| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 180/2023/0033/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/37 |
| Огноо | 2023-02-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Н |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2023/0033/Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,
Улсын яллагч Б.Н ,
Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б-ийн Д-д холбогдох 2339000000030 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх 2 дугаар баг Ононгийн халуун рашаанд байрлах байшин дотор “байшинд хоноглох” шалтгаанаар хохирогч Л.Г-тэй маргалдаж улмаар түүний хүзүүний өмнөд хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хүзүүний өмнөд хэсэгт зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсныг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.Д нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх 2 дугаар баг Ононгийн халуун рашаанд байрлах байшин дотор “байшинд хоноглох” шалтгаанаар хохирогч Л.Г-тэй маргалдаж улмаар түүний хүзүүний өмнөд хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хүзүүний өмнөд хэсэгт зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Тус үйл баримт нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд халдаж хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж шүүх үзлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.Д-ийн гэм буруутай болох нь:
Хохирогч Л.Г ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Д мах идэж сууж байгаад миний өөрийн эзэмшлийн хар иштэй хутгыг миний хоолойнд тулгаад “чи яасан эзэрхий юм бэ, зүгээр байгаарай” гэж хэлэхэд нь би хойшоо болоод тэр хооронд машинд байсан манай найзууд бид хоёрыг салгаад өндийхөд миний хоолой эвгүй болсон нь мэдэгдэж гаднаас эмч гэх залуу орж ирээд намайг үзээд оёдол тавих шаардлагатай гэж хэлээд боолт хийж өгөөд бид нар эмчилгээ хийлгэхээр Багануур дүүрэг явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Хохирогч Л.Г ийн мөрдөн байцаалтад дахин өгсөн “...Д гэх залуу бидний тавьж өгсөн махыг идэж сууж байхдаа миний эзэмшлийн хар бариултай хутгыг гартаа барьж байснаа “чи яасан эзэрхий юм бэ, зүгээр байгаарай” гэж хэлээд барьж байсан хутгаа миний хоолойд тулгахаар нь би арагш зайлах үед Д гэгч миний хоолойг нэг удаа тухайн хар бариултай хутгаар зүссэн. ...миний биед хоолойг маань нэг удаа хутгаар зүссэн өөр ямар нэгэн гэмтэл, шарх учруулсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Гэрч З.Мөнхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...Д бид нар байшиндаа багтахгүй байна, танай байшинд цуг унтъя гэж хэлэхэд манай найз Г тэг, тэг наагуур чинь зөндөө зай байгаа бид нар түрүүлж ирсэн юм чинь хойд орон дээрээ унтана гэж хэлсэн. Гэтэл Д мах идэж сууж байгаад зүгээр байгаарай ахаа би хатгадаг хүн шүү гэж хэлээд Г ийн хоолойд мах идэж байсан хар иштэй хутгаа тулгасан. Тэр үед найз нар нь Д-ийн гарыг барьж болиулаад түүнийг авч гарсан. Тэгтэл манай найз Г ийн хоолой хутгаар эсгэгдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
Гэрч П.Билгүүний мөрдөн байцаалтад өгсөн: “...Д ахтай маргалдаж байсан хүний хүзүүнээс цус гарсан Д ах нөгөө цус гарч байсан хүнээ “чи амжихгүй шүү” гээд маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би Д ахыг тухайн маргалдаж байна гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,
Шинжээч эмч, цагдаагийн ахмад Ө.Шаарийбуугийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 04 дугаартай “...Л.Г ийн биед хүзүүний өмнөд хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 47, 48 дугаар хуудас/,
Яллагдагч Б.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Санал хүсэлт байхгүй, хүлээн зөвшөөрч байна. ...Г ах чам шиг гуйлгачинтай юугаа ярьдаг юм гээд над руу толгойгоо ойртуулаад байхаар нь би хутгатай гараараа хоолой хэсэг рүү нь түлхсэн. ...Г ахын амарч байсан байшинд хүн хонуулна гэж хэлснээс бид хоёр маргалдаж эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 63 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Д нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүхээс шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Улсын яллагч Б.Н шүүх хуралдаанд: “...шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 (Нэг мянга гурван зуу) нэгж буюу 1,300,000 (Нэг сая гурван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах саналтай байна...” гэсэн санал, дүгнэлтийг гаргаж шүүх хуралдаанд оролцлоо.
Шүүгдэгч Б.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Н хүлээн авч 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 13 дугаартай “Хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол гаргаж, улмаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Д-д холбогдох 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгуулах хуудас /хх-ийн 101 дүгээ хуудас/-т урьд
1.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2019/ШЦТ/517 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар,
2.Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 236 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
3.Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/600 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Д нь учруулсан хохирлоо нөхөн төлж, хохирогч Л.Г т 5,000,000 (Таван сая) төгрөг төлсөн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” гэж заасан хүндрүүлэх нөхцөл байдал мөн тогтоогдож байна гэж дүгнэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Д-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 (Нэг мянга гурван зуу) нэгж буюу 1,300,000 (Нэг сая гурван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд уг торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч Б.Д-д шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулав.
Хохирлын тухайд: Хавтас хэргийн 120 дугаар хуудаст авагдсан хохирогч Л.Г ийн 2023 оны 01 дүгээр 16-ны өдрийн “...Б.Д нь миний биед хөнгөн хохирол учруулсан тул эмчилгээний зардалд 5,000,000 төгрөгийн төлбөр өнөөдөр шилжүүлсэн тул миний зүгээс ямар нэгэн гомдол саналгүй болно. Өөр нэхэмжлэх зүйлгүй...” гэх Хэнтий аймгийн Прокурорын газарт хандан гаргасан нотариатаар батлуулсан бичгийг харгалзан үзэж шүүгдэгч Б.Д-г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, харин эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 23.5 см-ийн урттай, хар өнгийн бариултай төмөр хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б-ын Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,300,000 /Нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 1,300,000 /Нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 6 /Зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Д нь 1,300,000 /Нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /Арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
5.Шүүгдэгч Б.Д-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 23.5 см урттай хар өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд
шүүгдэгч Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10.Энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР