Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2019/ДШМ/22

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд   

Прокурор У.Анхжаргал        

Нарийн бичгийн дарга З.Гандулам нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээгийн даргалж шийдвэрлэсэн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЗ/259 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор У.Анхжаргалын бичсэн эсэргүүцлээр Т.С-д холбогдох эрүүгийн 1926000100065 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Боржигон овгийн Т.С

 

Т.С нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “МТ” ШТС-ын урд талын засмал зам дээр 36-48 УБЕ улсын дугаартай, цэнхэр өнгийн “Тоёота приус-20” маркын автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар бүлгийн 15.10 дахь заалт “Жолооч зүүн гар тийшээ буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас улсын дугааргүй, цэнхэр өнгийн “Саня” маркын мотоцикльтой мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, мотоциклийн жолооч Б.С-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх, Боржигон овгийн Т.С-д холбогдох 1926000100065 дугаартай эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн прокурорт буцааж, шүүгдэгч Т.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

Прокурор У.Анхжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйл буюу “яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэх” гэх заалт нь дотроо 6 зүйлд хуваагдаж, зүйл бүр өөр өөр утга агуулгыг илэрхийлж байхад шүүгчийн захирамжид яллах дүгнэлтийг бүхэлд нь буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй байна гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг бүрэн хангасан ба 36-48 УБЕ улсын дугаартай, цэнхэр өнгийн, “Тоёота Приус-20” маркын автомашины өмчлөгч этгээдийн нэрийг Б.Б гэж бичсэн нь яллах дүгнэлт хуулийн
шаардлага хангахгүй байх үндэслэл болсон мэт шүүх тайлбарласан. Гэтэл яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-т зааснаар “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт”-ыг тусгахаар заасан. Дээрх хуулийн шаардлагад аливаа эд хөрөнгийн өмчлөгч этгээдийн нэрийг заавал бичихийг хуульчлаагүй байна. Яллах дүгнэлтэд автомашины өмчлөгч этгээдийн нэрийг хэрхэн бичсэн нь яллах дүгнэлт хуулийн шаардлага хангахгүй байх ойлголтод хамаарахгүй. Энэ хэргийг шүүх шийдвэрлэхэд автомашины өмчлөлтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа дутуу явуулсан, өмчлөгч этгээдийг тогтоогоогүй, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар өмчлөгч этгээд хэн болох нь эргэлзээтэй нөхцөл байдал байхгүй тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа байна гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн 1926000100065 дугаартай Т.С-д холбогдох хэрэгт “Тоёота Приус-20” маркын 36-48 УБЕ улсын дугаартай, цэнхэр өнгийн автомашин нь Ж.С-н өмчлөлийн автомашин гэдгийг гэрч Б.Б,
Ж.С, Ц.Г, яллагдагч Т.С нарын мэдүүлэг болон бусад нотлох
баримтуудаар тогтоогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ өмчлөлийн асуудлыг дээрх нотлох баримтуудад тулгуурлаж шийдвэрлэх бүрэн боломжтой байхад уг асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Хэрэв прокурор эсэргүүцэл бичихгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулна гэж үзвэл зөвхөн автомашины өмчлөгч этгээдийн нэр солигдохоос өөр өмчлөлийн асуудлыг шалгаж тогтоох ажиллагаа байхгүй юм. Мөн яллагдагч Т.С-н үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлж гэм хорыг арилгасан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байгааг дурдах нь зүйтэй байна. Иймд яллагдагч Т.С-д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЗ/259 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив гэжээ.

 

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад өмчлөгч этгээд нь хэн болох нь эргэлзээтэй нөхцөл байдал байхгүй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд зааснаар захирамж дээр дурдсаныг нь учир дутагдалтай гэж үзэж байна. Ямар үндэслэлээр буцаасан гэдгээ тодорхой зааж өгөөгүй бөгөөд ойлгомжгүй байдаг. Яллах дүгнэлт хуулийн шаардлага хангасан. Иймд Өвөрхангай аймаг дах Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын  28-ны өдрийн 259 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Анхан шатны шүүхийн “мөрдөгчийн  2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай тогтоолоор Ж.С-г Тоёота Приус-20 маркын 36-48 УБЕ улсын дугаартай автомашины өмчлөгч гэж үзэж иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байхад прокурор уг автомашин Б.Б-н өмчлөлийн машин гэж яллах дүгнэлт үйлдсэн нь ойлгомжгүй”, прокурорын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 69 дугаартай яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй талаарх шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-т зааснаар яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг яллах дүгнэлтэд тусгахаар хуульчилсан. Хэдийгээр уг заалтад яллах дүгнэлтэд машины өмчлөгчийн нэрийг хэрхэн бичих талаар тусгаагүй ч иргэний нэхэмжлэгчид ямар хэмжээний хохирол учирсан талаар тусгахаар заажээ. Гэтэл машины өмчлөгч буюу иргэний нэхэмжлэгчийн нэрийг сольж өөр этгээдийн нэрийг бичиж яллах дүгнэлт үйлдсэн нь яллах дүгнэлт хуулийн шаардлага хангахгүй гэж үзэх үндэслэлтэй болно.

 

Иймд Т.С-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЗ/259 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурорын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.