Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 133

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган, улсын яллагч Ц.Лхамсүрэн, шүүгдэгч Д.Даваасумъяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Баргачууд овогт Дамбаажамцын Даваасумъяад холбогдох эрүүгийн 201611000418 дугаартай  хэргийг  2016 оны 11 сарын 21-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Баргачууд овогт Дамбаажамцын Даваасумъяа, Дорнод аймгийн Баянтүмэн суманд 1964 оны 11 сарын 30-ны өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-ЖБ64113072/, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 2, эхнэрийн хамт амьдрах, Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр баг, Ургац хороолол 2-6 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл,

Шүүгдэгч Д.Даваасумъяа нь согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Зангиатын 6-24 тоот хашаанд 2016 оны 09 сарын 17-ны өдөр, хувийн таарамжгүй харьцааны улмаас Л.Баярааг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Даваасумъяа шүүхийн хэлэлцүүлэгт: Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Хэрэг бүртгэлтэд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч Д.Даваасумъяа хэрэг бүртгэлтэд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 09 сарын 16-ны өдөр манай сумын сургуулийн 60 жилийн ой болж тэр өдөр манай ангийнхан “Энх зуслан” амралтын газар амарсан юм. Маргааш нь буюу 9 сарын 17-ны өдөр 11 цагийн орчимд байх манай ангийнхан тарцгаасан. Ганхуяг бид хоёр Баянтүмэн сумын төв орох гээд гарч явсан. Тэр үед “Энх зуслан”-гийн зүүн дор манай ангийн Л.Баяраа нилээд халамцуухан явган гүйж байхаар нь Ганхуяг бид хоёр Баярааг машиндаа суулгаад явж байхад эхнэр Санчирмаа нь машинтай өөдөөс тосож ирсэн. Тэгээд Баярааг авч явах гэтэл Баяраа эхнэрийнхээ үгэнд орохгүй бид хоёртой явж архи ууна гээд байсан. Тэгээд эхнэр Санчирмаа нь Баярааг Ганхуяг бид хоёртой үлдээгээд явсан. Бид гурав Баянтүмэн сумын төвд ирэхэд Л.Баяраа дэлгүүр орж 0.75 литрийн Сархад нэртэй архи авсан.  ...манай гэрт ирээд Баяраа архиа задалсан. Баяраа архиа ууж байх явцдаа “...муу сайн бааснууд...” гэх мэтээр баярхаж яриад байсан. Тэр архинаас Ганхуяг бараг уугаагүй ба Баяраа бид хоёр хувааж уусан. Тэгээд л би согтоод тасарчихсан байсан. Түүнээс хойш болсон явдлыг санахгүй байгаа юм. Маргааш өглөө нь би өөрийнхөө гэрт сэрсэн. Баяраагийн эхнэр Санчирмаа нь над руу утсаар яриад “Баяраа та хоёр өчигдөр зодолдсон байна. Баяраагийн бие нь муу байна” гэж надад хэлсэн. ...би архидан согтуурч найз Л.Баярааг зодож биед нь гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна...” гэжээ. /хх 87-89/

 

Хохирогч Л.Баяраа хэрэг бүртгэлтэд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 09 сарын 16-ны өдөр миний төгссөн сургуулийн 60 жилийн ойн баяр болж би 8 жил төгссөн ангийн хамт олонтойгоо “Энх зуслан” амралтын газар амарсан юм. Тэр өдөр бид нар баяраа тэмдэглэж байгаад маргааш нь буюу 2016 оны 09 сарын 17-ны өдөр үд болж байхад би эхнэр Санчирмаа руу утсаар яриад “Намайг “Энх зуслан” руу ирээд авчих” гэж хэлсэн юм. Тэгээд би “Энх зуслан”-гаас гараад Баянтүмэн сумын төв рүү чиглээд явган ганцаараа алхаж байсан. Энх зуслангаас гараад 1 км орчим алхаад явж байхад миний араас ангийн найз Ганхуяг, Даваасумъяа хоёр “Аксент” маркийн машинтай ирж зогссон. Би тэр хоёрын машинд суугаад Баянтүмэн сум руу явж байтал өөдөөс эхнэр маань машин жолоодоод ирж явсан. Эхнэр маань машинтайгаа зогсоод надтай уулзаад намайг машиндаа суулгаад авч явна гэхээр нь би “надад санаа зовох хэрэггүй, би ангийнхантайгаа баяраа тэмдэглэж байна” гэж хэлээд эхнэрээ буцаасан юм. Тэгээд бид гурав Баянтүмэн сумын төвд ирээд би дэлгүүр орж 1 шил 0.75 литрийн архи, тамхитай авчихаад Баянтүмэн сумын төвд байрлах Даваасумъяагийн гэрт нь очсон юм. ...тэгээд бид гурав тэр архиа уучихаад Даваасумъяагийн хүү нь машинтай бид гурвыг аймгийн төвийн Зангиатын 6-24 тоотод байрлах гэрт маань хүргэж өгсөн. Тухайн үед би нилээд согтуу байсан учраас юу болсныг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд би гэртээ сэрсэн. Тэр үед миний нүд хөхөрчихсөн, ам хамар маань цус болчихсон байсан. Дараа нь нэг мэдэхэд түргэний эмч ирээд намайг үзэж байсан. ...би Даваасумъяатай айхтар маргалдсан явдал байхгүй, ямар учраас намайг зодох болсныг би мэдэхгүй байна... гэжээ /хх 51-53/

Мөн 2016 оны 11 сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Даваасумъяа бид хоёр Баянтүмэн сумын төвд хамт өсч, сургуульд суралцан хамтдаа төгссөн хар багын найзууд юм. Даваасумъяа надад учруулсан гэмтлийн хохирол болох 3 сая төгрөгийг 2016 оны 11 сарын 24-ний өдөр бүрэн төлж барагдуулсан тул миний бие цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй болно. Иймд бид харилцан эвлэрч байх тул хуульд заасан үндэслэлээр шийдвэрлэж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ /задгай/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 10 сарын 17-ны өдрийн 13998 тоот дүгнэлтэд: “1. Л.Баяраагийн биед тархины дунд зэргийн няцрал, бага тархины голомтлог цусархаг няцрал, зүүн 12-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. /хх 70-71/ 

 

Гэрч Х.Хуягбаатар /хх 56-57/, Д.Ганцолмон /хх 58-60/, Г.Ганхуяг /хх 61-63/, Х.Цасчихэр /хх 64-65/, Ш.Хунхуар /хх 66-67/ нарын хэрэг бүртгэлтэд өгсөн мэдүүлгүүд, Шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх 79-81/, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх 1/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 44-46/, Эд зүйлийн үнэлгээ /хх 49/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 97/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 96/, болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

     Шүүгдэгч Д.Даваасумъяа нь согтуурсан үедээ 2016 оны 09 сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг Зангиатын 6-24 тоот хашаанд хувийн таарамжгүй харьцааны улмаас Л.Баярааг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч Д.Даваасумъяагийн хэрэг бүртгэлтэнд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүнийг давхар нотолсон хохирогч Л.Баяраагийн хэрэг бүртгэлтэд өгсөн мэдүүлэг, гэрч Д.Ганцолмон, Г.Ганхуяг, Х.Цасчихэр нарын хэрэг бүртгэлтэд тус тус өгсөн мэдүүлгүүд, Шинжээчийн 13998 тоот дүгнэлт зэрэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Даваасумъяад холбогдох хэрэгт прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Даваасумъяаг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

            Харин шүүгдэгч Д.Даваасумъяагийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах ба шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн болох нь урьд ял шийтгэгдсэн байдлыг шалгах хуудас /хх 96/, шүүгдэгч, хохирогч нарын хэрэг бүртгэлтэд өгсөн мэдүүүлгүүд, хохирогчийн шүүхэд гаргасан хүсэлт /задгай/ зэргээр тус тус нотлогдож байна.

Мөн шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогддог ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д тус тус дурдсанаас өөрөөр хязгаарлалт тогтоож шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан “…согтуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй…” гэснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үлйдсэн шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

      Иймээс Эрүүгийн   хуулийн   ерөнхий   ангийн  71   дүгээр  зүйлийн  71.1,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан үндэслэлээр шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах, түүний эзэмшлээс 3600м2 талбай бүхий газар битүүмжилсэн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" тогтоолыг хүчингүй болгох, бичгийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олговол зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Баргачууд овогт Дамбаажамцын Даваасумъяаг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Даваасумъяад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан “хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шүүгдэгчийн эзэмшлээс Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1-р багт байршилтай, 000190886 нэгж талбарын дугаартай 3600м2 талбай бүхий газар битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 сарын 29-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" тогтоолыг хүчингүй болгосугай.

 

5. Хэрэгт баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч Д.Даваасумъяагийн ЖБ64113072 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний цахим үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн  299  дүгээр  зүйлийн  299.3-т  зааснаар  энэ тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчийн батлан даалтад байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар энэхүү тогтоолыг   эс   зөвшөөрвөл   шүүгдэгч,   хохирогч,   тэдгээрийн   өмгөөлөгч   нар  шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Ү.ОДГЭРЭЛ