүнийг боль гэж гаргаагүй. Ганцхан сар ажилласан гэж худлаа ярьж болохгүй. Би та нарыг засвар хий, манайхыг түрээслэ гэж авчираагүй. Би та нарыг хөөж гаргаагүй. 7 сараас 10 дугаар сарын 01 хүртэл өөр хүнд 5.000.000 төгрөгөөр түрээслэн явсан улсууд. Тэгчихээд одоо сар гаруй ажилласан гээд байхын. Хэн хэнд түрээслэснээ өөрөө мэдэж байгаа. Надад түрээслэхээ болилоо ч гэж хэлэлгүй түлхүүрийг өөр газар аваачаад хаясан байсан. Хэрэглээний зардлаа одоо болтол төлөөгүй. Энэ хүнд нэг ч тохижуулсан зүйл байхгүй. Надаас 15.000.000 төгрөг нэхэх биш харин ч надад өгөх ёстой. Би энэ баарнаас ямар нэгэн эд зүйл аваагүй. Тохижилт нь надад хамаагүй. Хийсэн бол тэрийгээ аваад гарч болох л байсан. Надад хөрөнгө оруулалт нь хэрэггүй. Түрээслэсэн хугацаанд юугаа хийх нь надад хамаагүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Д нь хариуцагч Т.Г-д холбогдох худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээгээр шилжүүлсэн 23.500.000 төгрөг гаргуулах, хариуцагч ПТ ХХК-нд холбогдох хохирол 15.180.186 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч П.Д, хариуцагч Т.Г нар 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 03 тоот бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж Т.Г-ы ЦБО ХХК-ийн эрх 7.480.000 төгрөгийн үнэ бүхий 100 хувийн хувьцаа, Баянгол дүүрэг 2 дугаар хороо ПТ зочид буудлын 2 дугаар давхарт байрлах баарны тоног төхөөрөмж, эд зүйлийг 23.500.000 төгрөгөөр худалдан авсан болох нь зохигчийн тайлбар, гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, мөнгө хүлээлцсэн баримт зэргээр тогтоогдсон байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу нэхэмжлэгчээс мөнгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, энэ байдалд зохигч маргаагүй.
Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээжээ.
Зохигч ЦБО ХХК-ийн эрх 7.480.000 төгрөгийн үнэ бүхий 100 хувийн хувьцаа, Баянгол дүүрэг 2 дугаар хороо ПТ зочид буудлын 2 дугаар давхарт байрлах баарны тохижилт, тоног төхөөрөмж худалдахаар тохирч компаний эрхийг шилжүүлсэн боловч баарны тохижилт, тоног төхөөрөмжид тохирсон ёсоор ямар эд хөрөнгийг шилжүүлсэн нь тодорхойгүй, гэрээгээр ямар ямар тоног төхөөрөмж, эд зүйлс худалдаж хүлээлцэхээр тохирсон, худалдах худалдан авах гэрээний үүргээ хэрхэн гүйцэтгэсэн энэхүү гүйцэтгэл нь гэрээний агуулга, зорилгод нийцсэн эсэх нь тодорхойгүй байна.
Шүүх хуралдаанд хариуцагч нь баарны гэрэлтүүлэг, хөгжим хэрэгсэл, апаратур, гэрэл, өсгөгч, буйдан, ширээ сандал, тейкийг худалдаж шилжүүлсэн, нэхэмжлэгч нь 4 дипүзер, тусгай зөвшөөрөл, компаний эрх, хөгжим, гэрэлтүүлэг авсан бүжгийн тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гэсэн боловч өгөөгүй. Зарсан гэх компьюторыг процессортой, 2 том дипүзер, гэрэл зэргийг минийх гэж хэлээд хүмүүс нь аваад явсан гэж тайлбарлан маргасан байна.
Хариуцагч нь гэрээгээр компаний эрхийг шилжүүлсэн боловч 7.480.000 төгрөгийн үнэ бүхий 100 хувийн хувьцааг шилжүүлээгүй, түүний худалдсан гэх тоног төхөөрөмжөөс компьютор, процессор, дипүзер, гэрэл зэргийг хүмүүс аваад явсан талаар нэхэмжлэгч тайбарлаж, гэрээнээс татгалзах талаар Т.Г-д мэдэгдэж, хариуцагч 2014 оны 12 дугаар сараас эхлэн баарыг ажиллуулж байгаа үйл баримт шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.
Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэн өгөх үүрэгтэй бөгөөд гэрээгээр тогтоосон тоо хэмжээ, чанар, иж бүрдлийн талаар ямар нэг дутагдалтайн улмаас худалдан авагчийн ахуйн болон үйлдвэрлэлийн хэрэгцээг хангаж чадахгүй эд хөрөнгийг биет байдлын доголдол гэж үзэхээр Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д заасан.
Мөн Иргэний хуулийн 188 дугаар зүйлийн 188.1-т зааснаар хариуцагч Т.Г нь худалдаж буй эд хөрөнгийн талаар үнэн зөв бөгөөд бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүргээ биелүүлээгүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ шударгаар хэрэгжүүлнэ гэсэн зарчимтай нийцээгүй гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1-т зааснаар гэрээг цуцлах шаардлага гаргах эрхтэй байх тул хариуцагч Т.Г-аас 23.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Д-д олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ПТ ХХК-ийг хариуцагчаар татан оролцуулж баарны дотоод тохижилтонд зарцуулсан 15.180.186 төгрөгийг хохиролд тооцон гаргуулахыг шаардсан боловч өөрийн үйл ажиллагааг явуулах чиглэлээр баарыг хүсэл зорилгодоо нийцүүлэн засан сайжруулсан тул энэ зардлыг гэрээнээс учирсан хохирол гэж үзэн хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т.Г-аас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар хариуцагч Т.Гаас 23.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Дэлгэрмөрөнд олгож, хариуцагч ПТХХК-наас хохиролд 15.180.186 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П.Дэлгэрмөрөнгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351.360 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Т.Гаас 275.450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Дэлгэрмөрөнд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА