| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 180/2023/0034/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/38 |
| Огноо | 2023-02-15 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Ө |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2023/0034/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,
Улсын яллагч Б.Ө ,
Шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н-ын Э-д холбогдох 2339000110045 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Н.Э нь 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Г.Г-өөс “Малчинтай харилцан тохиролцож байгуулсан гэрээ”-ний үндсэн дээр итгэмжлэн хариуцан хүлээж авсан 353 толгой бог малыг 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хувийн эрх ашгийн үүднээс хууль бусаар бусдад дур мэдэн шилжүүлж өгсөн буюу өөрөөр хэлбэл Э.Баттөрд өгөх ёстой байсан бог малын оронд дүйцүүлэн өгч Г.Г-ийн өмчлөх эрхэд 42,820,000 (Дөчин хоёр сая найман зуун хорин мянга) төгрөгийн хохирлыг санаатайгаар учруулсныг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Н.Э нь 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Г.Г-өөс “Малчинтай харилцан тохиролцож байгуулсан гэрээ”-ний үндсэн дээр итгэмжлэн хариуцан хүлээж авсан 353 толгой бог малыг 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хувийн эрх ашгийн үүднээс хууль бусаар бусдад дур мэдэн шилжүүлж өгсөн буюу өөрөөр хэлбэл Э.Баттөрд өгөх ёстой байсан бог малын оронд дүйцүүлэн өгч Г.Г-ийн өмчлөх эрхэд 42,820,000 (Дөчин хоёр сая найман зуун хорин мянга) төгрөгийн хохирлыг санаатайгаар учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Тус үйл баримт нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж шүүх үзлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Н.Э-ын гэм буруутай болох нь:
1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,
2.Хохирогч Г.Г-өөс цагдаагийн байгууллагад хандаж гаргасан: “...Н-ын Э-тай гэрээ хийсний үндсэн дээр 2019 оны 8 сарын 15-ны өдөр 489 хонь, 270 ямаа нийт 759 толгой мал хүлээлгэн өгч маллуулж байсан.Энэ хугацаанд би 259 хонь, 147 ямааг хүлээн авч, үлдэгдэл 230 хонь, 123 ямааг гэрээний хугацаа дуусаж, 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр авах ёстой байтал өгөөгүй. Учир шалтгааныг нь асуутал үлдэгдэл малыг минь хувьдаа худалдан борлуулж ашигласнаа хүлээн зөвшөөрч, хохиролгүй болгоно гэж хэлээд ахин гэрээ хийсэн. Гэвч одоог хүртэл хохирол барагдуулаагүй алга болсон, утсаа ч авахаа больсон. Иймд миний 94 эр хонь, 136 эм хонь, 91 эр ямаа, 32 эм ямаа, нийт 353 толгой малын хохирлыг барагдуулж өгнө үү...” гэх гомдол /хх-ийн 8 дугаар хуудас/,
3.2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан “Малчинтай харилцан тохиролцож байгуулсан гэрээ” тус гэрээний 1.3 дахь заалт буюу “Малын эзний малыг солих, худалдахыг хориглоно. Алдаж осолдуулах чоно, нохойд бариулахаас урьдчилан сэргийлэх ба хэрэв хохирол гаргавал гарсан хохирлыг малчин бүрэн хариуцаж эзнийг хохиролгүй болгох” гэж заасан гэрээ /хх-ийн 72-76 дугаар хуудас/,
4.Хохирогч Г.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Иргэн Н.Э надтай 2019.08.15-ны өдөр Малчинтай харилцан тохиролцох гэрээ байгуулж хонь 301 ямаа 253 бүгд-554 толгой мал хүлээн авч малласан, Ингээд 2020.08.24-нд гэрээ дүгнэж тооцоо бодоход мал өсөж хонь-489, ямаа-270, бүгд-759 толгой малтай болсон. Тухайн жилдээ багтаж малчин Н.Э-аас хонь-259, ямаа-147, бүгд-406 толгой малыг иргэн Г.Г би хүлээж авсан. Үлдэгдэл хонь-230, ямаа-123 бүгд-353 толгой мал дээрээ 2021.10.01-ны өдөр дахин малчинтай харилцан тохиролцох гэрээ байгуулсан, 2022 оны намар малаа авах гэтэл өгөх мал байхгүй таны малыг хэрэглэсэн таныг хохиролгүй болгож өгнө гэж хэлээд одоог хүртэл холбогдохгүй утсаа авахгүй сураг чимээгүй болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
5.Хохирогч Г.Г-ийн мөрдөн байцаалтад дахин өгсөн: “...Би малчин Э тай харилцан тохиролцож надад учруулсан 42 сая төгрөгийг 1 жилд 14 сая төгрөг төлж барагдуулахаар тохиролцон 3 жилийн хугацаатай бичгээр гэрээ байгуулан нотариатаар батлуулсан. Миний хувьд надад учруулсан хохирлоо гэрээнд заасан хугацаанд барагдуулсан тохиолдолд ямар нэгэн гомдол санал байхгүй ээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
6.Эд хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ШД-03 дугаартай “...Эм хонь 3 настай 136 толгой 17.680.000 төгрөг, эр хонь 3 настай 94 толгой 13.160.000 төгрөг, эр ямаа 3 настай 91 толгой 9.100.000 төгрөг, эр ямаа 3 настай 32 толгой 2.880.000 төгрөг, нийт үнийн дүн 42.820.000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 42-45 дугаар хуудас/,
7.Яллагдагч Н.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа. Миний хувьд хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оноос хойш Г гэх ахын малыг харахаар цаасаар гэрээ байгуулан ажиллах болсон юм. Тэгээд Г гэх ахын малыг 2022 оны 08 дугаар сар хүртэл харах хугацаандаа 353 тооны бог малыг өөрийн хариуцлагагүй байдлаас болж дутааснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсанаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүний шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Н.Э-ын үйлдэл нь “хохирогч Г.Г-өөс “Малчинтай харилцан тохиролцож байгуулсан гэрээ”-ний дагуу итгэмжлэн хариуцуулсан 353 толгой бог малыг завшиж түүнд 42,820,000 (Дөчин хоёр сая найман зуун хорин мянга) төгрөгийн материаллаг хохирол учруулсан” нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Хууль зүйн хувьд шүүгдэгч Н.Э нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасан гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй үйлджээ.
Иймд Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх тул шүүгдэгч Н.Э ыг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь
хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүхээс шүүгдэгч Н.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Улсын яллагч Б.Ө : “...шүүгдэгч Н.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 (Хоёр мянга долоон зуу) нэгж буюу 2,700,000 (Хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах саналтай байна...” гэсэн санал, дүгнэлтийг гаргаж шүүх хуралдаанд оролцлоо.
Шүүгдэгч Н.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ө хүлээн авч 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 14 дугаартай “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол гаргаж, улмаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Н.Э д холбогдох 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгуулах хуудас /хх-ийн 66 дугаар хуудас/-т урьд ял шийтгэгдсэн эсэх талаар тэмдэглэгээгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Н.Э ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Н.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 (Хоёр мянга долоон зуу) нэгж буюу 2,700,000 (Хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 (Хоёр) жилийн хугацаанд уг торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Н.Э д сануулав.
Хохирлын тухайд: Хавтас хэргийн 67 дугаар хуудаст хохирогч Г.Гантөгс, шүүгдэгч Н.Э нарын 2023 оны 02 дугаар 01-ний өдрийн “Төлбөр барагдуулах” гэрээг нотариатаар батлуулж хавтаст хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгч Н.Э ыг бусдад төлөх төлбөртэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Н.Э-аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар 42,000,000 (Дөчин хоёр сая) төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Гантөгсөд олгуулж шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлж ирүүлээгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н-ын Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Н.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 (Хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 (Хоёр сая долоон зуун мянга) төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Э д оногдуулсан 2,700,000 (Хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 2 (Хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Э нь 2,700,000 (Хоёр сая долоон зуун мянга) төгрөгийн торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15,000 (Арван таван мянга) төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
5.Шүүгдэгч Н.Э д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Н.Э-аас 42,000,000 (Дөчин хоёр сая) төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Г-д олгосугай.
7.Эрүүгийн 2339000110045 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Э энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
8.Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Э д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11.Энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Э д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР