| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2019/02018/И |
| Дугаар | 1788 |
| Огноо | 2019-06-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 1788
| 2019 оны 6 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2019/01788 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Д.М
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцох этгээд ТИТ ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Туул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ТИТ ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 19-07 УНД улсын дугаартай Хово маркийн ачааны авто машиныг 1 сарын 7.662.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан. Гэтэл ТИТ ХХК нь түрээсийн төлбөрөө төлөхгүй байсан тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд оршин суух хаяг нь тодорхойгүй ТИТ ХХК-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.М нь эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ТИТ ХХК-ийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэгт Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хариуцагчийн оршин суугаа газрыг тодорхойгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 4502 дугаар захирамж авагдсан байна.
Иймд шүүх оршин суух хаяг тодорхойгүй, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ТИТ ХХК-ийг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хүсэлт гаргагч нь байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх тухай хүсэлт гаргасныг дурдаж, хариуцагчаар оролцвол зохих этгээд ТИТ ХХК-ийг олж болох эх сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй.
Хүсэлт гаргагч Д.М-тай холбоо барих утас: 99070383 болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хүсэлт гаргагч Д.М-ын хүсэлтээр иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ТИТ ХХК-ийг эрэн сурвалжилж, түүний хаягийг олж тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
2. Хүсэлт гаргагч Д.М нь улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Хүсэлт гаргагч Д.М
холбогдох утас:99070383 болно.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА