Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 510

 

Д.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/00075 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Т,

Хариуцагч Ц.Э-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 84 176 170 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бурмаа, өмгөөлөгч Б.Дима,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр Д.Т нь хариуцагч Ц.Э-тэй амаар тохиролцож 2012 оны 8 дугаар сараар эхлэн тодорхой бус хугацаагаар мөнгө зээлсэн. Энэ хугацаанд Ц.Эт нийтдээ 132 426 175 төгрөгийг төлсөн. Энэ талаарх баримт Хаан банкны хуулгаар тодорхой харагдаж байгаа.

Ц.Э нь Д.Тыг 49 000 000 төгрөг залилсан гэж 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргасан бөгөөд тус эрүүгийн хэрэг нь прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болсон. Их хэмжээний мөнгө авчихаад нэг ч төгрөг эргүүлж өгөөгүй юм шиг нөхрийг минь хуулийн зүйл заалттай хүнд гэмт хэрэгт гүтгэн, доромжилж байгаад харамсалтай байна. Миний хувьд илүү төлсөн 44 791 270 төгрөгийг гаргуулж авна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Т, Ц.Э нар Иргэний хуулийн 282 дугаар зүйлд заасан зээлийн гэрээг амаар байгуулсан. Зээлийн гэрээг амаар байгуулаад Ц.Эөөс 3 удаагийн гүйлгээгээр нийт 77 250 000 төгрөгийг авсныг зөвшөөрсөн гэж үзэж байна. 2013 онд 3, 2014 онд 2, 2015 онд 15 удаагийн гүйлгээгээр Ц.Эт нийт 132 426 000 төгрөгийг өгсөн нь дансны хуулгаар нотлогдож байна. Зээлсэн мөнгөний хүүнд 90 000 000 төгрөг төлсөн гэж хэлж байна. Ямар учраас хүүнд энэ мөнгийг авсан гэдгийг ойлгосонгүй. Иймд үндэслэлгүй мөнгө төлсөн гэж үзэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар мөнгөө шаардах эрхтэй учраас 44 791 270 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгч Д.Т-д 138 000 000 төгрөг зээлж байсан. Мөнгө өгч байсан талаар миний өөрийн хөтөлдөг дэвтэрт байгаа. Бусад баримтыг нь эргэн төлөлт хийж байгаа учир ийм асуудал гарна гэж бодоогүй учраас устгасан. 2014 онд 20 000 000 төгрөг авсан гэж ярьж байна. 2014 оны сүүлийн 5 гүйлгээг харах юм бол 60 000 000 гаруй төгрөг авсан байдаг. Энэ талаарх дансны хуулга нь байгаа.

Хэрэгтэй үед нь машин, сэлбэг буулаа гэхээр нь тухайн үед өгч байсан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Ц.Э-өөс ямар ч үндэслэлгүйгээр мөнгө зээлж авсан. Хувь хүнээс өндөр хүүтэй зээлсэн авсан тул энэ мөнгийг төлж чадахгүй гэж бичсэн байсан. Би итгэсэн учраас мөнгө зээлсэн. 138 000 000 төгрөгийг Ч.Түвшинжаргалд өгсөн ба эргэн төлөлт хийж хасагдаад, одоо 49 000 000 төгрөг үлдсэн нь үнэн. Надад хүү төлж байсан. Би тэрийг үгүйсгэхгүй. Бид хоёр тохиролцоод авсан. Надаас мөнгө нэхэмжилж байгаа нь ямар ч үндэслэлгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 492 дугаар зүйлийн 492.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Ц.Э-өөс зээлийн гэрээний төлбөрт илүү төлсөн 44 791 270 төгрөг гаргуулахыг хүссэн Д.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 578 831 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ц.Э нь Д.Т-д 2012 оны 7 дугаар сарын 01-нээс 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хооронд 87 634 900 төгрөгийг зээлдүүлсэн. Д.Т нь 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 38 удаагийн гүйлгээгээр 132 426 170 төгрөгийг шилжүүлсэн нь Хаан банкны дансны хуулгуудаар нотлогддог. Эндээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 Гэтэл шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол хүү авах эрхээ алдана гэсэн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн шүүгчийн гаргасан шийдвэр нь өнөө цагт маш том асуудал болоод байгаа үндэслэлгүйгээр хөрөнгөжих сонирхолтой хүмүүсийг дэмжсэн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Д. Түвшинжаргал нь хариуцагч Ц.Э-т холбогдуулан 44 791 270 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Хариуцагч Ц.Э-өөс нэхэмжлэгч Д.Т-д 138 000 000 төгрөгийг амаар тохиролцсоныг үндэслэн 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн гэж тайлбарласан ч хэрэгт авагдсан дансны хуулга, мөнгөн шилжүүлэг, орлогын мэдүүлгээр 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд 8 удаагийн гүйлгээгээр нийт 87 634 900 төгрөгийг нэхэмжлэгч Д.Т-ын ХААН банк дахь 5034670505 тоот дансанд шилжүүлсэн нь тогтоогдсон байх бөгөөд шүүх баримтаар нотлогдсон хэмжээгээр зээлдүүлсэн мөнгийг тооцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт нийцсэн, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн байна.

            Харин нэхэмжлэгч Д.Т нь Ц.Э-ийн ХААН банк дахь төгрөгийн 5020910634 тоот дансанд 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 38 удаагийн гүйлгээгээр нийт 132 426 170 төгрөгийг шилжүүлсэн нь түүний дансны хуулгаар тогтоогдсон ба аман зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авснаас 44 791 270 төгрөгийг илүү төлсөн тул буцаан гаргуулна гэжээ.

            Хариуцагч Ц.Э дээрх мөнгийг Д.Т-д 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн гэж тайлбарласан боловч хүү тогтоосон бол бичгээр байгуулах Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй тул хүү авах эрхээ алдсан гэж үзэх тул нэхэмжлэгчид хүү төлөх үүрэг үүсэхгүй, үндсэн зээлээс илүү төлсөн мөнгөө Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар буцаан шаардах эрхтэй.

            Нэхэмжлэгч Д.Т-ын 5034670505 тоот дансаар Ц.Э-ийн дансанд шилжүүлсэн мөнгөн дүнгийн утгыг нягтлан үзвэл 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1 500 000 төгрөгийг, 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 6 500 000 төгрөгийг тус тус “баярлалаа” гэсэн агуулгаар төлсөн байх тул хүүд тооцох үндэслэлтэй, мөн 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 2 250 000 төгрөгийг “машин”, 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 2 250 000 төгрөгийг мөн “машин”, 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 2 600 000 төгрөгийг “барааны үнэ”, 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 2 450 000 төгрөгийг “сэлбэг төлбөр”, 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 2 150 000 төгрөгийг “барааны үнэ” гэсэн утгаар шилжүүлсэн төлбөр байх тул зээлд төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд эдгээрийн дүн 19 700 000 төгрөгийг зээлийн 87 634 000 төгрөгийн хамт төлөх /107 334 000 төгрөгийн төлбөрийг/ үүрэгтэй байсан гэж үзнэ.

Иймд 25 092 170 /132 426 170 -107 334 000/ төгрөгийг  үүрэг үүсээгүй байхад төлсөн гэж үзэх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчаас буцаан гаргуулах үндэслэлтэй, нэхэмжлэлээс үлдэх 19 699 100 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Анхан шатны шүүх зээлийн хүү төлөх үүрэг үүссэн эсэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь алдаатай байх ба хэрэгт авагдсан баримтын хэмжээнд дээрх байдлаар шийдвэрийг зөвтгөж, өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/00075 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “492 дугаар зүйлийн 492.1” гэснийг “492 дугаар зүйлийн 492.1.1” гэж, “44 791 270 төгрөг гаргуулахыг хүссэн Д.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “25 092 270 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Т-д олгон, үлдэх 19 699 100 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Ц.Э-өөс 283 410 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Т-д олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 381 906 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                               Э.ЗОЛЗАЯА

 А.ОТГОНЦЭЦЭГ