Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2016/0658

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2016/0658

Улаанбаатар хот

 

 

Голдэнсеркл ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, Э.Нарангарав, гуравдагч этгээдийн төлөөлөгч М.Бадамсүрэн нарыг оролцуулан хийж, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 115/ШШ2016/0015 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Голдэнсеркл ХХК-ийн нэхэмжлэлтэй, Барилга, байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 115/ШШ2016/0015 дугаар шийдвэрээр Барилгын тухай хууль /2008 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 6 дугаар зүйлийн 6.2.7, 12 дугаар зүйлийн 12.4, 16 дугаар зүйлийн 16.8, 16.9, 21 дүгээр зүйлийн 21.2 дахь зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Голдэнсэркл ХХК-ийн гаргасан Дорноговь аймгийн Засаг даргын 2013 оны А/93 тоот захирамжаар байгуулагдсан Барилга, байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын актанд гарын үсэг зурахгүй байгаа тус комиссын даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, улсын комиссын актад гарын үсэг зурахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр давж заалдах гомдолдоо: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг бодитоор үнэлээгүй, нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ойлгоогүй, буруу тодорхойлж хэргийг шийдвэрлэсэн, хэргийн үйл явдлыг ойлгоогүй шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

  1. Нэхэмжлэгч тал өөрийн барьсан барилгыг ашиглалтад хүлээлгэн өгөхөөр Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2015 оны 08, 11 дүгээр саруудад 2 удаа улсын комисст хүлээлгэн өгөх хүсэлт тавьснаар 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр холбогдох мэргэжлийн байгууллагуудыг байлцуулан улсын комисс ажилласан ба Улсын комисст хүлээн авах актыг гарган холбогдох байгууллагуудаар баталгаажуулах явцад барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байсан Гэрэлт фокус ХХК-аас Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хөрөнгө оруулагч болох Голдэнсеркл ХХК-тай ажлын хөлсний тооцоо дуусгавар болоогүй гэх шалтгаанаар гомдол гаргаснаас шалтгаалж аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Г.Бат-Ирээдүй нь Улсын комиссын актад Гэрэлт фокус ХХК-ийн эрх ашгийг хамгаалж, хувийн ашиг сонирхлоор төрийн албаны үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхгүй, Улсын комиссын даргын хувиар гарын үсэг зураагүй тухайгаа 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 433 албан тоотоор гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд амаар гаргасан тайлбараар нотлодог боловч шүүгч энэ талаар шийдвэртээ огт дурдаагүй.
  2. Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрмийн 4.12.17-д илэрсэн зөрчил дутагдлыг бүрэн арилгуулсны дараа буюу 14 хоногийн дотор арилгах үүргийг өгнө гэсэн атал комиссын актын 2.4-д үүрэг даалгавар өгсөн хуудас 0 буюу зөрчил дутагдал илрээгүй тухай нэхэмжлэгч тал хурлын турш тайлбарласан боловч энэ талаар огт дурьдаагүй, дүгнээгүй.
  3. Комиссын дарга Г.Бат-Ирээдүй 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2 албан тоотод 2 өөр утга бүхий хариу өгсөн нь тодорхойгүй, мөн ямар хууль, дүрмийг барьж гарын үсэг зурахгүй байгаа үндэслэлээ тодорхой хэлэхийг шүүхээс удаа дараа шаардсан боловч хариуцагч тал тайлбарлаагүй байхад шүүгч үндсэн гүйцэтгэгч гэсэн шинэ нэр томъёо гарган ирж шийдвэрээ үндэслэсэн нь шүүгч энэхүү хэргийн нөхцөл байдлыг болон нэхэмжлэлийн шаардлагыг ойлгоогүй гэж үзэхээр байна.
  4. 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны үндэслэх хэсгээ шүүгч нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөөд байгаа нь тогтоогдохгүй байна гэж тодорхойлсон боловч шийдвэрт энэ талаар огт дурдаагүй. Ямар үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөхгүй байгаа талаар ч шийдвэртээ бодитоор тусгаагүй, зөвхөн нэг талыг барьж шийдвэр гаргасан нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.
  5. Шүүхээс үндсэн гүйцэтгэгч гэх ойлголтыг гаргаж ирсэн ба энэ нь ямар хууль, журманд үндэслэж үндсэн гүйцэтгэгч гэж дүгнэж байгаа нь мөн ойлгомжгүй, энэ талаараа шүүх шийдвэртээ тусгаагүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэл болон хэргийг бүхэлд нь хянаж Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 115/ШШ2016/0015 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Барилгын тухай хуулийн хуулийн /2008 он/ 3 дугаар зүйлийн 3.1.6-д “барилгын чанарын баталгаат хугацаа” гэж барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авснаас хойш түүний чанар, аюулгүй байдлыг барилгын гүйцэтгэгч хариуцах хугацааг”, 12 дугаар зүйлийн 12.4-т барилгын чанарын баталгаат хугацаа 3 жил байна”, 6 дугаар зүйлийн 6.2-т “Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 6.2.7-д “барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулах”, 16 дугаар зүйлийн 16.8-д “Сонгон шалгаруулалтад оролцож барилгын ажлын гүйцэтгэгчийн эрх авсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барилга, байгууламжийн үндсэн ажлыг бие даан гүйцэтгэнэ”, 16.9-д “Барилга байгууламжийн үндсэн ажилд суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, дээврийн ажил орно” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл аливаа барилга, байгууламжийн үндсэн ажил болох суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, дээврийн ажлыг хийж гүйцэтгэсэн этгээдийг тухайн барилгын ажлын гүйцэтгэгч гэж үзэхээр байх бөгөөд тэрхүү гүйцэтгэгч нь сонгон шалгаруулалтад оролцож барилгын ажлын гүйцэтгэгчийн эрх авсан тусгай зөвшөөрөл эзэмшигч  байх ба тухайн барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авснаас хойш барилгын чанарын баталгаат хугацаа болох 3 жилийн хугацаанд түүний чанар, аюулгүй байдлыг хариуцахаар байна. Харин барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр байна.

Харин Барилгын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т ”Хөрөнгө оруулагч, захиалагч нь ашиглалтад оруулсан барилга байгууламжийн газрын зөвшөөрөл, тэг тэнхлэг таталтын акт, зураг төсөл, ил, далд ажлын гүйцэтгэлийн акт, гадна шугам сүлжээний гүйцэтгэлийн зураг, барилгын ажлын чанар, явцад зохиогч болон мэргэжлийн хяналт гүйцэтгэгчийн дүгнэлт, ашиглалтад хүлээлгэн өгсөн баримт бичгийг тухайн барилга байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгснөөс хойш 1 сарын дотор холбогдох архивт шилжүүлнэ“ гэж барилгын хөрөнгө оруулагч, захиалагчийн үүргийг, 21.3-д “Барилга байгууламжийн зураг төсөл, бичиг баримтыг тухайн барилга байгууламжийг ашиглах хугацаагаар хадгална” гэж барилга байгууламжийн зураг төсөл, баримт бичгийг хэдий хугацаагаар хадгалах талаар тус тус заасан байна.  

Анхан шатны шүүх “...Замын-Үүд дэх 65 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулах комиссыг ажиллах үед захиалагч буюу хөрөнгө оруулагч “Голдэнсеркл” ХХК нь ... дээрх хууль болон журамд заасны дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулахад шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлж, гаргаж өгөөгүй нь Барилгын тухай хууль, “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтанд оруулах дүрэм”-ийн шаардлагад нийцэхгүй байна...” гэж зөв дүгнэсэн байна.

Тодруулбал, “Голденсеркл” ХХК нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалттай 65 айлын орон сууцны барилгын дотор гадна хананы өрлөг угсралт, зүрхэвч бетон, хучилт, шатны ажил, дотор гадна заслын ажил, дээврийн ажил, дотор, гадна цэвэр ус, дотор гэрэлтүүлэг холбоо дохиолол, халаалт, салхивч, цахилгаан, гадна тохижилт, гадна инженерийн шугам сүлжээ, өндөржилт, парпедын өрлөг, шавардлага, гадна тагтны тавцан цутгах зэрэг үндсэн ажлуудыг тусгай зөвшөөрөл бүхий “Гэрэлт фокус” ХХК-аар хийлгүүлэхээр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээгээр[1] тохиролцсоны дагуу хийж гүйцэтгэсэн талаар талууд маргаагүй байх ба “гуравдагч этгээд “Гэрэлт фокус” ХХК нь тус 65 айлын орон сууцны барилгын “үндсэн ажил”-ыг гүйцэтгэсэн байна гэж үзэх үндэслэлтэй” талаарх шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээр дурдсан Барилгын тухай хуулиар тогтоосон журмын дагуу барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулах бүрэн эрх бүхий этгээд болох тухайн барилгыг ашиглалтад оруулах улсын комиссын даргын хувьд “барилгыг хүлээж авах явцад шаардлагатай баримт бичгийн бүрдэл дутуу буюу барилгын ажлын гүйцэтггэгчээр гүйцэтгүүлсэн техникийн болон чанарын дүгнэлт, барилгын чанарын баталгааг гаргаж өгөх”-ийг нэхэмжлэгчээс шаардсан, харин нэхэмжлэгчээс  биелүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн оролцогчдын тайлбар, тухайн үед нэхэмжлэгчээс комисст хүлээлгэн өгсөн, комисс хүлээн авсан баримт, Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 872 тоот албан бичгээр тогтоогдож байх тул Дорноговь аймгийн Засаг даргын 2013 оны А/93 тоот захирамжаар байгуулагдсан “Барилга, байгууламжийг ашиглалтанд оруулах комисс”-ын актад гарын үсэг зурж, баталгаажуулаагүй хариуцагч тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 4.13-д “Захиалагч буюу зөвлөх үйлчилгээ эрхлэгч, гүйцэтгэгч нь дараахь эрх үүрэгтэй”, 4.13.4-д “...заасан ил, далд ажлын гүйцэтгэлийн актууд (гарын үсэг, тамга тэмдэг бүрэн гүйцэд, бичилт бүрэн байх)-ыг холбогдох байгууллага, албан тушаалтнаар баталгаажуулан, фото зургийг материалд хавсарган бичиг, баримтын товъёог хийсэн байх”, 4.13.5-д “барилгын ... чанарын баталгааг холбогдох ил, далд ажлын актад хавсаргасан байх”, 4.13.6-д “барилгын ажлын үе шатны хяналтын болон захиалагч, зураг төслийн байгууллагын гаргасан акт, албан шаардлага, дүгнэлтийн биелэлтийг гүйцэтгэгчтэй хамтран гаргасан байх”, 4.13.7-д “барилга байгууламжийн болон гадна, дотор инженерийн шугам сүлжээний гүйцэтгэлийн зураг гарган материалд хавсаргах”, 4.13.8-д “барилга байгууламжийн угсралтын ажлыг гүйцэтгэх явцын барилгын ажлын тэмдэглэл (талбайн журнал)-ийг зохих ёсоор хөтөлж захиалагчид хүлээлгэн өгөх”, 4.13.9-д “комисс ажиллах үед зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлтийг зураг төслийн байгууллагын хамт гаргаж, биелэлтийг хангуулах”, 4.13.10-д “Барилгын тухай хуулийн 12.4-д заасны дагуу барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авснаас хойш түүний чанар, аюулгүй байдлыг барилгын гүйцэтгэгч хариуцсан талаархи баталгаа гаргах” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч “Голден сэркл” ХХК-ийн захиалгаар баригдсан 65 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар ажилласан “Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комисс” ажиллах явцад захиалагч, гүйцэтгэгчээс дээрх хууль, дүрэмд заасан баримт бичгүүдийг хариуцан бүрдүүлж өгөх үүргээ гүйцэтгэсэн болох нь тогтоогдохгүйн зэрэгцээ хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу “65 айлын орон сууцны барилгын плита, чулуу, замаск, обой, паркет, хаалга, дүүжин тааз, гадна зам цутгалт, будаг, босоо шугам, шатны бариул” зэрэг тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэсэн гэх “Их модун” ХХК-ийг Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д /“Барилга байгууламжийн үндсэн ажилд суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, дээврийн ажил орно/ заасан үндсэн ажил гүйцэтгэсэн буюу тухайн барилгын чанарын баталгааг хариуцах этгээд гэж үзэх үндэслэл мөн тогтоогдохгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас  шүүхэд давж заалдах гомдлоосоо татгалзах тухай хүсэлтээ гаргасан боловч шүүх хуралдааны явцад хуралдаанаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлж, давж заалдах гомдлоо дэмжсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 115/ШШ2016/0015 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Б.МӨНХТУЯА

                 ШҮҮГЧ                                                               Д.БААТАРХҮҮ

                 ШҮҮГЧ                                                               Н.ХОНИНХҮҮ

 

 


[1] Хавтаст хэргийн 36 дугаар тал