| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 180/2023/0035/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/39 |
| Огноо | 2023-02-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2023/0035/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинзаяа,
Улсын яллагч Д.Ч,
Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б-ийн Т-д холбогдох 2339000000013 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг 0тоотод байх А.Х-ын гэрээс 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 11-ны өдөр шилжих шөнө 05 цагийн орчим А.Х-ын эзэмшлийн “iphone 11 pro”, “iphone 6s” маркийн 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 1,500,000 (Нэг сая таван зуун мянга) төгрөгийн хохирол учруулсныг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг 0тоотод байх А.Х-ын гэрээс 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө 05 цагийн орчим А.Х-ын эзэмшлийн “iphone 11 pro”, “iphone 6s” маркийн 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 1,500,000 (Нэг сая таван зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Тус үйл баримт нь бусдын эд хөрөнгөд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, өмчлөх эрхэд нь халдаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Т-ийн гэм буруутай болох нь:
1.Хохирогч А.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Ингээд 2022 оны 12 дугаар сарын 11-ний шөнө 01 цагийн үед гэртээ унтаагүй байхад зүс таних Хэрлэн сумын 3 дугаар баг Төгөлдөр караокед ажилдаг найз Т над руу мессеж бичиж байгаад нэг дүүгийнхээ хамтаар манай гэрийн гадаа ирсэн. Ингээд би түүнийг цуг явсан дүүгийнх нь хамтаар гэртээ оруулсан чинь Т нь 0.75 л архи нэртэй 1 шил архийг гаргаж ирсэн. Ингээд бид 2 дээрх архийг хувааж уусан бөгөөд миний хувьд согтоод унтаад өгсөн. Өглөө 05 цаг болж байхад Т нь дүүгийнхээ хамтаар манай гэрээс явахдаа миний “Iphone 11 pro”, “Iphone 6s” маркийн гар утаснуудыг аваад хулгайлаад явсан байсан. Ингээд би Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Дээрх утаснууд маань миний өмсдөг цэнхэр өнгийн куртикний гадна халаасанд байсан юм. ... Миний утсыг Т захиран зарцуулах эрхгүй, Т нь миний гар утсыг зөвшөөрөлгүй манай гэрээс авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
2.Насанд хүрээгүй гэрч Э.Саранхааны мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зүс таних ах Т-ийн ажил болох “Төгөлдөр” нэртэй караоке руу очсон. Миний хувьд ахын ажлыг тарахаар орой нь тэдний гэрт цуг хонох санаатай байсан юм. Ингээд орой ажил тарахаар нь 00 цаг өнгөрч байхад Б.Т ах бид 2 гэр лүү нь явахаар болсон. Тэр үед Б.Т ах ажлаасаа 0.75 л 1 шил архи аваад өвөртөө хийгээд замаараа хоёулаа нэг айлаар орно гэж хэлсэн. Тэгээд бид 2 Хэрлэн сум 2 дугаар баг 0тоот хашаанд байх нэг гэртэй айлд орсон. Гэр лүү ороход жоохон хүүхдүүд унтаж байсан бөгөөд гэрт нь нэг эгч байсан. Тэгээд Т ах, тэр эгч 2 ахын авчирсан архийг хамт юм яриад ууж суусан. Тэр үед би гэрт нь орон дээр нь суугаад утсаар оролдсон бөгөөд архи бол уугаагүй. Тэгээд үүрээр 05 цаг болж байхад нөгөө эгч ч согтоод унтах гээд зүүрмэглэж байхад Б.Т ах бид 2 гэрээс гарсан. Тэгээд Б.Т ахын гэр лүү явж байхад Б.Т ах 2 ширхэг “Iphone” маркийн гар утас хувцаснаасаа гаргаж ирж надад өгөөд өдөр авна гэж хэлсэн. Ингээд цагдаагийн мөрдөгч ирсний дараа Б.Т ах надаас 2 ширхэг “Iphone” маркийн гар утсаа авсан. Би хулгайлж байхыг нь хараагүй. ...Би дээрх гар утаснуудыг хулгайлаагүй, Б.Т ахын гэр лүү явж байхад Б.Т ах дээрх утаснуудыг хувцасныхаа халааснаас гаргаж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
3.Шүүгдэгч Б.Т-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө ойролцоогоор 05 цагийн үед өөрийн танил Х-ын Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг булгийн 9-09 тоотод байх гэрээс нь Х-ын эзэмшлийн iphone 11 pro”, “iphone 6s” маркийн 2 ширхэг гар утсыг нь хулгайлан авч явсан асуудал гаргасан, би ийм асуудал гаргасандаа маш их харамсаж байна, ахиж ийм асуудал гаргахгүй, би үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/
4.Эд хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШД-413 дугаартай “iphone 11 pro маркийн гар утсыг 1,300,000, iphone 6s маркийн гар утсыг 200,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд /хх-ийн 38-42 дугаар хуудас/,
5.Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч О.Гантулгын 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Эд зүйл хураан авсан тэмдэглэл” /хх-ийн 9 дүгээр хуудас/,
6.Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч О.Гантулгын 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай” мөрдөгчийн санал /хх-ийн 10 дугаар хуудас/,
7.Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 54 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” тогтоол /хх-ийн 11-12 дугаар хуудас/
8.Хэнтий аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Ганхуягийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгчид хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүний шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Б.Т-ийн үйлдэл нь “Бусдын 1,500,000 (Нэг сая таван зуун мянга) төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид материаллаг хохирол учруулсан” нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Шүүгдэгч Б.Т нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасан гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй үйлджээ.
Иймд Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.Т-ийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар талуудаас хүсэлт гаргаагүй болно.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүхээс шүүгдэгч Б.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Улсын яллагч Д.Чээс: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Т-ийг нэг жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх...” эрүүгийн хариуцлагын санал, дүгнэлт гаргаж оролцлоо.
Шүүгдэгч Б.Т-ийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Т-ийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (Зургаан зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Т-д оногдуулсан 600 (Зургаан зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар тогтоож, хэрэв шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг сануулав.
Шүүгдэгч Б.Т-д оногдуулсан 600 (Зургаан зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг Хэнтий аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Хохирлын тухайд: Шүүгдэгч Б.Т нь хохирогч А.Х-ын “iphone 11 pro”, “iphone 6s” маркийн 2 ширхэг гар утсыг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр биет байдлаар хохирогч А.Х д буцаан өгсөн болох нь хавтаст хэргийн 13 дугаар хуудаст авагдсан “Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл”-ээр тогтоогдож байх тул Б.Т-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Түүнчлэн шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлж ирүүлээгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Т-д урьд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б-ийн Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Б.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (Зургаан зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Т-д шүүхээс оногдуулсан 600 (Зургаан зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Т-д оногдуулсан 600 (Зургаан зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Шүүгдэгч Б.Т-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Эрүүгийн 2339000000013 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т энэ хэрэгтээ бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10.Энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР