| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2019/10235/И |
| Дугаар | 1766 |
| Огноо | 2019-06-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 1766
2019 оны 06 сарын 12 өдөр Дугаар 102/ШШ2019/01766 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Э
Хариуцагч: Б.М
Хариуцагч: ЕБ ХХК
Орон сууцны тайлбайн зөрүү болон бусад зардалд 4.256.500 төгрөг гаргуулах тухай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Э, түүний өмгөөлөгч С.О, гэрч П.Н, С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б.М-тэй гэрээ байгуулж Баянгол дүүрэг 18 дугаар хороо Мажеста хотхоны 12 давхарын А блокийн 7 давхарт 1 мкв-ыг 1.550.000 төгрөгөөр тооцож 97.5 мкв талбайтай орон сууцыг зарим нэг өөрчлөлт хийлгэхээр гэрээндээ тусгаж Орон сууц захиалагчтай хийх гэрээг байгуулсан. Байрандаа 2013 онд нүүж орсон. Гүйцэтгэгч нь барилгыг батлагдсан зураг төслийн дагуу Монгол Улсын барилгын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж болон барилгын норм стандартад нийцүүлэн чанарын өндөр түвшинд барьж ашиглалтад оруулан улсын комисст хүлээлгэн өгч, захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Гэтэл гэрээний 1.2-т заасан талбайгаас 2.59 мкв дутуу, өөрөөр хэлбэл 94.91 мкв талбай орон сууцыг хүлээлгэн өгсөн. Энэ нь орон сууцны хэмжилт хийсэн Тоонто гранд ХХК-ийн гаргасан сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон баримтаар тогтоогдсон тул 2.59х1.550.000 төгрөгөөр үржүүлж 4.014.500 төгрөг нэхэмжилсэн. Иймд иргэн Б.М, ЕБ ХХК-ийн хувьцаа эзэмшигч 3 өв залгамжлагчаас талбайн зөрүү 4.014.500 төгрөг, орон сууцны хэмжилт хийсэн зардал 183.000 төгрөг, дахин үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авахад төлөх 54.000 төгрөг, архиваас баримт хуулбарлаж авсан хураамжид төлсөн 5.000 төгрөг нийт 4.256.500 төгрөгийг тэнцүү хэмжээгээр нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.М миний бие нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч, хариу тайлбар гаргаж байна. Б.Э нь Б.М надад холбогдуулан тус шүүхэд хандаж 4.344.700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба тус нэхэмжлэлийн шаардлагыг миний бие хариуцах үндэслэлгүй талаар хариу тайлбарыг гаргаж байсан. Улсын дээд шүүхийн 2017 оны тогтоолоор хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан юм. Өөрөөр хэлбэл Б.Э-ын нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдаад буй 4.344.700 төгрөгийн төлбөрийг Б.М миний бие хариуцах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ЕБ ХХК болон Б.Э нарын хооронд байгуулагдсан гэрээнд заасан мкв зөрүүтэй гэж нотлогдсон тохиолдолд тухайн төлбөрийг орон сууцыг худалдан борлуулсан ЕБ ХХК хариуцах хууль зүйн үндэслэлтэй болно. Иргэний хуульд заасанчлан хувьцаа эзэмшигч нь компаний өр төлбөрийг хариуцахгүй тул ЕБ ХХК-ийн бусдад төлөх өр төлбөрийг иргэн Б.М миний бие хувьцаа эзэмшигчийн хувьд ч хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй билээ. Хэрэв талбайн мкв зөрүү үүссэн болох нь холбогдох нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд талбайн зөрүүг Б.Э-д орон сууц худалдан борлуулсан ЕБ ХХК хариуцах ёстой. Иймд Б.Э-ын нэхэмжлэлээс надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Б.М, ЕБ ХХК-нд холбогдох орон сууцны талбайн бодит хэмжээ болон гэрээнд заасан хэмжээ хоорондын зөрүү 2.59 метр квадратын үнэ 4.014.500 төгрөг, орон сууцны хэмжилт хийсэн зардал 183.000 төгрөг, дахин үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авахад төлөх 54.000 төгрөг, архиваас баримт хуулбарлаж авсан хураамжид төлсөн 5.000 төгрөг нийт 4.256.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Б.Мтэй 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Орон сууц захиалагчтай хийх гэрээ байгуулж Баянгол дүүрэг 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Мажести хотхоны 12 давхар байрны 97.05 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 мкв талбайн үнэ 1.550.000 төгрөг нийт үнэ 151.125.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, захиалагч гэрээний 3.1-т зааснаар орон сууцны 30% 45337.500 төгрөгийг гэрээ хийсэн өдрөө, 30% 45.337.500 төгрөгийг 2012 оны 03 дугаар сарын 30-нд, 40% 60.450.000 төгрөгийг 2012 оны 04 дүгээр сарын 30-нд тус тус төлөх, гүйцэтгэгч нь 5.1.2-т зааснаар орон сууцны барилгыг батлагдсан зураг, төслийн дагуу Барилгын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Барилгын норм стандартад нийцүүлэн чанарын өндөр түвшинд барьж, ашиглалтад оруулж, Улсын комисст хүлээлгэн өгч, захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээж, талууд гэрээний 3.2-т нэг 00 өрөөг өөрчилж харанхуй өрөө хийх тул 1 ванн, угаалтуур, хатаагч, тухайн өрөөнд хийгдэх байсан плитаны үнийг сүүлийн төлбөрөөс хасаж тооцохоор тохирч гэрээ байгуулж, байрны төлбөр тооцоог тохирсон байна. /хх-14-20/
Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд зохигч гэрээний хүчин төгөлдөр байдал, хариуцагч нар орон сууцны талбайн хэмжээний зөрүү зэрэгт маргаагүй, харин хариуцагч Б.М хэргийн хариуцагч биш хэмээн маргасан байна.
Хариуцагч Еб ХХК нь 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдөр дугаар А/100 албан бичгээр Баянгол дүүргийн 18 дугаар хороонд баригдсан 83а байрны 25 тоот орон сууцыг Б.Э нь байрны төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулсан тул үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөх тухай тодорхойлолт хүргүүлж, нэхэмжлэгч Б.Э 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах тухай өргөдөл гаргаснаар 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ.
Нэхэмжлэгч Б.Э, Б.М нарын хооронд Орон сууц захиалагчтай хийх гэрээ байгуулагдаж гэрээнд Б.М гүйцэтгэгчийг төлөөлж гарын үсэг зурсан боловч тухайн орон сууцын барилгын ажил гүйцэтгэгч нь ЕБ ХХК, компанийг төлөөлж орон сууцын захиалгын гэрээнд Б.М гарын үсэг зурах эрхтэй болох нь ЕБ ХХК-наас Эд хөрөнгийн улсын бүртгэлт хүргүүлсэн албан бичиг, Б.М-ийг 2011 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр дэд захирлаар томилон ажиллуулсан ЕБ ХХК-ийн захиралын тушаал гэсэн баримт болон шүүх хуралдаанд оролцсон гэрч С.Бгийн ЕБ ХХК барилга барьсан компани учир мэднэ, захирал Б.Б нь Дорнот Монгол полимет ХХК-ийн захирал Б.М-ийн нөхөр. Би Б.М-ийн компанид ажилладаг. Б.Э-аас 45.337.500 төгрөгийг П.Н хүлээж аваад намайг сейфэндээ хийчих гэж өгсөнг ЕБ ХХК-ийн ажилтан н.Г-д хүлээлгэж өгсөн. Тэр барилгын үйл ажиллагаанд зарцуулна гээд аваад явсан. П.Н манай компанид ажилладаг боловч ЕБ ХХК-ийг төлөөлж гэрээ хийж байсан, гэрч П.Н-гийн би Дорнот Монгол полимет ХХК-нд ажиллаж ЕБ ХХК-ийг төлөөлж Б.М-ийн өмнөөс орон сууцны гэрээ хийж байсан. Орон сууцыг ЕБ ХХК, Б.М нар хамтарч барьсан. Хавтаст хэргийн 40 дүгээр хуудсанд байгаа Б.Э-тай байгуулсан орон сууц захиалагчтай хийх гэрээнд үнийн дүнг бууруулж 107.250.000 төгрөг гэж хийсэн гэрээ нь хуурамч бөгөөд татварын шалгалт орж ирэхэд шаардлагатай болж магадгүй гэж бэлдсэн тусдаа гэрээ. Б.М захиалагч нартай хийх хэд хэдэн гэрээнд урьдчилаад гарын үсэг зурж өгсөн. Б.Э-аас 45.000.000 төгрөгийг би хүлээж авсан гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогджээ. /хх-57, 61/
ЕБ ХХК нь 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэг гишүүнтэй үүсгэн байгуулагдсан, захирал нь Б.Б бөгөөд Б.М-тэй 2013 онд гэр бүл болон амьдарч 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нас барсан, хариуцагч Б.М нь гэр бүлийн баталгаа бүхий эхнэр, Б.М, Б.М, Б.Ц нар нь талийгаач Б.Б-ын төрсөн хүүхдүүд тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар талийгаачийн хууль ёсны өвлөгч, ЕБ ХХК-ийн энгийн хувьцааны 16.66 хувь болон бусад өвлөгдөх хөрөнгийг тус тус өвлөх эрхтэй болох нь хэрэгт цугларсан компаний улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор тогтоогдсон байна. /2 хавтас хх-48, 49, 107-115/
Хариуцагч Б.М, Б.М, Б.М, Б.Ц нар нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар өв нээгдсэнээс хойш Б.Б-оос өвлөгдөх хэсгийг хүлээж авсан тул мөн хуулийн 535.1, 535.2-т зааснаар өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээх учир 535.2-т зааснаар өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг хариуцагч нар өвлөсөн хэмжээгээр хувааж хариуцах үндэслэлтэй.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянгол дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсээс 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ирсэн баримтаар 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гүйцэтгэгч ЕБ ХХК, захиалагч Б.Э нарын хооронд байгуулагдсан Орон сууц захиалагчтай хийх гэрээ, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Б.Э-аас өмчлөлийн гэрчилгээ гаргуулахаар гаргасан өргөдөл, ЕБ ХХК-ийн 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/100 дугаартай Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн Б.Э-д үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай тодорхойлолт гэсэн баримтуудаар хэргийн хариуцагч нь ЕБ ХХК байх тул хариуцагч иргэн Б.М-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ЕБ ХХК-иас буюу өв залгалмжлагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэлийн шаардлагаас дахин үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авахад төлөх 54.000 төгрөгийг гарсан зардал гэж үзэхгүй тул хэрэгсэхгүй болгож, орон сууцны талбайн бодит хэмжээ болон гэрээнд заасан хэмжээ хоорондын зөрүү 2.59 метр квадратын үнэ 4.014.500 төгрөг, орон сууцны хэмжилт хийсэн зардал 183.000 төгрөг, архиваас баримт хуулбарлаж авсан хураамжид төлсөн 5.000 төгрөг нийт 4.202.500 төгрөгийг хариуцагч нарт хувь тэнцүүлэн хувааж хариуцагч тус бүрээс 1.050.625 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгох нь зүйтэй.
Ажил гүйцэтгэгч нь сууцны талбайн хэмжээ гэрээний 2.1-д зааснаар MNS 6058:2009 стандартаар 97.5 мкв талбай бүхий сууцыг захиалагчид шилжүүлэхээс 94.91 мкв бүхий 2.59 мкв талбай дутуу шилжүүлсэн болох нь Тоонто гранд ХХК-ийн гаргасан дүгнэлтээр тогтоогдсон, нэхэмжлэгч талбайн хэмжилт хийлгэхэд 189.000 төгрөг, архивын газар баримт хуулбарлахад 5.000 төгрөг төлсөн нь /хх-8-13/ баримтаар тогтоогдсон, хариуцагч Б.М, Б.М, Б.Ц нар нэхэмжлэлийг гардаж авснаас хойших хугацаанд хариу тайлбараа шүүхэд ирүүлэх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 100 дугаар зүйлйийн 100.3-д зааснаар тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хангасан үнийн дүнгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нарт хуваан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч ЕБ ХХК буюу Б.М, Б.М, Б.М, Б.Ц нараас тус бүр 1.050.625 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгож, үлдэх 54.000 төгрөгийн шаардлага, хариуцагч иргэн Б.М-т холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.М, Б.М, Б.М, Б.Ц нараас тус бүр 20.547 төгрөг нийт 82.190 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА