Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2025/0235

 

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2025/0235

Улаанбаатар хот

 

 

 

“О***” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л***,

Хэргийн оролцогчид

Нэхэмжлэгч “О***” ХХК,

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 311 дүгээр шийдвэрийн “О***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2025/0039 дүгээр шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Н***,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г***, Э.Э***,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э***,

Хэргийн индекс: 128/2024/0873/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “О***” ХХК-иас шүүхэд хандан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 311 дүгээр шийдвэрийн “О***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2025/0039 дүгээр шийдвэрээр “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.4, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О***” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 311 дүгээр шийдвэрийн “О***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах агуулга бүхий гомдол гаргасан. Үүнд:

Анхан шатны шүүх хариуцагчийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 10/2820 дугаар мэдэгдлийг тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл тогтоогдсоны дараа өгсөн мэдэгдэл гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй бөгөөд 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар манай компанийн тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл тогтоогдоогүй байсан буюу хуульд заасан төлбөр төлөх өдрөөс хойш хугацаа хэтэрсэн хоногт 0.3 хувийн алданги төлөх 30 хоногийн хугацаа дуусаагүй байсан.

Мөн шүүхийн шийдвэрт “...хариуцагчийн зүгээс маргаан бүхий актыг гардуулаагүй нь буруу” гэж хуульд заасан журмыг зөрчсөн болохыг тогтоосон атлаа “...гэвч энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй. Сонсох ажиллагаа, оролцоог хангаагүй нь шийдвэр гаргах ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдож, түүнийг хүчингүй болгох үндэслэл бүрддэг.

Маргаан бүхий актын улмаас “...нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж буруу дүгнэлт хийсэн. Учир нь тусгай зөвшөөрлийг эзэмшиж эхэлснээс хойш 12 жилийн хугацаанд 2 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байхад компанийг ноцтой хохироож, тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль бус Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 4.2.8-д заасантай нийцээгүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

3. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 56 дугаар зүйлийн 56.1.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд бүрэн төлөөгүйгэж заасан.

4. Хууль тогтоомжийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч “О***” ХХК нь Ашигт малтмал газрын тосны газрын 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 447 дугаар шийдвэрээр олгогдсон ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн дотор, хуульд заасан алдангийн хамт 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн дотор тус тус төлөх үүрэгтэй байсан.

Улмаар дээрх хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй тул хариуцагчаас маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 311 дүгээр шийдвэрийг 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр гарган, “тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” үндэслэлээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т нийцсэн бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

5. Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Компанийн санхүүгийн нөхцөл байдлын хувьд шинээр хөрөнгө оруулалт орж ирэх хугацаа түр хойшилсон. Мөн тус компанийн гүйцэтгэх захирал болох Сингапур улсын иргэн М***гийн хувьд Сингапур улсад байсан зэрэг хүндэтгэн үзэх нөхцөл байдалтай байсан. Тусгай зөвшөөрлийн 10 дах жилийн төлбөрийг 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаагаар хойшлуулж өгөөч гэх агуулга бүхий хүсэлтийг 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүргүүлсэн” хэмээн тайлбарлан маргаж байх боловч хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага хилийн чанадад байсан хийгээд хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээдээс төлбөр төлөх хугацааг хойшлуулах хүсэлтийг хариуцагчид хандан гаргасан гэх үйл баримт нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүрэг болох  тусгай зөвшөөрлийн төлбөрийг анх олгосон цаг хугацаанаас тооцон урьдчилж төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд төлбөрийг биечлэн болон цахим аль ч байдлаар төлөх боломжтой байсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.

6. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч “О***” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-02*** дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 311 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангагүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2025/0039 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

     

                             ШҮҮГЧ                                               З.ГАНЗОРИГ

                             ШҮҮГЧ                                                Г.БИЛГҮҮН

 

                             ШҮҮГЧ                                                Г.МӨНХТУЛГА